Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2022/00110

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж,тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Р К СӨХ  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Ө-д холбогдох,

11,390,000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 07  дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв..

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтүвшин, хариуцагч Ч.Ө-, өмгөөлөгч Б.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус СӨХ нь орон сууцны Р К хотхоны дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэн, дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, засвар үйлчилгээ, харуул хамгаалалтыг хариуцан гүйцэтгэж орон сууц өмчлөгч, оршин суугчдын тав тухтай амьдрах нөхцөл, боломжийг хангах зорилгоор 2006 онд байгуулагдаж, 2014 онд Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлийн гэрчилгээ авсан. СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2014-11-19-ний өдрийн 01/22 дугаар хурлын тогтоолоор Б.З Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. 2006 онд Сууц өмчлөгч бүх гишүүдийн анхдугаар хурлаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал буюу СӨХ-ны төлбөрт айл тус бүр, сар тутам 170,000 /нэг зуун далан мянга/ төгрөг төлж байхаар тогтоосныг өнөөдрийг хүртэл дагаж мөрдөж байгаа билээ. Гэтэл 103-р байр 901 тоот орон сууцыг өмчлөгч Ч.Ө-д байнга шаардлага тавьж нэхэмжилж байгаа боловч дараах төлбөрийг төлөхгүй СӨХ болон бусад оршин суугчдыг хохироож байна. 2018 оны 12 сарын төлбөр 170,000 төгрөг, 2019 оны үлдэгдэл төлбөр 2,040,000 төгрөг, 2020 оны үлдэгдэл төлбөр 2,040,000 төгрөг, 2021 оны 1-6 сарын үлдэгдэл төлбөр 1,020,000 төгрөг. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 147.1 /орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2.6 /сууцаа бусдад эзэмшүүлж, ашиглуулж байгаа бол эзэмшигч, ашиглагчийн гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгэх/ заалтуудыг үндэслэн Ч.Ө-аас 5,270,000 /таван сая хоёр зуун мянган/ төгрөг төлүүлэх асуудлыг шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Оршин суугч Ч.Ө- 2018 оны 12 дугаар сарын болон 2019 он, 2020 он, 221 оны 06 дугаар сарын орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт засвар үйлчилгээний хураамж болох 5,270,000 төгрөгийг төлөөгүй байсан тул шүүхэд нэхэмжилсэн ба одоо 06 дугаар сараас 12 дугаар сар хүртэлх төлбөр нийт 1,020,000 төгрөгийг нэхэмжилж байна. Складын түрээсийн төлбөр 2012 оноос хойш сар бүр төлөх 1 м2 2500 төгрөг буюу 5м2 12500 төгрөг 2021 оны 12 сар хүртэлх 10 жилийн хугацааны төлбөр1,5000,000 төгрөг, 2019 оноос хойш нийтийн эзэмшлийн талбайд өөрийн эзэмшлийн автомашины 1 чиргүүл тавьсан. Сарын төлбөр 100,000 төгрөг буюу 3 жилийн төлбөр 3,6000,000 төгрөг нийт 6,120,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Оршин суугч Ч.Ө-аас нийт 11,390,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Р К” СӨХ-оос гаргасан нэхэмжлэлд доорх тайлбарыг гаргаж байна. “Р К” хотхоны 103-901 тоотод оршин суугч Ч.Ө- миний бие нөхөр Б.П хамт тус байрыг 2006 онд “Сөүл Групп”-ээс 240,000$-оор худалдан авч, эдүгээ 15 дахь жилдээ амьдарч байна. Энэ хугацаанд байрны ашиглалтын зардал болох дулаан, ус, цахилгаан болон СӨХ-ны төлбөрөө цаг тухайд нь тогтмол төлсөөр ирсэн. Харин сүүлийн 2,6 жил орчим хугацаанд СӨХ-д төлбөр төлөхгүй байх тодорхой нөхцөл, шалтгаан үүсээд байна. 2006 онд байгуулагдсан СӨХ-ны үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл тогтворжоогүй, туйлын хангалтгүй, өдөр хоногийг өнгөрөөсөн байдалтай, танил тал, ах дүү, найз нөхдийн хүрээнд ажилд авсан хэсэг хүмүүсийг ажлын байраар хангаж, цалинжуулж, СӨХ-ны мөнгийг шамшигдуулж байна. СӨХ-ны ажилтнуудын хувьд ажлын цаг баримталдаггүй, гүйцэтгэх захирал, нягтлангаасаа эхлээд ажлын байран дээрээ байдаггүй, өөрсдийн дуртай цагт ажилладаг, үйлчилгээний болон харуул хамгаалалтын ажилтнууд нь ажлын цагаар E-mart дэлгүүрээр хэсэх, шөнө үдшийн цагаар ажлын байран дээрээ архидан согтуурах зэрэг зөрчил гаргаж байсан. Хотхоны нийтийн эзэмшлийн зүйлсийн засвар үйлчилгээ, хадгалалт хамгаалалт цэвэрлэгээ муугаас удаа дараа хулгайн болон бусад хэрэг зөрчлүүд гарч, зам талбай, граж, бассейн, лифтний үйл ажиллагаа байнга доголдож, оршин суугчдын эрх ашгийг ноцтой хохироосоор ирлээ. Өрх бүрээс сар бүр авдаг 170,000 төгрөгний төлбөр хуримтлагдаж, тодорхой хэмжээний хуримтлал үүссэн бөгөөд 2015 оны байдлаар 85 сая гаруй төгрөгний хуримтлалтай, 50 гаруй сая төгрөгний авлагатай байсныг тэр үед СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Д ажил хүлээлцэх үеийн тайлангаас мэдэх билээ. Энэхүү хуримтлалын мөнгийг хугацаатай хадгаламжид хадгалж, хүүг өсгөн шаардлагатай зүйлд зарцуулна гэсэн ч тодорхой ажил хийгдэлгүй өнөөдрийг хүрээд байна. 2014 оноос хойш СӨХ санхүү болон үйл ажиллагааны тайлангаа оршин суугчдад танилцуулдаггүй, нийт оршин суугчдын хурлыг 1 ч удаа хийлгүй өдийг хүрлээ. Энэ хугацаанд миний бие СӨХ-ны УЗ Х.Д, гүйцэтгэх захирал Б.З, нягтлан бодогч Б.М нарт удаа дараа энэ талаар санал хүсэлтээ тавьж, оршин суугчдын нэгдсэн групптэй болж онлайнаар санал бодлоо хуваалцаж, анхааралдаа авч нэн тэргүүнд хэрэгжүүлэх ажлуудын талаар байнга хэлж сануулж байсан билээ Үүнд: Гаражийн талаар- Тус хотхоны нийт 100 гаруй автомашины зогсоол бүхий гараж ашиглалтын туйлын хүнд байдалтай байсаар байна. Хөрсний болон бороо цасны ус байнга нэвчиж, гаражид зун нь тогтоол, өвөлд нь мөсөн овгорууд үүсэж, бохир ус нь хальсан суваг шуудуун хүрээтэй шал, хана, таазанд их хэмжээний эвдрэл, цууралт үүссэн, хөгц, мөөгөнцөр их хэмжээгээр үүсч, олон жилийн турш хүний эрүүл мэндэд маш хортой, сөрөг үр дагавар бүхий нөхцөл байдал үүсээд байхад СӨХ огтхон ч арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрлээ. 2010-аад онд хажуу барилгын бохирын шугам задарснаас манай гараж нилдээ бохирт автаж, өтгөн шингэн ялгадас дунд олон хонож, жил гаруй хугацаанд өмхий үнэр үнэртсээр байсан. 2014 оны зун тэр үеийн гүйцэтгэх захирал байсан Д.Батболд анх удаа гаражид засвар хийлгүүлсэн боловч олигтой үр дүнд хүрээгүй. Гаражид бороо цасны ус гоожиж, машин тэргийг бохирдуулан, өнгө будганд нь муугаар нөлөөлж хохирол үүссэн тул олон айл таазнаас плёнк зэрэг материалаар хамгаалалт хийн дүүжлэх болсон. Энэ тал дээр миний бие СӨХ-ны удирдлагуудад байнга хэлж сануулж, орчин үеийн техник, технологи ашиглан усны нэвчилтийг зогсоох, хамгаалах чиглэлээр дагнан ажиллаж туршлагажсан олон компаниудтай өөрийн биеэр холбогдож, мэдээлэл хүргүүлж, саналаа хэлж байсан. Мөн олон жилийн турш хуримтлагдан хүний эрүүл мэндийг гүн хордуулж байгаа хөгц, мөөгөнцөрийг хэрхэн устгаж ариутгах талаар судалж, мэргэжлийн компанитай холбож өгч байсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй. Жишээ нь: “Casari-Mongolia Darambat” “Грийт Дийлс”, “Ад хими” зэрэг компаниудтай өөрийн биеэр холбогдож, уулзаж, бүтээгдэхүүн үйлчилгээг нь СӨХ-д санал болгож байсан. Гаражид үүссэн тогтоол усыг зайлуулахын тулд шалыг нь маш олон газар ухаж сэндийлэх, ховил шуудуу татаж, түүн дээрээ төмрөөр хаалтархуу зүйл хийсэн нь машины явдалд босож ирж, машины эд анги гэмтээж байсан тохиолдол цөөнгүй гарсан. Лифтний талаар: Хотхоны харъяанд байдаг 0 байр ялангуяа 00-р байрны лифт байнга эвдэрч, тасралтгүй үйл ажиллагааг хангах үүрэг хүлээсэн гэрээт компани нь дуудсан цагт ирдэггүй, ирсэн ч эвдрэлийг богино хугацаанд засаж чадахгүй олон хоног (1-30 хүртэл хоног) сунжруулж, оршин суугчдын тав тухыг байнга алдагдуулсаар ирсэн. Энэ тал дээр миний зүгээс СӨХ-ны удирдлагууд болон нягтлан Б.М, гүйцэтгэх захирал Б.З, удирдах зөвлөлийн Х.Д нарт,харуул хамгаалалтын ажилтнууд, мониторын албанд удаа бүрт нь хэлж, шаардлага тавьж, илүү туршлагатай “Maron Thyssen Krupp Mongolia” LLC гэх мэт компаниудыг санал болгож, мэдээлэл өгч байсан. Бассейний талаар: 2005 онд хотхон ашиглалтад ороход 4 замтай 25 м-ийн урттай усан бассейн ажиллаж эхлэсэн. Мэргэжлийн багштай, 7 хоног тогтмол өдрүүдэд хичээл сургалт явуулах журам гаргаж, бассейны зардал болон багшийн цалинг СӨХ-ны төлбөр болох 170,000 төгрөгт багтаан батласан боловч сүүлийн 4 жил орчмын өмнөөс “Бассейнд хүүхэд баасан” гэх шалтгаанаар огт ажиллуулахгүй, душинд нь ажилчид усанд орж тогтоол ус үүсгэдэг газар болоод байна. Коронагийн үед хэсэг хугацаанд хааж болох авч өнөөдөр, УОК, НОК-с нийтийн саун, душ, бассейны үйл ажиллагааг нээсэн үед хүүхдүүд, ач зээ нараа гадуур төлбөртэй бассейнд оруулж байна. Хүүхдийн тоглоомын талбай: Хотхоны хүүхэд тоглох, салхилах, аюулгүй, тав тухтай орчин бүрдээгүй. Машины зогсоолтой зэрэгцэн орших ганц гулсуур, савлуур, дүүжин, даажин, хүүхэд тоглох, хөгжих ямар ч нөхцөл бүрдээгүй сагсны ганц шийд, хөл бөмбөгийн цоорхой тор бүхий ганц хаалгатай талбай нь сул шороо пургисан, бөмбөг хашаанаас гадагш гарахаас хамгаалсан торон хаалтгүйн улмаас хүүхдүүд хашаа даван гарч, бөмбөгнийхөө араас машин зам руу гүйдэг, хүүхдэд ээлгүй орчин болсоор өдий хүрлээ. Үүнд анхаарч ажиллахыг олон жилийн турш шаардсаар ирсэн ч огтхон ч өөрчлөлт орсонгүй. Өөр байрны хүүхдүүд хашаа даван орж ирж тоглох, залуучууд уух идэх юмныхаа хогийг хөглөрүүлэх явдал их бөгөөд гадны хүүхдүүд хулгай хийх, манай байрны хүүхдүүдийг шоглох асуудал удаа дараа гарсаар байхад харуул хамгаалалтын алба нь мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлэн суусаар л байна. Тус хотхоны байрууд 2005 онд Улаанбаатар хотын хамгийн өндөр үнэтэй барилга байсан бол СӨХ-ны үйл ажиллагаа хангалтгүйгээс байрны үнэлэмж эрс буурч, 1м.кв нь 1000$ буюу нийт 240,000 ам.доллараар худалдан авч байсан, хотын төвийн байршил сайтай байр маань өнөөдөр бараг 2 дахин багаар үнэлэгдэх боллоо. Иймд СӨХ үйл ажиллагаагаа сайжруулж, дутагдлаа арилгаж, дүрэм журмын дагуу оршин суугчдын тав тухыг ханган ажиллах хүртэл СӨХ-ны төлбөр төлөхөө зогсоосноо үүгээр тайлбарлаж байна. Надаас гадна олон ч айл дээрх шалтгаанаар мөн төлбөр төлөхөөс татгалзаж байгаа болно. Уг байрыг анх ашиглалтад ороход МУ-н үе үеийн Ерөнхийлөгчид, Ерөнхий сайд болон Монголын нэр хүндтэй олон компанийн захирлууд худалдан авч, амьдарч байсан бол дээр дурьдсан СӨХ-ийн үйл ажиллагаатай холбоотой тав тухгүй байдлаас ихэнх нь байраа орхин нүүсэн бөгөөд, өнөөдөр цөөхөн хэдхэн айл үлдсэний нэг нь манайх юм. Ийм учраас манай СӨХ-ны санхүүгийн үйл ажиллагааг хөндлөнгийн аудит оруулан шалгах, гаражийн одоо байгаа байдлыг мэргэжлийн хяналт шалгалт оруулан дүгнэлт гаргуулах шийдвэр гаргаж өгөхийг нийт оршин суугчдын өмнөөс хүсэж байна.” гэв

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч аваагүй үйлчилгээнийхээ дагуу мөнгө төлөхгүй гэж үзэж байгаа. СӨХ оршин суугчдынхаа өгч байгаа мөнгөөр цалинжиж, оршин суугчиддаа үйлчлэх байгууллага. Гэтэл Р К СӨХ оршин суугчдаа боддоггүй, зөвхөн хуримтлал үүсгэдэг гэж харагдаж байна. 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүх хурал хойшилсон байдаг. Шүүгчийн захирамжид 2005 оны СӨХ-ны төлбөрийг 170,000 төгрөгөөр тогтоосныг ямар хурлаар тогтоосон тухай баримтыг гаргуулахаар хойшилсон боловч нэхэмжлэгч уг баримтыг гаргаж өгөөгүй. СӨХ-ны төлбөр болох 170,000 төгрөгийг хурлаараа тогтоогоогүй байж 170,000 төгрөгийг авч байсан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжээд тайлбар татгалзлаа нотлох ёстой. 170,000 төгрөгөөр тогтоосон тогтоолоо шүүхэд өгөөгүй учир нэхэмжлэлийн шаардлагаа  нотолсонгүй гэж үэзж байна. Миний үйлчлүүлэгч лифтийг нь ашигладаг, цэвэрлэгээг нь 100 хувь хийхгүй юм аа гэхэд хийдэг учраас СӨХ-ны төлбөрийг төлье гэж байгаа юм. СӨХ-ны дээд тэрүүлэгчдийн тогтоолд жишиг үнэ байдаг. Айл өрхийн м.кв-аас авах үнэ 200-300 төгрөг, цэвэрлэгээний хөлс 5,000-10,000 төгрөг, жижүүр, харуулын урамшуулалт цалин 5,000-10,000 төгрөг, лифтны төлбөр 8,000-10,000 төгрөг гэсэн жишиг үнэ байдаг. Миний үйлчлүүлэгч айл өрхийн м.кв-аас авах үнийг 300 төгрөгөөр бодохоор 60,000 төгрөг, цэвэрлэгээний хөлс 10,000 төгрөг, жижүүр, харуулын урамшуулал 10,000 төгрөг, лифтны 10,000 төгрөг, нийт 90,000 төгрөгийг төлье гэж байгаа. 90,000 төгрөгийг төлөөгүй 36 сараар үржүүлэхээр 3,240,000 төгрөг болж байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нотлоогүй учраас СӨХ-ны дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын тогтоолын жишиг үнээр шийдэж төлье гэж байгаа. СӨХ-ны дээд зөвлөлд Р К СӨХ нэгдэж ороогүй. Ямар үндэслэлээр нэгдэж ороогүй гэх тайлангаа шилэн болгодоггүй, оршин суугчиддаа тайлагнадаггүй. Удирдах зөвлөл жилд 2-оос доошгүй удаа оршин суугчиддаа тайлагнах ёстой байтал тайлагнадаггүй. Оршин суугчдаа шүүхэд өгч байгаа нь ажлаа муу хийдэг гэж үзэж байна. Мэргэжлийн хяналтын газар агаараас дээж авахад мөөгөнцөр гарсан байдаг. Үндсэн хуульд зааснаар оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байна. Шүүх миний үйлчлүүлэгчийн СӨХ-д өгөх төлбөрийг жишиг үнээр тооцож өгөөч гэж хүсэж байна. СӨХ бүх нийтийн хурлаа хийгээд төлбөрөө тогтоогоод яваасай гэж хүсэж байна. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2- д зааснаар нэхэмжлэгч тайлбар татгалзлаа нотлох үүрэгтэй. Иргэний хуулийн 89-97 дүгээр зүйл,  Барилгын тухай хуулийн 20 дугаар зүйлийг үндэслэл болгож байгаа мөн. Нэхэмжлэгч нийтийн эзэмшлийн талбайд чиргүүл тавьсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. СӨХ-ны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6-д заасны дагуу бичгээр мэдэгдэх ёстой байсан боловч мэдэгдээгүй. СӨХ-ны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар эрх бүхий дээд байгууллага нь бүх гишүүдийнхээ хурлыг хийгээгүй, 14-өөс доошгүй хугацаанд шийдвэрлэх ёстой. СӨХ-ны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д зааснаар шийдвэрийн төслийг оршин суугчид бичгээр мэдэгдэнэ гэдгийг зөрчсөн. СӨХ-ны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д зааснаар гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд хяналт тавих гэж заасан байгаа боловч хэн хяналт тавиад байгаа нь мэдэгддэггүй. Удирдах зөвлөлийн дарга н.Баяр гэдэг хүн 5,100,000 төгрөгийг нэхэмжилж авсугай гэж хэрэгт хавсаргасан байсан. н.Баяр гэж хүн хэн гэдэг нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа нотолж чадахгүй байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Р К” СӨХ нь хариуцагч Өлзийсайханд холбогдуулан 2018 оны 12 дугаар сараас 2021 оны  06 дугаар  сар хүртэлх дундын өмчлөлийн ашиглалтын зардал 5,270,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 06 дугаар сараас 12 дугаар сар хүртэлх хугацааны ашиглалтын зардал 1,020,000 төгрөг, Нэхэмжлэгч “Р К” СӨХ нь хариуцагч Ч.Ө-аас складын төлбөр 1 м.кв 2500 төгрөг буюу 5 м.кв талбайг 12,500 төгрөгт тооцон 2012 оноос 2021 оны 12 дугаар сар хүртэлх 10 жилийн төлбөр 1,500,000 төгрөг,  нийтийн эзэмшлийн талбайд автомашины чиргүүл тавьсан нэг сарын төлбөр 100,000 төгрөгт  тооцон 3 жилийн төлбөр 3,600,000 төгрөг нийт 11,390,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч Ч.Ө- СӨХ-ны дээд зөвлөлөөс тогтоосон кв. м2 үнийн дүнгээр тооцвол нэг сарын 90,000 төгрөгт тооцон төлбөр төлөх ёстой тул ашиглалтын зардлыг дээрх хугацааны төлбөрийг  төлөхийг зөвшөөрнө, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг ханган шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

1.    СӨХ-ийн дундын ашиглалтын зардал 6,290,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Чингис зочид буудлын ард байрлах 101, 102, 103 дугаар байрны  Оршин суугчдын 2006 оны 12 дугаар сарын 07-ны өдөр анхдугаар хурлаар “Р К”  Сууц өмчлөгчдийн холбоог үүсгэн байгуулж, даргаар Х.Д, орон тооны бус орлогч даргаа Т.Далантай нарыг томилж, нийтийн зориулалттай дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээнд зориулан СӨХ-ийн хураамжийг 1 айлаас 1 сар бүр тутам 170,000 төгрөг байхаар тогтоожээ.(хх-ийн 10 дугаар тал)

 “Р К” Сууц өмчлөгчдийн холбоо нь  2012 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн оршин суугчдын хурлаар Сууц өмчлөгчдийн холбооны дүрмийг баталж, 2014 оны 01 дүгээр сарын 15ы өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, №16 тоот гэрчилгээг олгож, удирдах зөвлөлийн хурлын  2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11/22 дугаар тогтоолыг үндэслэн Д.Б чөлөөлж, Б.З гүйцэтгэх захирлаар томилсон үйл баримтад талууд маргаагүй.(хх-ийн 5-9, 11-12 дугаар тал).

Тус СӨХ нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо,  0 дугаар хороолол 0, 0, 0 дугаар байрны дугаар байрыг хариуцан үйл ажиллагаа явуулдаг талаар болон гүйцэтгэх захирал нь Б.З мөн эсэх талаар талууд маргаагүй энэ үйл баримт тогтоогдсон гэж үзэв.

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143..1-д “Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоо /цаашид “холбоо” гэх/-г байгуулна” гэж заасан тул “Р К”  сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүднээс Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т зааснаар тус холбооны гүйцэтгэх захирал нь холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Хариуцагч нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т “Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна.” гэж заасан тул хариуцагч тус байранд оршин суудаг, СӨХ-ны гишүүн гэж маргаагүй тул энэ хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дахь заалтад “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж заасны дагуу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2018 оны 12 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны нийт 6,290,000 төгрөг нэхэмжилсэн.

Хариуцагч шүүхийн хэлэлцүүлэгт “.......бид СӨХ-ийн төлбөрийг харьцангуй өндрөөр нэг айлаас сард 170,000 төгрөгт тооцож төлөхөөр тогтсон. Би 2018 оны хүртэл төлбөрөө тогтмол төлж, үйл ажиллагааг дэмжиж ирсэн.Гэтэл СӨХ үүргээ биелүүлэхгүй биднийг бохир заваан, мөөгөнцөртcөн орчин амьдруулж, төлбөрийн бэлнээр авдаг, тайлангаа оршин суугчдад тавьдаггүй.СӨХ-ийн сарын 170,000 төгрөгийн төлбөрт бассейнын мөн багшийн цалин багтсан. Бассейн ажиллахгүй байгаа тул багшийн зардал усны зардлыг төлөх үндэслэлгүй” гэж маргасан

Хэрэгт 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн оршин суугчдын  хурлаар баталсан “Р К”  Сууц өмчлөгчдийн холбооны дүрэм, 2015 оноос 2021 онд тус СӨХ-ийн бүх гишүүдийн хурлын тайлан, талуудын хооронд 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 103/901 тоот Нийтийн зориулалттай орон сууцны ашиглалтын явцад үүсэх харилцааг зохицуулах гэрээ зэрэг нотлох баримтаар авагдсан байна.(хх-ийн 99-151, 175-176 дугаар тал).

Нэхэмжлэгч “Р К” СӨХ-ийн дундын өмчлөлийн ашиглалтын үйлчилгээний зардалд төрөлд:

1.  дулааны төлбөр-7540 төгрөг;

2.    цахилгаан эрчим хүч-18,570 төгрөг;

3.    цэвэр усны хэрэглээ-1550 төгрөг;

4.    СӨХ-ийн үйл ажиллагаатай холбоотой зардал-88,150 төгрөг;

5.    Харуул хамгаалалт-35,950 төгрөг;

6.    Дундын эд хөрөнгө, барилгын засвар үйлчилгээ-4300 төгрөг;

7.    Хог тээвэр-2000 төгрөг;

8.    Лифт,засвар үйлчилгээ,мэргэжлийн лифтчин-3860 төгрөг;

9.    Цэвэрлэгээний материал-3200 төгрөг;

10. СӨХ-ийн бичиг хэргийн зардал-300 төгрөг;

11. Ажилчдын нормын хувцас,багаж хэрэгсэл-1180 төгрөг;

12. Үйлчилгээний утасны төлбөр/монитор, оффис/-450 төгрөг;

13. Унааны зардал /бэлтгэн нийлүүлэхэд/-250 төгрөг;

14. Гэрээт ажлын хөлс-900 төгрөг;

15. Сантехник,цахилгааны засварын зардал-1800 төгрөг нийт 170,000 төгрөгийг нэг айл өрхөөс сард хуваарилан тооцсон байна.(хх-ийн 174 дүгээр тал)

Талуудын хооронд байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 103/901 тоот Нийтийн зориулалттай орон сууцны ашиглалтын явцад үүсэх харилцааг зохицуулах гэрээ-ний 1 дүгээр зүйлийн 1.4-т СӨХ-ийн төлбөр гэж дундын өмчлөлийн эд хөрөнгө, техник, тоног төхөөрөмжийн ашиглалт, их ба урсгал засвар, техникийн үйлчилгээ, татвар, даатгал, хураамж зэрэг СӨХ-өөс үзүүлэх бүх төрлийн үйлчилгээтэй холбогдон гарах нийт зардлыг орон сууц өмчлөгч тус бүрд тэнцүү хувиарлах зардлыг хэлнэ. Үүнд:

ü  Инженерийн байгууламж (цахилгаан, сантехникийн түгээх болон дамжуулах шугам, оролтын самбар, удирдах зангилааны анхны хаалт, шалны +0.00 тэмдэгтээс дээших бохир усны шугам сүлжээ, холбооны шугамын холболтын хайрцаг болон бусад тоног төхөөрөмжүүд)-ийн засвар үйлчилгээ

ü  Барилгын хийц элемент  (гадаа хана, даацын хана, багана)-ын засвар үйлчилгээ,

ü  Гадна зам талбай, автомашины зогсоолын тохижилт, цэвэрлэгээ, аюулгүй ажиллагаа,

ü  Дээвэр, дээврийн хонгил, агааржуулалтын систем, орцны цонх, хаалга, довжоо, саравч, гэрэлтүүлэг,

ü  Зоорийн давхарт байрлах автомашины дулаан гараашийн ашиглалт үйлчилгээ,

ü  Явган шат, шатны хонгил, цахилгаан шатны засвар, техникийн үйлчилгээ, харуул хамгаалалт, хяналтын камер бичлэг түүний хадгалалт, хамгаалалт

ü  Гадна тохижилт, ногоон байгууламж,спорт хүүхдийн тоглоомын болон биеийн тамирын талбайн тохижилт,үйлчилгээ

ü  Бассейн, фитнес төвийн үйл ажиллагааны бүх зардал

ü  Ариутгал, цэвэрлэгээ,хог тээвэрлэлтийн зардал,

ü  Нийтийн болон амралтын зориулалттай барилга, байгууламж

ü  Дундын хэрэглээний ус, дулаан цахилгааны төлбөр

ü  СӨХ-ийн ажилчдын цалин хөлс, даатгал, захиргааны зардал зэрэг багтана.

            2 дугаар зүйлийн 2.5-д хэрэглээний зардал,СӨХ-ийн төлбөрийг хуульд заан дагуу дараа сарын 25-ны өдрийн дотор “Р К” СӨХ-ийн Төрийн банкан дахь 340600200802 тоот дансанд эсхүл кассанд бэлнээр төлөх бөгөөд хэрэв хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хоног тутам нийт төлбөрийн 0.5 %-тай тэнцэх алданги төлөх

5 дугаар зүйлийн 5.3-т орон сууцны ашиглалтын зардал болон СӨХ-ны төлбөрийг тогтмол төлөхийг шаардах хэрэв 6 сараас дээш хугацаагаар төлөөгүй тохиолдолд хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж төлбөрийг төлөх гэж тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт .... СӨХ-ийн төлбөрийг төлөх банкан дэх дансгүй, бассейн багшийн цалинг СӨХ-ийн хураамжид тогтоосон гэх тайлбар няцаагдсан гэж үзэв.

Хариуцагч СӨХ-ийн дээд зөвлөлөөс тогтоосон үнийн дүн болох нэг сард 90,000 төгрөгт тооцон төлбөрийг төлнө гэж маргах боловч Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасан эрхийнхээ дагуу засвар үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэх талаар дээд шатны байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэ талаар гомдол гаргаж шийдвэрлүүлсэн эсэх нь тодорхойгүй, баримтаар нотлоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч Ч.Ө- Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хандаж агаараас дээж сорьц авахуулахад мөөгөнцөр илэрсэн гэж маргадаг.

Хэрэгт 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар төв лаборатори 21-1854 бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн “Р К” СӨХ-ийн авто гараашийн төв хэсэг, зүүн хойд хэсэг, урд хэсэгт хөгц мөөгөнцөр илрэв” гэсэн баримт авагдсан, шинжилгээний дүнд СӨХ няцаалт хийгээгүй тул СӨХ-ийн зардлаас дундын эд хөрөнгө, барилгын засвар үйлчилгээ-4,300 төгрөгийг 12 сард (2021 он) тооцогдох 51,600 төгрөгийг хасаж тооцов.(хх-ийн 152 дугаар тал)

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ч.Ө-аас сууц өмчлөгчдийн холбоонд төлөх дундын өмчлөлийн засвар, үйлчилгээний зардалд 6,238,400 төгрөгийг гаргуулж  “Р К”  СӨХ-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

2.    5,100,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “Р К” СӨХ нь хариуцагч Ч.Ө-аас складын төлбөр1м2 2500 төгрөг буюу  5м2 талбайг 12,500 төгрөгт тооцон 2012 оноос 2021 оны 12 дугаар сар хүртэлх 10 жилийн төлбөр 1,500,000 төгрөг,  нийтийн эзэмшлийн талбайд автомашины чиргүүл тавьсан нэг сарын төлбөр 100,000 төгрөгт тооцон 3 жилийн төлбөр 3,6000,000 төгрөг гаргуулахыг шаардсан.

Зохигчдын хооронд байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 103/901 тоот Нийтийн зориулалттай орон сууцны ашиглалтын явцад үүсэх харилцааг зохицуулах гэрээ-ний 1 дүгээр зүйлийн 1.4-т СӨХ-ийн төлбөр гэж дундын өмчлөлийн эд хөрөнгө, техник, тоног төхөөрөмжийн ашиглалт, их ба урсгал засвар, техникийн үйлчилгээ, татвар, даатгал, хураамж зэрэг СӨХ-өөс үзүүлэх бүх төрлийн үйлчилгээтэй холбогдон гарах нийт зардлыг орон сууц өмчлөгч тус бүрд тэнцүү хувиарлах зардалд дээрх  тусгагдаагүй.

Нэхэмжлэгч хариуцагчаас дээрх талбай, ашиглаж байгааг мэдсээр байж чөлөөлөхийг шаардсан эсэх тодорхойгүй, баримтаар нотлоогүй байх тул шаардах эрхгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Ч.Ө--аас 6,238,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Р К” сууц өмчлөгчдийн холбоонд олгож нэхэмжлэлээс үлдэх 5,151,600 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 212,140 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 114,764 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Р К”  сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ГАНЧИМЭГ