| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2020/0503/3 |
| Дугаар | 128/ШШ2021/0058 |
| Огноо | 2021-01-25 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2021/0058
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: Скаймедиа корпораци ХХК,
Хариуцагч: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын харилцаа холбооны хяналтын улсын байцаагч С.Шинэбаяр,
Гомдлын шаардлага: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын харилцаа холбооны хяналтын улсын байцаагч С.Шинэбаярын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 0068631 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхтайван, Ө.Жамбалсүрэн, тэдгээрийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр, хариуцагч С.Шинэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Жамбалсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнгөрсөн хугацаанд 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдаан хойшлогдсон байна. Зөрчлийн хэргийг нөхөн нотлуулах зорилгоор удаа дараа шүүхээр дамжуулж шүүх хуралдааныг хойшлуулсан байгаа. Сүүлийн 01 дүгээр сарын 20-ны өдрийн хүсэлтийг харахад зөрчлийн хэрэг үүсгэсэн өдрөө нэхэмжлэгч нь ямар тусгай зөвшөөрөлтэй вэ гэдгийг нөхөөд авсан байх ёстой.
Үүнд мэдээлэл холбооны сүлжээ гэдэг компанийн тусгай зөвшөөрөл ямар хамаатай юм бэ? Өөрөөр хэлбэл хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй шаардлагагүй нотлох баримтыг хүсээд байна. Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл, түүний хуулбар нь зөрчлийн хэрэг үүсгэсэн өдрөө зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийн оролцогчоос эд зүйл гаргуулах, бүрдүүлсэн байх ёстой. Иймд улсын байцаагчийн зөрчлийн хэргээ нотлох үйл ажиллагаа шүүхээр нотлуулах маягаар явж байгаа нь процессын хувьд ноцтой харагдаад байна. Иймд нотлох баримт гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу гомдлын дагуу гомдлын дагуу шийдвэрлэдэг маргаан байгаа. 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гомдол шүүхэд гаргасан байгаа. Гомдлын шаардлага нь хариуцагчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 00/68631 дугаар зөрчилд шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан.
Улсын байцаагч С.Шинэбаяр нь нэхэмжлэгчийг Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан зөрчил гаргасан гэх үндэслэлээр шийтгэлийн хуудсаар нийт 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байдаг. Улсын байцаагч нь энэхүү шийтгэлийг гаргахдаа иргэн н.Түвшинжаргалын орон сууцад улсын комиссын бүрэлдэхүүнд ажиллах явцдаа, нэхэмжлэгч нь Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасны дагуу, барилга байгууламжийг барилгын ажлын явцад шаардагдах цахилгаан, дулаан халуун хүйтэн усаар, түр хангах бөгөөд байнгын ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг цахилгаан, харилцаа холбоо, дулаан халуун хүйтэн усаар хангасан гэсэн үндэслэлээр шийтгэл ногдуулсан.
Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар бүлэгт барилга үйлдвэрлэл эрчим хүчний зөрчлийг хуульчилсан байдаг. Барилгын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т Энэ хуулийн зорилт нь барилгын үйл ажиллагаа эрхлэх, барилгын материал үйлдвэрлэх, барилгын ажил гүйцэтгэх, түүнд хяналт тавих, ашиглалтад оруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан байдаг. Тэгэхээр барилга байгууламжийг ашиглалтад оруулах харилцаа нь тус хуулийн 37 дугаар зүйлд зааснаар захиалагчийн үүрэгт хамаардаг.
Мөн барилга байгууламжийг халуун хүйтэн усаар хангах үүрэг бүхий этгээдийг Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д эрчим хүчээр хангагч гэж эрчим хүчний зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг; Хот суурин ус хангамжийн ариутгах татуургын тухай хуулийн 3.1.14-т хангагч гэж цэвэр усыг олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйлчилгээг бүхэлд нь, эсхүл аль нэгийг нь үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг гэж тус тус заасан.
Өнөөдрийн байдлаар дээрх хуулиудад заасныг хангагч гэж ойлголтыг тодорхойлсон байдаг. Тэгэхээр Барилгын тухай хуульд заасан эрх зүйн харилцаанд үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэгч нь хууль зүйн үндэслэлээр оролцох боломжгүй юм. Учир нь Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т үйлчилгээ гэж харилцаа холбооны сүлжээг ашиглан хэрэглэгчийн холбоо мэдээллийн хэрэгцээг хангах үйл ажиллагаа гэж заасан байдаг. Мөн үйлчлэгч гэдэг бол Аж ахуйн үйл ажиллагаа тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6-т заасан зөвшөөрөл бүхий этгээд гэж байгаа. Ингээд мөн Харилцаа холбооны тухай хуульд хэрэглэгч гэж хэнийг хэлэх вэ гэдгийг тодорхойлсон.
Нэхэмжлэгч нь бол аж ахуйн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.16.2-т заасны дагуу харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон телевиз радиогийн олон сувгийг интернет протокол дамжуулан үйлчилгээ үзүүлдэг өөрөөр хэлбэл бид нар хангагч гэсэн үйлчилгээ үзүүлдэг этгээд биш.
Мөн Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т заасны дагуу хэрэглэгчийг ялгаварлахгүйгээр харилцаа холбоо мэдээллийн үйлчилгээ хангах шуурхай үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Энэ үүргийн дагуу тухайн барилгын захиалагч иргэн н.Энхтайвангийн хүсэлтээр ерөнхий оршин суугчдад үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан байдаг. Дээр дурдсан хуулийн үндэслэлүүдээр бол нэхэмжлэгч нь Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан зөрчлийн этгээд биш. Хэрэглэгчид үйлчилгээ үзүүлсний төлөө хариуцлага хүлээх нь хууль бус. Хэрэглэгчид үйлчилгээ үзүүлснээр хэний ч эд хөрөнгөд хохирол учраагүй эрх ашиг зөрчигдөөгүй.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэг л удаа дуудаж мэдүүлэг авсан. Мэдүүлэг авахдаа тулгах байдлаар танайх зөрчлөө хүлээх юм биш үү, торгуулаа төлөө гэх зохисгүй байдлаар асуулт тавьж байсан. Би тухайн үед тулгасан хөтөлсөн асуулт асууж байна. Та бүрэн дүүрэн хуулийн дагуу асуултаа асуух ёстой гэдэг байдлаар явсан. Тэр үеийн мэдүүлэг нь товчхон байдалтай явсан. Үүнээс өөр тайлбар мэдүүлэг аваагүй. Гэрчийн мэдүүлэг аваагүй.
Ямар үйл ажиллагааны явцад яагаад ийм зүйл болсон талаар хангалттай мэдүүлэг тайлбар аваагүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд заасан эрх бүхий албан тушаалтны зүгээс зөрчлийг шалгах, нотлох баримтыг хангалттай цуглуулах бэхжүүлэх үйл ажиллагаа огт хийгдээгүй. Мөн биечлэн оролцох боломжоор хангаагүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дутуу явсан гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
Өнөөдөр Зөрчлийн тухай хуульд улсын байцаагчийн үндэслэл болоод байгаа 12.1 дүгээр зүйлийн гарчиг Барилгын тухай хууль зөрчих гэх зөрчил байгаа. Тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т Барилгын тухай хуульд заасан гэж тодотгосон байдаг. Өнөөдөр Зөрчлийн тухай хуульд заасан эс үйлдэхүй, үйлдлийг зөрчил гэж үзэж байгаа. Барилгын тухай хуулийг улсын байцаагч нь зөрчлийн этгээд мөн эсэх талаар дүн шинжилгээ хийх ёстой байсан гэж манай зүгээс хараад байгаа.
Барилгын тухай хуулийг харахаар үндсэндээ 37 дугаар зүйлд захиалагчийн чиг үүрэг гэдэг ойлголтод 37 дугаар зүйлийн 37.6-тушаал байгаа дуусаагүй ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг хориглоно. Тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-т газрын зөвшөөрөл техникийн нөхцөл олгоогүй, зураг төсөл нь бэлэн болоогүй барилгад гэж заасан байгаа.
Үүнээс харахад барилгыг ашиглалтад оруулах бүх харилцааг захиалагч нь үүрэх этгээд юм. Энэ хангасан гэдэг Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан энэ үйлдлийг Барилгын тухай хууль заасан захиалагч хийх байсан үйлдэл гэдэгт дүн шинжилгээ хийгээгүй байгаа.
Улсын байцаагчийн зүгээс энэ зөрчлийн 1.10-т заасан барилга байгууламжийг харилцаа холбоогоор хангасан эсэхийг анализ хийгээгүй. Барилга байгууламжийг хангаад байгаа юм уу. Эсхүл хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлээд байгаа юм уу. Энэ нь өөрөө хууль зүйн хувьд өөр өөр ойлголтууд байгаа. Харилцаа холбооны тухай хуульд үйлчилгээ буюу үйлчилгээ үзүүлэгч хэрэглэгч, үйлчилгээ зэргийг тус тусад нь тодорхойлсон. Мөн хангагч гэдэг ойлголт Эрчим хүчний тухай хууль, Хот суурин ариутгах татуургын тухай хуулиудад тодорхойлсон байгаа. Эдгээрээс харахад энэ хуульд заасан зөрчлийн субъектийг хангахгүй байгаа.
Мөн байцаагчийн зүгээс нотлох баримтыг бүрдүүлэхдээ алдаа гаргасан. Гэрээ байгуулсан гэдгийг хангасан гэж хариуцагч нь ойлгосон байгаа. Иргэд захиалагчийн хүсэлтээр захиалагчтай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу үйлчилгээ үзүүлсэн гэдэг үзүүлэлт нь төлбөр тооцоо нийлсэн. Түүнийг нь үйлчлэгч хүлээж авсан, гэх мэтчилэн цогц зүйлээр энэ үйлдлүүд нь нотлогдох учиртай. Үүнд байгуулсан гэрээнээс нь дүгнээд хангасан байна гэж үзээд зөрчлийн биш этгээдэд зөрчил ногдуулсан зүйл харагдаж байна.
Байцаагч нь аливаа иргэн, аж ахуй нэгжийн эрхийг хязгаарлахдаа хангалттай нотолсон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийг нотлох баримтаар үндэслэж энэ шийдвэр гарах ёстой.
Гэтэл цуглуулсан зөрчлийн хэргийн материалыг аваад үзэхэд, бусад шүүхэд цугларсан материалаас хараад үзэхэд энэ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар хангалттай цуглуулсан баримт байхгүй нь харагдаж байна. Тухайлбал үзлэг хийсэн тэмдэглэл алга байна. Мөн зөвхөн холбогдогчоос авсан нотлох баримт байхгүй. Мөн миний хэлсэн тэмдэглэлд захиалагчтай гэрээ байгуулсан гэсэн мэдүүлэгт үндэслэсэн хангасан гэж дүгнэж мэдүүлэгт үндэслэж байгаа зүйл нь ажиглагдаж байна.
Хамгийн ноцтой нь сүүлд цугласан нотлох баримтуудыг хараад байхад улсын байцаагч нь тухайн үед ямар нэгэн зөрчил дутагдалгүй байна гэж дүгнэлт хийсэн. Тухайн Барилга ашиглалтад ороход ямар нэгэн зөрчил дутагдалгүй, хохирол байхгүй байхад иргэн аж нэгжийг торгосон байдаг.
Байцаагч нь анх та нар торгуул гэсэн. Хялбаршуулсан журмаар явуулъя гэсэн. 5.000.000 гэдэг бол цаасны мөнгө гэж үзээд байгаа юм уу ? Үүнд би гайхаж эгдүүцсэн учир зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад товчхон хариултыг өгсөн. Ийм зохисгүй байдлыг гаргасан. Байцаагч нь Захиргааны хэргийн шүүхэд оролцож байгааг харахад аж ахуй нэгжүүдийг дарамталж ирсэн юм байна. Аж ахуй нэгжүүд улсын байцаагчтай тохиролцож ирсэн юм байна. Ийм байдлууд харагдаж байна. Иймд Зөрчлийн тухай хуулиар хуульд шийтгэж эрхийг хязгаарлаж байгаа үйлдэл нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хангалттай цуглуулсан нотлох баримтын үндсэнд энэ шийдвэр гарах учиртай байгаа юм. Хууль зүйн хувьд ч гэсэн эргэж харах шаардлагатай. Үнэхээр харилцаа холбооны байгууллагад хамаарах эсэх нь эргэлзээтэй.
Гэрчээр асуугдсан этгээд нь харилцаа холбоогоор хангана гэдэг нь мэдээлэл холбооны сүлжээ юм гэсэн. Өнөөдөр баригдаж байгаа бүх барилга байгууламжууд мэдээлэл холбооны сүлжээгээр хангагддаг. Тэгж байж мэдээлэл холбооны сүлжээгээр хангадаг юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна. Өнөөдөр Зөрчлийн тухай хууль гарсан учир зөрчил ногдуулна гэж байцаагч нь хэлж байна.
Өнөөдөр төрийн хяналт шалгалтын тухай хууль хүчин төгөлдөр байгаа. Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл ногдуулах үндэслэл хүртэл зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, зөрчил гарсан тохиолдолд хариуцлага хүлээлгэж шударга ёсыг тогтоох зохицуулалттай. Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар байцаагч тухайн аж ахуйн нэгжид аливаа арга хэмжээг урьдчилан сэргийлэх ажиллагаа хийх ёстой. Өнөөдөр бид дөнгөж баригдсан барилгатай гэрээ байгуулаагүй. Өнөөдөр улсын комисс ямар хүнд сурталтай явдаг билээ. Огт хүлээж авахгүй барилгын захиалагчтай гэрээ байгуулсан юм шиг ойлгож байгаа нь зөрчлийн шинж байдлыг тогтоохдоо хэргийн нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй нь харагдаад байгаа юм. Барилга нь орох дөхөөд байдаг. Иргэд зурагтаа үзнэ гэдэг нь хүний үндсэн эрх юм шүү. Хүн мэдээлэл авах эрхтэй. Энэ эрхийн дагуу бид мэдээлэл холбоогоор хангах үүрэгтэй. Ийм олон нөхцөл байдлыг харж үзэлгүйгээр гэрээг үзээд л хангасан гэж үзээд байгаа. гэв.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхтайван шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т ...байнгын ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг цахилгаан, харилцаа холбоо, дулаан, халуун, хүйтэн усаар хангахыг хориглоно., 48 дугаар зүйлийн 48.1-д Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна гэж заасан байдаг. Энэ үйл ажиллагаа хийгдээгүй барилга байгууламжийг байнгын ашиглалтад ороогүй гэж ойлгоно. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6 дахь заалт болон 48.5-т заасны дагуу захиалагч барилга байгууламжийг ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах, эрх бүхий байгууллага ашиглалтад оруулах хүсэлт гаргах үүргийг хүлээдэг.
Мөн Барилгын тухай хуулийн 46.1.10-т барилга байгууламжид мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмж, сурталчилгааны болон гэрлэн чимэглэл байрлуулах ажлын зураг төсөл, түүний угсралт, бэхэлгээг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлж, барилгын хийц, бүтээцэд эвдрэл, гэмтэл гарахаас урьдчилан сэргийлэх гэж заасан ба сэргийлэх үүргийг захиалагч нь хүлээдэг. Барилгын тухай хуулийн 44.1.13-т заасны дагуу энэ барилгын захиалагч нь н.Түвшинжаргал болон н.Дүүриймаа нар байдаг. Тиймээс барилгын захиалагч буюу өмчлөгч нар нь барилга байгууламжийг ашиглалтад оруулан, мэдээлэл технологийн харилцааны тоног төхөөрөмжөөр хангуулах, угсралтыг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэх байнгын ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг цахилгаан хүйтэн дулаан усаар хангахгүй, хангуулахгүй байлгах үүргийг хүлээдэг гэж үзэж байгаа.
Мөн тухайн барилгад хүн амьдарч байсан талаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гэрчийн мэдүүлэгт харагддаг. Тухайн барилгад хүн амьдарч байсан бөгөөд улсын бүртгэлийн гэрчилгээ, ашиглалтын гэрчилгээ гэх мэт зүйлсийг нэхэмжлэгч нь шалгах үүрэг, эрхгүй. Ийм учир нэхэмжлэгч нь хүн амьдарч байгаа тохиолдолд тухайн барилгыг ашиглалтад оруулсан юм гэж үздэг гэж ойлгомжтой.
Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлд хэрэглэгчийг ялгаварлахгүйгээр хандах үүрэгтэй гэж заасан байдаг. Барилга байгууллага ашиглалтад оруулах дүрмийн 4.4-т болон 4.6-т заасны дагуу комиссын гишүүд нь хариуцсан асуудалд тус бүрд нь санал гаргах ба зөрчил дутагдал илэрсэн бол зөрчил дутагдал илэрсэн бол түүнийг арилгуулахаар захиалагч болон гүйцэтгэгчид үүрэг даалгавар өгөх журамтай. Гэтэл комисс ажиллах үед зөрчил илэрсэн гэх боловч Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн үүрэг даалгаврын биелэлт хэсгээс харвал хариуцагч нь 5 үүрэг даалгавар өгсөн байдаг. Эдгээр үүрэг даалгавар нь бүгдээрээ бүрэн биелэгдсэн гэж үзэж байгаа. Энэ үүрэг даалгаварт харилцаа холбооны талаар зөрчил илэрсэн үүрэг даалгавар өгөөгүй байдаг.
Мөн хариуцагчийн саналын хуудас ирээгүй тул тухайн саналыг гаргаагүй гэх үндэслэлтэй байна. Барилгын ашиглалтад оруулах комиссын хурлын тэмдэглэлд хариуцагч нь энэ талаар санал өгөөгүй байдаг. Иймд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах үндэслэлтэй байна.
Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 37.1.6 болон. 48 дугаар зүйлийн 48.5-т зааснаар барилга байгууламжийн ашиглалтад оруулах, түүнтэй холбоотой баримт бичгийг бүрдүүлж, эрх бүхий үйл байгууллагад хүргүүлэх үйл ажиллагааг захиалагч хүлээж авдаг. Барилгын тухай хуулийн 46.1.10 гэдэг зохицуулалтаар барилга байгууламжид мэдээлэл харилцаа холбооны тоног төхөөрөмж, түүний угсралт бэхэлгээг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэх үүргийг захиалагч өөрөө хүлээдэг.,
Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т зааснаар ажлын барилгын ажлын захиалагч гэдгийг тодорхойлсон байгаа. Захиалагч нь н.Түвшинжаргал Н.Дариймаа нар байна. Гэтэл хамтран ажиллах гэрээнд н.Энхтайван гэдэг хүн гарын үсэг зурсан. Энэ хүн барилгын захиалагч биш, үйлчилгээ авч байгаа үйлчлэгч нь биш. Тэгэхээр хэн гэдэг хүнтэй гэрээ байгуулж байгаа, энэ гэрээ нь хангагдаж байгаа эсэх талаар нотолж байгаа эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн гэж харж байгаа.
Барилгын тухай хуулийн 48.3-т зааснаар гэрчилгээ олгогдоогүй дуусаагүй барилга байгууламжид үйл ажиллагаа хийхийг хориглоно гэж заасан байдаг. Ямар нэгэн үйл ажиллагаа эрхлээд, айл оршин суусан тохиолдолд энэ барилга ашиглалтад орсон гэж хэлэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь улсын бүртгэлийн гэрчилгээ, тухайн байрны түрээсийн гэрээ ч гэдэг юм уу тухайн зүйлийг хуулийн этгээд улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг шаардах эрхгүй байдаг. Иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн гэрчилгээнд үндэслэн гэрээ хийдэг.
Нөгөө талаар захиалагч нь тухайн барилга байгууламжийг ашиглалтад оруулаагүй гэдгийг өөрөө мэдэж байгаа. Ийм захиалагчийн өөрийнхөн үүрэг гэж үзэж байгаа. Зөрчлийн тухай хуулиар торгох этгээд нь биш байхад шийтгэлийн хуудас бол Зөрчлийн тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан зорилгодоо нийцсэн, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн заалтуудыг зөрчиж байна.
Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т эрх бүхий албан тушаалтан шийтгэл ногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна гэж байгаа. Тухайн хүн хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдүүлнэ гээд заасан. Нотлох баримт хангалттай бүрдээгүй гэж үзэж байна. Тухайн гэрээ нь бас яг хангасан гэж нотлохгүй байна гэж үзэж байна.
Энэ зүйл заалтын 1.3-т тухайн үйлдэл эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл хэсэгт нийцэж байгаа эсэх гэж байдаг. Барилгын тухай хуулиар захиалагч энэ үүргийг хүлээж байхад нэхэмжлэгчийг торгож байгаа нь үндэслэлгүй байгаа. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15-т эрх бүхий албан тушаалтан өөрийн гаргасан шийдвэрээ өөрөө нотлох үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл хариуцагч нь шийтгэл ногдуулсан нөхцөл байдлаа нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Иймд хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна. гэв.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч: Барилгын хөгжлийн төвөөс магадлалын үндсэн дүгнэлт ирсэн байна. Энэхүү дүгнэлтийн техникийн нөхцөл хэсэг дээр нь бүх техник хэрэгслийг тусгасан байдаг. Энэхүү тодруулга дээр нь дотор холбоо, дохиолол гэж ордог. Өөрөөр хэлбэл техникийн нөхцөл олгогдож байгаа энэ хэсэгт ямар нэгэн байдлаар интернет холболт юм уу IPTV үйлчилгээний талаар огт дурдаагүй. Дотор холбоо дохиолол гэдэг бол аюулгүй байдал систем зэрэг зүйлийг хэлдэг. Иймд техникийн нөхцөл зөрчин холбосон гэх асуудал байхгүй.
Санал гаргаагүй гэдэгт нэмж хэлэхэд улсын комисс нь 2020 оны 04 дүгээр сард тухайн барилгад ажилласан. Бүгд саналаа хэлсэн. Тэгэхэд 04 дүгээр сарын 17-ны өдрөө саналгүй, зөрчилгүй байна. Илэрсэн зөрчил нь ажил хүлээлцсэн акт шалгуулах, зохиогчийн нэгдсэн дүгнэлт шалгуулах гүйцэтгэлийн зураг шалгуулах, гэдэг байдлаар гаргасан байх ба энэ бүгд нэхэмжлэгчид хамааралгүй.
Харин биелэлтийн хувьд бүгд биелсэн гэдэг байдлаар бичсэн байгаа. Гэтэл 04 дүгээр сарын 17-ны өдөр ямар ч санал зөрчил байхгүй гэсэн атлаа, 04 дүгээр сарын 24-ний өдөр зөрчлийн хэрэг нээгээд хяналт шалгалтын ажил хийсэн байдаг. Барилга байгууламж ашиглалтад оруулах дүрэм байдаг. Тус дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-т барилгын ажлын явцад барилгын урьдчилсан техникийн хяналт хэрэгжүүлэх байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар илэрсэн дутагдлыг дүгнэх гэж байгаа. Хяналт шалгалтаар зөрчил илрээгүй атлаа дариу 7 хоногийн дараа зөрчил илэрсэн гэдэг байдлаар шалгаж байгаа нь зөрчилтэй байна.
Нотлох баримт гаргуулах хүсэлтээс харахад нэхэмжлэгч нь ямар эрх үүрэгтэй оролцдог. Харилцаа холбоо нь ямар үйл ажиллагаатай оролцдог талаар тодруулалгүй шийдвэрлэсэн нь тодорхой харагдаж байна. Хангалттай нотлох баримт бүрдээгүй байхад шийтгэл ногдуулсан. Ийм учир шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.
Улсын комиссын актын хуулбар болоод түүнд хавсаргасан баримт нь Хот байгуулалт хөгжлийн газарт хадгалагддаг. Архив бичиг хэргийн журмын дагуу Хот байгуулалт хөгжлийн газарт 1 жил хадгалагдсаны дараа Архивын төв газарт явуулах зохицуулалт байдаг. Харин бодит байдалд 6 сарын дараагаар яваад байх шиг байна. Иймд хариуцагчийн гаргасан саналын талаар тодруулахад байхгүй, ирээгүй гэж бичиг ирсэн байсан.
Үндэсний төв архивд хүлээлгэж өгөөгүй гэдэг боловч Хот байгуулалт, хөгжлийн газарт явуулсан албан бичгээр санал гаргаагүй нь нотлогдож байгаа учир зөрчилтэй холбоотой нөхцөл байдлыг хянаж шийдвэрлэхдээ захиалагч байгууллагад мэдэгдээгүй гэх үндэслэлтэй байна гэж үзэж байгаа. Барилга байгууламж ашиглалтад оруулах 317 дугаар тогтоолоор барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлтийг хуралдаанаар эцэслэн гаргахаас өмнө тухайн барилга байгууламжтай танилцаж үзлэг хийнэ гэж байгаа. Ашиглалтад оруулах асуудлыг комиссын хурлаар хэлэлцэх бөгөөд зөрчил дутагдал илэрсэн бол үүнийг арилгуулахаар үүрэг даалгавар өгнө гэж байдаг. Үүрэг даалгавар өгөх ёстой байсан.
Захиалагч тал нь илэрсэн зөрчил дутагдлыг 14 хоногт багтааж, комиссын хурлаар гаргасан үүрэг даалгаврын биелэлтийг хангаж шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлнэ. Ингээд зөрчил дутагдлыг арилгасан тохиолдолд барилга байгууламжийг хүлээж авна гэсэн зохицуулалттай. Тэгэхээр 14 хоногийн хугацаанд арилгах нөхцөл байдлын талаар тайлбарлаагүй. Үүрэг даалгавар өгөөгүй. Эдгээр нөхцөл байдлууд байна. Зөрчлийн хэрэг нэгтгэлийн материалаас үзэхэд 6 дугаар сарын 24-ны өдөр зөрчил гаргасан гэж дүгнэлт яваад байна. Гэтэл 06 дугаар сарын 15-ны өдөр улсын комиссын актыг хүлээн авсан байгаа. Өөрөөр хэлбэл улсын комиссын актыг хүлээж авна гэдэг бол ямар нэгэн зөрчил байхгүй гэдгийг авсан үйл баримт байхад зөрчил дутагдалтай байна гээд шийтгэх хуудас оногдуулж байгаа нь эргүүлээд улсын комиссын актыг хүчингүй болгож байж дараа нь шийтгэлийн хуудас ногдуулах ёстой байх.
Нэмж хэлэхэд н.Энхтайван гэдэг хүн нь Архивын баримт бичиг шаардсан албан бичгийн хариу ирүүлсэн албан бичигт нэр нь явж байна. Гэхдээ нь бичиг баримтыг аваачиж өгсөн хүн нь л н.Энхтайван. Гэрээ байгуулсан эсэх дээр мөн эсэх ямар ч баримт байхгүй. Зөвхөн хүлээлгэн өгөх үүрэгтэй хүнийг гүйцэтгэгч гэдэг байдлаар дүгнээд зөрчлийн холбогдогч, гэрч гэдэг байдлаар яваад байгаа нь үндэслэлгүй байна. Иймд ямар нэгэн байдлаар үүрэг хүлээсэн этгээд биш байгаа. Тэгэхээр энэ хүнд холбогдуулаад гэрээг үндэслээд зөрчил илэрсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд баримтаар нотлогдохгүй байна. Цуглуулсан баримт нь өөрөө ямар нэгэн зөрчил гаргасныг бүрэн нотлохгүй байна гэж үзэж байна. гэв.
Хариуцагч С.Шинэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 317 дугаар тогтоолын дагуу Барилга байгууламж ашиглалтад оруулах журам, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/3 тушаалын дагуу 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөрт иргэн н.Түвшинжаргалын орон сууцны барилгад улсын комиссын барилгад ажилласан.
Энэ улсын комиссын бүрэлдэхүүнд ажиллахад тодорхой хэмжээний зөрчил дутагдал илэрсэн ба ихэнх зөрчил дутагдал нь нэхэмжлэгтэй холбоогүй байсан. Яг нэхэмжлэгчид холбогдох илэрсэн зөрчил нь тухайн байрыг ашиглалтад оруулах улсын комисс ажиллахад тухайн байранд нэхэмжлэгчийн скаймедиа үйлчилгээ бол тухайн айлуудад үйлчилгээ өгөөд эхэлсэн байсан.
Энэ нь тухайн газарт хийсэн үзлэг болон нэхэмжлэгчийн гаргаж өгсөн иргэнтэй байгуулсан гэрээ, хэрэглэгчидтэй байгуулсан гэрээгээр нотлогддог. Харилцаа холбооны тухай хуулийн 3.1.4 үйлчилгээ гэдэг нь харилцаа холбооны сүлжээг ашиглан хэрэглэгчийг холбоо мэдээллийн хэрэгцээг хангах үйл ажиллагаа гэж тусгасан байдаг. Мөн нэхэмжлэгч нь аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.16.1-15.16.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувьд харилцаа холбооны зохицуулах хорооноос үйл ажиллагаа эхлэх Б тусгай зөвшөөрлийг авсан байдаг.
Харилцаа холбооны тухай хуульд зохицуулах хорооноос сүлжээ байгуулах, үйлчилгээ эрхлэх гэсэн 2 тусгай зөвшөөрөл олгодог ба энэ байгууллага нь үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй. Харилцаа холбоо гэж телевиз радио, мэдээллийн бүх төрлийг гэж зааснаар харилцаа холбооны үйлчилгээг хангасан гэж миний зүгээс үзэж байгаа.
Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т Барилга байгууламжийг барилгын ажлын явцад шаардагдах цахилгаан, дулаан, халуун, хүйтэн усаар түр хангах бөгөөд байнгын ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг цахилгаан, харилцаа холбоо, дулаан, халуун, хүйтэн усаар хангахыг хориглоно гэж заасан байдаг.
Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т барилга байгууламжийг барилгын ажлын явцад шаардагдах цахилгаан, дулаан, халуун, хүйтэн усаар түр хангах бөгөөд байнгын ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг цахилгаан, харилцаа холбоо, дулаан, халуун, хүйтэн усаар хангасан гэж заажээ.
Нэхэмжлэгчийн зүгээс Барилгын тухай хуульд зааснаар захиалагч нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн гэж байна. Энэ бол хуулийн дагуу зөв. Харилцаа холбоогоор хангасан тохиолдол нь барилга байгууламжаас тусдаа асуудал юм.
Сая нэхэмжлэгийн зүгээс хүн амьдарч байсан барилга байгууламжийг ашиглалтад орсон гэж үздэг гэж хэллээ. Энэ нь бол өрөөсгөл. Ямар барилга байгууламжийг хуульд зааснаар ашиглалтад оруулсан бэ гэдгийг заасан байдаг.
Мөн Барилгын тухай хуулиар тухайн барилга байгууламжид харилцаа холбооны тоног төхөөрөмжийг суурилуулах, угсруулах хариуцлагыг захиалагч хүлээдэг. Дараа нь харилцаа холбооны боломжоор хангах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь харилцаа холбоогоо суурилуулсан, угсарсан дээрээс нь нэмээд үйлчилгээгээ хангасан байгаа юм.
Мөн зөрчил дутагдлыг өгөөд арилгах үүрэгтэй. Гэвч улсын байцаагч нь зөрчил дутагдал илрүүлээгүй байна. Хурлын тэмдэглэлд нотлогдохгүй байна, саналын хуудас гаргаагүй байна гэх асуудлыг тавьж байна. Тухайн үед тодорхой хэмжээний зөрчил илэрсэн. Комисст ажилласан гишүүн бүр саналын хуудас бөглөдөг. Хэлэх зүйлгүй бол гаргах саналгүй гэж бичин бөглөдөг. Би зөрчлүүдийг бичсэн. Мөн хурлын тэмдэглэлд яагаад тусгаагүйг яагаад мэдэхгүй байна. Хурлын тэмдэглэл хөтөлдөг зүйл нь бид нартай хамаагүй зүйл. Саналын хуудас нь байх ёстой газарт очоогүй гэдгийг би хэлж мэдэхгүй байна. Тухайн үед зөрчлийг бичээд, он сараа бичээд, гарын үсгээ зураад баталгаажуулсан. Энэ бол захиалагчийн хүлээх үүргийн нэг хэсэг байх.
Тухайн саналдаа нэхэмжлэгчийн гэрээг шалгуулах гэж бичсэн. Учир нь үйлчилгээг авсан гэрээ байгаагүй учир гэрээ шалгуулах гэж үүрэг өгсөн. Үүний дагуу гэрээ нь ирсэн. Гэрээ нь шалгагдсаны үндсэн нэхэмжлэгчийг дуудаж ийм асуудал гарсан байна гэдгийг танилцуулсан байгаа.
Техникийн нөхцөлд Мэдээлэл холбооны сүлжээ компани нь нөхцөлөө өгдөг. Энэ нөхцөл одоо бидний ярьж байгаа харилцаа холбооны үйлчилгээгээр хангах ажиллагаатай огт хамааралгүй. Тухайн барилга байгууламжийг ашиглалтад оруулах харилцаа холбооны үйлчилгээгээр иргэдэд үйлчлэх боломжийг ус дулаан цахилгаанаар хангах боломжийг бүрдүүлэх гэдэг техникийн нөхцөлүүд байдаг юм.
Дотор холбоо тохиолдолд нэхэмжлэгч нь тийм зүйл байхгүй гэж байна. Нэхэмжлэгч нь тухайн барилга байгууламжийг барьж угсарсны дараа, энэ үйлчилгээ ордог учир үндсэн барилга байгууламжийг барих техникийн нөхцөл болон магадлан ерөнхий дүгнэлтэд үйлчилгээ үзүүлэх байгууллагуудыг тусгадаггүй юм.
Дээрээс нь байцаагч нь гэрчийн мэдүүлэг өгөх, хууль зүйн туслалцаа авах нөхцөл бүрдүүлээгүй гэсэн. Энэ асуудал нь 04 дүгээр сарын 17-ны өдөр прокурорт хуулийн хугацаанд нь танилцуулаад зөрчлийг хялбаршуулсан журмаар цааш нь зөрчлийн хэргийг нээх үү гэдгийг зөрчил гаргасан газарт танилцуулсан. Манайх хүлээн зөвшөөрөхгүй гэсэн учир бид зөрчлийн хэрэг нээн эрх бүхий байгууллагаар тогтоол гаргуулан ажилласан.
Мөн ямарваа нэгэн хууль эрх зүйн туслалцаа авах нөхцөлөөр хангаагүй гэж байна. Үүнд би үгүйсгэж байна. 04 дүгээр сарын 24-ны өдөр нээгээд 04 дүгээр сарын 27-ны өдөр хуулийн хэлтсийн даргатай холбогдоод 29-ний өдөр хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тогтоолоо гарган тайлбар авсан байдаг. 04дүгээр сарын 27-ны өдрөөс хойш 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэл, хууль ёсны төлөөлөгчтэй холбогдох нөхцөл байдлыг үүсгэсэн боловч утсаа авахгүй байсан. Ингээд явсаар байгаад энэ хэргийн хуулийн хугацаа нь дуусаад би прокурорт хариуцагч талаас хууль ёсны төлөөлөгч нь байхгүй учир хугацааг нь сунгасан.
Хугацааг нь сунгаад 05 дугаар сарын 24-ны өдөр нэхэмжлэгч талтай холбогдоод 28-ны өдөр н.Цэндсүрэн ирсэн. Энэ хооронд хөдөө хууль ёсны төлөөлөгч нь хөдөө хувийн шалтгаантай явж байгаа учир холбогдох боломжгүй байсан. Ингээд хууль ёсны төлөөлөгчөө тогтоох тогтоолоо бичээд хэргийн үйл ажиллагаа явсан. Үүнээс үзэхэд хууль зүйн туслалцаа авах тал дээр миний зүгээс саад болсон зүйл байхгүй. Анхнаасаа л тайлбар авахдаа хуулийн бүрх эрхийг нь танилцуулж тайлбар авсан.
Миний бие тухайн улсын комисст очиж ажиллаж, газар дээр нь үйл ажиллагаатай танилцсаны дагуу 11 төрлийн үүрэг даалгавар өгсөн. Комиссын гишүүний саналын хуудсыг шүүхийн зүгээс бүрэн авч чадсангүй.
Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т тодорхой заагаад өгсөн байдаг. Барилга хүлээн авах хуулийн дагуу би хүлээн авсан. Тус хуульд Харилцаа холбоогоор хангахыг хориглоно гээд заасан байгаа. Халуун хүйтэн ус гэдэгт түр гэдэг заалттай, харилцаа холбоо гэдэгт түр гэдэг заалтгүй.
Дээрээс нь нэхэмжлэгчийн зүгээс улсын комиссын акт гэх мэт асуудал ярьж байна. Эхлээд улсын комисс нь ажиллаад тухайн барилга байгууламжийг ашиглалтад аваад акт нь баталгаажаад дүгнэлт нь гараад гэрчилгээ олгодог. Энэ гэрчилгээ нь гарсны дараа харилцаа холбоогоор хангах ёстой. Дараагийн алхмын ажил нь түрүүлээд хийгдсэн учир энэ асуудал гараад байна.
Ирүүлсэн нотлох баримтын хүрээнд намайг ямар ч санал бичээгүй гэж нэхэмжлэгч талаас яриад байна. Би Улсын комисст ажилласан хүний хувьд 10 заалт бүхий саналаа өгсөн. Үүнийг улсын архивд авах хадгалах хамгаалах байлгах эрх үүрэг нь надаас тусдаа юм. Энэ тал дээр ямар нэгэн алдаа дутагдал гарсан юм болов уу гэж байна. Улсын комисс ажиллах явцад аливаа барилга байгууламжид харилцаа холбооны үйлчилгээгээр хангахдаа тухайн байгууллагын техникийн нөхцөлүүдийг суурилуулдаг. Суурилуулсны дагуу үйлчилгээгээ өгсөн бид нарын хэлээр босгосон байсан. Тухайн барилга байгууламжийг ашиглалтад авахын тулд тухайн барилгын айлуудаар шалгадаг. Ингээд гүйцэтгэгчтэй явж шалгаж байхад үйлчилгээ эрхэлж байсан ба энэ нь газар дээр нь нотлогдсон.
Миний хэлснээр нэг алхам түрүүлж гишгэсэн бол нэхэмжлэгч нь 2 давтлаар анхны байдлаар улсын комисс шууд ашиглалтдаа авах боломжтой барилга байгууламж гэдэг холболт хийсэн гэж яриад байгаа юм.
Нэхэмжлэгчийн зүгээс хүн амьдарч байгаа барилгыг ашиглалтад орсон гэж үздэг гээд байгаа. Гэтэл энэ нь хуулиар зохицуулсан улсын комисс хүлээж авсан байх гээд заагаад өгсөн. Түрүүлж алхсан үйлдлээ халхлаад байна уу гэж хараад байна.
Мөн хэлж нэхэмжлэгч хэлж байгаа тайлбартаа төлбөр төлсөн баримт нь байх юм бол бид нар хангасан гэж үздэг. Бид нар хангасан гэхдээ чи төлбөр төлсөн баримтыг нь авчраагүй байна гэж ярьж байна.
Мэдээлэл холбооны сүлжээ компани нь Монголын цахилгаан холбооноос тусдаа салсан байгууллага. Зөвхөн ямарваа нэгэн харилцаа холбооны тухай хуульд заасан үйлчилгээг хэрэглэгч болон албан байгууллага, мөн барилга байгууламжид үзүүлдэггүй. Зөвхөн харилцаа холбооны үйлчилгээгээр хангах нөхцөл болзлыг нь барилга байгууламжид нь бүрдүүлж өгдөг. Ийм л байгууллага.
Зөрчлийн хэрэгт авагдсан материалын хувьд үйл ажиллагааг хэлсэн. Нэхэмжлэгч байгууллага нь бүтэн нэг сарын хугацаанд устаа авахгүй алга болсон. Энэ хэргийг 2 удаа сунгасан байгаа. Тухайн тайлбар аваад өөр зүйл гэж нэхэмжлэгч хэлсэн. Зөрчлийн тухай хуульд хангасан бол энэ асуудлыг зөрчил гаргасан байна гэж үзэн зөрчлийн дагуу шийдвэрлэнэ гэсэн заалттай учир, хэзээ байгуулах, яаж хэрэглэгчтэй байгуулсан гэдэг нь процессоороо урд талын асуудлууд байгаа. Хамгийн гол нь хангасан гэж үзэж байгаа тул шийтгэлийн хуудсыг хангуулж өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын харилцаа холбооны хяналтын улсын байцаагч С.Шинэбаярын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 0068631 дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.10-д зааснаар 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна, 48.2-д Барилга байгууламжийг барилгын ажлын явцад шаардагдах цахилгаан, дулаан, халуун, хүйтэн усаар түр хангах бөгөөд байнгын ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг цахилгаан, харилцаа холбоо, дулаан, халуун, хүйтэн усаар хангахыг хориглоно, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Энэ хуулийн 48.1-д заасны дагуу ашиглалтад оруулсан барилга байгууламжид барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг үндэслэж, ажлын долоон өдрийн дотор ашиглалтын гэрчилгээ олгоно гэж тус тус заажээ.
Мөн Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.10-д барилга байгууламжийг барилгын ажлын явцад шаардагдах цахилгаан, дулаан, халуун, хүйтэн усаар түр хангах бөгөөд байнгын ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг цахилгаан, харилцаа холбоо, дулаан, халуун, хүйтэн усаар хангасан гэжээ.
Тухайн барилга дээр барилга байгууламжийг байнгын ашиглалтанд оруулах комисс 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ажиллаж, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 286/2020 дугаар дүгнэлтээр ашиглалтад оруулах дүгнэлт гаргажээ.
Гэтэл гомдол гаргагч нь тухайн барилгыг байнгын ашиглалтад оруулаагүй комисс ажиллагаагүй, комиссын дүгнэлт гараагүй, ашиглалтын гэрчилгээ олгоогүй байхад IPTV буюу Скаймедиа гурвалсан үйлчилгээг үзүүлэхээр 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ХА-19/912 дугаар гэрээг иргэн Т.Энхтайвантай, мөн тухайн орон сууцны 14 тоотод оршин суух иргэн Г.Даваадуламтай 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тус тус гэрээ байгуулсан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан дээрх гэрээнүүд болон гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Жамбалсүрэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн тайлбар зэргээр нотлогдож байна.
Дээрхээс дүгнэвэл гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.10-д заасан харилцаа холбоогоор хангасан гэх зөрчлийг гаргасанд тооцож, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь хуульд нийцжээ.
Учир нь Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйл нь зөвхөн барилгын гүйцэтгэгч болон захиалагчид хамаарахгүй бөгөөд мөн зүйлд заасан зөрчлийг гаргасан аливаа иргэн хуулийн этгээдэд адил тэгш үйлчлэх учиртай тул гомдол гаргагчийн зөрчлийн субьект биш, Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-д зааснаар захиалагчийн үүрэгт хамаарна гэх тайлбар үндэслэлгүй байна.
Нөгөөтээгүүр хариуцагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд тухайлан заасан нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх, мэдүүлэг авах, тэмдэглэл үйлдэх зэрэг ажиллагаануудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хийж гүйцэтгэсэн байх тул гомдол гаргагчийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд бичлэн оролцох, тайлбар мэдүүлэг гаргах эрхээр хангаагүй зэрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 49 дүгээр зүйлийн 49.1, Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.10-д тус тус заасныг баримтлан Скаймедиа корпораци ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын харилцаа холбооны хяналтын улсын байцаагч С.Шинэбаярт холбогдох Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын харилцаа холбооны хяналтын улсын байцаагч С.Шинэбаярын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 0068631 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ