| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2022/0106/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/126 |
| Огноо | 2022-11-01 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Т.Баярмаа |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч Т.Баярмаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ
Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******************* овогт ****************гийн Мд холбогдох эрүүгийн 2240000000048 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны ..... дүгээр сарын ...-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ...., ам бүл ..., ... хамт ....... оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ......................... регистрийн дугаартай ******************* овогт ****************гийн М.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.М нь ***************** ************* дугаар ангийн эрх бүхий албан тушаалтантай Хөдөлмөрийн гэрээ байгуулан тус ангийн 360 тооны бог малыг маллаж байх хугацаандаа 2020 оны 10 дугаар сард 26-ны өдөр 25 тооны хонь махны худалдаа эрхлэгчид худалдсан, 2020 оны 10 дугаар сарын 26-аас хойш үргэлжилсэн үйлдлээр нийт 65 тооны бог малыг мөн махны худалдаа эрхлэгчид худалдсан, 2020 оны 12 дугаар сард Д.***********************д өрөндөө 13 тооны хонийг өгсөн. Мөн 31 тооны хонийг ....................... сумын төвд өртэй хүмүүст өгсөн зэргээр ***************** ************* дугаар ангийн итгэмжлэн хариуцуулан өгсөн бог малаас 27 тооны ямаа, 107 тооны хонь нийт 134 тооны бог мал завшиж бусдад 16.610.000 /арван зургаан сая зургаан зуун арван мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлын талаар маргах зүйлгүй” гэв.
2240000000048 тоот эрүүгийн хэргээс
Шүүгдэгч Д.Мын 2021 оны 07 дугаар сарын 28, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр тус тус мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би ***************** *************-р ангийн малыг 2017 оноос эхэлж маллаж эхэлсэн. Би цэргийн ангийн 360 толгой мал маллаж байсан. Би Хэнтий aймгийн ....................... сумын 2 дугаар багийн нутаг ............................ гэх газар нутаглах үедээ шороон шуурганд бог малаа уруудуулж алдсан юм. Энэ уруудуулж алдсан малаас гадна цэргийн ангийн малаас 62 эр хонь, 27 эх ямаа хувьдаа зарцуулсан. Хувьдаа зарцуулсан малын мөнгийг эхнээс нь төлж барагдуулж байгаа. Хохирол бүрэн барагдуулах болно. Би цэргийн ангид 10.140.000 төгрөгийн хохирол учруулсан. Би 2 ямааг нь ямаагаар нь өгсөн. Үлдсэн малыг яаралтай төлөх болно. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.
Би ***************** ************* дугаар ангийн малыг 2017 оноос 2021 оны хооронд Хэнтий аймгийн ....................... сумын 2 дугаар багт маллан амьдарч байсан. Цэргийн ангийн малыг харж байх үедээ 2020 оны 10 дугаар сарын дундуур цэргийн ангийн 25 хонийг Хэнтий аймагт авч очиж Хийдийн сууринд мал махны ченжид бэлэн мөнгөөр нь зарж 1.200.000 төгрөг болгосон. Тэр үед махны үнэ хямдхан байсан, махалж зарсан болохоор арай бага болсон. Би тар мал зарсан хүнээ мэдэхгүй байна. Тэр мөнгөнөөс өөрийнхөө төрийн банкны дансанд 1.160.000 төгрөгийг хийж зээлээ дарсан. Тэрнээс хойш цэргийн ангийн малаас 65 тооны мал. Хэнтий аймагт авч очиж зарсан, увуулж цувуулж зарсаар байгаад цэргийн ангийн малаас 65 тооны мал зарчихсан байсан. Тэрнээс хойш 2020 оны 12 дугаар сард ....................... сумын *********************** гэдэг хүнд 2 сая төгрөгийн өртэй байсан тэрийгээ дарах гэж 13 тооны хонь өгсөн. Энэнээс гадна цэргийн ангийн малнаас сумын төв дээр өртэй хүмүүстэй 31 хонь өгсөн. Тэрнээс хойш 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр эхнэр аймаг явчихсан би гэртээ хэвтэрт байдаг ганц хүүтэйгээ байх үед цасан шуурга болоод би малаа хашиж чадахгүй малаасаа алдсан. Маргааш нь цасан шуурга гайгүй болсны дараа хайгаад олоогүй. Эхнэрийг ирсний дараа малаа тоолж үзсэн цэргийн ангийн малаас 35 хонь, 27 ямаа манай малаас 62 тооны мал дутчихсан байсан. Тэгээд хайгаад олохгүй байх үед цэргийн ангиас ирж тооллого хийсэн. Би цэргийн ангид учруулсан хохирлоосоо 27 ямааг нь ямаагаар нь өгсөн. Тэрнээс гадна 1.000.000 төгрөг өгсөн. Өөр төлж барагдуулсан зүйл байхгүй. Би тэр хүнээ одоо танихгүй байгаа юм. Очиж зарчхаад л шууд буцаад ирдэг байсан. Би нутгийнхаа Баярсайхан гэдэг залууг аймагт 1 адуу зарахаар явах үед нь гуйж 25 хонь ачиж явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 60, 5-6-р хуудас/
Шүүгдэгч Д.Мын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Цэргийн ангийн малыг харж байх үедээ 2020 оны 10 дугаар сарын дундуур цэргийн ангийн 25 хонийг ....................... сумаас адуу зарах гэж байсан хүний машинд ачиж аваачаад зарсан. Миний зарсан 25 хонь 1.200.000 төгрөг болсон, би мөнгөө бэлнээр аваад зээлээ төлсөн. Тэрнээс хойш би хугацааг нь сайн санахгүй байна, цэргийн ангийн малаас бага багаар зарсаар байгаад 27 ямаа, 38 хонь зарсан. Би тэр малуудыг хэн гэдэг хүнд зарсан гэдгээ мэдэхгүй байна, мөнгөний хэрэг гарахаар л зараад байсан юм. Би 27 ямаа, 38 хонь зарсан цаг хугацаагаа бас санахгүй байна. 25 хонь зарснаас хойш зарсан. Мөнгөө бэлнээр аваад бензин тос, хоол хүнс авч байсан. Би ....................... сумын *********************** гэдэг хүнд 2 сая төгрөгийн өртэй байсан тэрийгээ дарах гэж 13 тооны хонь өгсөн. Энэнээс гадна цэргийн ангийн малаас ....................... сумын төв дээр өртэй хүмүүстэй 31 хонь өгсөн. Тэрнээс хойш 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр эхнэр аймаг явчихсан би гэртээ хэвтэрт байдаг ганц хүүтэйгээ байх үед цасан шуурга болоод би малаа хашиж чадахгүй малаасаа алдсан. Цасан шуурга гайгүй болсны дараа хайгаад олоогүй. Эхнэрийг ирсний дараа малаа тоолж үзсэн цэргийн ангийн малаас 62 хонь дутчихсан байсан. Тэгээд хайгаад олохгүй байх үед цэргийн ангиас ирж тооллого хийсэн. Би 27 эр ямааг нь ямаагаар нь өгсөн. Цэргийн ангийн дансанд 1.000.000 төгрөг хийсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-н 209-210 хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.***************гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ***************** ************* дугаар ангид малын тоо бүртгэгчийн ажил хийдэг. 2017 оны 8 сард Хэнтий аймгийн ....................... сумын иргэн ***************** ************* дугаар ангийн малчин ажилтай Д.Мд цэргийн ангийн малаас 360 тооны хурга, ишиг хүлээлгэж өгсөн ба 2021 оны 05 дугаар сарын эхээр очих үед нас гүйцсэн эр хонь 169, эр ямаа 27 тооны мал дутсан байсан. Би Мд зөв талийн чих урдаасаа 2 ухам, буруу талын чих араасаа 2 ухам имтэй малыг хүлээлгэж өгсөн. ***************** ************* дугаар цэргийн ангийн архивд хүлээлгэж өгсөн, хүлээж авсан, шилжүүлэг, тооцоо бичсэн акт хадгалагдаж байгаа. Би 2021 оны 04 дүгээр сарын сүүлээр болсон цасан шуурганаар малаа уруудуулаад олоогүй гэж хэлж байсан. Д.М нь цэргийн ангийн малыг захиран зарцуулах эрхгүй цэргийн ангийн малчин ажилтай тул цэргийн ангиас цалинждаг хүн. Хуулийн дагуу шалгаж хохиролгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*****************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ***************** ************* дугаар ангийн хуулийн офицероор 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ажиллаж байна. Манай цэргийн ангийн малчин Д.Мын маллаж байсан малыг 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр очиж тоолох үед цэргийн ангийн малаас 196 мал дутсан. Энэ талаар Д.М 04 сарын дундуур болсон шуурганаар цэргийн ангийн малыг, өөрийнхөө малтай цуг уруудуулсан гэж хэлж байсан. Энэ мал дутаасан үйлдлийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж шалгуулсны дараа дараа 62 хонь, 27 ямааг нь өөрөө хувьдаа завшсан гэж тогтоогдсон. Хувьдаа завшсан малын хохирлыг төлж барагдуулна гэж хэлсэн байсан. Д.М манай ангид учруулсан хохирлоосоо 27 ямааг нь амьдаар нь өгсөн, 1.000.000 төгрөгийг нь бэлнээр нь өгсөн. Тэрнээс өөр цэргийн ангид учруулсан хохирлоос барагдуулсан зүйл байхгүй. Манай цэргийн ангийн малаас Д.М нь 196 тооны мал дутаасан. Цагдаагийн байгууллагаас энэ малаас 89 малыг нь Д.М хувьдаа завшсан гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэсэн байсан. Энийг манай байгууллагын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Манай байгууллагын зүгээс мөн малын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна, ангийн захирагчийн баталсан үнэлгээгээр малаа нэхэмжилнэ. Тиймээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай анги ангийн захирагчийн баталсан үнэлгээний дагуу малаа үнэлээд явдаг. 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ангийн захирагчийн тушаалаар малаа үнэлнэ. ...Манай ангийн хувьд гомдолтой байна, Д.Маас ангийн үнэлгээний дагуу дутаасан 196 малыг төлүүлж авах хүсэлтэй байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 106-107-р хуудас/
Гэрч Д.************гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 03 сарын 12,13-ны өдрүүдэд ....................... сумын 2 дугаар багийн нутаг болон сумын нийт нутгаар өдөртөө бага зэрэг салхитай байсан хур тунадас ороогүй харин 14-ний хүчтэй шороон шуургатай 24 м/с хурдтай салхитай байсан. 2021 оны 04 сарын 15-ны өдрөөс 16-ны өдөрт шилжих шөнө, 16-ны өдрийн өдөр 13-23 м/с хүртэл хүчтэй салхитай шороо болон бага зэрэг цасан шуурга шуурсан өдөр байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/
Гэрч Д.***********************гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ....................... сумын харьяат Д.Мыг танина. Манай сумын 2 дугаар багийн малчин залуу байдаг. Ямар нэгэн садан төрлийн холбоогүй ....................... сумын хүн гэдгээр нь мэднэ. Би Д.М 2020 оны 12 сард мал тооллого болсон өдрөөс хойш өөрийнхөө хонь гэж хэлээд 13 тооны хонь өгч байсан. Тухайн үед Д.М надад 2.000.000 төгрөгийн өртэй байсан тэр мөнгөнийхөө оронд 13 тооны хонь өгсөн юм. Д.М надаас зээлсэн мөнгөө бүгдийг өгч бүрэн барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 119-120-р хуудас/
Гэрч Ц.**************гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хэнтий аймгийн ....................... сумын 2 дугаар баг "............................" гэх газар нөхөр Д.М, хүүхдүүдийн хамт нутагладаг. Манайх 2017 онд ***************** ************* дугаар ангийн малыг хариуцан авч маллаж байсан. Цэргийн ангиас 2021 оны 04 дүгээр сард ирж тооллого хийсэн. Цэргийн ангийн малаас 196 мал дутсан байна гэж хэлсэн. Би энэ малыг бүгдийг нь шуурганд уруудсан л гэж бодож байсан. Цагдаагаас шалгаад эхлэхээр нь юу болсон талаар асуухад 2020 оны намар 25 хонь аймагт авч очиж зарсан, тэрнээс хойш 65 мал зарсан, сумын төв дээр зээлэндээ 44 хонь зарсан гэж хэлсэн. Би хичээлийн шинэ жил эхлэхээр ....................... сумын төв рүү орчихдог болохоор тийм их мал зарж, үрсэн байна гэж мэдээгүй. Би цасан шуурганаар бас Хэнтий аймагт явж байсан юм. Манайх 100 толгой л хонь ямаатай. Манайх төлөх чадваргүй болохоор төлж чадахгүй байна. Манайх 27 ямаа өгсөн, 1.000.000 төгрөг өгсөн. Өөрөөр барагдуулсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 122-123-р хуудас/
Гэрч Ц.*****************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хэнтий аймгийн ....................... сумын төв дээр амьдардаг. Би ....................... сумын 2 дугаар багт мал маллан амьдардаг Д.Мын малд хүнээс худалдаж авсан 12 тооны мал 2020 оны 03 сарын үеэр тавьсан байсан. Тэгсэн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ....................... суманд цасан шуурга болсон. Тэр цасан шуурганы үеэр Д.М гэртээ хэвтэрт байдаг хүүтэйгээ хоёулхнаа байж тараад малаа гүйцэт хашиж чадахгүй зарим малаа уруудуулсан байсан. Би яг хэдэн мал уруудуулсан гэдгийг нь мэдэхгүй байна. Миний малд нь тавьсан 12 тооны мал, цэргийн ангийн мал, өөрийнх нь эзэмшлийн малуудаас уруудсан байсан. Д.М алдсан малынхаа араас шууд явж чадаагүй. Эхнэр нь хэд хоногийн дараа гэртээ ирээд тэгээд хэвтрийнхээ хүүхдээ эхнэртэй үлдээгээд хайж явсан. Хэд хоног хайж яваад тасарсан малаа эргүүлж олоогүй. Би Хэнтий аймгийн ....................... сумын төв дээр амьдардаг. ...Тэр өдөр нэлээн айхтар цасан шуурга болсон. Би өөрөө ....................... сумын төв дээр цэцэрлэгт сурдаг хүүхдүүд харж байсан болохоор очиж чадаагүй юм. Би сүүд цасан шуурганаар юу болсон тухай асуухад 100 гаран юм алдсан гэж байсан. Цасан шуурга болох үед Д.М ганцаараа малаа хаших гээд чадахгүй зарим малаа хашихгүй үлдээсэн гэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 127-128-р хуудас/
Гэрч М.*************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний аав Д.М нь Хэнтий аймгийн ....................... сумын 2 дугаар баг ............................ гэх газар мал маллан амьдардаг. Манай аав ***************** ************* дугаар ангийн малыг авч хардаг байсан. Цэргийн ангийн малыг харж байгаад 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр цасан шуурганаар малаа алдчихлаа гээд намайг сумын төв дээр байх үед 04 дүгээр сарын 19-ний үеэр залгаад бензиний мөнгө байна уу гээд надаас бензиний мөнгө аваад малаа хайсан. Малаа нилээн хайгаад олоогүй гэж байсан. Хаагуур хайсан гэдгийг нь би мэдэхгүй байна. Тухайн цасан шуурга болох үед манай аав хөдөө гэртээ хэвтэрт байдаг босч чаддаггүй Хосбаяр гэдэг дүүтэй маань цуг байсан. Цас шуураад малаа хаших гэсэн мал нь хашаанд орохгүй зарим малаа хашихгүй үлдээгээд шуурганд уруудуулчихсан гэсэн. Дүү маань бас хэвтэрт байдаг байнга хүн асарч байхгүй бол болдоггүй болохоор тухайн үедээ араас нь яваагүй гэж байсан. Би аавыг ************* дугаар ангиас яг хэдэн мал авсан, хэдийг нь шуурганд уруудуулсан гэдгийг нь мэдэхгүй байна. Манай аавынх өөрийн гэсэн 70-80 тооны л малтай байх. Аав цэргийн малаас бас хувьдаа хэрэглэсэн мал байгаа, би яг хэдийг хэрэглэсэн гэдгийг нь бас сайн мэдэхгүй байна 80-90 тооны юм хэрэглэсэн гэж байсан. Сумын төвийн дэлгүүр дээр зарим хоол ундгүй болсон үедээ өр зээл тавиад тэрэндээ цэргийн ангийн малаас хэдийг өгсөн байх, бас банкны зээл нь нэхэгдээд хэдийг зарж борлуулсан юм шиг байсан. Өөр зарж үрсэн зүйл гайгүй байх, идшиндээ хэрэглэсэн зүйл бол нилээн их байгаа байх. Өөрийн мал багатай болохоор шаардлагатай үед идшиндээ хэргэлсэн зүйл бас нилээн байгаа байх. Надад тэр бүрийгээ нэг бүрчлэн ярихгүй болохоор би бас нарийн сайн мэдэхгүй байна. Хааяа нэг юм ярьж байхдаа л тиймэрхүү зүйл хэлж байдаг юм. Цасан шуурга болсон. Тэр цасан шуурганаар малаа алдчихлаа гээд надаас бензиний мөнгө авсан. Тэр үеэр ээж байхгүй байсан болохоор алдчихсан юм шиг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 130-131-р хуудас/
Гэрч Г.*************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манайхыг ....................... сумын 2 дугаар баг "Дэн" гэх газар нутаглаж байх үед 2021 оны 04 дүгээр сарын 10-ны үеэр /би хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна/ 16 цагийн үед л цасан шуурга шуурч эхэлсэн. Би орой тэнгэр муухайрах үеэр малаа хашаанд хашчихсан байсан. Тэр орой шөнөжингөө цасан шуурга болсон. Шөнөжин шуурч байгаад өглөө үүрээр л шуурахаа болиод арай дээр болж байсан. Тэгж тэнгэр муухайрч цасан шуурга болох үеэр гэртээ явж чаддаггүй хүүтэйгээ л байсан. Цасан шуурга шуураад тэнгэр гайгүй болсны дараа манай гэрээр мотоцикльтой ирээд өчигдөр хонины хагас шуурганаар уруудчихлаа, танай энэ хавиар харагдсан уу гээд явж байсан. Өглөө нь тэгж сурч явчхаад оройн ахиж ирээд танай хонинд нийлээгүй байна уу гэхээр нь хониор ороод харахгүй юу гэж хэлсэн тэгээд л яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 133-134-р хуудас/
“Вендо” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ХЦ22-06 дугаартай үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 110-113-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагчийн шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал, дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Д.М болон түүний өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ нар нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Д.М нь ***************** ************* дугаар ангийн эрх бүхий албан тушаалтнуудтай Хөдөлмөрийн гэрээ байгуулан 360 тооны бог маллаж байх хугацаандаа 2020 оны 10 дугаар сард 26-ны өдөр 25 тооны хонийг махны худалдаа эрхлэгчид худалдсан, 2020 оны 10 дугаар сарын 26-аас хойш үргэлжилсэн үйлдлээр нийт 65 тооны бог малыг мөн махны худалдаа эрхлэгчид худалдсан, 2020 оны 12 дугаар сард Д.*********************** гэх хүнд өрөндөө 13 тооны хонийг өгсөн. Мөн 31 тооны хонийг ....................... сумын төвд өртэй хүмүүст өгсөн зэргээр ***************** ************* дугаар ангийн итгэмжлэн хариуцуулан өгсөн бог малаас 27 ямаа, 107 тооны хонь нийт 134 тооны бог малыг завшиж 16.610.000 /арван зургаан сая зургаан зуун арван мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*****************ын “...Манай цэргийн ангийн малчин Д.Мын маллаж байсан малыг 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр очиж тоолох үед цэргийн ангийн малаас 196 мал дутсан. Энэ талаар Д.М 04 сарын дундуур болсон шуурганаар цэргийн ангийн малыг, өөрийнхөө малтай цуг уруудуулсан гэж хэлж байсан. Энэ мал дутаасан үйлдлийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж шалгуулсны дараа дараа 62 хонь, 27 ямааг нь өөрөө хувьдаа завшсан гэж тогтоогдсон. Хувьдаа завшсан малын хохирлыг төлж барагдуулна гэж хэлсэн байсан. Д.М манай ангид учруулсан хохирлоосоо 27 ямааг нь амьдаар нь өгсөн, 1.000.000 төгрөгийг нь бэлнээр нь өгсөн. Тэрнээс өөр цэргийн ангид учруулсан хохирлоос барагдуулсан зүйл байхгүй. Манай цэргийн ангийн малаас Д.М нь 196 тооны мал дутаасан....” гэх мэдүүлэг
Гэрч Д.***********************гийн “...Би ....................... сумын харьяат Д.Мыг танина. Манай сумын 2 дугаар багийн малчин залуу байдаг. Ямар нэгэн садан төрлийн холбоогүй ....................... сумын хүн гэдгээр нь мэднэ. Би Д.М 2020 оны 12 сард мал тооллого болсон өдрөөс хойш өөрийнхөө хонь гэж хэлээд 13 тооны хонь өгч байсан. Тухайн үед Д.М надад 2.000.000 төгрөгийн өртэй байсан тэр мөнгөнийхөө оронд 13 тооны хонь өгсөн юм...” гэх мэдүүлэг
Гэрч М.*************ын “...Би аавыг ************* дугаар ангиас яг хэдэн мал авсан, хэдийг нь шуурганд уруудуулсан гэдгийг нь мэдэхгүй байна. Манай аавынх өөрийн гэсэн 70-80 тооны л малтай байх. Аав цэргийн малнаас бас хувьдаа хэрэглэсэн мал байгаа, би яг хэдийг хэрэглэсэн гэдгийг нь бас сайн мэдэхгүй байна 80-90 тооны юм хэрэглэсэн гэж байсан. Сумын төвийн дэлгүүр дээр зарим хоол ундгүй болсон үедээ өр зээл тавиад тэрэндээ цэргийн ангийн малнаас хэдийг өгсөн байх, бас банкны зээл нь нэхэгдээд хэдийг зарж борлуулсан юм шиг байсан. Өөр зарж үрсэн зүйл гайгүй байх, идшиндээ хэрэглэсэн зүйл бол нилээн их байгаа байх. Өөрийн мал багатай болохоор шаардлагатай үед идшиндээ хэрэглэсэн зүйл бас нилээн байгаа байх. Надад тэр бүрийгээ нэг бүрчлэн ярихгүй болохоор би бас нарийн сайн мэдэхгүй байна. Хааяа нэг юм ярьж байхдаа л тиймэрхүү зүйл хэлж байдаг юм.....” гэх мэдүүлэг
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хөдөлмөрийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.М нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан болох нь нотлогдож байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд Хөрөнгө завших гэмт хэргийг хуульчилж энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
“Итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө“ гэж өмчлөгч, эзэмшигчээс итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хэлэх ба “итгэмжлэгдэн хариуцсан этгээд” гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгодог.
“Хөрөнгө завших” гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.
Хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно заасан ба ***************** ************* дугаар ангид учирсан хохирлыг “Вендо” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ХЦ22-06 дугаар үнэлгээний тайланд 5 настай эр хонийг 130,000 төгрөгөөр, 5 настай эр ямааг 100,000 төгрөгөөр тус тус үнэлсэн тул хохирогчид нийт 16,610,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь хохирогчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирогч ***************** ************* ангид 27 тооны ямаа, 1,000,000 төгрөгийг өгсөн нь тогтоогдож байх тул дээрх мөнгө, эд зүйлийн үнэ 3,700,000 төгрөгийг нийт хохирол /16,610,000/-с хасаж шүүгдэгчээс 12,910,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн хууль бус, амар хялбар аргаар хөлжих гэсэн сэтгэхүй, хохирогчийн эд хөрөнгөдөө тухай бүр нь хяналт тавьж байгаагүй байдал тус тус нөлөөлжээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Мд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тэнсэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацааг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүхээс шүүгдэгч Д.Мд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд дурдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт нь “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан.
Шүүгдэгчийг дээрх хуулийн зүйл, заалтад хамруулахын тулд гурван үндсэн шаардлага тавигдана. Нэгдүгээрт тухайн гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хугацаа гурав жил хүртэл, түүнээс бага байх, Хоёрдугаарт шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх, Гуравдугаарт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл дээрх хохирлоо төлж амжаагүй тохиолдолд тухайн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх зэрэг болно. Эдгээр шаардлагын аль нэг хангагдаагүй бол дээрх хуулийн заалтыг хэрэглэх боломжгүй юм.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгч Д.Мыг “хохирогч ***************** ************* ангид учруулсан зарим хохирлоо төлсөн үлдсэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг хэрэглэж өгнө үү” гэх санал, дүгнэлт нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй гэж үзлээ. Учир нь шүүгдэгчийн цалин хөлс, орлого, гэр бүлийн хуваарьт болон дундын өмчлөлийн эд хөрөнгөтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдсан, дээрх эд хөрөнгө орлогоос хохирол төлөгдөх асуудал нь бодитойгоор биелэгдэх боломжтой тохиолдолд шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэл болно. Иймд шүүгдэгчийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх байдал нь бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байх боловч түүний үйлдсэн гэмт хэрэг нь хуулийн бүхэлд нь өршөөн хэлтрүүлэх заалтад хамаарахгүй буюу хорих ял оногдуулсан тохиолдолд эдлээгүй үлдсэн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих заалттай тул шүүгдэгчид Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй гэж үзлээ.
Иймд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг завшсан, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан, хохирлын дийлэнх хэсэг төлөгдөөгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жилийн хугацаагаар оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАТБАЯР