| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2024/0910/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/850 |
| Огноо | 2024-09-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/850
2024 09 23 2024/ШЦТ/850
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2024/0910/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,
улсын яллагч С.Эрдэнэбаяр,
шүүгдэгч О.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Ё танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О Т-д холбогдох эрүүгийн 2409004051059 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ний өдөр Төв аймагт төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, ам бүл* нөхрийн хамт, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ************** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Б овогт О Т РД: /***********/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Т нь 2024 оны ** дүгээр сарын **-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутагт байрлах Арьс өнгөний эмнэлгийн цонхны тавцан дээр орхисон хохирогч Ш.А-гийн “Самсунг А14” загварын гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Ш.А-д 529000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Т шүүх хуралдаанд: “би эмнэлэгт үзүүлээд явж байхад цонхны тавцан дээр нэг гар утас байсан хэн ч авахгүй байгаад байхаар нь аваад Халдварт өвчин судлалын үндэсний төв эмнэлэгт үзүүлэхээр очоод нэг хүнээс энэ ямар утас вэ, эгч нь сая олсон юм аа гэж асуухад ухаалаг утас байна, эзэн нь утсаараа дамжуулаад хаана байгааг нь олох боломжтой гэхээр нь би айсандаа Халдварт өвчин судлалын үндэсний төв эмнэлгээс гарч явахдаа цонхны тавцан дээр үлдээгээд явсан. Миний буруу, би гэм буруугаа ойлгож байгаа.” гэв.
Хавтаст хэргээс:
Хохирогч Ш.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2024 оны ** дүгээр сарын **-ны өдөр 09 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах Арьс өнгөний эмнэлэгт хүүхэд Халиуныг үзүүлж яваад нэг давхарын үүдний угтах хэсэгт байхдаа аптек ороод толгойны шампунь асуухаар орсон. Аптек орохоосоо өмнө өөрийнхөө утсыг үүдний угтах хэсгийн цонхны тавцан дээр өөрөө тавьж үлдээгээд хажууд нь хүүхдээ үлдээсэн. Тэгээд аптек орчихоод буцаж ирээд хүүхдээ авахад миний гар утас цонхны тавцан дээр байсан бөгөөд дахиад аптек руу орчихоод удалгүй буцаж гарч ирээд хүүхэдтэйгээ уулзаад хувцаслаад өөрийнхөө хувцасыг өмсөөд эмнэлэгээс гадагшаа дөхөж гараад халаасандаа утсаа үзтэл байхгүй байсан ба хүүхдээсээ утас авсан эсэхийг асуутал аваагүй гэсэн. Тэгээд эргэж очоод цонхны тавцан дээр үзтэл миний утас байхгүй байсан ба камер шүүж үзэхэд 60 орчим насны, эмэгтэй, эрээн даавуун уут гартаа барьсан, богино хар өнгийн куртик өмссөн, дотуураа цагаан өнгийн цамц, хар өнгийн майк өмссөн, хар өнгийн малгайтай хүн миний гар утсыг цонхны тавцан дээрээс аваад эргүүлж тойруулж үзээд байгаад халаасандаа хийгээд аваад явж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),
О.Т-ын яллагдагчаар өгсөн: “би Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутагт байрлах Арьс өнгөний эмнэлэгт үзүүлээд явж байхад цонхны тавцан дээр байх “Самсунг А14” загварын гар утсыг хэн ч авахгүй байгаад байхаар нь аваад Халдварт өвчин судлалын үндэсний төв эмнэлэгт үзүүлэхээр очоод нэг эмэгтэй хүнээс энэ ямар утас вэ? Эгч нь сая олсон юм аа гэж асуухад эмэгтэй ухаалаг утас байна эзэн нь хаана байгаа газрыг нь олоод мэдэх боломжтой хэмээн хэлхэд би айсандаа Халдварт өвчин судлалын үндэсний төв эмнэлгээс гарч явахдаа цонхны тавцан дээр үлдээгээд явсан. (хавтаст хэргийн 60 дахь тал),
Камерын бичлэгт үзлэг хийсэн 2024 оны ** дүгээр сарын **-ны өдрийн мөрдөгчийн: “...файлыг нээж тоглуулахад бичлэгний 0:01:02 секунтанд хар өнгийн юүдэнтэй куртик, бор саарал өнгийн цамц, хөх өнгийн хантааз, хар ангийн биеийн тамирын өмд, цагаан ултай хөх өнгийн пүүзэн гуталтай 55 орчим насны эмэгтэй куртикээ өмсөж байгаа нь бичигдсэн байв" гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 19-22 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:
Гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч О Т нь 2024 оны ** дүгээр сарын **-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутагт байрлах Арьс өнгөний эмнэлгийн цонхны тавцан дээр орхисон хохирогч Ш.А-гийн “Самсунг А14” загварын гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Ш.А-д 529000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг мөн болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч О.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч О.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Шүүгдэгч О.Т-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ш.А-д 529600 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр шүүгдэгч О.Т нь 100,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байх ба үлдэх 429600 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Ш.А-д олгох үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч О.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид энэ зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч О.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх санал гаргасан бөгөөд шүүгдэгч О.Т нь “бага ял оногдуулж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч О.Т-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт О Т-ыг бусдын эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан Гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О Т-д 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-д 2 /хоёр/ сарын хугацаанд Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж түүнд оногдуулсан ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд ахнааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-аас 429,600 /дөрвөн зуун хорин есөн мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж, хохирогч Ш.А /РД: *********/-д олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч О.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР