| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 302/2025/00067/И |
| Дугаар | 001/ХТ2026/00043 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 001/ХТ2026/00043
Х.Г-н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн
2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 302/ШШ2025/00329 дүгээр шийдвэр,
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 212/МА2025/00046 дугаар магадлалтай,
Х.Г-н нэхэмжлэлтэй
БАУС-н ЕБС, БАБГ-т тус тус холбогдох
Нэг удаагийн буцалтгүй тусламжийн төлөөгүй үлдэгдэл 10,411,123 төгрөг, ажилгүй байсан хугацаан дахь цалин хөлстэй тэнцэх олговрын үлдэгдэл 2,250,000 төгрөг, хөдөлмөрлөх эрхийн харилцааг цуцалсны тэтгэмж 5,132,000 төгрөг, нийт 17,793,123 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, хариуцагч БАБГ-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Х.Г нь БАУС-н ЕБС, БАБГ-т тус тус холбогдуулан нэг удаагийн буцалтгүй тусламжийн төлөөгүй үлдэгдэл 10,411,123 төгрөг, ажилгүй байсан хугацаан дахь цалин хөлстэй тэнцэх олговрын үлдэгдэл 2,250,000 төгрөг, хөдөлмөрлөх эрхийн харилцааг цуцалсны тэтгэмж 5,132,000 төгрөг, нийт 17,793,123 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 302/ШШ2025/00329 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.3, 119 дүгээр зүйлийн 119.1.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч БАУС-н ЕБС-с хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 2,250,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Г-д олгож, илүү нэхэмжилсэн 2,882,000 төгрөг, цалин хөлснөөс суутгасан гэх 2,250,000 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Х.Г-н нэхэмжлэлтэй, хамтран хариуцагч БАБГ-т холбогдох Төрийн албаны тухай хуулийн олгогдох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөний үлдэгдэл 10,411,123 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гомдол нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч БАУС-н ЕБС-с улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.
3.Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 212/МА2025/00046 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 302/ШШ2025/00329 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсгийн 119.1.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч БАУС-н ЕБС-с ажилгүй байсан хугацааны цалин хөлсний үлдэгдэл 2,250,000 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 5,132,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Г-н нэхэмжлэлтэй, хариуцагч БАУС-н ЕБС, хамтран хариуцагч БАБГ-т тус тус холбогдох Төрийн албаны тухай хуулийн дагуу олгогдох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөний үлдэгдэл 10,411,123 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч БАУС-н ЕБС-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С-н давж заалдах гомдлыг хүлээн авч, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.5-д зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон ажилтанд мөн хуулийн 82.1-д заасан хэмжээний тэтгэмж олгохоор зохицуулсан тул нэхэмжлэлийн уг шаардлага үндэслэлтэй байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй тул хэргийг хяналтын журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.01.12-ны өдрийн 001/ШХТ2026/00069 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н-н хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.
7.Нэхэмжлэгч Х.Г нь БАУС-н ЕБС, БАБГ-т тус тус холбогдуулан нэг удаагийн буцалтгүй тусламжийн төлөөгүй үлдэгдэл 10,411,123 төгрөг, ажилгүй байсан хугацаан дахь цалин хөлстэй тэнцэх олговрын үлдэгдэл 2,250,000 төгрөг, хөдөлмөрлөх эрхийн харилцааг цуцалсны тэтгэмж 5,132,000 төгрөг, нийт 17,793,123 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...2024.01.31-ний өдөр намайг ажлаас халсан тушаал гарсан ч 2024.04.30-ны өдрийн шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 3,226,410 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч шүүхийн шийдвэрийг дүр үзүүлэн биелүүлж намайг 2024.06.15-ны өдөр хүртэл ажиллуулаад 2024.09.02-ны өдөр намайг ээлжийн амралтаас ирэхэд дахин ажлаас халсан тушаал танилцуулсан. Би дахин шүүхэд хандахад сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Ш.С намайг хууль бусаар ажлаас халснаа хүлээн зөвшөөрч шүүхэд тайлбар хүргүүлсний дараа 2024.12.13-ны өдөр ажилд томилохоор болсон. Би өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор болсон тул Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар төрийн байгууллагад 18 жил ажилласны тэтгэмжид ТҮ-1 шатлалын үндсэн цалин 1,210,000 төгрөгөөс 18 сараар үржүүлэхэд 21,780,000 төгрөг авах байсан ч надад 11,368,877 төгрөгийн тэтгэмж олгосон, үлдэгдэл 10,411,123 төгрөгийг нэхэмжилж байна. 2024.12.13-ны өдөр намайг ажилд эгүүлэн томилсны дараа ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохдоо 2,250,000 төгрөгийг суутгасан шалтгаанаа өмнөх шүүхийн шийдвэрийн дагуу сургуульд төлөх мөнгийг суутгасан гэж хэлсэн. Энэ бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хийх ажиллагаа бөгөөд сургууль суутгал хийх эрхгүй тул уг мөнгийг гаргуулна. Мөн 2024.12.13-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг одоо хүртэл олгоогүй байгаа...” гэж тайлбарласан.
8.Хариуцагч БАУС-н ЕБС нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...шүүхийн шийдвэрийн дагуу Х.Г сургуульд 2,250,000 төгрөгийг төлөх ёстой тул энэ мөнгийг олгох боломжгүй. 2023 оны 06 дугаар сард тусгагдсан 2024 оны төсөв 11,700,000 төгрөг төлөвлөгдсөн нь нэхэмжлэгчид хуульд зааснаар олгогдсон. Нэхэмжлэгч 2024.09.12-ны өдрийн ажлаас халсан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандахад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2024.12.13-ны өдөр шүүгчийн захирамж гарснаар энэ маргаан шийдэгдсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжилсэн 5,132,000 төгрөгийг олгох хууль зүйн үндэслэлгүй...” гэж,
Хариуцагч БАБГ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...З-н 2019 оны 7 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-д зааснаар үйлдвэр, аж ахуйн газарт ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулахгүй тул 4 жил 10 сарыг хасаад 17 жилээр тооцон 11,368,877 төгрөгийн тэтгэмж Х.Г-д шилжүүлсэн. Мөн З-н 2024.12.25-ны өдрийн 238 дугаартай “Төрийн албаны зарим албан тушаалтын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолыг 2025.01.01-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд Х.Г 2024 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгон буцалтгүй тусламж авсан учир цалингийн хэмжээг 1,283,000 төгрөгөөр тооцох боломжгүй, сүүлийн 3 жилийн цалингийн дунджийг 668,757 төгрөгөөр тооцсон...” гэж тус тус маргасан.
9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ; “…Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.12.20-ны өдрийн 130/ШШ2024/01006 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Х.Г-н ажилгүй байсан хугацааны цалин 3,226,410 төгрөг гаргуулсан шийдвэрийг үндэслэн хариуцагч буюу ажил олгогч нь Х.Г-д тэтгэмжид олгосон 2,250,000 төгрөгийг суутган авсныг буруутгах боломжгүй.
Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1.2-т зааснаар суутгал хийх боломжтой байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3-т зааснаар нэхэмжлэгч тухайн байгууллагад 9 жил ажилласан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 2,250,000 төгрөгийг /750,000*3/ гаргуулан олгож, илүү нэхэмжилсэн 2,882,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
БАБГ-н даргын тушаалаар нэхэмжлэгчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг дутуу олгосныг хөдөлмөрийн эрхийн маргаан гэж үзэхгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгоно...” гэж дүгнэсэн.
10.Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлдээ “…Төрийн албаны тухай хуулийн дагуу олгох нэг удаагийн буцалтгүй тусламжтай холбоотой шаардлага нь иргэний хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш тухайд анхан шатны дүгнэлт үндэслэлтэй, …, Х.Г-д илүү олгосон 2,250,000 төгрөгийг шаардсан нэхэмжлэлийг 2024.12.20-ны өдрийн 130/ШШ2024/01006 дугаар шийдвэрээр хангаж, буцаан гаргуулсан шийдвэр хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг мөн хангах үндэслэлгүй,….анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д тэтгэмж олгох урьдчилсан нөхцөлүүдийг хуульчилсан бөгөөд үүнд Х.Г-н өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор гаргасан хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлсөн үндэслэл хамаарахгүй юм. Иймд энэ хэсэгт зааснаар тэтгэмж олгох хууль зүйн үндэслэлгүй….” гэсэн дүгнэлт хийжээ.
11.Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож ижил дүгнэлт хийсэн ч Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3-т заасныг өөрөөр тайлбарлан хэрэглэсэн талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н-н гаргасан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийн хүрээнд хэргийг хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
12.Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.30-ны өдрийн 130//ШШ2024/00445 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Х.Г-г ажлаас чөлөөлж, туршилтаар ажиллуулсан 2023.10.04-ний өдрийн Б/32 дугаартай тушаал, 2024.01.31-ний өдрийн Б/03 дугаартай ажлаас чөлөөлсөн тушаалуудыг хүчингүй болгож, ажилд нь эгүүлэн тогтоохдоо ЕБС-с ажилгүй байсан хугацааны олговорт 3,226,410 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн, уг шийдвэрийг үндэслэн ЕБС-н захирлын 2024.05.01-ний өдрийн Б/12 дугаартай тушаалаар түүнийг дотуур байрны үйлчлэгчийн ажилд эгүүлэн томилсон, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.12.13-ны өдрийн 130/ШШ2024/00995 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2024.09.02-ны өдрийн Б/16 дугаартай тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, мөн өдөр 59 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэвэрт гарах өөрийн хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг 2024.12.16-ны өдрөөс дуусгавар болгосон, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.12.20-ны өдрийн 130/ШШ2024/01006 дугаартай шийдвэрээр Х.Г-с тэтгэмжид төлсөн 2,250,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн, БАБГ-н 2024.12.23-ны өдрийн Б/111 тушаалын хавсралтад зааснаар нэхэмжлэгч Х.Г-д 11,368,877 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэн үйл баримтыг тогтоосон нотлох баримтууд хэрэгт авагджээ.
13.Нэхэмжлэгч Х.Г хариуцагч БАУС-н ЕБС-д холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан хөдөлмөрлөх эрхийн харилцааг цуцалсны тэтгэмж 5,132,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын үлдэгдэл 2,250,000 төгрөг гаргуулахаар, хариуцагч БАБГ-т холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн дагуу олгогдох нэг удаагийн буцалтгүй тусламжид дутуу олгогдсон 10,411,123 төгрөг гаргуулахаар нийт 17,793,123 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
14.Нэхэмжлэгч тал Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, М-н 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ыг үндэслэн нэг удаагийн буцалтгүй тусламжийн олгогдоогүй үлдэгдэл 10,411,123 төгрөг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон боловч хариуцагч БАБГ нь нийтийн захиргааг хэрэгжүүлэгч байхаас гадна нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр тухайлан олгогдсон эрх үүргийг хэрэгжүүлэх явцад үүссэн маргаан байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх нэг удаагийн буцалтгүй тусламжид төлөгдөөгүй хэсгийг гаргуулах тухай шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан гомдолд хамаарахгүй, иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэж үзэж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт тус тус нийцсэн, нэхэмжлэгч энэ талаар хяналтын гомдол гаргаагүй болно.
15.Мөн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.12.20-ны өдрийн 130/ШШ2024/01006 дугаар шийдвэрээр Х.Г-с 2,250,000 төгрөгийг гаргуулан БАУС-н ЕБС-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1.2-т зааснаар ажил олгогч суутгал хийсэнтэй холбоотой шаардлагыг хангах үндэслэлгүй талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт хуульд нийцжээ.
16.Харин анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.5-д заасны дагуу мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар нэхэмжлэгч тухайн байгууллагад 9 жил ажилласан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 2,250,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх “өндөр насны тэтгэвэрт гарах болсон үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон нэхэмжлэгчид хуулийн 82 дугаар зүйлд заасан тэтгэмж авах урьдчилсан нөхцөл үүсээгүй” гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагаас хөдөлмөрлөх эрхийн харилцааг цуцалсны тэтгэмж 5,132,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хууль хэрэглэх зарчимд нийцсэн байна.
Учир нь, нэхэмжлэгч өндөр насны тэтгэвэр тогтоолгоход Төрийн албаны тухай хуулийн дагуу олгох нэг удаагийн буцалтгүй тусламж авах асуудал нь иргэний эрх зүйн харьяаллын маргаан биш болохыг дурдсанаас гадна нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж буй харилцаанд хувийн эрх зүйн, тэр дундаа Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг давхардуулан хэрэглэх хууль зүйн боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Х.Г нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар ТҮ-1-4 шатлалаар цалинждаг төрийн үйлчилгээний албан хаагч тул тэтгэвэрт гарах, буцалтгүй тусламж олгох асуудал нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдах харилцаанд хамаарахыг дээр дүгнэсэн ба тухайн харилцаанд тухайлан зохицуулсан хэм хэмжээг хэрэглэх бөгөөд энэ тохиолдолд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан тэтгэмж олгох үүрэггүй гэж ойлгоно.
17.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.5-д зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон тохиолдолд мөн хуулийн 82.1-д заасан хэмжээний тэтгэмж олгох зохицуулалттай” гэсэн үндэслэлээр гомдол гаргасныг хангах үндэслэлгүй байна.
Иймд магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 212/МА2025/00046 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Б.УНДРАХ
Д.ЦОЛМОН