Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 36

 

 

 

Г.Нт холбогдох

эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                                                                                                    

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

            Прокурор: Б.Мөнгөнтуяа, Г.Энэрэл,

            Хохирогч: М.Ням-Өлзий,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ууганбаяр нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЗ/179 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Г.Нт холбогдох, эрүүгийн 1919003950071 дугаартай, 1 хавтас, 136 хуудас бүхий хэргийг прокурор Г.Энэрэлийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Н-д холбогдуулан Дорноговь аймгийн прокурорын газрын прокурор Г.Энэрэлээс, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Г.Н нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 23-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 487 тоотод байх хохирогч М.Н-н монгол гэрт эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж, тог, цахилгааныг дур мэдэн залгаж дураараа авирласны улмаас хохирогч М.Н-н монгол гэр шатаж, 1 410 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Н-д холбогдох эрүүгийн 1919003950071 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Аймгийн прокурорын газарт буцааж,

 

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж,

 

хэргийг прокурорт очтол шүүгдэгч Г.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Энэрэл нь давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...мөрдөн байцаалтын явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Г.Н нь бусдын орон байранд эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэн зүйлчилсэн. Г.Н бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх санаа зорилгыг агуулаагүй болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг тусдаа бие даан агуулаагүй байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл хохирогч М.Н-н гэрийн цахилгааны утсыг залгаж, хөргөгчийг ажиллуулснаар шууд гэр нь шатна гэж үзэж бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн гэмт хэргээр зүйлчлэх үндэслэлгүй. Харин Г.Н нь бусдын гэрийн цахилгааны утсыг залгаатай орхисноор гал гарч болзошгүй гэдгийг мэдэх боломжтой, мэдэх ёстой байтал хайхрамжгүй хандсан болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч М.Н-н эд хөрөнгөнд хохирол учруулсан үйлдэл тогтоогдож байгаа боловч энэ үйлдлийн улмаас ноцтой эсхүл их хэмжээний хохирол учруулаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна гэж үзэж  прокуророос мөн тухайн зүйл ангиар зүйлчлээгүй болно. Иймд анхан шатны шүүхийн 179 дүгээр шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар прокурорын эсэргүүцэл бичсэн гэв.

 

Прокурор Б.Мөнгөнтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн гол агуулга нь энэ гэмт хэрэгт давхар гэмт хэргийн шинж байгаа эсэхэд дүгнэлт хийж, хохирол хор уршгийн талаар хэрхэн шийдвэрлэх нь эргэлзээтэй байна. Иймд давхар зүйлчлэлийн асуудал байна уу гэдэг талаас нь анхаарч үзэх хэрэгтэй гэж буцаасан байдаг. Шүүгчийн захирамжийн агуулгаас хэргийн нөхцөл байдалтай тогтоосон асуудал байна уу гээд дүгнэлт хийхэд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэдэг байдлаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж нь шүүгдэгчийн хийсэн үйлдлийн улмаас бусдын халдашгүй байдал, эд хөрөнгөнд хохирол учруулсан гэдэг халдлагын зүйл нь давхар объекттой хэрэг болчхоод байгаа юм. Хор хохирол учирсан, эзэмшигчийн зөвшөөрөлгүй бусдын гэрт нэвтэрч орон байрны халдашгүй байдалд халдчихаад байгаа юм. Тухайн үед бусдын орон байранд нэвтэрч, тог цахилгаан байхгүй гэрт ороод тогийг залгаж асаалттай чигээр нь орхисны улмаас гал гарч байгаа үйлдэлд нь санаатай үйлдэл харагдахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл хайхрамжгүй болгоомжгүй хандсан үйлдэл харагдаад байгаа юм. 2017 оны Эрүүгийн хуулийн 17.8, 17.11 дүгээр зүйлд бусдын эд хөрөнгийг санаатай болон болгоомжгүй устгах гэмт хэргийг зүйлчилсэн. Эрүүгийн хуулийн 17.11 дүгээр зүйлд зааснаар халдлагын зүйл нь өөр болчхоод байгаа юм. Хувь хүний шинж нь зохицуулагдаагүй объектив талын шинж нь биш болчхоод байгаа юм. Тиймээс Эрүүгийн хуулийн 17.11 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэх боломжгүй. Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлд зааснаар “бусдын эд хөрөнгийг устгах” гэмт хэрэг маань гэм буруугийн санаатай үйлдлээр үйлдэгддэг. Гэтэл шүүгдэгч нь гэрийг нь гэрэлтүүлэх зорилгоор цахилгааны залгасан болохоос биш хохирогчийн гэрийг санаатай устгах үйлдэл харагдахгүй байгаа юм. Эрүүгийн хуулийн 17.8, 17.11 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэхэд гэмт хэргийн шинжээр тохирохгүй байсан юм. Иймд Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Хор уршиг нь 1410000 төгрөгийн хохирол учирсан. Энэ үйлдлийг орон байрны халдашгүй байдалд нь нэвтрээд, цахилгааныг нь залгаж эзэнгүй орхисны улмаас гал гарч эд хөрөнгөнд хохирол учирсан үйлдэлтэй шалтгаант холбоотой юм байна гэж дүгнээд яллах дүгнэлтдээ бичсэн. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдаад байгаа хор уршгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх юм бэ гэдэг асуудал нь прокуророос бусдын гэрт зөвшөөрөлгүй нэвтрээд дураар авирлаж цахилгааныг дур мэдэн залгасны улмаас монгол гэр шатсан гэж хор уршгийг холбож яллах дүгнэлт үйлдсэн юм. Хуулийн зүйлчлэлийн асуудал дээр эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн гэдэг үндэслэлээр эсэргүүцэл бичсэн гэв.

 

            Хохирогч М.Ням-Өлзий давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би орон гэрээ эргүүлж авах л хүсэлтэй байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангахаар шийдвэрлэлээ.  

 

Учир нь бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг нь Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, түүний дотор орон байрны халдашгүй байдалд халдаж буй үйлдэл юм.

 

Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэн хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, эх сурвалжийг магадлан, харьцуулан судалж үзэхэд шүүгдэгч Г.Нийн “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр, эзгүйд нь амьдарч буй гэрт нь нэвтрэн орсон”  үйлдэл нь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Түүнчлэн оршин суугчийн “зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд нэвтэрснийг, мөн салгасан байсан цахилгааныг залгаж, ашигласныг тус тус “дур зоргоороо аашилсан” буюу Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...дураараа авирласан” гэмт хэргийн шинжийг бүрэн илэрхийлж байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн дураараа авирласан үйлдлийн улмаас хохирогч М.Н-н эд хөрөнгөнд 1 410 000 төгрөгийн хохирол учирсан үйл баримт тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгчөөс хэргийн оролцогчдын “хуулийн өмнө эрх тэгш” байх эрхийг бүрэн хангасан, оролцогчдоос гаргасан хүсэлтэд хариу өгөөгүй орхигдуулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүйн гадна шүүгдэгч Г.Н “Бусдын эд хөрөнгө болох гэр болон эд хогшлыг устгах, гэмтээхэд” чиглэсэн, зориуд, санаатай үйлдэл хийсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Иймд Анхан шатны шүүх нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Нийн гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх хуульд заасан шаардлагын дагуу хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЗ/179 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, прокурор Г.Энэрэлийн эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                                ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

 

                                                                                                    Н.БОЛОРМАА