| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2021/02859/И |
| Дугаар | 182/ШШ2022/00318 |
| Огноо | 2022-02-08 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 182/ШШ2022/00318
2022 02 08 182/ШШ2022/00318
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ЭТТ ХК-нд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,
Хариуцагчийн төлөөлөгч М.Ч, Э.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.А,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 296 дугаар тогтоолоор байгуулагдсан, ЭТТХК-ийн охин компани болох “ЭТТмайнинг” ХХК-д 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн Зүүн Цанхи салбарын Уурхайн олборлолтын хэлтсийн Уурхайн геологичоор ажилд орон ажиллаж байтал 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Засгийн газрын 146 тоот тогтоолоор өмнөх 296 дугаар тогтоолыг хүчингүй болгосон тул охин компанийн ажилтнуудыг толгой компани руу шилжүүлэн ажиллуулах болсон. Ийнхүү шилжүүлэн ажиллуулахдаа Салбарын Захиргаа удирдлагын хэлтсийн Бүтээн байгуулалт аж ахуйн албанд Аж ахуйн ажилтнаар ажиллуулахаар 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн туршилтын 3 сарын хугацаагаар ажиллуулж эхэлсэн бөгөөд 10 дугаар сарын 01-ний өдрөөс тухайн орон тоонд жинхлэн ажиллуулж Хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Гэтэл 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн над руу уурхайн хүний нөөцийн ажилтнууд утасдаж ЭТТХК-ийн төв оффисын хүний нөөцийн ажилтан руу очиж мэдэгдэлтэй танилцаарай гэсний дагуу 2020 оны 07 дугаар сарын сүүлээр очиж мэдэгдэлтэй танилцахад компанийн ТУЗ-ийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 28 тоот тогтоолоор компанийн бүтцээс ажилтны орон тоог цөөрүүлж, тантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах болсныг мэдэгдэж байна гэсэн утгатай мэдэгдэл байсан. Гэтэл Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/1149 дугаар Гүйцэтгэх захирлын тушаалд дурдсанаар орон тоог хасагдсан гэсэн үндэслэлээр гэрээг цуцалсан. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 28 дугаар тогтоол, Гүйцэтгэх захирлын 2021 оны А/184 дүгээр тушаалаар компанийн зохион байгуулалтын бүтэц, албан тушаал, орон тооны жагсаалтыг баталсан байна.
Уг шинэчилсэн жагсаалт, орон тооны бүтэц нь Салбарын Захиргаа удирдлагын хэлтсийн Бүтээн байгуулалт аж ахуйн албанд Аж ахуйн ажилтан, Хотхоны туслах ажилтан болон Салбарын Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн Байгаль орчны туслах ажилтан гэсэн орон тоог компанид байхгүй болгож, нэхэмжлэгч нар болон нийт 20 орчим хүнийг бөөнөөр нь гэнэт халах нөхцөл бүрдүүлсэн. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д дахь хэсэгт “аж ахуйн нэгж, байгууллага, гүүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн тушаалын 2-т дурдсанаар миний ажлыг хүлээлцүүлэхийг Салбарын Захиргаа, бүтээн байгуулалт, хөгжлийн газарт даалгасан. Эндээс харвал хуучин бүтцийн хувьд байсан Салбарын Захиргаа, удирдлагын хэлтсийн Бүтээн байгуулалт, аж ахуйн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ Салбарын Захиргаа, бүтээн байгуулалт, хөгжлийн газарт шилжиж харьяалагдах боломжтой байна. Өөрөөр хэлбэл өмнө байсан Салбарын Захиргаа удирдлагын хэлтсийн Бүтээн байгуулалт аж ахуйн албанд Аж ахуйн ажилтны орон тоог хэвээр хадгалж шинэ газарт шилжүүлэх боломж байсаар байтал бүтцийн өөрчлөлт, орон тоо хасагдсан хэмээн халсан нь үндэслэлгүй, гүйцэтгэх захирал байгууллагын бүтэц батлахгүй, ТУЗ-өөс олгосон эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэж байна. Иймд ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул намайг Салбарын Захиргаа удирдлагын хэлтсийн Бүтээн байгуулалт аж ахуйн албанд Аж ахуйн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2020/С-681 дугаартай хөдөлмөрийн гэрээг ажил олгогчтой байгуулан гэрээний дагуу Салбарын бүтээн байгуулалт аж ахуйн албаны аж ахуйн ажилтан гэх албан тушаалд ажиллаж байсан. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/3008 албан бичгээр ирүүлсэн чиглэл, ЭТТХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр баталсан Компанийн бүтэц, хүний нөөцийн үйл ажиллагаанд хийх дотоод аудитын удирдамж, Аудитын багийн дүгнэлт, Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.18, ЭТТХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 21/17 тоот удирдамжийг тус тус үндэслэн ЭТТХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай тогтоолоор “Компанийн орон тооны хязгаар, зохион байгуулалтын бүтэц”-ийг шинэчлэн баталсан бөгөөд ЭТТХК-ийн нийт орон тооны хязгаарыг 946 болгон бууруулж зохион байгуулалтын бүтцийг хавсралтаар баталж тухайн орон тооны хязгаарт багтаан компанийн ажлын байрны нэр, орон тооны жагсаалтыг шинэчлэн баталж, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн гүйцэтгэж ажиллахыг гүйцэтгэх захирал Б.Ганхуягт үүрэг болгож шийдвэрлэсэн.
Дээрх тогтоолын дагуу холбогдох ажлуудыг зохион байгуулж, Гүйцэтгэх захирлын 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/184 дүгээр тушаалаар ‘Салбарын ажлын байрны нэр, орон тооны хязгаар”-ыг шинэчилсэн бөгөөд тушаалын 5 дугаар хавсралтаар “салбарын хасагдаж, цөөрсөн ажлын байрны жагсаалтыг” баталсан. Тус хавсралтаар “Салбарын бүтээн байгуулалт аж ахуйн албаны аж ахуйн ажилтан” гэх ажлын байр хасагдсан болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэж заасан. Гүйцэтгэх захирлын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/184 дүгээр тушаалаар “Салбарын бүтээн байгуулалт аж ахуйн албаны аж ахуйн ажилтан” гэх албан тушаалыг хасаж шийдвэрлэсэн учраас ажил олгогчоос хуульд заасан хугацаанд хөдөлмөрийг гэрээг цуцлах тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн. Улсын дээд шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжийн 2.1-т “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан "Аж ахуйн нэгж байгууллага түүний салбар нэгж байгууллага татан буугдсан" гэдэгт Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан 5 үндэслэл хамаарна.” гэж заасан байдаг. Гэтэл ЭТТХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай тогтоол болон Гүйцэтгэх захирлын 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/184 дүгээр тушаалаар Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үндэслэлээр ямар нэг нэгж салбарыг татан буулгаагүй болно. Иймд байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн дагуу ажлын байр бүхэлдээ хасагдсан, мэдэгдлийг хуульд заасан хугацаанд өгч, ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь хууль зүйн үнэдслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч тал ЭТТХК-ийн 2021.08.31-ний өдрийн Б/1149 дүгээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг, ЭТТХК-ийн 2021 оны 6, 9 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, Үйлдвэрчний эвлэлийн хороонд 2021.09.13-ны өдөр гаргасан өргөдөл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа,
Хариуцагч тал хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, байгууллагын дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, ТУЗ-ын даргын 2021.03.19-ний өдрийн Компанийн бүтэц, хүний нөөцийн үйл ажиллагаанд хийх дотоод аудитын удирдамж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020.12.08-ны өдрийн 01/3008 тоот чиглэл хүргүүлэх тухай албан бичиг, нэхэмжлэгч С.С.Бажилд орох анкет, гүйцэтгэх захирлын 2020.07.01-ний өдрийн Б/447 дугаар, 2020.10.01-ний өдрийн Б/889 дугаар ажилд томилох тухай тушаалууд, 2020.10.01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, 2021.07.06-ны өдрийн С/40 дугаар мэдэгдэл, С.Бын туршилтын хугацаанд хийсэн ажлын тайлан, ажилтны туршилтын хугацааны дүгнэлтийн хуудас, гүйцэтгэх захирлын 2021.08.31-ний өдрийн Б/1149 дүгээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал, явуулсан бичгийн холбогдох хуулбар, гүйцэтгэх захирлын 2020.04.09-ний өдрийн Б/175 дугаар туршилтын хугацаагаар ажиллуулах тухай тушаал, С.Бын хүсэлт, ЭТТМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020.06.29-ний өдрийн Б/410 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, байгууллагын 2021 оны 6-10 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, сул зогсолттой холбоотой мэдээлэл, төлбөрийн даалгавар, одоо байгаа болон шинээр төлөвлөж байгаа кемпийн ерөнхий төлөвлөгөө гэсэн зураг, 2022.01.24-ний өдрийн 08/140 дугаар албан бичиг зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр ЭТТХК-ийн ТУЗ-ийн 2021.06.29-ний өдрийн 28 дугаар тогтоол, хавсралтын хамт, гүйцэтгэх захирлын 2021.06.30-ны өдрийн А/184 дүгээр тушаал, хавсралтын хамт, Захиргаа, үйлдвэрчний эвлэлийн 2020 оны хамтын гэрээ, ТУЗ-ийн даргын 2021.03.19-ний өдрийн компанийн бүтэц, хүний нөөцийн үйл ажиллагаанд хийх дотоод аудитын удирдамжийн дагуу хийсэн аудитын багийн дүгнэлт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2021.06.28-ны өдрийн 21/17 тоот удирдамж, Удирдах зөвлөлийн 2021.06.30-ны өдрийн 28 дугаар тогтоол болон гүйцэтгэх захирлын 2021.06.30-ны өдрийн А/184 дүгээр тушаал гарахаас өмнө үйлчилж байсан зохион байгуулалтын бүтэц, ажлын байрны нэр, орон тооны жагсаалтыг баталсан ТУЗ-ын тогтоол, гүйцэтгэх захирлын тушаал зэрэг баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч ЭТТХК-нд холбогдуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ажлаас халсан хариуцагчийн тушаал хууль зүйн үндэслэлгүй, бөөний халалт явагдсан, ажилтанд 45 хоногийн өмнө мэдэгдээгүй, энэ талаар Үйлдвэрчний эвлэлтэй зөвшилцөөгүй, гүйцэтгэх захирал нь ТУЗ-өөс олгосон эрх хэмжээгээ хэтрүүлж байгууллагын бүтэц баталсан, хуучин бүтцэд байсан Салбарын Захиргаа, удирдлагын хэлтсийн Бүтээн байгуулалт, аж ахуйн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ Салбарын Захиргаа, бүтээн байгуулалт, хөгжлийн газарт шилжиж харьяалагдах боломжтой байхад бүтцийн өөрчлөлт хийж, орон тоо хасагдсан гэж ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
Хариуцагч тал дээрх тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд Салбарын Захиргаа удирдлагын хэлтсийн Бүтээн байгуулалт аж ахуйн албанд Аж ахуйн ажилтны орон тоо нэгэнт хасагдсан, түүнээс биш хэлтэс нь татан буугдсан зүйл байхгүй, Иргэний хуулийн 32 дугаар зүйлд зааснаар хуулийн этгээд татан буугдаагүй, зөвхөн хэлтэс доторх ажлын байр байхгүй болсон, мэдэгдлийг хуульд заасны дагуу 30 хоногийн өмнө өгсөн, тэтгэмжийг мөн олгосон, ажилчдыг бөөнөөр халсан зүйл байхгүй учир Үйлдвэрчний эвлэлтэй зөвшилцөх шаардлага байгаагүй, ажлаас халсан тушаал хуульд нийцсэн гэж мэтгэлцсэн.
Шүүх дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч ЭТТХК-ийн ТУЗ-ийн 2020.05.28-ны өдрийн 27 дугаар тогтоолоор ЭТТМ ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг ЭТТХК-нд шилжүүлэх замаар нэгтгэхээр шийдвэрлэж, компанийг нэгтгэсэнтэй холбогдуулан ЭТТХК-ийн орон тооны хязгаарыг 986 байхаар тогтоож, зохион байгуулалт бүтцийг хавсралтаар шинэчлэн баталжээ. Улмаар ЭТТХК-ийн гүйцэтгэх захирлын 2020.06.18-ны өдрийн А/168 дугаар тушаал гарч, салбарын бүтэц зохион байгуулалтыг шинээр баталж, энэхүү батлагдсан бүтцэд Захиргаа удирдлагын хэлтсийн дор Бүтээн байгуулалт, аж ахуйн алба харьяалагдаж, Аж ахуйн ажилтан гэсэн 15 ажлын байр шинээр бий болсон байна.
Ийнхүү нэхэмжлэгч С.Б нь ЭТТХК-нд 2020.07.01-ний өдрөөс Салбарын захиргаа, удирдлагын хэлтсийн бүтээн байгуулалт, аж ахуйн албанд аж ахуйн ажилтнаар, 3 сарын туршилтын хугацаагаар ажиллаж эхэлсэн байх ба, зохигчид 2020.10.01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулан, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар нэхэмжлэгч С.Б нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэхээр, хөдөлмөрийн хэвийн нөхцөлд, 1,593,204 төгрөгийн цалин авч, уурхайд ажлын 14, амралтын 14 хоногийн хугацаатай ажиллахаар, хариуцагч ЭТТХК нь ажлын хэвийн нөхцөлөөр хангах, цалин хөлс олгох, уурхайд ирж, очих унаа болон байр, хоолоор хангахаар харилцан тохиролцож, 2020.10.01-ний өдрийн Б/889 дүгээр гүйцэтэх захирлын “ажилд томилох тухай” тушаал гарснаар нэхэмжлэгч С.Б нь Салбарын Бүтээн байгуулалт, аж ахуйн албанд аж ахуйн ажилтнаар жинхлэн ажиллаж байжээ.
Харин хариуцагч ЭТТХК-иас 2021.07.06-ны өдрийн с/40 дугаар мэдэгдлийг нэхэмжлэгч С.Бт 2021.08.02-ны өдөр танилцуулсан байх ба, энэхүү мэдэгдэл нь “...ТУЗ-ын 2021.06.29-ний өдрийн 28 тоот тогтоолоор компанийн бүтцээс Бүтээн байгуулалт, аж ахуйн албанд аж ахуйн ажилтны орон тоог цөөрүүлж, тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар 2021.08.28-ны өдрөөр дуусгавар болгон цуцлах болсныг мэдэгдэе...” гэсэн агуулгатай байх ба, “цөөрүүлж” гэх бичвэр нь техникийн алдаа болохыг хариуцагч талаас тайлбарласныг нэхэмжлэгч тал үгүйсгэж, маргаагүй болно.
Хариуцагч ЭТТХК нь энэхүү мэдэгдлийг 2021.07.08-ны өдөр нэхэмжлэгч С.Бт танилцуулахаар түүний утсаар залгасан байх боловч холбогдох боломжгүй талаар явуулсан бичгийн дэвтрийн 59 дугаарт тэмдэглэл үйлдсэн байх ба, нэхэмжлэгч С.Б нь тус мэдэгдлийн талаар 2021 оны 07 сард, наадмын үеэр мэдсэн талаар маргаагүй, тэрээр мэдэгдэлд 2021.08.02-ны өдрөөр гарын үсэг зурсан байна.
Ийнхүү хариуцагч ЭТТХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.08.31-ний өдрийн Б/1149 дүгээр тушаалаар “шинэчлэн батлагдсан компанийн зохион байгуулалтын бүтэц, албан тушаал, орон тооны жагсаалтаар Салбарын Бүтээн байгуулалт, аж ахуйн албанд аж ахуйн ажилтан ажлын байрны орон тоо хасагдсан...” гэх үндэслэлээр 2021.09.02-ны өдрөөр тасалбар болж, нэхэмжлэгч С.Бын хөдөлмөрийн гэрээ цуцлагдан ажлаасаа чөлөөлөгджээ.
Хариуцагч ЭТТХК нь дээрх тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.3-т зааснаар ажлаас халагдсан сүүлийн өдөр болох 2021.09.02-ны өдөрт нь нэхэмжлэгч С.Бт хүлээлгэн өгөх үүрэгтэй боловч хэзээ гардуулан өгсөн нь тодорхойгүй, энэ талаарх баримтгүй, мөн нэхэмжлэгч энэ хугацааг тодруулж чадахгүй байна. Гэсэн хэдий ч зохигчдын хэн аль нь тухайн үедээ тушаалыг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн талаар харилцан маргаагүй, энэхүү тушаалын дагуу хариуцагч ЭТТХК-иас нэхэмжлэгч С.Бт 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжид 6,380,794 төгрөгийг 2021.09.14-ний өдөр олгосон байна.
Харин нэхэмжлэгч С.Б нь бусад ажилтнуудтай нийлж 2021.09.13-ны өдөр Үйлдвэрчний эвлэлийн хороонд хандан “...байгууллага ажилтнуудыг бөөнөөр халсан тохиолдолд 45 хоногийн өмнө мэдэгдэж, хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ гэсэн заалтыг зөрчиж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Цар тахлын хүнд нөхцөлд 20 гаруй ажилтны эрхийг зөрчиж, ар гэр, амьдрал ахуйг нь хөсөр хаясан үйлдэл боллоо. Иймд ажилтнуудынхаа эрхийг хамгаалж, үргэлжлүүлэн компанидаа ажиллахад дэмжлэг үзүүлэхийг хүсье...” гэсэн агуулга бүхий өргөдлийг гаргасан байх боловч Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас нь ямар нэгэн хариу өгөөгүй, энэ талаар Үйлдвэрчний эвлэлээс байгууллагад хандаж, тэдний өргөдөл, гомдлыг уламжилсан зүйлгүй, ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй байна.
Дурдсан үйл баримтууд зохигчдын гаргасан өгсөн болон нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.
Хариуцагч ЭТТХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.08.31-ний өдрийн Б/1149 дүгээр “С.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1, компанийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.5.3, 9.5.6, Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.5, 3.14, 4.1.2 дахь заалт, ТУЗ-ийн 2021 оны 28 дугаар тогтоол, гүйцэтгэх захирлын 2021 оны А/184 дүгээр тушаал, компанийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн 2020 оны ЭТТ-2018/140-2 тоот Хамтын гэрээний 8 дугаар зүйлийн 8.17.1 дэх заалтуудыг тус тус удирдлага болгожээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр цуцална”, 38.1.2-т “ажил олгогч санаачилсан”,
40 дүгээр зүйлийн 40.1-д “хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, 40.1.1-д “аж ахуй нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн”, 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ”,
42 дугаар зүйлийн 42.1-д “ажил олгогч нь энэ хуулийн 37.1, 6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно”,
Компанийн дүрмийн 9 дүгээр зүйлийн “гүйцэтгэх удирдлага” гэсэн хэсгийн 9.5.3-д “өөрийн эрх хэмжээний хүрээнд тушаал гаргах”, 9.5.6-д “ажилтныг ажилд томилж хөдөлмөрийн гэрээ байгуулах, сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас чөлөөлөх”,
Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн “удирдлага, зохион байгуулалт, дотоод үйл ажиллагаа” гэсэн хэсгийн 2.5-д “гүйцэтгэх захирал эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргана”,
3 дугаар зүйлийн “ажилд томилох, ажлаас халах, чөлөөлөх” гэсэн хэсгийн 3.14-т “ажлаа хүлээлгэн өгч байгаа ажилтантай өөрийн гүйцэтгэж байсан ажил, холбогдох баримт бичиг, цахим файл, ажлын үнэмлэх, эд хөрөнгийг бүрэн хүлээлцэж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын тооцоог дуусгавар болгон тойрох хуудас зуруулан тооцоо дуусгах ажлыг захиргаа, удирдлага хариуцсан нэгж болон санхүүгийн асуудал хариуцсан нэгж гүйцэтгэнэ”,
4 дүгээр зүйлийн “ажил олгогчийн эрх, үүрэг” гэсэн хэсгийн 4.1.2-т “ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулах, түүнийг өөр ажилд шилжүүлэх, дэвшүүлэх, Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр хөдөлмөрийн цуцлах, дуусгавар болгох”,
Компанийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн 2020 оны ЭТТ-2018/140-2 тоот Хамтын гэрээний 8 дугаар зүйлийн “нийгмийн хамгаалал” гэсэн хэсгийн 8.17-д “компани, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах, орон тоо хасагдах, ажилтны тоог цөөрүүлэх тохиолдолд ажлаас халагдсан ажилтны нийгмийн баталгааг хангах зорилгоор ажилтанд дараах ажлаас халагдсаны тэтгэмжийг олгоно” . Үүнд: 8.17.1-д “ажилтан 1-3 жил ажилласан бол 3 /гурав/ хүртэл сар” гэж тус тус зохицуулсан.
Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачилгыг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, Компанийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.5.3, 9.5.6, Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.5, 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан аж ахуй нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан үндэслэлээр бие даан гаргах эрхтэй.
Ийнхүү хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачилгыг бие даан гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан журмыг баримтлах учиртай, “орон тоо хасагдах” гэдэгт аж ахуй нэгж, байгууллагын дүрэмд тодорхойлсон үйл ажиллагааны зорилгоо хэрэгжүүлэхэд онц шаардлагагүй, тийм ажил үүргийн орон тоог бүтцийн үндсэн нэгжээс гаргах явдлыг ойлгох ба, орон тоо нь тодорхой нэг албан тушаалаар нэрлэгдэн заах хэлбэрээр хасагдаж болдог онцлогтой, ажил олгогчийн ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас халсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас ЭТТХК-ийн ТУЗ-ийн даргад 2020.12.08-ны өдрийн 01/3008 дугаар чиглэл хүргүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн байх ба, энэхүү албан бичигт “...компанийн үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, засаглалын бодлого болон хүний нөөцийн бодлого зэрэгт үнэлэлт, дүгнэлт гаргах зайлшгүй шаардлага бий болж байгааг дурдаад, ...компанийн бүтэц зохион байгуулалт нь компанийн үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлагад нийцсэн эсэх, ажлын байрны сонгон шалгаруулалт хийгээд ажлын байрны давхардал, хөдөлмөрийн гэрээний маргааны талаарх нөхцөл байдалд үнэлэлт өгч, дүгнэлт гаргах...” зэрэг бусад асуудлын талаар чиглэл өгсөн агуулгатай байна.
Түүнчлэн хариуцагч ЭТТХК-ийн ТУЗ-ийн дарга нь 2021.03.19-ний өдөр “Компанийн бүтэц, хүний нөөцийн үйл ажиллагаанд хийх дотоод аудитын удирдамжийг баталсан байх ба, уг удирдамжийн дагуу хийгдэх дотоод аудит нь компанийн бүтэц, хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, ажлын байрны давхардлыг арилгах, удирдах, гүйцэтгэх ажилтны албан тушаалын зохистой харьцааг төлөвлөх, компанийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн боловсруулах зорилготой, аудитыг 2021.03.24-ний өдрөөс 2021.04.09-ний өдрийг хүртэл хугацаанд хийхээр тусгажээ.
Энэхүү удирдамжийн дагуу хийсэн дотоод аудитын тайлангаар илэрсэн асуудлууд болон бусад хүчин зүйлсийг харгалзан хууль тогтоомжийн хүрээнд компанийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн боловсруулах, ажлын байрны зураг авалтыг нэн яаралтай хийж гүйцэтгэх, ажлын байрны болоод нэгжүүдийн чиг үүргийн давхардлыг арилгах зэрэг дүгнэлт, зөвлөмжийг өгсөн байх ба, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021.06.28-ны өдөр 21/17 дугаар удирдамжаар компанийн бүтэц, орон тоог хууль тогтоомжид нийцүүлэн хавсралтад заасны дагуу батлах асуудлыг ч мөн тусгасан байна.
Дээрх чиглэл, удирдамж, дотоод аудитын тайлангийн дагуу Хариуцагч ЭТТХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021.06.29-ний өдрийн 28 дугаар тогтоол гарч, уг тогтоолоор Компанийн орон тооны хязгаар, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталж, компанийн нийт орон тооны хязгаарыг 946, төв оффисын орон тооны хязгаарыг 200 байхаар тогтоож, батлагдсан орон тооны хязгаарт багтаан компанийн ажлын байрны нэр, орон тооны жагсаалтыг шинэчлэн баталж, хөдөлмөрийн гэрээг шинэчилэн байгуулж ажиллах, түүнчлэн компанийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, эрчимжүүлэх, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, бизенс төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд батлагдсан орон тооны хязгаар, тухайн жилийн цалингийн төсөвт багтаан төслийн нэгж, албыг татан буулгах, нэгтгэх, байгуулахыг гүйцэтгэх захирал Б.Ганхуягт зөвшөөрчээ.
Хариуцагч ЭТТХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нь ТУЗ-ийн 2021 оны 28 тоот тогтоолын дагуу, Компанийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.5.3-т зааснаар өөрийн эрх хэмжээний хүрээнд 2021.06.29-ний өдрийн А/181 тоот тушаалыг гаргаж, компанийн газар, хэлтэс, нэгжүүдийн чиг үүргийг шинэчлэн батлуулах, шинэчлэгдсэн чиг үүргийн дагуу ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах, холбогдох газар, хэлэст, нэгжүүдийн ажлын байрны орон тоог хасах, цөөрүүлэх санал дүгнэлтийг танилцуулах, орон тоо хасагдаж, цөөрсөнтэй холбоотойгоор холбогдох хууль тогтоомжийн дагуу шаардлагатай ажлуудыг зохион байгуулах, удирдлагаар хангах ажлын хэсгийг байгуулсан.
Энэхүү ажлын хэсгийн 2021.06.30-ны өдрийн явцын тайлангаар ковид цар тахлын үед компанийн борлуулалтын орлого 2 дахин багассан, 2020, 2021 оны үйл ажиллагааны төлөвөлгөөнд тусгагдсан ажил үйлчилгээний санхүүжилтыг ТУЗ-ийн шийдвэрээр цуцласан зэрэг үндэслэлээр төв оффисын ажилтнуудын ажлын ачаалал эрс буурсан, өндөржүүлсэн бэлэн байдал, бүх нийтийн бэлэн байдлын үед 2020-2021 онд ажилтнуудыг сул зогсоож цалингийн үргүй зардал гаргасан, чиг үүрэг нь хоорондоо давхардсан олон нэгжүүдийг төв оффис болон уурхайд байгуулсан, одоогийн бүтцийг өөрчлөх, орон тооны хязгаарыг бууруулах боломжтой гэсэн саналыг гаргажээ.
Улмаар ажлын хэсгийн тайланд “...ажилтнууд нь Цанхи хотхоны бүсэд /гэр кемп-72 ш гэр, 8 ханатай хүндэтгэлийн гэр, арга хэмжээний 10 ханатай гэр/ ажиллаж, хотхоны гэрэлтүүлэг, гэр буулгах, барих, гэрийн халаалт, гэрийн бүрээс, давхарга, бүслүүр солих, гэрийн хаяг солих, байрлуулах, гэрийн үйлчилгээ, гэрийн ус дуссан хэсэгт засвар хийх, хотхоны зэрлэг зулгаах, хөрсийг сийрэгжүүлэх, шороо цэвэрлэх зэрэг ажлуудыг ажлын байрлын тодорхойлол, нарядын дагуу хийж байна. Уурхайд баригдан ашиглалтад орж байгаа кемпийн барилга, оффисын барилга нь Цанхи хотхоноос өөр газар байрлах ба орчин үеийн барилга байгууламж, стадион, гүйлтийн зам бүхий цогцолбор бөгөөд 2021 оны 11, 12 сард ашиглалтад орсноор сантехник, слесарь зэрэг ажлын байр шинээр бий болж, өмнөх Цанхи хотхоны /гэр кемп/-ийн бүсэд ажиллаж байсан аж ахуйн туслах ажилтан гэх мэт нийт 19 ажлын байрны чиг үүргүүд цаашид шаардлагагүй болсон...” гэсэн үндэслэлийг дурдаж, Салбарын бүтээн байгуулалт, аж ахуйн албаны аж ахуйн ажилтны 15 ажлын байрыг хасах саналыг гаргасан байна.
Ийнхүү ЭТТХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.06.30-ны өдрийн А/184 тоот тушаал гарч, энэхүү тушаалаар салбарын ажлын байрны нэр, орон тооны хязгаарыг шинэчлэн баталж, тушаалын 5 дугаар хавсралтаар Бүтээн байгуулалт, аж ахуйн албаны аж ахуйн ажилтны 15 ажлын байрыг бүхэлд нь хасчээ.
Тодруулбал, хариуцагч ЭТТХК-ийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар Хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ, гүйцэтгэх захирал нь компанийн удирдлагын бүтцэд хамаарч байх ба, 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар Төлөөлөн удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчдын хурлын чөлөө цагт банкны эрх барих дээд байгууллага байна, 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар гүйцэтгэх захирал нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг этгээд байна.
Өөрөөр хэлбэл, ТУЗ нь Компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.6.3-д зааснаар компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох эрхтэй, гүйцэтгэх захирал нь дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар ТУЗ-аас баталсан төлөвлөгөө, төсөв, шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй байх ба, 9.5.5-д зааснаар ТУЗ-өөс баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарт багтаан ажлын байрны нэр, орон тооны жагсаалт, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах эрхтэй байхаар зохицуулагджээ.
Тиймээс хариуцагч ЭТТХК-ийн эрх бүхий этгээд болох ТУЗ-ийн тогтоол, гүйцэтгэх захирлын тушаалаар, Компанийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар хувьцаа эзэмшигч Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны чиглэл, удирдамжийг үндэслэн компаниас байгуулсан ажлын хэсгийн хийсэн судалгаа, ажлын тайлангийн үндсэн дээр Компанийн салбарын бүтэц, зохин байгуулалтаас Бүтээн байгуулалт, аж ахуйн албаны аж ахуйн ажилтны 15 ажлын байр нэрлэгдэн заах хэлбэрээр хасагдсан, хариуцагч ЭТТХК нь нэхэмжлэгч С.Бт ажлаас халах тухай мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар 30 хоногийн өмнө өгсөн, түүнчлэн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Хамтын гэрээний 8 дугаар зүйлийн 8.17.1-д зааснаар түүнд зохих тэтгэмжийг олгосон явдал нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид нийцсэн байна гэж дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгч С.Бын гаргасан “...байгууллагад бөөнөөр халах үйл ажиллагаа явагдсан, энэ талаар 45 хоногийн өмнө мэдэгдээгүй, энэ тохиолдолд үйлдвэрчний эвлэлтэй тохиролцох байсан, гүйцэтгэх захирал нь өөрт олгосон эрх хэмжээгээ хэтрүүлж бүтэц баталсан...” гэх агуулга бүхий тайлбар үгүйсгэгдэж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажил олгогч нь ...аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийх үүрэгтэй бөгөөд хариуцагч ЭТТХК-иас Бүтээн байгуулалт, аж ахуйн албаны аж ахуйн ажилтны 15 ажлын байрыг нэрлэн заах хэлбэрээр Салбарын бүтэц, зохион байгуулалтаас хассан явдал нь аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан гэх ойлголтод хамаарахгүй, бөөний халалт гэж үзэхгүй, Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасан 5 үндэслэлийн аль нэг шалтгаанаар хуулийн этгээд татан буугддаг онцлогтой. Тийм учраас хариуцагч ЭТТХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажилтны төлөөлөл буюу Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хэлэлцээ хийх шаардлагагүй гэж үзнэ.
Тиймээс хариуцагч ЭТТХК-ийн гүйцэтгэх захирлын 2021.08.31-ний өдрийн Б/1149 дүгээр “С.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь заалтад нийцсэн, тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул С.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
С.Бын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдав.
2021.07.02-ны өдөр Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн батлагдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022.01.01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байх боловч энэхүү маргаан нь 1999.05.14-ний өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтад хамаарч, уг хууль хүчин төгөлдөр үйлчилж байх цаг хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан тул хуучин хуулийг баримтлан хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.1999.05.14-ний өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т тус тус зааснаар ЭТТХК-нд холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай С.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Б нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА