Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2020/0708/3 |
Дугаар | 128/ШШ2021/0016 |
Огноо | 2021-01-16 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2021/0016
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э ТӨҮГ,
Хариуцагч: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл,
Гуравдагч этгээд: ЭУДТС ОНӨХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 36 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох,
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Ж.Г, Ш.Э нар биечлэн оролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, Ш.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, гэрч Г.Б нар цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл Хот. суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13, 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь заалтыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймгийн цэвэр, бохир усны үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай 36 дугаар тогтоолыг гаргасан.
Тус тогтоолын 1 дэх заалтаар Э ТӨҮГ-ын ус олборлон түгээх тусгай зөвшөөрлийн хүрээнд Сэлэнгэ мөрний сав газраас олборлож байгаа нийт усанд 3 хувийн хорогдол, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ус хангамжийн үйлчилгээний төлбөр төлбөр тооцоонд 18 хувийн хорогдол энэхүү хэмжээнээс бохир усны үйлчилгээнд 10 хувийн шингээлт тооцохыг Э ТӨҮГ, Э-У дулаан түгээх сүлжээ ОНӨХК-уудад даалгаж, 2 дахь заалтаар Э-У дулаан түгээх сүлжээ ОНӨХК- ийн цэвэр, бохир усны хуримтлагдсан өр төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хоорондын тооцоо болон бусад арга замыг ашиглан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хандан шийдвэрлүүлэхийг Орхон аймгийн Засаг дарга,Э ТӨҮГ, Э-Удулаан түгээх сүлжээ ОНӨХК-д тус тус үүрэг болгосон.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлээр Зохицуулах зөвлөлийн бүрэн эрхийг тогтоож өгсөн байх ба бүрэн эрхийн хүрээнд цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр тогтоох аргачлал, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйлчилгээний тарифыг хянаж батлах, нийтлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх зэрэг эрхийг олгосон.
Гэтэл зохицуулах зөвлөлд олгосон бүрэн эрхэд цэвэр усны үйлчилгээний төлбөр тооцоонд хорогдол тооцох, цэвэр усны үйлчилгээний хэмжээнээс хамааруулан бохир усанд шингээлт тооцох, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчдийн хооронд үүссэн өр төлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэх бүрэн эрх олгогдоогүй, хорогдол, шингээлтийн хувийг шинжлэх ухааны ямар шийдлээр хэрхэн гаргаж тооцсон нь тодорхойгүй байна.
Мөн тус тогтоолыг бичгээр захиргааны акт гаргах шаардлага буюу Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйл 40.2.5-д захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах гэсэн шаардлагыг хангаагүй байгаа нь тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэсэн заалтаар хууль бус захиргааны акт гэж үзэж байна.
Иймд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Орхон аймгийн цэвэр, бохир усны үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай 36 дугаар тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт зааснаар утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.3 дахь хэсэгт зааснаар тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, 47.1.6 дахь хэсэгт заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.
Хариуцагч тал нь хот суурингийн хуулийн 22.3 дугаар зүйлийг ярьж байна. Тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т зохицуулах зөвлөлөөс хэрэглэгч тусгай зөвшөөрөл эзэмшигчид хоорондын гарсан маргааныг шийдвэрлэсэн шийдвэрийг нь хүлээж аваад, эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн заалтын ярьж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг дурдсан байдаг. 14.1-т хуульд өөрөө заагаагүй бол 30 хоногийн дотор гэж байдаг. Хариуцагчийн яриад байгаа хуульд өөрөөр буюу 10 хоногийн дотор гэж заасан байдаг. Энэ бол тогтоолыг хүчингүй болгохтой хамааралтай зүйл заалтын уялдаа холбоо юм.
Захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Энэ бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэ тухай хуулийн 14.5-т зааснаар энэ хуулийн 14.1-14.4- хүртэл заасан хугацаа үл хамаарна гэж байдаг. Иймд тодорхой хөөн хэлэлцэх хугацаа байхгүй гэсэн үг.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус болохыг тогтоохтой холбоотой зохицуулахтай холбоотой заалтыг эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно. Манайх эдгээр заалтуудыг бариад нэхэмжлэл гаргасан байгаа. гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэгдүгээрт манай байгууллага нь Эрдэнэт хотод өгч байгаа уснаасаа ашиг олдоггүй. Өөрийн өртгөөсөө ахиад доогуур зараад алдагдал хүлээдэг. Бид нар тэр усыг авч ирэхийн тулд зардал гаргадаг. Маш их хэмжээний цахилгаан хэрэглэдэг. Өөрийн өртгөөсөө зохицуулах хорооны доогуур үнэлгээ өгдөг. Үүнд нь Э***** ус нь нэмэгдэл тогтоогоод, ашиг олдог байгууллага юм байгаа юм.
Энэ цаана нь үүсээд байгаа энэ асуудалд би их санаа зовж байгаа. Өнөөдөр энэ асуудал гарч ирэхгүй юм аа гэхэд дараа нь хэдэн жилийн дараа том улс төржсөн асуудал болох учир шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа юм. Энэ асуудлаар хариуцагч талаас маш их хүчин чармайлт гаргаж, энэ маргааныг шийдэх гэж олон янзаар зохицуулах гэж үзсэн. Тодорхой хэмжээнд хуулийн цар хүрээгээрээ зохицуулах хороо нь нэлээн том шийдвэр гаргах эрхтэй, үүнийг бид хүлээн зөвшөөрдөг. Шийдвэр гаргахдаа техникийн алдаа гаргасан гэдгийг л бид хянан хэлэлцэж байна. Энэ алдаа бол цаанаа бол гүн гүнзгий утга учиртай болоод байна. Түүнээс бид Эрдэнэт амьдралын асуудлыг ч гэсэн зөв зохистой шийдэхийн төлөө явдаг, шийдсээр ч ирсэн. Оросын хамтарсан үйлдвэр байхад Оросын талд хэлж байж өргүй болгож байсан. Одоо төрийн өмчит босон учир ингэж явах боломжгүй болсон. Тэр үед бид бүгд хамтарч байж олон тэрбум төгрөгийн өрийг байхгүй болгож байсан. Одоо хуулийн байдал нь 180 градус эргэсэн учир бид хуулийн үг хэллэг цэг таслалыг болохгүй болоод байна. Үүнийг та бүхэн зөв ойлгоно уу.
Үүний цаана хуулийн том асуудал гарч ирж байгаа. Монгол улсын усны нөөц гэдэг бол нэг талаасаа ашигт малтмал юм. Иймд энэ ашигт малтмалыг бид тодорхой тооцоотой, тайлантай явах ёстой. Тэгэхээр цаана нь авч байгаа усны хэмжээг тоолуурын заалтаар хасдаг. Ингэхээр эзэнгүй ус хэний ч биш болж үлдээд, зардал нь манай дээр байгаа юм. Бүр сайн нарийн ухаад үзвэл Монгол улсын баялаг болох усыг хулгайлсан юм шиг ярьсан байгаа. Энэ утгаар нь хуулийн эсрэг байна гээд байгаа юм.
Монгол улсын тоолуурын заалтыг хэн ч өөрчилж чадахгүй. Харин үнийн бодлогоороо зохицуулалтаар зохицуулбал бид хүлээн зөвшөөрнө гэж бид нэг бус удаа хэлж байсан. Тоолуурын заалтыг хэдэн хувиар наашаа цаашаа болгоно гэдэг бол миний хувьд болохгүй гэж үзэж байна.
2002 оны асуудал ярьж байна. Тэр үед тоолууржуулалт ямар байлаа гэдгийг та бүхэн мэдэж байгаа.Э нь 1996 оноос эхлээд энэ тоолууруудыг алхам алхмаар, жил жилээр нь нэвтрүүлж эхэлсэн. Энэ бол их өндөр үнэтэй тоолуур ба нэг мөсөн бүгдийг нь худалдаж авах чадал байхгүй. Ингэж явсаар байгаад одоо бид дэлхийн жишигт хүрсэн тоолуураа тавьсан байгаа.
Эрдэнэт амьдрал байгууллага нь Эийн бүрэлдэхүүнээс салаад гарахад та нар тоолууржуулаарай гээд 2 сая доллар өгөөд гаргасан. Энэ мөнгөөр тоолууржуулах боломж та бүхэнд байсан болов уу гэж бодож байна. Айл болгонд ямар ч байсан тоолуур тавьсан ба хүчин чадлын тухай ямар байгаа талаар мэргэжлийн хүн биш тул сайн хэлж мэдэхгүй байна.
Усны хэрэглээний талаар ярихад манайх жил болгон гаргадаг тайлан байдаг. Ихсэж багасаж байгаа шалтгаан нь хүчин зүйлийн анализ хийж гаргадаг. Усны хэмжилт манайд маш өндөрт тавигддаг. Хоёрт манай үйлдвэрлэл нэмэгдэж байгаа. Хотын хүн ам нэмэгдэж байгаа. Танайх ч гэсэн алдагдал бууруулах тал дээр маш их ажил хийж байсан. Танай манай хоёрын хамтын үйл ажиллагаагаар энэ өрийг байхгүй болгож чадсан гэж ойлгож явдаг. Одоо ярих асуудал нь та бүхэн нь усны алдагдал гэж яриад байгаа болохоос биш, мөнгөний алдагдал маш их байгаа Авсан усныхаа мөнгийг өгөхгүй үлддэг. Түүнийгээ дараа нь усны алдагдал гэж хүмүүст тайлбарладаг. Яг энэ байдлаар маш олон мэргэжлийн бус хүмүүсийн толгойг эргүүлж байгаа.
Тоолуурын хувьд хэмжил зүйн газар нь дүгнэлт гаргаж өгдөг. Мэргэжлийн хяналтын газар нь зөвхөн дүгнэлтэд нь хяналт тавьдаг эрхтэй байгууллага. Мэргэжлийн хэмжил зүйн төв нь 2019 онд үзээд битүүмжлээд, дүгнэлтээ гаргаад, баталгаажуулаад өгсөн зүйлүүдийг бид нар хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангуулж явуулсан байгаа. Бүх эрх бүхий хүмүүсийн гарын үсэг, тамга тэмдэгтэй нь байгаа.
Энд хоёр янзын ойлголт байгаа. Нийт авсан хотын авсан усны хэмжээнээс 5-10 хувийн шимтгэл тооцно гэдэг нь нэг асуудал. Тэр усны тоолуурын заалтаас 10 хувийг авна л гэсэн үг. Үүнд бид хорогдол шимтгэл гээд нэг болгоод явсан болохоос биш, шимтгэлийг бид нар байх ёстой зүйл гэж үзэж байгаа. Ганц болохгүй байгаа нь үндэслэл болгож байгаа тоолуурын заалтыг 18 хувь, 3 хувь болгож өөрчилнө гэдэг нь усны хулгай болгоод байгаа юм шиг асуудал болоод байна л гэдэг байгаа юм. Олон бичээд байгаа зүйл нь тодорхой бус холбоогүй юм. Хоёрт 4 жилийн өмнө л ийм цаас явж байсан. Энэ яг хэвээрээ л байна. Үүнд маш олон үндэслэлгүй, баталгаагүй юмнууд бий.
Шимтгэл тооцно гэдэг нь урьд өмнө олон жил явж байснаараа л байгаа. Хорогдол тооцно гэдэг нь тоолуурын заалтын хэдэн хувь гэж авах, өөр нэгэн судалгаа шинжилгээний ажил, хэмжилтийн үндсэн гарж тооцож болно. Хоёрт манай тоолуур нь замд ирсэн хорогдлыг нь тооцоод тоолж байгаа юм. Гуравт олон улсын хэмжээнд хорогдлын асуудал нь маш маргаантай асуудал, гэхдээ газар газрын онцлог өөр, шугам сүлжээ, эх үүсвэр, ямар өндөрт байна гэх мэт зүйлд нь дэлхий нийтээр бүгдэд нь хамтатгасан норм дүрэм байхгүй. Мэргэжлийн улсууд үзээд, хэмжилтээ хийгээд, ямар нэгэн үндэслэл гаргаж ирж байгаад хоргодол тооцох зүйл нь байж болох гэхдээ ийм практикийг мэдэхгүй байна. Тоолуурын заалтыг үндэслэлгүйгээр хасдаг, хорогдол тооцдог нь техникийн болон бүх төрлийн үндэслэл алга гэдэг шүүхийн шийдвэр гарсан. Үүнийг л засъя гэдэг нөхцөл байдалтай л байгаа юм.
Миний хувьд Э***** ус дулааны үнийг нь өндөр болгоод, манай үнийг өөрийн өртгөөс нь доогуур болгосон ч хамаагүй тодорхой хэмжээнд алдагдал үүрээд, тухайн үүсэх зөрүүнд нь Э*** ус компани нь өр ширээ төлөөд явах санал гаргасан. Гэтэл тоолуурын заалтыг өөрчлөөд шийдсэн байсан. Хариуцагч нь усны үнийг нь шийдвэрлэх бүрэн боломж бий. Харин тоолуурыг өөрчлөхөөр манай дотоод тооцоо баланс зэрэг нь зөрөөд, үндсэндээ хулгайлагдсан ус юм шиг болоод байна. Иймд л бид шүүхээр үүнийг шийдвэрлүүлэх гэж нэхэмжлэл гаргасан юм.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хорогдол тооцдог тоолуур гэж байхгүй. Дамжиж байгаа усыг л тооцдог гэдэгтэй санал нэгдэх байх гэж бодож байна. Тоолуур бол дамжиж байгаа усыг л хэмжинэ.
Э**** ***** ТӨҮГ нь хорогдол тооцож өгнө үү гэж бид нарт хүсэлт тавьсан. Бүх хүсэлтийг шийдвэрлэхийн тулд тодорхой судалгаа хийж, маш олон талын оролцоог хангасан. Зохицуулах зөвлөл гэдэг бол хэн нэгэн этгээдийн хүсэлтээр шийддэг газар биш. ЭНэ бол биеийн даасан хараат бус байгууллага юм. Бид нар оролцогч бүх талын эрх ашгийг хангах зорилготой, Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын хоорондын асуудал биш. Энэ нь цаана нь Э**** **** хэрэглэгчдийн асуудал байгаа. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхийн тулд үнийн бодлогоор шийдэхээс өөр зүйлгүй. Үнэ тарифын бодлого гэдэг зүйлд, зөвхөн төгрөг мөнгөний зүйл ярьдаггүй. Ямарваа нэгэн бараа бүтээгдэхүүний борлуулахад бүтээгдэхүүний тоо хэмжээ чухал. Иймд тоо хэмжээг хэрхэн авах вэ гэхээр үнийг бодлого оролцдог учир бид бүтээгдэхүүний тоо хэмжээг хэрхэн тооцох вэ гэдэг талаар оруулсан байгаа.
Хэрэв нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаа шиг үнээр нь зохицуулсан тохиолдолд бид нарын яриад байгаа орлого болоогүй ус гэдэг зүйл юм. Тэрнээс биш алдагдаад байгаа ус биш юм. Хэн нэгэн идэж уугаад завшаад байгаа зүйл биш юм. Орлого болгож чадахгүй байгаа усыг яаж тодорхойлох вэ, ямар хариуцлага хүлээлгэх ёстой вэ гэдгийг бид нар шийдэх ёстой болж байгаа юм. Зөвхөн төгрөг гэдэг асуудлаар шийдвэр усны алдагдал үүсэх юм бол тэр асуудлыг хэн ч хүлээхгүй бодит алдагдал болох юм.
Э****** хэрэглэгчид бүгд 100 хувийн тоолууртай байгаа. Энэ тоолуур нь хэмжил зүйл газраар стандартаар бүртгэгдсэн. Тэгээд энэ тоолуураар гарсан усны нийлбэр дүнгээрээ 2.000.000 м.куб орчим ус гардаг. Нэхэмжлэгчээс авч байгаа ус нь бас 4.000.0000 орчим м.куб ус гардаг. Тэгэхээр энэ 2 тоолуурын хооронд зөрүү гараад байгаа. Ус нь алдагдаад гоожоод, асгаж цутгаад нуур далай болсон юм уу гэхээр тийм зүйл байхгүй байгаа. Тэгэхээр тоолуурын нарийвчлалын зөрүү гарч ирээд байгаа. Иймд бид нар хэрэглэгчид дээр ч юм уу өөр хүмүүс дээр гэхэд бодит усны асуудал гээд гараад ирдэг. Тийм учир бид нар үүнийг зохицуулахын тулд хорогдол тооцно гэж байгаа. Хорогдол тооцно гэдгийг чинь бид нар ганцхан манай усан дээр ярьдаг зүйл биш. Эрчим хүчин дээр ч гэсэн төлбөр тооцоо хийхдээ хорогдол тооцоод үржүүлээд явдаг. Энэ бол бараа бүтээгдэхүүн борлуулж байгаа тохиолдолд бид нар хорогдол тооцоод байгаа юм.
Гол ялгаа нь Э нь том шугамд нэг тоолуур болон хэт авианы тоолууртай. Тэр нь ингээд маш нарийн хэмждэг. Бага зэргийн хөдөлгөөнийг тооцдог. Нөгөө талд нь механик тоолуур байгаа. Тэр нь баталгаатай тоолуур хэдий ч гоожиж байгаа усыг мэдэрдэггүй. Үүнээс болоод алдагдал үүсээд байгаа ба үүнийг хотын оршин суугчдад үүрүүлэх гэхээр бас л адилхан тоолуураараа л авахыг бодно. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Санал хүсэлт байхгүй. Гаргаж өгөх нотлох баримт байна. Нэгдүгээрт Ш.Э******** итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд орж байгаа. Итгэмжлэлийг нь авч ирсэн.
Хоёрт нь Шүүхээс шаардсаны дагуу Зохицуулах зөвлөлийн 2019 оны 94 дүгээр тогтоолын хуулбар хувь, мөн Э**** ус дулаан түгээх сүлжээ ХК болон Эрчим хүчний ЦЕХ- хоорондын цэвэр усны тоолуурын заалтыг хасаж тоолох тухай 2003 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн протоколыг нотлох баримтаар гаргаж өгч байна.Э ТӨҮГ-аас 2019.11.11-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Зохицуулах зөвлөлийн Э ТӨҮГ болон Э***** ус ДТС ОНӨХК-ийн хооронд усны төлбөр тооцоотой үүссэн маргааныг шийдвэрлэсэн 2019.10.30-ны өдрийн Орхон аймгийн цэвэр, бохир усны үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай 94 дүгээр тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох нэхэмжлэлийг гаргаж байсан.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.01,30-ны өдрийн 128/ШШ2020/0081 дүгээр шийдвэрээр Хариуцагч үүссэн нөхцөл байдалд өөрийн бүрэн эрхийн хүрээнд дүн шинжилгээ хийж, дахин шинэ акт гаргах хүртэл Зохицуулах зөвлөлийн 2019 оны 94 дүгээр тогтоолыг 4 /дөрвөн/ сарын хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан.
Зохицуулах зөвлөлөөс Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу 2020 оны 04 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Орхон аймгийн Баян-Өндөр суманд очижЭ ТӨҮГ болон Э****** ус ДТС ОНӨХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд, мөн Орхон аймгийн Засаг Даргатай уулзаж, тэдний байр суурь, саналыг нь сонсох зорилгоор сонсох ажиллагааг зохион байгуулсан.
Ингээд Зохицуулах зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 36 дугаар Орхон аймгийн цэвэр, бохир усны үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталж, Зохицуулах зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 01/330 тоот албан бичгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.О*****-д хаяглан илгээсэн.
Тус Зохицуулах зөвлөлийн 2020 оны 36 дугаар тогтоолыг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 01/335 тоот албан бичгээр Э**** ус ДТС ОНӨХК-д мөн өдрийн 01/335 тоот албан бичгээр ТӨҮГ-т шуудангаар тус тус хүргүүлсэн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал нь тодорхой стандарт норм дүрэмд заагаагүй гэдэг шалтгаан гаргаж ирж байна. Монгол улсын ус хангамж ариутгах татварын систем бол Оросын холбооны улсын технологиор баригдсан байдаг. Энэ утгаараа хуучин социалист орнууд буюу Оросын холбооны улс гэх мэтчилэн бүх жишгээр, юмандаа норм дүрэм барьдаг юм. Оросын холбооны улс нь усны алдагдал тооцдог нормоо аргачлал болгосон байгаа.
Монгол улс нь энэ аргачлалтай холбоотойгоор усны алдагдал тооцдог нормууд нь хасагдсан учир Монгол улсаас орчуулгын журмаар хуулбарлаад, өөрөөр хэлбэл алдагдал тооцдог хэсэг нь хасагдсан байгаа. Зохицуулах зөвлөл бол 2012 онд байгуулагдсан. 2012 онд байгуулагдаад 2017 он хүртэл Эрдэнэт-тус дулаан,Эийг өөрсдийнхөө гэрээгээр зохицуулах боломжийг олгож, тухайн үе болгонд нь үүрэг даалгавар өгч байсан боловч энэ нь биелээгүй. 2018 онд өөрсдийн цэвэр, бохир усны үйлчилгээний тариф төлбөр тооцох аргачлалыг шинэчлэн баталсан байгаа. Энэ нь Улсын бүртгэлд бүртгэгдсэн байгаа.
Төлбөр тооцоог хийхэд хорогдол, алдагдал, шингээлт тооцох гэдэг бол зайлшгүй гарч ирдэг асуудал. Нэхэмжлэгч нь маш их чадалтай, манай улсын тэргүүнд тавигдах байгууллага гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Ийм учир хамгийн сүүлчийн үеийн технологиор шаардлага хангасан тоолуур ашигладаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн ашигладаг тоолуур нь маш нарийн мэдрэмжтэй. Ийм шаардлага хангасан, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн хэт авианы тоолуур байгаа. Иймд маш нарийн хэмжиж чадна гэсэн үг. Гэтэл олон улсын түвшинд хэрэглэгчийн түвшин бүрд байгаа хангагч, хэрэглэгч байгууллагуудын тоолуур нэг түвшинтэй байх ёстой. Жишээ нь хэт авианы тоолуураар хэмжиж байгаа бол Э******** айл болгон хэт авианы тоолуур хэрэглэж байгаа тохиолдолд тоолуурын зөрүү, алдаа, нарийвчлал ижилхэн байна. Гэтэл ямар түвшин байгаа вэ гэхээр орчин үеийн шаардлагад нийцсэн хэт авианы тоолууртай, нарийвчлалтай. Гэтэл айл бүрийн ашиглаж байгаа нь хуучин Хятадын, тэрийг бага зэрэг онгойлгосон байхад мэдрэх чадамжгүй, өөрөөр хэлбэл нарийвчлал багатай тоолуур хэрэглэдэг. Энэ тоолуур нь хоёулаа Монгол улсын стандартаар батлагдсан, тоолох хэрэгсэл хэмжээг хангасан боловч тоолуурын нарийвчлалын зөрүү гэж зүйл гардаг. Энэ зөрүүг олон улсын хэмжээнд, хэмжиж тогтоодог болохоос биш, стандартаар тоолдоггүй.Ер нь хэт авианы тоолуур, стандарт тоолуурын зөрүү 20 хүртэл хувийн зөрүүтэй тоолдог. Үүнтэй холбоотойгоор, Оросын холбооны улстай 2004 оноос хойш усны алдагдлыг хэмжих тусгай аргачлал гараад мөрддөг юм байна. Манай улсад хоцорч явж байгаад 2018 онд аргачлалаа гаргаж ирсэн.
Үүнд энэ тоолуурын зөрүүг зохицуулах зүйлд тухайн орон нутаг хот, өөрөөр хэлбэл энэ тоолуур нь шинэ хуучин хүртэл нь нарийвчлалын зөрүүтэй байдаг. Ийм учир энэ тоолуурыг зохицуулах зөвлөлд ажлын хэсэг байгуулж, хэмжиж тоолуур дээрээ нарийвчлалын зөрүү, шугамын тооцоот алдагдал гэдэг зүйлийг оруулж өгөхөөр тусгасан аргачлал байгаа. Үүнд шингээлт гэдэг юм байдаг. Өөрөөр хэлбэл та бид бүхэн биологийн хэрэгцээгээ аваад үзвэл өглөө ус уугаад тэр уусны хэмжээгээр гаргадаггүй. Энэ нь ууршиж байдаг. Үүнтэй адилхан учир энэ болгон тухайн хот суурийн газрын хуучирсан тоолуурын байдал зэргээс өөрөөр сонгогдох ялгаатай учир бид нар тарифын ажилд оруулаад өгсөн. Иймд бид нар өөрсдийн эрх үүргийн хүрээнд энэ асуудлыг шийдсэн гэж үзэж байна.
Э****** үйлдвэр" ТӨҮГ нь Э******* ус дулааныг хэрэглэгч гэж үзээд байна. Угтаа бол Э******** ус дулаан компани бол ус дамжуулан нийлүүлдэг хангагч байгууллага байна. Энэ байгууллага нь өөртөө ямар нэгэн ус хэрэглээгүй. Нэхэмжлэгчээс асар их өртөг зардлаар ирж байгаа усыг Э***** хэрэглэгчдэд түгээх асуудлыг хариуцдаг. Энэ 2 байгууллагын хоорондын зохицуулах хүрээнд шийдвэрлэхээс өөрөөр хэнээр шийдвэрлэх нь ойлгомжгүй байгаа. Иймд олон улсын жишгээр хорогдлыг тооцох нормыг батлахгүй бол тухайн үеийн нарийвчлалыг хэмжилтээр хийнэ.
Манай зохицуулах хороо нь олон улсын гишүүн байгууллага бол норм дүрмийн дагуу ажилладаг. Үүний тухай хэлмээр байна. Хамгийн наад зах нь Э****** хивс гэдэг үйлдвэр байгаа. Тухайн үйлдвэр нь хивсэндээ маш их ус шингээж үлдээдэг, энэ нь цаашлаад бохир усны систем нийлдэггүй. Ийм учир шингээлт тооцох асуудлыг оруулсан учир ийм шийдвэрийг гаргасан байгаа.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл Хот. суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13, 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь заалтыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймгийн цэвэр, бохир усны үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай 36 дугаар тогтоолыг гаргасан. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс усны алдагдлын талаар удаа дараа зохицуулалт хийж өгнө үү гэж хүсэлт ирүүлсэн. Энэ хүсэлтийн дагуу 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн албан тоотоор ирээд Хот суурины ус ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу гэрээгээ шинэчилж хийж чадахгүй, энэ байдлаас үүсээд үнэ төлбөрийн асуудал үүсэж байна. Үүнийг зохицуулж өгнө үү гэж байсан. Манайх тус хүсэлтүүдийг үндэслэн газар дээр нь очин нөхцөл байдалтай танилцаж байсан. Шугам сүлжээ эх үүсвэрийн барилга байгууламж, эцсийн хэрэглэгч бүртгэх бүхий л шугам сүлжээний байдалтай танилцаж байхад 65 км-ийн цаанаас буюу хүртэлх 800-ийн хошуутай 3 нацосын станцтай, 6 усан сангаар дамжиж үйлдвэртээ ирдэг. Энэ хоорондоо ямар нэгэн шингээлт, хорогдолгүй ирнэ гэж байхгүй. Тэгэхээр үүнд 0,3 хувийн хорогдлыг тооцож, олон улсын жишгийн хүрээнд үзсэн.
Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нь шугам сүлжээний эзэмшлийнхээ заагийг хоорондоо тохиролцож, баталгаажуулсан байдаг. Шугам сүлжээнийхээ заагт багалзуурт нь тоолуур тавиад, энэ шугам нь нэхэмжлэгчийн хариуцдаг шугам, гэтэл үүнийхээ алдагдлыг гуравдагч этгээд дээр хийгээд байдаг.
Жишээлбэл тухайн тоолуурын заалтаар өөрийнхөө шугам сүлжээний эхлэл дээр тоолуураа тавиад, энэ байдлаар нийтдээ 10 км шугам сүлжээний заагийг, дээрээс нь Говь-Сүмбэр тосгон руу явж байгаа 150 мл-ийн орчмын эх дээр өөрийн хэт авианы тоолуур тавьсан. Энэ шугамын шүүрэлт гэж тодорхой хэмжээнд бас байдаг. Үүнд бид нар тооцоолж үзсэн байгаа. Шугам сүлжээний даралт тохиргоо гэж ерөөсөө байдаггүй. Энэ шугам сүлжээнд 12 кило даралт ирж байсан. Ер нь бол 12 даралт дээр бол 6 атагаас илүүг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэв илүү гарсан байх юм бол даралтыг нь тодорхой хэмжээнд бууруулж байж барих ёстой.
Гэтэл шүүрэлт гоожилт зэргийг тодорхой хэмжээнд үүсдэг. Ийнхүү усны алдагдлуудыг тооцож хоорондын тооцоогоор хорогдол тооцох үндэслэлээ барьсан байгаа.,
Хоёр байгууллагын хоорондоо өмнө үүнийгээ тооцож байгаагүй биш тооцож байсан. Хоорондын байгуулсан гэрээндээ тусгасан байдаг. Гэрээ болон хоорондын протокол болон 15 хувиар тооцож ажиллаж байсан туршлага нь байгаа. Үүнийгээ дарга нар нь солигдож өөрчлөгдөж байгаа учир заримдаа 3 хувь заримдаа 12 хувь ч гэдэг юм уу энэ байдлаар хорогдлоо тооцож байсан жишээ байгаа. Энэ бүхнийг бид нар албажуулаад өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд тогтоолоор албажуулж өгсөн байгаа. Үүнээс хойш цаашдаа хоёулаа төрийн өмчит байгууллага учир хоорондоо бие биеэ харилцан хүндлээд явах нь зүйтэй.
Манайх мэргэжлийн түвшинд шийдвэрлэх байгууллагын гэдгийг 2 тал хүлээн зөвшөөрсөн учир хуулийн дагуу 2 тал хоёулаа манайд хандаад, элэгдэл, хорогдлыг дэлхийн жишигт тогтоож өгнө үү гэж хүсэлт ирүүлсэн байсан. Манайх маш их судалгааны ажил хийж байж, маш олон холбогдох байгууллагуудыг оролцуулан судалгааг хийсэн. Энэ бол хатуу тогтоосон биш одоохондоо хийсэн зүйл. Хэрэв нөхцөл байдал өөрчлөгдөөд Э*********-н хэрэглэгчдэд хэт авианы тоолуур тавиулсан тохиолдолд түвшин нь ижилхэн болж энэ асуудал өөрчлөгдөж, шийдэгдэнэ. Стандартаа баримталсангүй гээд байна. Яг стандарт батлагдаагүй. Хот хотод өөр байдаг. Тоолуур нэг жил болоод өөрчлөгддөг. Ийм учир төлбөр тооцооны аргачлалын дагуу хийсэн байгаа. Үүнд нэмээд хэлэхэд Оросын холбооны улсын системээ барьсан учир Оросын холбооны улсын алдагдлыг тооцдог журмын хувь хэмжээг ашиглах нь зүйтэй байх гэж үзээд 2020 онд баригдсан аргачлалыг нь авч ашигласан зүйл бий. гэв.
Гуравдагч этгээдийн төлөөлөгч Ч.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1994 оноос 2020 он хүртэл нийтдээ 42 тэрбум төгрөгийн усны үнийг зөрүү гарч ирсэн байдаг. Он оноор нь аваад үзвэл Э**** амьдрал гэх төсөл хэрэгжээд уг бүх айл өрхийг 97 хувийг нь тоолууржуулаад, усны алдагдал өдөртөө 30.000 м.куб орж ирж байсан бол одоо 7000 гаран м.куб болсон. Энэ хооронд Э*****-н хүн ам нь 2-3 дахин өссөн. Гэтэл усны хэмжээ хэд дахин багасгасан.
Ингээд 30.000 м.куб орж ирж байхад усны алдагдал нь ерөөсөө буурахгүй байсан. Үүнээс болж 42 тэрбум төгрөгийн зөрүү зохиомлоор үүссэн магадлал байдаг.
Үнэхээр нэхэмжлэгч тал нь сайн өндөр чанарын тоолуур тавьсан нь үнэн. Гэхдээ 2019 онд даргаас даалгавар авч баталгаажуулалт хийхэд тоолуурт алдаатай асуудал нэлээд их гарсан. Энэ бол Мэргэжлийн хяналтын газар, стандарт хэмжил зүйн баримтуудаар нотлогддог юм. Тоолууруудын тооцоологч болон мэдрэгчүүдэд битүүмжлэл тавьдаггүй байсан. Хоолой хэсэг нь стандарт хэмжилт хийлгэсэн гэрчилгээгүй байсан. Дээрх хэрэгслүүдэд нэхэмжлэгчийн хэмжилтийн нь утга болон программ хангамжид оруулсан өгөгдлүүд нь хоорондоо зөрүүтэй, тэр битгий хэл программ хангамжийн нууцлалыг хадгалах, хэмжил зүйн өөрчлөлт оруулахаас сэргийлэх нөхцөл байдал бүдүүгүй ийм тоолуураар тооцоо хийгээд байдаг байсан. Бид энэ тухай хариу тайлбартаа бичэн тодорхой дурдсан байгаа. 42 тэрбум төгрөгийн ус гэдэг нь ямар сонирхолоор яваад байсан гэдэг нь тодорхой болно.
Бид нар өөрийнхөө айл өрх, хэргэлдэгчийнхнээ тоолуурыг хэр зөрүүтэй байна гэдэг талаар олон хэмжилт хийж байсан. Энэ талаар хариу тайлбарынхаа 3 дугаар хэсэгт мөн дурдсан байгаа. Товчхондоо бол голын хэсгийн говь хэсгийн даралт маш өндөр байсан. Олон улсын практикт шугамын усны даралт өндөр байх тусам төдий чинээ их байдаг гэдгийг тооцож явдаг. Үүнийг нэхэмжлэгч нь техникийн шаардлагыг тухайн үед нь хангаагүй явж гэдгийг хариу тайлбартаа оруулж өгсөн байгаа юм. Хамгийн гол нь манай хэрэглэгчдийн механик тоолуур болон нэхэмжлэгчийн тоолуурын зөрүү байгаа. Гэхдээ энэ бол тоолуурын баталгаажуулалт асуудлаас болж үүссэн зөрүү нь их байгаа. Хэрэглэгчдийн тоолуурын алдаа байх нь байгаа.
Хамгийн гол нь манайх нэхэмжлэгчийн дамжих шугамуудыг алдагдалтай нь хариуцаад олон жил болсон. Хил хязгаарын заагаар тогтоох зэрэг нь төр орон нутгийн өмч учир холилдоод болдоггүй. гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 36 дугаар Орхон аймгийн цэвэр, бохир усны үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталжээ.
Нэхэжмлэгчээс хариуцагчид үйлчилгээний төлбөр тооцонд хорогдол, шимтгэл тооцох, хэрэглэгчийн хооронд үүссэн өр төлбөрийг шийдвэрлэх эрх олгогдоогүй, утга агуулгын илэрхий алдаатай, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль заасан үндэслэл байгаагүй гэж, хариуцагчаас маргаан бүхий асуудлаар нэхэмжлэгч, гуравдагч этгээдээс манай байгууллагад удаа дараа хүсэлт ирүүлсэн, өөрийн эрх хэмжээний хүрээнд тогтоол гаргасан гэж, гуравдагч этгээдээс өмнө нь гэрээгээр хорогдол шимтгэлийн асуудлыг зохицуулж байснаас өр төлбөр үүссэн, шимтгэл, хорогдол тооцсон нь үндэслэлтэй гэж тус тус маргажээ.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд зохицуулах зөвлөлийн бүрэн эрхийг хуульчилсан бөгөөд тус хуулийн 10.1.1-д цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр тогтоох аргачлал, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйлчилгээний тарифыг хянаж батлах, нийтлэх, 10.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх гэж тус тус заажээ.
Дээрхээс дүгнэвэл хариуцагчийг өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд маргаан бүхий захиргааны актыг гаргасан гэж үзэхээр байна.
Учир нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр тогтоох аргачлал батлах эрх хариуцагчид олгогдсон байх бөгөөд уг аргачлалын хүрээнд нийт усанд 3 хувийн хорогдол, үйлчилгээний төлбөр тооцоонд 18 хувийн хорогдол, бохир усны үйлчилгээнд 10 хувийн шимтгэл тооцон гэрээ байгуулахыг нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
Өөрөөр хэлбэл төлбөр тогтоох, үйлчилгээний үнэ тариф батлах гэдэг нь зөвхөн мөнгөн дүгээр илэрхийлэгдэх тоо биш бөгөөд ус, дулаан, эрчим хүчээр үйлчлэх, түүнийг түгээх явцад зүй ёсны хорогдол гардаг бөгөөд уг хорогдол, шимтгэлийг төлбөр тооцох аргачлалд оролцуулж баталсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь дээрх асуудлыг гэрээгээр зохицуулж ирсэн бөгөөдЭ ТӨҮГ-аас 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн № ХБ-24-12/1254 тоот албан бичгээр, ЭУДТС ОНӨХК-иас 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн № 283 тоот албан бичгээр тус тус маргаан бүхий асуудлыг зохицуулах хүсэлтийг хариуцагчид уламжилж байсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус болох үндэслэлийг дурдсан бөгөөд хуулийн 47.1.1-д утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.3-д тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж тус тус хуульчилжээ.
Хариуцагчид Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиар цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр тогтоох аргачлал батлах, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх эрх олгогдсон байх тул хариуцагчийг өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Харин утга агуулгын илэрхий алдаа гэдэг нь найруулга зүйн болон үг, үсэг тооны алдаа нь илтэд илэрхий байхыг шаардах бөгөөд маргаан бүхий захиргааны актын хувьд зорилгодоо нийцсэн, хууль болон түүнд нийцүүлэн гарсан хэм хэмжээний актыг зөрчөөгүй, захиргааны акт илт хууль бус болох шинжийг агуулаагүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.5, Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6-д заасныг тус тус баримтлан Э ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд холбогдох Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 36 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 төгрөгнөөс төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ