Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 37

 

 

 

Д.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                                                                                                                       

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

            Прокурор: Б.Догмиддорж /цахим/

            Хохирогч: Н.Мөнгөнцацрал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Дагийнамжил,

Шүүгдэгч: Д.М,  

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ууганбаяр нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Д.Мад холбогдох, эрүүгийн 2020000470046 дугаартай, 1 хавтас, 162 хуудас бүхий хэргийг шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Б.Дагийнамжил нарын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.М-д холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Д.М 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 18 цаг 30 минутын орчимд согтуугаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар баг, Өгөөмөрийн 2-23 тоотод Н.Мөнгөнцацралын зүүн суганы ар хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.М-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Дарьсүрэнгийн Мөнхбатыг 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.Мад оногдуулсан 3/гурав/ жил, 6/зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бариулыг нь шар өнгийн цахилгааны лентээр ороосон, 14,4 см урт ажлын хэсэгтэй нийт 26,8 см урттай 1 ширхэг хутгыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

 

шүүгдэгч Д.М энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэхээр,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.М би яг тухайн үед Н.Мөнгөнцацралыг цонхоор орж ирлээ гэж сэхээрээгүй, архи уусан байсан, унтаж байсан зэргээс хамаарч гэнэт л Н.Мөнгөнцацралыг хутгалсан байсан. Би хутгалмагц л хүн хутгалснаа мэдсэн. Би Н.Мөнгөнцацралыг хутгалъя гэж огт бодоогүй. Тийм санаа зорилго тэр үед төрөөгүй, би өөрийн биеэр хүн хутгалсан талаар шууд эмнэлэг, цагдаад би өөрөө мэдэгдсэн, дараа нь найз Ариунбаатарыг утсаар дуудсан. Эмнэлэг, цагдаа ирсэн. Бодит байдал бол ийм явдал болж өнгөрсөн. Хохирогчид эмчилгээний зардал, хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Д.М би 13 настай байхад манай гэрт галзуу чоно орж ирж, ...би тухайн үед унтаж байсан. Тэгээд тэр чоныг хутгалж алсан байдаг. Энэ чоно алснаас хойш олон жил өнгөрсөн боловч хаяа надад гэнэт л бодогдож дотор давчдаж, унтаж байхад чанга дуу чимээ гарахад цочиж сэрээд нөгөө чоно орж ирж байгаа ч юм шиг болдог. Би энэ байдлаа эхнэртээ л хэлж байсан. Хаяа унтаж байх үедээ чоно гэж хашхирч бархирдаг гэж эхнэр хэлдэг, би өөр хүнд хэлж байгаагүй гэдэг. Түүний сэтгэл санаа хоромхон зуур өөрчлөгдөж юу болсон талаар мэддэггүй байдал, тэрээр өөрийн үйлдлээ мэдмэгц зохих эмнэлэг, цагдаад мэдэгдсэн, хохирогчид хохирлоо сайн дураараа төлсөн, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байгаа, хохирогчийг хутгалъя, хохирооё, гэмтээе гэж тухайн үед огт санаж, хүсч үйлдээгүй, хохирогчоос олон удаа уучлалт гуйсан, биеийн эрүүл мэндийн талаар чин сэтгэлээсээ санаа тавьсан байдал, 0-14 насны насанд хүрээгүй 4 хүүхэдтэй, ар гэрт Д.Маас өөр цалин орлоготой хүн байхгүй зэрэг дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэсэн зүйлчлэлийг “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” зүйл заалтаар өөрчилж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

            Шүүгдэгч Д.М давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би санаатайгаар хэргийг хийгээгүй. Унтаж байхад цонхоор нэг зүйл орж ирэх шиг болоод гараараа цохих шиг болсон. Тэгээд хөөж гаргая гэж бодоод дэрээрээ савах шиг л болсон. Тэгсэн Н.Мөнгөнцацрал цонхоор ороод ирсэн байсан. Тухайн үед би хүн байна гэж мэдээгүй, айж сандарч цочихдоо л тийм үйлдэл хийсэн” гэв.

 

            Хохирогч Н.Мөнгөнцацрал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би шүүгдэгчтэй 2016 оноос хойш 1 бригадад ажиллаж байсан. Шүүгдэгчтэй нэг ч удаа маргаж байгаагүй, хутгалъя гэсэн санаа бодол байгаагүй гэж бодож байна. Би цонхоор нь орж очоод орос даргаа гэж орилсон. Тэгээд өөдөөс давхиж ирээд цочиж сандаргасан болоод л хутгалсан. Ухаан алдаад сэрэхэд ах нь чамайг хутгалчихжээ уучлаарай гээд өөрөө утсаар залгаад цагдаа, эмнэлэг дуудсан. Энэ хүнтэй холбоотой ямар ч гомдол санал байхгүй, одоо би эрүүл болоод ажил төрлөө хийгээд явж байгаа” гэв.

 

            Прокурор Б.Догмиддорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...гомдолд дурдсан асуудал дараах нөхцөл байдлаар үгүйсгэгдэж байна. Үүнд: хохирогч Н.Мөнгөнцацралын “...Мөнхбатын гэрийн том өрөөний цонх онгорхой байхаар нь би цонхоор нь цээжээ оруулаад Мөнхбатаа гэж дуудсан, урдуур хөшиг унжаад юм харагдахгүй байсан ба хөшгийг гараараа холдуултал Мөнхбат ширээн дээрээс нэг юм аваад намайг шууд тэврээд авах шиг болсон... тэгээд нэг ухаан ортол би цонхоор унжийгаад Мөнхбатынх руу орчихсон паарны урд хэвтэж байсан, чамайг би хутгалчихлаа гээд миний зүүн суганы ар хэсэгт гараараа дараад сууж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Ариунбаатарын “...Д.М өөрийнхөө гар утсаар над руу залгаад манайд хүрээд ирээч, найз нь Мөнгөнцацралыг хутгалчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, яллагдагч Д.Мын “...би цонхоор ороод ирлээ гэж Мөнгөнцацралд уурлаад Мөнгөнцацралыг 2 алгадсан. Мөнгөнцацрал миний өөдөөс эсэргүүцэж элдвээр хэлэн дайрахаар нь би чи муу уучлалт гуйх байтал яаж байна аа гээд ширээн дээр байсан хутгыг авч Мөнгөнцацралыг айлгах санаатай түүн рүү дайран чичсэн чинь зүүн суганых нь ар хэсэгт хатгасан...” гэх мэдүүлэг зэргээр Д.Мын үйлдэлд сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан үйл баримт тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй, бодитой шийдвэр болсон. Иймд 65 дугаартай анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарын гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Тодруулбал хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судалж үзэхэд: 

 

Шүүгдэгч Д.М 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 18 цаг 30 минутын орчимд согтуугаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар баг, Өгөөмөрийн 2-23 тоотод Н.Мөнгөнцацралын зүүн суганы ар хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх-6, 65/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-13/, эд мөрийн баримт хураан авч, хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-15/, хохирогч Н.Мөнгөнцацралын мэдүүлэг /хх-18-19/, гэрч Ц.Ариунбаатарын мэдүүлэг /хх-21-22/, өвчний түүх /хх-33-53/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-85/, шүүгдэгч Д.Мын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 63-64/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-55/ зэрэг энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байх ба эдгээр баримтыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүйн гадна гэмт хэргийн үйл баримтыг бүрэн нотолжээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчилгүй байна.

 

Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгчөөс хэргийн оролцогчдын “хуулийн өмнө эрх тэгш” байх эрхийг бүрэн хангасан, оролцогчдоос гаргасан хүсэлтэд хариу өгөөгүй орхигдуулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

 Оролцогчдод хавтаст хэргийн материал болон шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцсэн, оролцогч нараас энэ дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх талаар ямар нэг санал хүсэлт гаргаагүй байна. 

 

Анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Мын гэм бурууг хянан хэлэлцэж,  түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж  хэрэглэсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг нь таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хэм хэмжээг зөв баримтлан, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тухайн хэрэгт оногдуулж болох хорих ялын доод хэмжээнээс хөнгөрүүлж, 3 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм бурууд тохирчээ.

 

Харин хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас” эсхүл мөн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...болгоомжгүй үйлдлийн улмаас” тус тус зэвсгийн чанартай зүйл болох хутгаар хохирогч Н.Мөнгөнцацралын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэж үзэх, мөн шүүгдэгчийг тухайн цаг хугацаанд хутгаар хүнийг гэмтээж, гэмтэл учруулж болзошгүй, өөрийн хууль бус үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах боломжгүй байсан гэж үзэх нөхцөл байдал тус тус тогтоогдсонгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн “...Д.М би 13 настай байхад манай гэрт галзуу чоно орж ирж...би тухайн үед унтаж байсан. Тэгээд тэр чоныг хутгалж алсан байдаг. Чоно алснаас хойш олон жил өнгөрсөн боловч ...унтаж байхад чанга дуу чимээ гарахад цочиж сэрээд нөгөө чоно орж ирж байгаа юм шиг болдог. Миний сэтгэл санаа хоромхон зуур өөрчлөгдөж юу болсон талаар мэддэггүй байдал, би өөрийн үйлдлээ мэдмэгц эмнэлэг, цагдаад мэдэгдсэн, хохирлоо төлсөн тул хэргийн зүйлчлэлийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах зүйл заалтаар өөрчилж өгнө үү” гэсэн, хохирогчийн “...Д.Мад тогтоосон ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлууд үндэслэлгүй байх тул тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Б.Дагийнамжил нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Мын цагдан хоригдсон 53 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                                ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

 

                                                                                                    Н.БОЛОРМАА