Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2022/00609

 

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2022/00609

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Н.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  “Т Б” ХХК -д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоосон 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсний дунджаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж холбогдох бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б, хариуцагчийн төлөөлөгч Ө.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ц нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч “Т Б” ХХК-нд холбогдуулан Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсний дунджаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт холбогдох бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Тэрээр дээрх хугацаанд хамаарах дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8,506,333 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан болно.

2.  Хариуцагчийн төлөөлөгч Хэдийгээр манай удирдлага дээрх хугацаанд холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх шаардлагыг хүлээн зөвшөөрч болох талаар надад хэлсэн боловч миний бие шүүхэд өгсөн итгэмжлэлээ залруулж авчирч чадсангүй. Миний бие хариуцагчийг төлөөлөхдөө эвлэрэх, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрх олгогдоогүй гэж тайлбарлаж байна.

3.  Нэхэмжлэгч дараах баримтыг шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлжээ. Үүнд:

-2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2021/01686 дугаартай шийдвэр,

-Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1471 дугаартай магадлал,

-Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 11344 дугаартай захирамж, мөн өдрийн 00798 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас,

-Нэхэмжлэгч Н.Бгийн 0063919 дугаартай нийгмийн даатгалын давтрийн нүүр хуудас болон 2005-2009 он, 2012-2019 онд хамаарах бичилт бүхий хуудсууд, даатгуулагчийн албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэлийн 4 нүүр,

-Н.Бгийн иргэний үнэмлэхний хуулбар гэсэн баримтыг,

 

4.  Хариуцагч дараах баримтыг шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлжээ. Үүнд:

-Нэхэмжлэгчээс ажил олгогчид хандан 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр бичгээр гаргасан өргөдөл,

-2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаргасан хүсэлт,

-Төрийн банкны захирлын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/67 дугаартай Н.Бг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилох тухай тушаал гэсэн баримтууд болно.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.  Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Тэрээр ажилгүй байсан хугацаанд хамаарах дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 8,506,333 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан болно.

2.  Нэхэмжлэгч Н.Б нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсний дунджаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт холбогдох бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, эхний шаардлагаасаа татгалзсан бол хариуцагчийн төлөөлөгч уг шаардлагыг татгалзах үндэслэлгүй талаар дурдаж байна. Нэхэмжлэгч дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт холбогдох шаардлагаасаа татгалзсан үндэслэлээ дурдахдаа тус байгууллагад олон жил ажилласан, дассан хамт олонтойгоо эргэж хамтарч ажиллахад сэтгэл хангалуун болохоо илэрхийлж, тэтгэвэрт гарах хүртэл хугацаанд ажил олгогчтойгоо эв зүйтэй ажиллах эрмэлзэлтэй байгаагаа дурдаж байна.

3.  Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байх боловч түүнд олгосон итгэмжлэлийг залруулж амжилгүй шүүх хуралдаанд ирсэн тул хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх боломжгүй болж шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтэй болохоо тайлбарлаж байна.

4.  Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үйл баримт тогтоогдсон болно.

1)  Нэхэмжлэгчийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2021/01686 дугаартай шийдвэрээр Төрийн банкны Хянан нийцүүлэх албаны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосныг тус банк 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр биелүүлж мөн өдрийн захирлын тушаалаар Комплаенс буюу хянан нийцүүлэх албаны мэргэжилтнээр томилсон байна.

2)  Ажил олгогч “Т Б” ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан хугацаанд хамаарах цалин хөлстэй тэнцэх олговрыг төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрч байх бөгөөд энэ хугацааны цалин хөлстэй тэнцэх олговроо нэхэмжлэгч авахгүй гэдгээ ажилд орохын өмнө илэрхийлсэн гэжээ. Хэдийгээр хуулиар олгогдсон цалин нэхэмжлэх эрхээ эдлэх эсэх нь ажилтны өөрийн бүрэн эрхийн асуудал мөн боловч ажил олгогч уг тохиролцоог хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж ажилд эргүүлэн томилох үйлдэл хийхийн өмнө зохисгүй байдлаар шаардан бичүүлсэн бол энэ нь хууль бус үзэгдэл болно. Гэвч ажилтан Н.Б уг шаардлагаасаа аливаа шахалтад орж бус сайн дураар, өөрийн бүрэн санаачилгаараа татгалзаж байгаагаа илэрхийлж, энэ талаараа шүүх хуралдаанд тайлбарлаж байна. Гагцхүү ийнхүү татгалзах нэгэн гол нөхцөл нь энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг тасалдалгүй байлгах явдал гэж үзэж байна. Хариуцагчийн төлөөлөгч ч энэхүү шаардлагыг байж болох шаардлага гэж үзэн хариу мэтгэлцээгүй болно.

3)  Хөдөлмөрийн тухай хууль /тухайн үед хүчин төгөлдөр байсан/-ийн 46 дугаар зүйлийн 46.1-д ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй гэж заасан. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөд ажилтанд ажил олгогч бодитой цалин олгосон байхыг шаардахгүй ч байж болох бөгөөд шимтгэлийн хувь хэмжээг тогтооход цалингийн суурь хэмжээ илүүтэй хамаарах юм. Энэ агуулгаар ажил олгогч “Т Б” ХХК нь ажилтан Н.Бгийн дээр дурдсан шүүхийн шийдвэрт дурдсан дундаж цалин хөлснөөс тооцон 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх нь зүйтэй байна.

5.  Эдгээр үйл баримт, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2021/01686 дугаартай шийдвэрт дурдсан ажилтан Н.Бгийн авч байсан дундаж цалин хөлснөөс тооцон 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Т Б” ХХК-д даалгах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасны дагуу Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2021/01686 дугаартай шийдвэрт дурдсан ажилтан Н.Бгийн авч байсан дундаж цалин хөлснөөс тооцон 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Т Б” ХХК-д даалгасугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу хариуцагч “Т Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж улсын төсөв /Төрийн сан/-т оруулсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.БАЯРМАА