Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2021/04245

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:С.А нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г.Б-д холбогдох

5,020,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.А-, хариуцагч Г.Б-, нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.А- шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие 2020 оны 11 дүгээр сарын 03-нд Үнэгүй.мн зарын сайтаас гарааш зарна гэсэн зарын дагуу Г.Б-тай холбогдон түүний зарах гэж буй тоосгон гараашийг үзсэн бөгөөд ...би худалдан авах сонирхолтой байна, бичиг баримт зөвшөөрөл гэж юм байна уу гэхэд Болдтулга ийм гараашид бичиг баримт гэж юм байдаггүй юм аа нэг цаас бол байгаа тэр нь эзэмшигч гэдгийн баталгаа, тэрийг нь би өмнөх худалдан авсан хүнээсээ чамд шилжүүлээд өгнө, тэгээд газрын хураамжийг нь ч бас төлөөд асуудалгүй болгоод өгье өөр асуудал байхгүй, энэ гараашийг нураана хөөнө гэж байхгүй, доороо дулааны шугам явдаг тул барилга байгууламж барих ямар ч боломжгүй тиймээс санаа зоволтгүй гэх зэргээр намайг төөрөгдүүлж зарах гэж яаравчлан тухайн өдрөө манай ажил дээр хүртэл ирэн ......одоо мөнгө нь хэрэгтэй байна зэргээр яаруулж байсан гэвч би одоо мөнгө өгөх боломжгүй маргааш газрын алба дээр очиж уулзсаны дараа бичиг баримтаа миний нэр дээр шилжүүлсний дараа мөнгө өгнө гээд явуулсан.

Маргааш нь өмнөх эзэмшигч гэх Б.С гэдэг хүнтэй цуг ирж газрын татвар болох 620,000 төгрөгийг төлчих, тэгээд нэрийг чинь солиулаад өгье гэсэн тэгээд би данснаасаа 620,000 төгрөг авч өгнө С нэр дээр банканд төлбөрийг төлсөн бөгөөд газар ашиглах төлбөр тогтоох акт гэх бичгийг миний нэр оруулан бичүүлж өгнө одоо ингээд боллоо ямар ч асуудалгүй чиний хөрөнгө болсон хэмээн үлдэгдэл 4,440,000 төгрөгийг Г.Болдтулгын 0 тоот Хаан банкны дансанд шилжүүлж авснаар тухайн наймаа өндөрлөсөн. Харин одоо тухайн гарааш нь нийслэлээс шийдвэр гарч ямар нэг нөхөн төлбөргүйгээр нураагдах болсон тул надад эрхийн доголдолтой ямар нэг бичиг баримтгүй зөвшөөрөлгүй доголдолтой эд хөрөнгө төөрөгдүүлж худалдсан бөгөөд би ашиглаад удаагүй, үр шимийг нь үзэж амжаагүй байтал тухайн эд хөрөнгө нь устаж үгүй болж байгаа тул миний хохирлыг барагдуулж 5,020,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Г.Б- шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: миний бие Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо 0 байрны баруун талын 0 м.кв 9 номерын гараашийг 2016 оны 0 дүгээр сарын 05-ны өдөр 5,700,000 мянган төгрөгөөр Б овогтой С худалдан авсан. Тухайн үед Баянзүрх дүүргийн газрын албаны дарга байхгүй байсантай холбоотой Газар ашигласны төлбөр тогтоох актын нэрийг шилжүүлээгүй орхисон. 2019 онд манайх Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооллоос нүүсэн бөгөөд үүнээс хойш 1 жилийн хугацаанд гараашийг ашиглаагүй хоосон байлгаж байгаад Үнэгүй.мн зарын сайт дээр 5,700,000 төгрөгөөр зарахаар зар оруулсан.

 Тухайн үед С овогтой А надтай холбогдон гарааш үзэж авах саналтай байгааг хэлж үнээ бууруулах хүсэлт тавьж 5,500,000 төгрөгөөр зарахаар бид тохиролцсон. Гараашийн түлхүүр цоожийг хүлээлгэн өгч дотор нь байгаа Toyota Harrier маркийн авто машины 4 дугуй, бүргэд хаалга зэргийг үлдээгээд дараа нь утсаар ярьж байгаад авахаар тохиролцон маргааш өдөр Газар ашигласны төлбөр тогтоох актын нэрийг өмнөх эзэмшигчийн шилжүүлэхээр болсон. 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гараашийн хуучин эзэмшигч болох Б овогтой С, худалдан авахаар тохиролцсон С овогтой Ө нартай хамт Баянзүрх дүүргийн Газрын албан дээр очиж нэр шилжүүлэх хүсэлт гаргасан бөгөөд тухайн үед Баянзүрх дүүргийн газрын албаны ажилтан С.А-гаас энэ тоосгон гарааш худалдан авч актыг өөрийн нэр дээр шилжүүлж байгаа талаар лавлан асууж энэ гарааш үл хөдлөх хөрөнгө биш, газар чөлөөлөх шийдвэр гаргах юм бол улсаас нэг ч төгрөгийн нөхөн олговор олгохгүй талаар хэлж анхааруулсан бөгөөд С.А- миний худалдан авч байгаа гарааш газар төлөвлөлтөд орсон эсэхийг шалгаж өгөхийг хүссэн байдаг. Баянзүрх дүүргийн Газрын албаны ажилтан одоогоор төлөвлөлтөд ороогүй талаар мэдээлэл өгсөн. Уг ажилтнаас мэдээлэл авсны дараа С.А- нь ....уг гараашийг худалдан авсан ч энэ гараашийг буулгалаа гэхэд ямар ч арга хэмжээ авч чадахгүй эрсдэлтэй эрсдэлтэй юм байна үнээ ахиад бууруулмаар байна гэсэн санал тавьж дахин үнээ буулгаж 5,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцон хүсэлтээ бичиж өгч, актыг Сүрэнжав овогтой Амарсанаагийн нэр дээр шилжүүлэн төлбөр тооцоог дуусгавар болгосон.

Иймд С овогтой А гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: тус гарааш нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй, гэрчилгээ гарах боломжгүй, зөвхөн тухайн гарааш байгаа газар ашиглах актын дагуу тухайн гараашийг шилжүүлэн авч байгаа гэдгээ ойлгож ухамсарласан, түүнийг хүлээн зөвшөөрч уг гараашийг газар ашиглах эрх дээр үндэслэн тухайн ашиглах эрхийг худалдан авч байгаа гэдэг нь ойлгомжтой байсан нь тухайн үеийн болсон үйл явдлууд, газрын албан дээр болсон үйл баримтуудын тайлбараас тодорхой харагдаж байна. Үүнийг өмнөх гараашийн эзэмшигч болох Сэрээнэндоржоос тодруулсан ч болно. Миний зүгээс С.А-гийн тус гарааш үл хөдлөхийн гэрчилгээтэй хөрөнгө гэж ойлгуулж санаатайгаар төөрөгдүүлсэн зүйл байхгүй бөгөөд С.А- нь энэхүү гараашийн газар нь улсын өмч болох, ашиглах эрхийн актын дагуу ашиглаж байгаа, улсаас нураасан тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй гэдэг үр дагавраа мэдэж байсан.

Миний зүгээс тус хөрөнгийг өмчлөх эрхийг худалдаагүй, газрыг гараашийн зориулалтын дагуу ашиглах эрхийг худалдсан болно. С.А-д гарааш шилжүүлснээс хойш хэсэг хугацааны дараа гараашид үлдээсэн Toyota Harrier маркийн 4 дугуй, бүргэд хаалга зэргийг авахаар утсаар холбогдоход С.А- нь Toyota Harrier маркийн 4 дугуй, бүргэд хаалгыг чинь хаясан, тэр гараашийг чинь удахгүй нураана гэж байна, би тал үнээр нь зарсан гэх тайлбар өгч байсан. Харин одоо энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Шүүх зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.А- нь хариуцагч Г.Б-ас үл хөдлөх эрхийн гэрчилгээгүй гараашийг мэдсээр байж шилжүүлсэн тул 5,020,000 төгрөг гаргуулахыг шаардсан.

Хариуцагч Г.Б- нь гараашийг үл хөдлөх гэрчилгээгүй гэдгийг мэдээд авсан тул нэхэмжлэлийн шаардлагаас  эвлэрэн хэлэцэх хүрээнд 1.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрнө, бусдаар зөвшөөрөхгүй гэж маргасан.

Зохигчид 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр харилцан тохиролцож Баянзүрх дүүрэг, 0 дугаар хорооны нутаг дэвсгэр 0 байрны урд талд, хойшоо харсан (0) нэгж талбарт байршилтай нийтийн эзэмшлийн зам талбайд баригдсан тоосгон нийт 0 гараашаас №9 тоот 0.кв талбайтай гараашийг 5,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар хэлцэл хийжээ.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэж зааснаар зохигчид хэн аль нь хүсэл зоригоо  илэрхийлсэн хэлцлийг хийжээ.

Дээрх хэлцлийн дагуу нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн Хаан банкны 0 данснаас хариуцагчийн Хаан банкны 5022286216 дансанд 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 4,400,000 төгрөгийг, 0-2020 онд хариуцагчийн газар ашигласан төлбөрт 663,552 төгрөг нийт 5,063,552 төгрөгийг төлсөн талаар зохигчид маргаагүй.(хх-ийн 6,8 дугаар тал)

Шүүхийн хэлэлцүүлэгт:

хариуцагч Г.Б- (....С.А- энэ гараашийг би 5,700,000 төгрөгийг худалдаж авсан. Бичиг баримтгүйг мэдэж байсан. Энэ гараашийг би 2 жил орчим эзэмшсэн. Биднийг газрын төлбөрийг төлөхөөр очиход газрын албаны ажилтан энэ гарааш үл хөдлөх хөрөнгө биш гэдгийг тайлбарласан, тийм ч учраас үнээ буулгаач гэх санал тавиад би 5,000,000 төгрөгөөр худалдсан.Нэхэмжлэгч өөрөө үл хөдлөх хөрөнгийн бичиг баримтгүй гэдгийг мэдэж байсан.);

нэхэмжлэгч С.А-(хариуцагчаас гарааш худалдан авахаар тохироод 2016-2020 оны газрын төлбөрийг намайг төлчих, тэгээд чиний нэр дээр шилжүүлээд чи эзэмшинэ гэж хэлээд газрын төлбөрийг надаар төлүүлсэн. Тухайн үед газрын албаны ажилтан тухайн гараашийг бичиг баримтгүй гэж хэлээгүй. Би газар ашигласан төлбөрийг тогтоох тухай актыг шилжүүлснээр би эзэмшиж болно гэж ойлгосон.Гэтэл 2021 оны 10 дугаар сарын 11,13-ны өдрүүдэд гараашийн хаалганд Шаардах хуудас нааснаар би газар чөлөөлөх тухай захирамж гарсныг мэдсэн.)гэж тус тус тайлбарлан маргасан.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.“Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” 254.1-д ”Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй. “гэж заасан.

Хариуцагч нь 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Б.С маргааны зүйл болох гараашийг 5,700,000 төгрөгөөр худалдан авч, Баянзүрх дүүргийн Газрын харилцааны албанд газрын төлбөрийн актыг Г.Б нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн өргөдлийг гаргаж байжээ. (хх-ийн 7, 23 дугаар тал)

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7.-д “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй., энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ.”, 13.3.”Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан, зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд хэрэв зөрчвөл хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.” гэж  тус тус хуульчилсан.

Хариуцагч Г.Б-  маргааны  зүйл болох гараашийг өөрийн эзэмшилд байх 2016 оны 9 дүгээр сараас 2020 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны газрын төлбөр 663,552 төгрөгийг худалдан авагч С.А төлүүлсэн талаар талууд маргаагүй.

Харин уг гараашийг худалдан борлуулахдаа эрх бүхий байгууллагаас олгосон ашиглах, эзэмших, өмчлөх эрхийн зөвшөөрөлгүйг мэдсэн атлаа өөрийн эзэмшилд байсан хугацааны газар ашигласан төлбөрийг төлүүлсэн  нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэн шударгаар хэрэгжүүлэх зарчимтай нийцсэнгүй.(хх-ийн 45 дугаар тап)

Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Засаг даргын 0 оны 0 дугаар сарын 028-ны өдрийн А/0 дугаар Газар албадан чөлөөлөх тухайзахирамжийн хавсралтын 0 дугаарт маргаан бүхий тоосгон 0 ширхэг гарааш байрлах газрыг албадан чөлөөлөх тухай дурджээ. (хх-ийн 25-32 дугаар тал)

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба-аас Засаг даргын 2021 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн А/0 тоот захирамжийг тус дүүргийн 7 дугаар хорооны 37Б байрны урд талын гарааш эзэмшигч нарт 2021 оны 10 дугаар сарын 11, 15-ны өдрүүдэд газар чөлөөлөх тухай шаардах хуудсыг гараашийн хаалганд нааж мэдэгдсэн гэх баримтаас үзэхэд нэхэмжлэгч М.А Засаг даргын Газар албадан чөлөөлөх тухай захирамжийг 2021 оны 0 дугаар сарын 0, 0-ны өдөр  мэдсэн гэж үзэв.(хх-ийн 34,43 дугаар тал)

 Нэхэмжлэгч С.А нь маргааны зүйл болох гараашийн газар ашигласны төлбөр тогтоох тухай актыг шилжүүлснээр  эзэмших эрхтэй болсон гэж ойлгосон гэх тайлбар Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 37.7-д заасан зарчимтай нийцэхгүй гэж үзэв.

Хариуцагч Г.Б маргааны зүйл болох  гараашийг худалдан борлуулахдаа хуульд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт тайлбараар нотлогдож  байх тул хариуцагчаас 2,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үлдэх 2,520,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь шударга ёсонд нийцнэ гэж дүгнэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын улсын тэмдэгтийн хураамж   54,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.2., 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан хариуцагч Төмөрбар овогт Г.Баас 2,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.А-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын улсын тэмдэгтийн хураамж 54,950   төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ , ШҮҮГЧ                                     Т.ГАНЧИМЭГ