| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2024/0112/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/122 |
| Огноо | 2024-10-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.2.1., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,
Улсын яллагч: Ц.Эрдэнэбат,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш
Шүүгдэгч: ******************************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************* овогтой *********************** холбогдох эрүүгийн 2427000990127 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1975 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ******************* суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, боловсролгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт **********************оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
- Архангай аймгийн шүүхийн 1994 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 3, 279 дүгээр зүйлийн 1-д тус тус зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар,
- Архангай аймгийн шүүхийн 1995 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 21 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 1-д зааснаар 01 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар,
- Архангай аймгийн шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.3-т зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар,
- Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3, 211 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийт 08 жилийн хугацаагаар хорих ялаар,
- Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ялаар,
- Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 -д зааснаар 03 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,
- Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 07 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн ***************************
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч ******************* нь согтуугаар 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ************************нутагт айлын хашааны гадаа ******************* хүч хэрэглэн довтолж 40 000 төгрөгийг дээрэмдсэн, тус дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хагарсан архины шилээр ********************** мөнгийг авах зорилгоор биед нь халдаж түүний биед зүүн мөр, зүүн гар, зүүн дал, баруун гарт цохих үйлдлээр шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд
Шүүгдэгч *************************** нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:
Миний буруу. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч ***************************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2024 оны 05 дугаар сарын эхээр өдрийг нь санахгүй байна, өглөө гэрээсээ гараад **********************хашаанд очиж хаалгыг нь хийж 17 цагийн үед дууссан ба ********************* надад хандаж “ахаа би одоо ноолуур ачиж *************хот руу явлаа, эргэж ирээд мөнгө өгнө” гээд 40.000 төгрөг өгсөн. Би уг мөнгийг нь аваад гэр рүүгээ явах замдаа 2 дугаар сургуулийн хойд талд байх *************** дэлгүүрийн гадна ****************** таарсан. Тэгсэн ************** надад хандаж “ах аа би үхэх гээд байна, ганц юм аваад өгчих” гэхээр нь би зөвшөөрч дэлгүүрт ороод 1 шил 0.75 литрийн “Хамаг монгол” нэртэй архи аваад ****************барааны захын хойд талын уурын зуухны хойд талд хашааны буланд суугаад /гол нь хүнээс зайдуу байя гэж бодоод/ архиа хувааж уусан. Архиа ууж дуусахад *************** надаас “ахаа надад мөнгө өгчих, дахиад 1 шил архи авъя” гээд шаналгаад байхаар нь би “үгүй ээ одоо болно, би үлдсэн мөнгөөрөө мах авна, сургуулийн хүүхдэд мөнгө өгнө” гэж хэлчхээд босож түрүүлээд нарийн гудамжаар ороод явахад ************* араас ирээд зүүн мөр рүү чичлээд байх шиг байсан. Тэгэхээр нь би эргээд хартал миний хүзүү рүү хүрэх шиг болсон. Тэрхэн зуур гэнэт халуу дүүгээд явчихаар нь энгэр рүүгээ хартал миний өмсөж явсан футболкны энгэр рүү цус урсчихсан байсан. Тэгсэн чинь ***************** гартаа хагархай архины шил барьчихсан зогсож байснаа шууд миний гадуураа өмссөн задгай энгэртэй цамцны дотор талын энгэрээс халаас руу гараа хийгээд уг халаасанд байсан миний 40 000 төгрөгийг ************* аваад зугтаачихсан. Би араас нь хөөх гэсэн боловч хөл муутай учир чадаагүй. Тэгээд л цагдаагийн байгууллагад ирж гомдол гаргасан. Мөн эмнэлэгт үзүүлж зүүн мөр, баруун гарын бугалга дээрээ нийтдээ 9 ширхэг оёдол тавиулсан. Тухайн үед ******************бид хоёроос өөр хүн байгаагүй. Намайг цохисон зүйлгүй, миний зүүн мөр, баруун гар, хүзүү рүү л хагархай шилээр өнгөцхөн зоосон байсан. Надад 16-17 мянган төгрөг байсан юм. Тэгээд *************** надад 40 000 төгрөг өгч нийтдээ 56-57 мянган төгрөг болж байгаа. Түүнээс 40 000 төгрөгийг нь мах, сургуулийн хүүхдэд мөнгө өгнө гэж үлдээгээд үлдсэнээр нь 1 шил архи, ундаа, утсандаа нэгж авсан. Надад одоо гомдол санал байхгүй. Эм тариа хэрэглээгүй өөрөө эдгэсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 96 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн №379 тоот:
“...1.**************** биед зүүн мөр, зүүн дал, баруун гарт шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй, ир үзүүртэй зүйлийн 3-аас дээш удаагийн үйлчлэлээр үссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.
Шүүгдэгч**************** нь согтуугаар 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр *************р багийн нутагт айлын хашааны гадаа *********** хүч хэрэглэн довтолж 40 000 төгрөгийг дээрэмдсэн, тус дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хагарсан архины шилээр *************** мөнгийг авах зорилгоор биед нь халдаж түүний биед зүүн мөр, зүүн гар, зүүн дал, баруун гарт цохих үйлдлээр шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч **********үйлдсэн болох нь хохирогч **************мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 19-20, 96 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн №379 тоот: “...1************биед зүүн мөр, зүүн дал, баруун гарт шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй, ир үзүүртэй зүйлийн 3-аас дээш удаагийн үйлчлэлээр үссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд “илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авсан, эсхүл бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэсэн “Дээрэмдэх” гэмт хэргийн хэлбэрийн хоёр шинжийг тодорхойлсон.
Гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж авах гэсэн шунахай зорилго агуулж, өөрийн санаа зорилгоо хэрэгжүүлсэн, эс хэрэгжүүлсэн эсэхээс үл хамаарч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолгоон эхэлсэн үеэс дээрмийн гэмт хэрэг төгсдөг.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас дүгнэхэд шүүгдэгч ******************* нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч****************** эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг,
бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэж дээрэмдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангажээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.
Иймд шүүгдэгч ********************** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хоёр. Хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч хохирогч *************** нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр гаргуулахгүй гэсэн тул шүүгдэгч ************************ энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч ************* холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-т заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх, шүүгдэгч **********************гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, улсын яллагч, өмгөөлөгч нарын эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч *************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 01 /нэг/ жил 05 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *****************оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 01 /нэг/ жил 05 /таван/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож нийт 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 01 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.
********************** оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Дөрөв. Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******************* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **********************хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах,
бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч ****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 01 /нэг/ жил 05 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч ***************Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 01 /нэг/ жил 05 /таван/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож нийт 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 01 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар ****************** оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. ***************************нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар ************* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс өөрчлөн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Цагдан хорих байранд цагдан хорьсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***************** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА