| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2021/05384/И |
| Дугаар | 101/ШШ2022/00013 |
| Огноо | 2021-12-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2022/00013
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Ундраа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Т- нэхэмжлэлтэй
Хариуцагч: Т.Э- холбогдох
Гэм хор учруулсны хохиролд 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ариунжаргал, хариуцагчийн төлөөлөгч Б.Энхбаяр, иргэдийн төлөөлөгч Б.Ялгуун, нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд, өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан нэхэмжлэлдээ: Хан–Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Гранд мед эмнэлгийн гадаа зогсоолд зогсож байсан Г.Т-ийн өмчлөлийн Альфард маркийн УНЭ улсын дугаартай авто машиныг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 14.30 минутад Т.Э- субару маркийн УБЗ улсын дугаартай авто машинаар мөргөж гэмтээсэн нь ослын актаар тогтоогдсон. Хариуцагч өөрөө ч гэм буруутайгаа ойлгож, хохирлын мөнгийг төлөхөөр тохиролцсон боловч одоог хүртэл өгөхгүй намайг хохироож чирэгдэл учруулж байгаа тул гэм хорын хохирол 9,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Т-ийн гэм хорын хохиролд 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, Итгэлт Эстимент ХХК-ийн авто машины эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, Мөнх-Хада ХХК-ийн нэхэмжлэх зэрэг баримтыг нэхэмжлэлдээ хавсаргаж өгчээ. Гэм буруугийн талаар маргахгүй. Хариуцагч Сүлд альфа автомотив ХХК-д нэхэмжлэгчийн автомашины баруун их гэрэл, урд буферийг 7,100,000 төгрөгөөр 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр захиалж, урьдчилгаа төлбөр 3,15,000 төгрөгийг төлсөн. Уг компани энэхүү сэлбэгүүдийг 10-14 хоногийг дотор оруулж ирэхээр тохирсон боловч Замын-Үүд, Эрээний хилийн боомтыг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс ковид-19 цар тахлын улмаас хаасан тул миний захиалсан сэлбэг Монголд орж ирэхгүй байна. Гэхдээ 2021 оны 12 дугаар сарын 05-наас хил нээгдэх тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэл гарч байна. Миний захиалсан сэлбэгийг Монгол улсад орж ирэхэд би машины их гэрэл, урд буферийг суурилуулж бүрэн засаж өгөх тухай нэхэмжлэгчид тайлбарлаж, захиалгын баримтыг үзүүлсэн. Итгэлт-Эстимэнт ХХК-ийн хохирлыг үнэлсэн 6,207,000 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрнө. Нэхэмжлэгч Мөнх-Хада ХХК-нд сэлбэг захиалсан гэх боловч баримтаар нотлохгүй байна. Иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж өгнө үү гэв.
Т.Э- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Т.Э би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Грандменд эмнэлгийн гадаа зогсоол дээр Г.Т-ийн тээврийн хэрэгсэлд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч хохирол барагдуулах тухай түүнд хэлснээс гадна Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэст тайлбар бичиж өгсөн. Гэтэл тэрээр миний УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ ба жолооны үнэмлэхийг аваад өгөөгүй. Мөн хохирол барагдуулахаар шуурхай арга хэмжээ авч 2021 оны 10 дугаар сарын 06-нд би түүнд сэлбэг захиалж мөнгө төлсөн баримтууд үзүүлсэн. Хан-Уул дүүргийн Замын цагдаа Баасансүрэн миний бичиг баримтыг буцааж өгөхийг Г.Т-т мэдэгдсэн боловч өөрийн хуульчтайгаа ярилцаж байгаад өгнө, өмгөөлөгчид байгаа гэх мэтээр тайлбар хэлээд миний бичиг баримтыг одоо хүртэл өгөхгүй байгаа болно Иймээс тээврийн хэрэгслээ ашиглах боломжгүй болсон тул сөрөг шаардлага гаргасан. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө тээврийн хэрэгслийн гэрчилгээг хүлээн авсан тул сөрөг шаардлагаас татгалзаж байна гэв.
Иргэдийн төлөөлөгч Б.Ялгуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нэхэмжлэгчид учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрч гэм буруугаа зөвшөөрсөн хэдий ч үнийн дүн дээр маргаж байна. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийн дагуу 6,207,000 төгрөгийг төлөхийг бүрэн хүлээн зөвшөөрч одоогийн нөхцөл байдал хил хаасан зэрэг нь энэ дүнгээр хохирлыг барагдуулах боломжгүй гэж нэхэмжлэгч тал үзэж байна. Талууд гэм буруугийн талаар маргахгүй тул хохирол барагдуулах үнийн дүнг шинжээчийн дүгнэлтийн дагуу үнийн дүнгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Т- нь хариуцагч Т.Э-т холбогдуулан зам тээврийн ослын улмаас автомашинд учирсан хохиролд 9,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардахдаа “М Х” ХХК--ийн нэхэмжлэлийг үндэслэж тодорхойлсон.
Хариуцагч гэм буруугийн талаар маргаагүй, эд хөрөнгийн хохирол шаардсан үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Т.Э- нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр субару маркийн УБЗ улсын дугаартай авто машиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож ухрах үедээ Хан-Уул дүүрэг, Грандмед эмнэлгийн гадаа зогсож байсан Г.Т-ийн өмчлөлийн альфард маркийн УНЭ улсын дугаартай авто машиныг баруун урд талаас мөргөж, зам тээврийн осол гаргасан, замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.
Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д “Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэж заасны дагуу 100,000 төгрөгөөр торгуулж хариуцлага хүлээсэн талаар Тээврийн цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн байцаагчийн үзлэг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдож, уг ослын улмаас нэхэмжлэгчийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан нь зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, хэрэгт авагдсан гэрэл зураг, хөрөнгийн үнэлгээний “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн авто машины техникийн эвдрэл, хохирлыг үнэлгээний тайлангийн хавсралт зэрэг нотлогдож байна./хх-ийн 4-11, 14-16 дүгээр талууд/
Хариуцагч Т.Э-ийг гэм буруутайд тооцож, шийтгэл хүлээлгэсэн уг шийдвэрлэ хүчин төгөлдөр байх бөгөөд ослын улмаас автомашины тодорхой эд анги эвдэрч хохирол учирсныг арилгуулахаар учирсан хохирлоо шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дахь заалтад “Бусдын ... эд хөрөнгөнд хууль бусаар, санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь заалтад “Хэн нэгэн этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцна ...”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заалтад “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн эзэмшлийн Альфард маркийн УБӨ улсын дугаартай автомашинд учирсан хохирлыг Тээврийн цагдаагийн албаны техникийн байцаагчийн хийсэн үзлэгт автомашины баруун их гэрэл, урд буфер, урд буферийн баруун тогтоогч эд анги эвдэрсэн, Итгэлт-Эстимэйт 3 үнэлгээ ХХК-ийн үнэлгээнд автомашинд учирсан эвдрэлүүд тэмдэглэгдсэн байна.(хх-ийн 4-5 дугаар тал)
Нэхэмжлэгч автомашиныг бодитойгоор засуулаагүй, засуулахад “.....Мөнх-Хада ХХК- д оношлуулж, сэлбэг захиалсан” гэж хэрэгт 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Нэхэмжлэх №1699”-д төлбөл зохих 8,699,600 төгрөгийн Нэхэмжлэл-ийг нотлох баримтаар хэрэгт хавсарган нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
Уг нэхэмжлэлийн дагуу нэхэмжлэгч “М-Х” ХХК-д сэлбэг захиалж төлбөр төлсөн баримтыг шүүхэд ирүүлээгүй болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар эд хөрөнгөнд учирсан гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг тодорхойлсон бөгөөд энэ хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д гэм хорыг арилгахдаа хохирлыг нөхөн төлөхөөр заасан.
Зам тээврийн осол гарсан өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “И-Э” ХХК-ийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг тодорхойлсноор автомашины эд ангийг солих, засварлахад гарах шууд буюу шууд бус ажлын зардал 6,207,000 төгрөгийг, үнэлгээний зардалд 252,000 төгрөг төлсөн талаар хариуцагч маргаагүй тул нийт 6,279,000 төгрөгийг хариуцагч Т.Э-ээс гаргуулж нэхэмжлэгч Г.Т-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,721,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Тус иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлэгт Т.Э- сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэдийн төлөөлөгч нэхэмжлэгчийн нэхэмжилж буй шаардлагыг хөрөнгийн үнэлгээний “И-Э” ХХК-ийн үнэлсэн үнэлгээний үнийн дүнгийн хэмжээгээр хохирлыг тооцож хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэсэн.
Нэхэмжлэгч Г.Т- 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зам тээврийн ослын улмаас авто машин үнэлүүлэхэд үнэлгээний зардалд төлсөн 252,000 төгрөг төлсөн талаар хариуцагч маргаагүй. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч уг зардлыг төлсөн гэж үзэж, дээрх зардлыг хариуцагч төлөх үүрэгтэй тул хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Э-ээс 6,279,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Т- олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үлдэх 2,721,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Т.Э- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсанг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,950 төгрөг, хариуцагч сөрөг шаардлагад урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 115,414 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.УНДРАА
Э.ЭНЭБИШ