Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2021/04325

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч”Э И” ХХК-ИЙН нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:”О-Б” ХХК-Д холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 120,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.*******, түүний өмгөөлөгч В.Ганболд, хариуцагчийн төлөөлөгч Л.А-, нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Э И” ХХК-ийн захирал Д.******* шүүхэд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан нэхэмжлэлдээ: “Э И” ХХК 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 17/16 тоот гэрээг сунгаж 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “О Б” ХХК-тай Хүнд машин механизм түрээслэх 18/03 тоот гэрээг байгуулж гэрээнд заасан үүргийн дагуу 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж түрээсийн төлбөрт нийт 80,000,000 төгрөгийг авахаар 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч “О Б” ХХК-ийн нягтлан бодогч Л.А-тэй тооцоо нийлж акт үйлдэж уг төлбөрийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор “Э И” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкан дахь ******* тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Гэтэл “О Б” ХХК нь актад тохиролцсон хугацааг өнгөрөөж төлбөрийг төлөхгүй хариуцагч компанийн захирал Д.Ч, Э ня-бо А нараас удаа дараа гуйж орон нутгаас очиж шаардсан боловч 2,3 саяар цувуулан өгч байгаад сүүлийн үед утсаа авахгүй, уулзахгүй, зугтах болсон тул түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 80,000,000 төгрөг тогтоосон хугацаанд төлбөр хийгээгүй компанийг санхүүгийн хүнд байдалд оруулсан, гэрээний дагуу алданги 40,000,000 төгрөг нийт 120,000,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Өнөөдрийн шүүх хуралдаан эхлэхээс өмнө талууд тооцоо нийлж үзээд хариуцагчийн төлсөн 19,500,000 төгрөгийг, НӨАТ 6,022, 727 төгрөгийг хасаж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагчаас 54,447,273 төгрөг, алданги 27,238,636 төгрөг нийт 81,715,909 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд, хариуцагчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбартаа: Манай “О Б” ХХК 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд 80,000,000 төгрөгийн өртэй гэж гарсан. Бид 2018 оны 01 дүгээр сарын 26-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны 80,000,000 төгрөгийг нэхэмжлэх хугацаанд 100,000,000 төгрөг төлсөн.2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн үлдэгдэл 38,750,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 15-ны үлдэгдэл 11,250,000 төгрөг байсан. Манайх өгөх ёстой мөнгө 80,000,000 төгрөгийг бага багаар төлөгдөөд явсан. 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 29-ний хооронд 8 удаагийн гүйлгээгээр 19,500,000 төгрөг төлчихсөн. 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 80,000,000 төгрөгөөс 50,000,000 төгрөгийг хасаад сүүлд 2019, 2020 онд төлсөн 19,500,000 төгрөгийг хасахаар манайх 2020 оны 01 дүгээр сарын 29-ний байдлаар 10,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй гарч байгаа. Өмнөх төлсөн мөнгөнүүд дээр манайх НӨАТ-ын падаан аваагүй. Тэр падааныхаа татварыг өөрсдөө төлсөн. “*******” ХХК манайд өгсөн бол НӨАТ-аа төлөхгүй хасуулж болох байсан. Аваагүй НӨАТ нь 24,636,362 төгрөг болж байгаа. 10,500,000 төгрөг өгөх байтал манайд өгөөгүй НӨАТ-ын мөнгө 24,000,000 төгрөг болж байгаа. Би авлагатай гарчхаад байхад манайхаас гэрээний үүрэг шаардаж байгааг зөвшөөрөхгүй шүүхэд гаргасан хариу тайлбартаа “*******” ХХК-д өгөх ёстой 80,000,000 төгрөгийг төлсөн баримтуудаа нотлох баримтаар өгчихсөн гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Э И” ХХК нь хариуцагч “О Б” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт төлөгдөөгүй төлбөр 80,000,000 төгрөг алданги 40,000,000 төгрөг нийт 120,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагаас 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс  2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төлөгдсөн 19,500,000 төгрөг, НӨАТ 6,022,727 төгрөг нийт 25,522,727 төгрөгийн шаардлагаас багасгаж, үлдэгдэл 54,477,273 төгрөг алданги 27,238,636 төгрөг нийт 81,715,909 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагч түрээсийн гэрээний үүргийг төлж дуусгасан, манайх авлагатай байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Зохигчид харилцан тохиролцож “Э И” ХХК-ийн эзэмшлийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр HYUNDAI 00 маркийн 000 улсын дугаартай 3.2 кубын шанагатай гинжит экскаваторыг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар түрээслүүлэх, түрээслэхээр тохиролцсон, гэрээний хүчин төгөлдөр эсэхийн талаар талууд маргаагүй.(хх-ийн 13-17 дугаар тал)

 

Хариуцагч “О Б” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 38,750,0000 төгрөгийн, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд 11,250,000 төгрөгийн, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд 80,000,000 төгрөгийг нэхэмжлэгч “Э И” ХХК-д төлөх үүрэгтэй нь талаар талуудын тооцоо нийлж хуулийн этгээдийн нягтлан бодогч нар гарын үсэг зурж тэмдэг дарагдсан баримт хэрэгт авагдсан байна.(хх-ийн 10-12 дугаар тал)

Нэхэмжлэгч тал шүүхийн хэлэлцүүлэгт:

1. ББС партнерс Хаан банкны 51 данснаас нэхэмжлэгчийн 51 дансанд 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөгийг (erdenet iveel ganbaa eksko);

2.  Ч.Э Хаан банкны 50 данснаас нэхэмжлэгчийн 5120  дансанд 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 5,000,000 төгрөгийг “О Б”;

3. Д.Ч Хаан банкны 50 данснаас нэхэмжлэгчийн 5120  дансанд 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 500,000 төгрөгийг (erdenet iveel ganbaa);

4. ББС партнерс Хаан банкны 51 данснаас нэхэмжлэгчийн 51 дансанд 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөгийг (erdenet iveel ganbaa);

5. ББС партнерс Хаан банкны 51 данснаас нэхэмжлэгчийн 50 дансанд 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөгийг (EB turees);

6. Д.Ч-ын Хаан банкны 50 данснаас нэхэмжлэгчийн 51 дансанд 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 500,000 төгрөгийг (erdenet iveel ganbaa);

7. Д.Ч-ын Худалдаа хөгжлийн банкны 49 данснаас нэхэмжлэгчийн 51 дансанд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөгийг (ганбат);

8. Б партнерс Хаан банкны 51 данснаас нэхэмжлэгчийн 51 дансанд 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 1,500,000 төгрөгийг (erdenet iveel ganbaa) нийт 19,500,000 төгрөгийн, НӨАТ-ын  6,022,727 төгрөг нийт 25,522,727 төгрөгийн  шаардлагаас татгалзаж, үлдэгдэл 54,477,273 төгрөгийг гаргуулахыг шаардсан.(хх-ийн 40-47 дугаар тал)

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Түрээсийн гэрээ нь талуудын хүсэлт зоригийн илэрхийллийн үндсэн дээр байгуулагдах ба Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1. дэх хэсэгт зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болох бөгөөд зохигчдын тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар талуудын хооронд энэ хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу талуудад үүрэг үүсжээ.

 

Хариуцагч “О Б” ХХК нь 2017 оны түрээсийн гэрээний үүрэгт 38,750,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байснаас 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Х.А-ийн эзэмшлийн Хаан банкны 50 данснаас нэхэмжлэгч Д.Г-ын Хаан банкны 50 дансанд 15,000,000 төгрөгийг, Э.*******гийн Хаан банкны 50 данснаас 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийн 50 дансанд 15,000,000 төгрөгийг, Д.Ч-ын эзэмшлийн Хаан банкны 50 данснаас 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчийн 50 дансанд 10,000,000 төгрөгийг нийт 40,000,000 төгрөгийг шилжүүлж гэрээний үүргийг гүйцэтгэсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон, энэ талаар талууд маргаагүй. (хх-ийн 34-36 дугаар тал)

Нэхэмжлэгч “Э И” ХХК нь 2018 оны түрээсийн гэрээний үүргийг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дүгнэсэн талуудын хооронд Тооцоо нийлсэн акт”-ыг үндэслэл болгож шаардсан, шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаа НӨАТ-ын татвар 6,022,727 төгрөгөөр багасгаж, гэрээний үүрэгт  төлөгдөөгүй үлдэгдэл 54,477,273 төгрөг, алданги 27,238,636 төгрөг, нийт 81,715,909 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагч “О Б” ХХК нь түрээсийн төлбөр төлөгдөж дууссан гэж маргасан үндэслэлтэй байна

 

 Нэхэмжлэгч “Э И” ХХК-ийн захирал Д.*******ын эзэмшлийн Хаан банкны ******* дансанд:

1. Д.Ч-ын Хаан банкны 5014  данснаас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 19,000,000 төгрөгийг (түрээсийн төлбөр);

2.  Д.Ч-ын Хаан банкны 5014  данснаас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 11,000,000 төгрөгийг (түрээс);

3. “О Б” ХХК-ийн Чингис Хаан банкны 5101  данснаас 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “Э И” ХХК-ийн Худалдаа Хөгжлийн банкны ******* дансанд 25,000,000 төгрөгийг(түрээсийн төлбөр);

4. “О Б” ХХК-ийн Чингис Хаан банкны 5101  данснаас 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “Э И” ХХК-ийн Худалдаа Хөгжлийн банкны ******* дансанд 5,000,000 төгрөгийг(түрээсийн төлбөрнийт 60,000,000 төгрөгийг төлөгдсөн байна.

 

Хариуцагч талаас гэрээний үүргийг Д.Ч-, Л.А-, Э.*******, Ё.Э, ББС партнерс зэрэг данснаас түрээсийн гэрээний үүргийг “Э И” ХХК-ийн захирал Д.*******ын Хаан банкны 5007,  5120  дансаар хүлээн авсан талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д Үүрэг дараахь үндэслэлээр дуусгавар болно” гэж зааснаар талуудын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Тооцоо нийлсэн акт”-д түрээсийн гэрээний үүрэгт 54,477,273 төгрөгийг төлж, үүргийн гүйцэтгэл дуусгавар болсон хэрэгт авагдсан баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар нотлогдсон болно.

 

Зохигчдын хооронд байгуулсан Түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1- д Түрээслэгч төлбөрийг тогтоосон хугацаанд хийгээгүй бол хугацаа хэтрүүлсний хоног тутам 0.1 хувийн хэмжээтэй төлнө гэж тохиролцжээ.

 

Талуудын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Тооцоо нийлсэн акт(2018.01.15-2018.04.15) хариуцагч тал 80,000,000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор Эрдэнэт Ивээл ХХК-ийн ХХБ дахь ******* дансанд шилжүүлэхээр тохиролцов  гэжээ.

 

Хариуцагч “О Б” ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Тооцоо нийлсэн акт(2018.01.15-2018.04.15) дурдагдсан хугацааны төлбөрийг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 03 дугаар сарын 23-ны өдрийн дотор нэхэмжлэгч талд үүргийн гүйцэтгэлийн гүйцэтгэж дууссан байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй тул алданги 27,238,636 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иймд хариуцагч “О Б” ХХК зохих ёсоор гүйцэтгэсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э И ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “О Б” ХХК-иас 54,477,273 төгрөг, алданги 27,238,636 төгрөг, нийт 81,715,909 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 758,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ГАНЧИМЭГ