Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар    130/ШШ2022/00234

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: М.Н Хаяг: Баян-Өлгий аймаг, Д  сум 01 дүгээр баг, Далакөл гэх газарт үндсэн оршин суух хаягтай, одоогоор Д  сум 10 дугаар баг түр оршин суух 

 

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Д  сумын Засаг дарга /А.Н /, Баян-Өлгий аймгийн Д  сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулах

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Д  сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.Н ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек нар оролцов.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч А.Н т шүүх хуралдааны товыг мэдэгдэж, мэдэгдэх хуудаст гарын үсэг зуруулсан боловч өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлтээ ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.Н  нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан Д  сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж, тодорхойлж байна. Үүнд:

2.Миний бие 2010 оноос эхэлж Д  сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар тасралтгүй 12 жил ажилласан билээ. Тус сургууль нь 5 дугаар анги хүртэл сургадаг бага сургууль. Би ар гэрийн нөхцөл байдалтай холбоотой Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулиудад шилжүүлэн ажиллуулж өгөхийг хүссэн боловч ажил олгогч намайг ажлаас чөлөөлж буруу шийдвэр гаргасан. Би ажлаас чөлөөлөх тухай ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Өөр ажилд шилжүүлж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан болохоос биш ажлаас чөлөөлөх тухай хүсэлт гаргаагүй. Миний бие тус сургуулийн захирлаар ажиллах хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй болно. Иймд Д  сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсье гэв.

3.Хариуцагч Баян-Өлгий аймгийн Д  сумын Засаг дарга А.Н  хариу тайлбар, татгалзал: Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Д  сумын 10 дугаар багт оршин суудаг багш ажилтай М.Н  нь 11 жил сургуулийн захирлаар ажиллаж ирсэн. Захирал М.Н  нь ажиллах хугацаандаа сургуулийн сурлагын чанар, бүтээн байгуулалтын талаар санаачилга гарган ажиллаагүй талаар ажилчдын санал гомдол олон удаа гарч байсан. Мөн аймгийн мэргэжлийн хяналтын байгууллагаас ирсэн хяналт шалгалтаар муу үнэлгээ авч байсан. М.Н т харилцан тохиролцсоны дагуу аймагт шилжих хүсэлт мөн багш ажилчдын өргөдөл гомдлын дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж багшийн албан тушаалд сэлгэн ажиллуулсан болно. М.Н  нь намайг аймагт шилжүүлэн ажилтай болгож өгвөл ямар нэгэн гомдол гаргахгүй гээд тохирсон байгаа. Багш М.Н ийн хүсэлтийг аймгийн удирдлага болон боловсролын газарт танилцуулж ойрын үед арга хэмжээ авч шийдвэрлэж өгөхөөр тохиролцсон болно гэжээ.

 

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд хариу тайлбар: Миний зүгээс нэхэмжлэгч М.Н ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсэж байна. М.Н  нь хэн нэгний дарамт шахалтгүйгээр, сайн дураараа бичсэн 1 хуудас компьютероор шивсэн хүсэлтээ Д  сумын Засаг даргад гаргасны үндсэн дээр ажил олгогч түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд ажлаас нь чөлөөлсөн. Энэ хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч М.Н ийн гаргасан хүсэлт гол нотлох баримт болох ёстой. Хэрэв нэхэмжлэгч сайн дураараа хүсэлт гаргаагүй бол Д  сумын Засаг дарга түүнийг ажлаас чөлөөлөхгүй байсан. Нэхэмжлэгч М.Н  нь дээд боловсролтой, удирдах албан тушаал хаачиж байсан хүний хувьд гаргасан хүсэлтийнхээ үр дагаврыг мэдэж байсан байх ёстой. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

5.Нэхэмжлэгчээс Монгол Улсын Иргэний үнэмлэх, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Д  сумын Засаг даргын “ажлаас чөлөөлж, түр орлон гүйцэтгэгч томилох тухай” Б/131 дугаар захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, С.Нургайып өмгөөлөгчтэй байгуулсан өмгөөллийн гэрээ, 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Д  сумын 54 дугаартай захирамжаар Болашах бага сургуулийн захирлаар сонгон шалгаруулалт явагдах хүртэл хугацаанд томилсон Н ийг томилсон, мөн даргын 2011 оны 3 дугаар сарын 17-ний өдрийн 13 дугаартай захирамжаар сонгон шалгаруулалтаас тэнцсэн тул Болашах бага сургуулийн захирлаар бүр томилсон  зэрэг баримтуудыг,

 

6.Хариуцагчаас 2021.11.03 өдөр Баян-Өлгий аймгийн Д  сумын Засаг даргад М.Н , Б нарын гаргасан өргөдөл, 2021.11.16-ны өдөр Д  сумын 3 дугаар сургуулийн багш, ажилчдтай хийсэн хурлын тэмдэглэл зэрэг ба А н бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татаж өгөх тухай хүсэлт, түүнээс 2022.01.25 өдөр 1 /нэг/ жилийн хугацаагаар олгосон итгэмжлэл, түүний 2004 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Багшлах эрхийн хорооноос олгосон 0013713 дугаартай багшлах эрхийн үнэмлэх, 1996 оны 6-р сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь багш соёлын ажилтын техникийн мэдээллийн дунд сургуулиас олгосон бага ангийн багшийн №0136 дугаартай Диплом, №D201222551 дугаартай “Бага боловсролын багш”-ийн Бакалаврын диплом, Баян-Өлгий аймгийн Д  сумын Засаг даргын “ажлаас чөлөөлж, түр орлон гүйцэтгэгч томилох тухай” Б/131 дугаар захирамж зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021.10.20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Н т Д  сумын 3 дугаар сургуулийн хамт олноос гаргасан гэх өргөдөл зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Би ар гэрийн нөхцөл байдалтай холбоотой Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулиудад шилжүүлэн ажиллуулж өгөхийг хүссэн боловч ажил олгогч намайг ажлаас чөлөөлж буруу шийдвэр гаргасан. Би ажлаас чөлөөлөх тухай ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Өөр ажилд шилжүүлж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан болохоос биш ажлаас чөлөөлөх тухай хүсэлт гаргаагүй байхад намайг ажлаас үндэслэлгүй халсан гэж тайлбарлажээ.

 

 3.Хариуцагч Баян-Өлгий аймгийн Д  сумын Засаг дарга А.Н ээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Үүнд:  М.Н т харилцан тохиролцсоны дагуу аймагт шилжих хүсэлт мөн багш ажилчдын өргөдөл гомдлын дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж багшийн албан тушаалд сэлгэн ажиллуулсан болно. М.Н  нь намайг аймагт шилжүүлэн ажилтай болгож өгвөл ямар нэгэн гомдол гаргахгүй гээд тохирсон байсан гэжээ.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар Баян-Өлгий аймгийн Д  сумын Засаг даргаас нэхэмжлэгч Б.Нурбекийг 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 54 дугаартай захирамжаар Болашах бага сургуулийн захирлаар сонгон шалгаруулалт явагдах хүртэл хугацаанд томилсон, мөн даргын 2011 оны 3 дугаар сарын 17-нs өдрийн 13 дугаартай захирамжаар сонгон шалгаруулалтаас тэнцсэн тул тус сургуулийн захирлаар бүр томилсон ба улмаар 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/131 дугаартай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2,29.1.6, 31 дүгээр зүйлийн 31.1.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Кобидын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалт, аймгийн Боловсролын газрын даргын 243 тоот албан бичгийг тус тус үндэслэн ЕБ-ын 3 дугаар сургуулийн захирал М.Н ийг ажил олгогчтой тохирсон сэлгэн ажиллуулах болсон тул 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. / хэргийн-3,7-8 дугаар тал/

 

5.Нэхэмжлэгч М.Н  нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах тухай болон Хөдөлмөрийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 158 дугаар зүйлийн 158.2.2-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, ... тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар” ажил олгогч Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан гомдлын шаардлага гаргах эрхтэй байна.

 

6.Хариуцагч буюу ажил олгогч Баян-Өлгий аймгийн Д  сумын Засаг даргаас нэхэмжлэгч М.Н ийг тус сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажлаас чөлөөлөхдөө тухайн үед мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д зааснаар ажилтан М.Н тэй харилцан тохирсон гэж  2021.11.03 өдөр Баян-Өлгий аймгийн Д  сумын Засаг даргад М.Н , Б нарын гаргасан өргөдлийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгчээ. / хэргийн 16-р тал/

 

7.Гэтэл хариуцагчаас гаргаж өгсөн нэхэмжлэгч М.Н ийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажил олгогчтой гаргасан гэх өргөдөлд “....Миний бие физик, байгаль шинжлэл болон бага ангийн багшийн мэргэжилтэй. Д  сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлаар 2010 онд томилогдсоноос хойш ямар нэгэн алдаа, зөрчил дутагдал гаргалгүй, ажилдаа хариуцлагатай хандаж өнөөдрийг хүртэл тасралтгүй 11 дэх жилдээ ажиллаж байна. Миний үндсэн харьяа Өлгий сумын 9 дүгээр баг бөгөөд ажил, албан тушаалын байдлын улмаас 11 жил хөдөө ажиллаж амьдарч байна. Одоо хүүхдүүд том болж тэднийг зохих сургуульд оруулж суралцуулахын тул харья сум буюу Өлгий сумд ажиллаж амьдрах шаардлагатай байна. Миний удаан жил хөдөө орон нутагт хүнд нөхцөл байдалд амжилттай ажиллаж ирсэн туршлага, ур чадварыг минь үнэлж намайг болон миний гэр бүлийн хүн болох эхнэр Б ийг Өлгий сумд шилжүүлэн ажиллуулж өгнө үү. Миний бие физик, байгаль шинжлэл болон бага ангийн багшаар ажиллах боломжтой бөгөөд эхнэр Б ийг өөрийн мэргэжил болох цэцэрлэгийн багшаар ажиллах хүсэлтэй байгаа тул биднийг мэргэжлийн дагуу ажилд шилжүүлж өгч тус болно уу” гэж бичигджээ.

Уг өргөдлийн агуулгаас нь үзэхэд ажил олгогчид одоо хүүхдүүд том болж тэднийг зохих сургуульд оруулж суралцуулахын тулд харья сум буюу Өлгий сумд ажиллаж амьдрах шаардлагатай тул миний удаан жил хөдөө орон нутагт хүнд нөхцөл байдалд амжилттай ажиллаж ирсэн туршлага, ур чадварыг минь үнэлж намайг болон миний гэр бүлийн хүн болох эхнэр Б ийг Өлгий сумд мэргэжлийн дагуу шилжүүлэн ажиллуулж өгч тус болно уу гэж бичсэн болохоос Д  сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажлаас чөлөөлж өг гэж бичээгүй байх тул хариуцагч Д  сумын Засга даргаас нэхэмжлэгч М.Н тэй харилцан тохирсноор сэлгэн ажиллуулах болсон гэж Д  сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажлаас чөлөөлсөн хариуцагчийн маргаан бүхий 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/131 дугаартай захирамж нь тухайн үед мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

8.Мөн хариуцагч Д  сумын Засаг дарга А.Н  нь нэхэмжлэгч М.Н ийг ажлаас чөлөөлсөн тушаалдаа ажил олгогчтой тохирсноор сэлгэн ажиллуулсан гэсэн ба ямар албан тушаалд сэлгэн ажиллуулсан эсэх нь тодорхой бус, сэлгэн ажиллуулах талаар харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэл нь тогтоохгүй байгаа бөгөөд сэлгэн ажиллуулах тухай зохицуулалт нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуульд шинээр орсон зохицуулалт бөгөөд энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн учир ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлтэй тохирч байх нь хуульд нийцэх тул хариуцагч Д  сумын Засаг даргаас тухайн үед мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

9.Хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд гаргасан тайлбартай нэхэмжлэгч М.Н  нь Д  сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн  захирлаар ажиллах хугацаандаа сургуулийн сурлагын чанар, бүтээн байгуулалтын талаар санаачилга гарган ажиллаагүй талаар ажилчдын санал гомдол олон удаа гарч байсан. Мөн аймгийн мэргэжлийн хяналтын байгууллагаас ирсэн хяналт шалгалтаар муу үнэлгээ авч байсан гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч Баян-Өлгий аймгийн Д  сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/131 дугаартай захирамжаар нэхэмжлэгч М.Н ийг тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлаас чөлөөлөх захирамждаа үндэслэл болгоогүй тул шүүхээс түүнд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

10.Ажил олгогч буюу хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалдаа аймгийн Боловсролын газрын даргын 243 тоот албан бичгийг үндэслэл болгосон боловч энэхүү албан бичгээ шүүхэд гаргаж өгч өөрийн шаардлага болон татгалзлыг нотлох үүргийг биелүүлээгүй болно.

 

11. Иймд өөрийн шаардлага болон татгалзлыг нотлох үүргийг зохигчид өөрөө хүлээх тул шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч М.Н ийг Баян-Өлгий аймгийн Д  сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

 

12. Нэхэмжлэгч М.Н  нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Д  сумын Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Н ийг Баян-Өлгий аймгийн Д  сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч М.Н  нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Д  сумын Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       А.ЖАРХЫНГҮЛ