| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2024/0120/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/160 |
| Огноо | 2024-09-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Лхагваа |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Т.Батзориг,
улсын яллагч А.Лхагваа,
шүүгдэгч П.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******* овогт *******ын ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.******* нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” цайны газарт өөрийн төрсөн охин Б.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж модон элдүүрээр баруун гар хэсэгт нь цохиж, зодон биед нь баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч П.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч П.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч П.******* нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” цайны газарт өөрийн төрсөн охин Б.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, модон элдүүрээр баруун гар хэсэгт нь цохиж, зодон биед нь баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би эхээс наймуулаа ба ээж, дүү нарын хамтаар Налайх дүүргийн 1 дүгээр хороонд “” цайны газар ажиллуулдаг юм. Миний ээжийг ******* гэдэг ба нд миний дүү тай хамт амьдардаг юм. Миний төрсөн дүү маш олон жил архи ууж байна. Ажил төрөл хийдэггүй, нэг архичин хүүхэнтэй нөхцөөд, энд тэнд нийтийн байранд амьдардаг юм. Өнөөдөр 11 цагийн үед би ээж, дүү нартайгаа цайны газраа ажил хийгээд байж байхад ээж ******* нь надад хандаж “чи дүү дээ тус нэмэр болсонгүй, мөнгөний шуналтай” гэж харааж, зүхээд байхаар нь би “зөндөө мөнгө өгсөн” гэж хэлээд хоорондоо хэрэлдээд “та архичин хүүхдээ өмөөрлөө” гэсэн чинь өмнөөс салаавч гаргаад, “авлигадаа идэгдсэн цагдаадаа хэлээрэй”, халуун тос цацаж түлж ална гээд шанагатай халуун тос барьж ирээд байсан. Тэгснээ ээж гэнэт гурилын модон элдүүр барьж аваад миний баруун гарын тохой руу хэд хэдэн удаа цохиод авсан. Энэ үед манай дүү гүйж ирээд ээжийг салгасан. Тэгээд ээж арай гайгүй тайвшраад ажлаа хийсэн. Энэ үед миний гарын тохой өвдөөд байсан. Ингээд би ажлаа тараад ээж намайг зодсон асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгсөн юм. Миний ээж ******* өнөөдөр миний баруун гарын тохой руу гурил элддэг элдүүрээр 3 удаа маш хүчтэй цохисон. Үүний улмаас миний тохой хөхөрч хавдсан, их өвдөж байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал),
- Хохирогч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Миний баруун гарын тохой хэсэг хөхөрсөн, өөр ямар нэгэн гэмтэл учраагүй бөгөөд ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй өөрөө эдгэчихсэн учраас гарсан зардал байхгүй. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77 дахь тал),
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.
Хууль зүйн хувьд шүүгдэгч П.*******ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Б.гийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Шүүгдэгч П.*******ийн үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.******* нь тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны төрсөн охин Б.гийн баруун гарыг модон элдүүгээр 2-3 удаа цохисны улмаас биед нь баруун гарын шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч П.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.гийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, “биеийн эрүүл мэндийн байдал хэвийн болсон, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч П.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.
Шүүгдэгч П.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдэж байгаагүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгч П.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (гурилын элдүүр ашиглан өөрийн үйлдэлдээ хүч нэмэгдүүлэн цохисон байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, гомдол саналгүй гэх), хувийн байдал (гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял торгох ял оногдуулж, тухайн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч П.******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч П.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ