| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2021/04339/И |
| Дугаар | 101/ШШ2021/04219 |
| Огноо | 2021-12-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2021/04219
2021 12 15 101/ШШ2021/04219
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.С нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.Б холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 3,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Б- нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн. Үүний дараа 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн. Мөн маргааш нь буюу 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 20 хувийн хүүтэй зээлсэн.Нэхэмжлэгч нт нийт 3,000,000 төгрөгийг хариуцагчид бэлнээр зээл олгож хариуцагч нь бэлнээр хүлээж авсан болон хүү төлөхөө илэрхийлж бичгээр үйлдсэн байдаг.
2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний 1,000,000 төгрөг түүний хүү 300,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний 1,000,000 төгрөг түүний хүү 100,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний 1,000,000 төгрөг түүний хүү 200,000 төгрөг нийт 3,600,000 төгрөгийг хариуцагч Б.Б-гаас гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгч нь 2019 онд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаж 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр эрүүгийн гэмт хэргийн шинжгүй иргэний шинжтэй маргаан хэмээн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” Прокурорын тогтоол гарсан. 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж гарсан. Уг захирамжаар хариуцагч оршин суугаа хаягт бүртгэлтэй боловч оршин сууддаггүй Дорнод аймагт ажил хийж байгаа 08 дугаар сарын 15-ны өдөр ирнэ гэсэн болохыг тэмдэглэсэн шуудан хүргэгчийн магадалгааг тус тус шүүхэд ирүүлснийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон гэжээ.
Хариуцагч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.Б- нь Д.С-т 2017 оны 02 дугаар сарын 3-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 5-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 6-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг зээлснийг хүлээн зөвшөөрдөг. Б.Б- нь барилгын бригад ажиллуулдаг, хөдөө явж ажилладаг хүн байдаг. Энэ хугацаанд ковид гараад өвчин, зовлон их байгаатай холбоотойгоор мөнгийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн нь үнэн. Эдгээр хүмүүс бүгд Дарьтад байдаг хүмүүс. Д.С- нь хүнд мөнгө зээлдэг, настай хүн байдаг. Эдгээр хүмүүс хэдий цаасан дээр тэгнэ, ингэнэ гэж бичиж байгаа ч гэсэн албан ёсоор зээлийн гэрээ байгуулаагүй. Мөнгө хэдэн сарын хугацаатай зээлсэн гэдэг нь тодорхой бус байгаа. Ямар нэгэн гэрээ хэлцэл гэдэг 2 тал гарын үсэг зурж, гэрээний нөхцөлийг хийсэн байх ёстой. Нэхэмжлэгч 3,000,000 төгрөгийг төлнө гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгч энэ мөнгөн дүнг хаанаас гарч ирээд байгаа нь тодорхой бус байна. Д.С- гэдэг хүний данс руу 1,430,000 төгрөгийг Б.Б- төлсөн, үлдэгдэл 1,570,000 төгрөгийг төлөхөд бэлэн байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.С- нь хариуагч Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,600,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан.
Хариуцагч Б.Б- нэхэмжлэгчээс 3,000,000 төгрөг зээлсэнд маргахгүй, 1,430,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, зээлийн гэрээг бичгээр байгуулагдаагүй тул хүүг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хариуцагч Б. Болормаа нь нэхэмжлэгчээс 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 06 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 06 дугаар сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөгийг 20 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай нийт 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан талаар талууд маргаагүй.(хх-ийн 6-7 дугаар тал)
Дээрх үйл баримт, талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:”Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, энэ хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т:”Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар талууд 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй сарын хугацаатай, 6 дугаар сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 6 дугаар сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөгийг 20 хувийн хүүтэй сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэхээр тохиролцон хариуцагч мөнгө хүлээн авсан гэж үзэв.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т:”Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч 2017 оны 02 дугаар сарын 03, 06 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээнд дурдсанаар үндсэн зээл, зээлийн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй, харин 06 дугаар сарын 05-ны өдрийн 1,000,000 төгрөгийн зээлд хүү тооцсон гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хуульд заасан шаардлага хангаагүй тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт хүү шаардах эрхгүй гэж үзэж хүү тооцоогүй, хариуцагч нэхэмжлэгчид 3,300,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байснаас:
Хариуцагч Б.Б- нь нэхэмжлэгчийн эзэмшлийн Хаан банкны 50 дансанд:
2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 50,000 төгрөгийг;
2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 100,000 төгрөгийг;
2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 250,000 төгрөгийг;
2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөгийг;
2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 70,000 төгрөгийг;
2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 100,000 төгрөгийг;
2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 40,000 төгрөгийг;
2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 50,000 төгрөгийг;
2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 50,000 төгрөгийг;
2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 100,000 төгрөгийг;
2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 50,000 төгрөгийг;
2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 70,000 төгрөгийг 12 удаагийн үйлдлээр нийт 1,430,000 төгрөгийг шилжүүлсэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.(хх-ийн 42-53 дугаар тал)
Иймд хариуцагч Б.Б-гаас зээлийн гэрээний үүрэгт 1,870,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,170,000 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүх хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасны дагуу түүний эзгүйд шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т заасныг баримтлан хариуцагч Б.Б-гаас зээлийн гэрээний үүрэгт 1,870,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,170,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 44,870 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ