Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2411

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2018/01970 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.А-ын хариуцагч НЗД-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.А, өмгөөлөгч Д.Цэрэнханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НЗД-ын 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б\144 дугаар захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн 209 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон. Намайг иргэдээс өргөдөл гомдол ирсэн гэдгээр шалтаглаж 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ажлаас халсан. Гэтэл НЗД-ын захирамж 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гарсан. Засаг дарга бид нарыг ажилд томилох, чөлөөлөх тухай тушаалыг гаргадаг боловч хөдөлмөрийн гэрээг Нийслэлийн Боловсролын газрын даргатай байгуулдаг. Хөдөлмөрийн гэрээг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дахин шинэчлэн байгуулсан. Намайг Сангийн сайдын 266 дугаар тушаалыг зөрчсөн, Б.Бат-Эрдэнийг үндэслэлгүй ажлаас халж мөнгө олгосон, иргэдээс хууль бусаар хураасан мөнгөнөөс 9 442 500 төгрөгийг улавчид зарцуулсан, хууль бусаар зарцуулсан гэсэн. 2017 оны 9 дүгээр сард багш нар хоорондоо ярилцаж шийдвэрлэсний дагуу эцэг эхчүүдтэйгээ харилцан тохиролцоод ариун цэврийн хэрэгслүүд аяга таваг угаагч, агааржуулагч, угаалгын нунтаг зэргийг авсан.

2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн Боловсролын газрын даргын удирдамжийн дагуу ажлын хэсэг шалгалт хийхээр ирж нэлээдгүй хугацаанд бүх зүйлийг шалгасан бөгөөд ариун цэврийн хэрэглэгдэхүүн авсныг тогтоосон гэсэн, тэгээд уг зүйлсүүдийг буцааж эцэг эхчүүдэд нь өг гэсэн даалгаврыг тэр даруйд нь биелүүлээд 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 112 тоот албан бичгээр байгууллагын үйл ажиллагааны талаарх тайлбар тайланг Нийслэлийн Боловсролын газарт хүргүүлсэн. Зөрчлийг нэн даруй арилгасан тул үүнд арга хэмжээ авах нь үндэслэлгүй. Дараагийн зөрчил гээд байгаа нь 2017 оны 8 дугаар сарын 16-нд багш Б.Бат-Эрдэнийг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг гүйцэтгээгүй гэж үзэн ажлаас халсан. Гэвч шүүхээс ажилд нь эгүүлэн тогтоосон болохоор тухайн ажилтанд нэхэмжилсэн мөнгийг нь шийдвэрийн дагуу олгосон. Үүнийг зөрчил гэж үзсэн бол арилгуулахаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Дараа нь дахиад Б.Бат-Эрдэнэ ажлаа хийхгүй хөдөлмөрийн гэрээг зөрчсөн тул мөн тушаал гарган ажлаас нь чөлөөлсөн, шүүхээс үүнийг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн. Энэ нь ажлаас халах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Дараагийн зөрчил нь иргэдээс хууль бусаар 9 000 000 төгрөг хурааж авсан зориулалт бусаар зарцуулсан гэдэг. Энэ бол хандив биш. Энэ бол эцэг эхчүүдтэй харилцан тохиролцоод гэрээ байгуулсан, цэцэрлэгийн дотоод зохион байгуулалтын ажил юм. Манайх цэцэрлэгийн зөвлөлтэй бөгөөд 5 дугаар сарын 05-ны өдөр хурал хийгээд зөвшилцөөд шийдвэр гарган эцэг эхтэй хамтарсан гурвалсан гэрээ байгуулаад, уг гэрээнд улавчны мөнгийг бүтэн жилээр төвлөрүүлж авахаар заасан. Мөнгийг зориулалтын бусаар зарцуулаагүй, хувьдаа ашиглаагүй, цэцэрлэгтээ л зарцуулсан.

2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр НЗД-ын орлогч даргаар удирдуулсан ажлын хэсэг дахин орж ирсэн, өмнө шалгасан зүйлүүдийг дахин шалгаж, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дүгнэлтээ танилцуулсан, би зөвшөөрөхгүй байна гээд хариу тайлбарыг хавсаргаж өгсөн. 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дүгнэлтийг гардаж авсан. Энэ дүгнэлтэд арга хэмжээ авах талаар тусгагдсан байсан. Энэ бүгдийг цаг хугацааны хувьд авч үзвэл сүүлийн ажлын хэсгийн дүгнэлт 4 дүгээр сарын 30-ны өдөр гарсан боловч НЗД-ын захирамж 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гарсан. Мөн Нийслэлийн Боловсролын газрын даргын санал 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр НЗД-д хүргэгдсэн байдаг. Захирамжаасаа хойно хүргэгдсэн санал байдаг юм уу, энэ мэт илт алдаатай зүйлүүд байдаг. Мөн хариу тайлбарт тушаалд дурдаагүй олон зүйл заалтыг нэмж оруулсан байна. Ажлын байрны тодорхойлолтыг захирамжид тусгаагүй байж хариу тайлбарт тусгасан байна. Энэ мэт хоорондоо уялдаагүй зүйлүүд байна. Иймд миний бие хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргаагүй тул цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд минь эгүүлэн тогтоож өнөөдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг олгож, нийгмийн даатгалын дэвтэрт татвар, шимтгэлийн нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цэцэрлэгийн эрхлэгч нь Төрийн албаны тухайд хуульд зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалтан бөгөөд Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2., Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т тус тус зааснаар нийтийн албан тушаалтан юм. 2017 оны 9 дүгээр сард ажлын хэсэгт гомдол ирсний дагуу Нийслэлийн Боловсролын газраас тус цэцэрлэгт шалгалт явуулсан бөгөөд үүний үр дүнд 209 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч нь Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн А/266 тоот тушаалын хавсралтаар батлагдсан цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эхээс нэг хичээлийн жилийн хэрэглэгдэхүүнд тусгаагүй буюу ариун цэврийн хэрэглэлийг хураасан зөрчил гаргасан нь тогтоогдсон. Мөн НЗД-ын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А\826 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр батлагдсан удирдамжийн дагуу тус цэцэрлэгт хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулсан. Энэ хоёр шалгалт нь өөр юм. Энэ шалгалтаар багш Б.Бат-Эрдэнийг буруу шийдвэр гаргаж ажлаас халсны улмаас шүүхийн шийдвэрийн дагуу 2 231 548 төгрөгийг цэцэрлэгийн төсвөөс гаргаж байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, иргэдээс хууль бусаар хурааж авсан 9 442 500 төгрөгөөс 4 067 500 төгрөгийг нь улавч худалдан авахад зарцуулаад үлдсэнийг нь зориулалтын бусаар зарцуулсан ноцтой зөрчил гаргаж сахилгын зөрчил гаргасан нь ажлын хэсгийн шалгалтаар тогтоогдсон. Нэхэмжлэгчтэй анх 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд хууль тогтоомжид өөрчлөлт оруулсантай холбогдуулан 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Тус хөдөлмөрийн гэрээгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг гүйцэтгэхээр, гэрээний 5.2-т Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг мөрдөж ажиллана, 6.3-д Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчлийн үндэслэлүүдийг тус тус тодорхой заасан байдаг. Ц.А-ын хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд НЗД-ын захирамж хуулийн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.А-ыг Нийслэлийн Хан-Уул дүүргийн 209 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 3 670 140 төгрөгийг хариуцагч НЗД-ас гаргуулж Ц.А-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2 дахь хэсэгт заасны дагуу дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, татвар хураамжийг тооцон нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 73 768 төгрөг гаргуулж шийдвэрлэжээ.  

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг Нийслэлийн боловсролын газрын ажлын хэсгийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дүгнэлтээр илрүүлсэн байх бөгөөд уг зөрчилд НЗД-ын 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/45 тоот захирамжаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй гэж шүүх дүгнэсэн нь дээрх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь хууль бус төлбөр хураамжаар авсан мөнгийг хууль бусаар зарцуулж зөрчил үргэлжилсээр байсныг үнэлж дүгнээгүй. Нэхэмжлэгч нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн нь тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой үнэлж, дүгнээгүй гэж үзэж байна. Учир нь цэцэрлэгийн эрхлэгч нийтийн албан тушаалтан юм. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч НЗД-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

НЗД-ын 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/45 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ц.А-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т заасныг үндэслэн албан үүргээ гүйцэтгэхдээ Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн А/266 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхээс нэг хичээлийн жилд бэлтгүүлэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалт”-д тусгаагүй хэрэглэгдэхүүн хураасан, Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчиж Ц.Бат-Эрдэнийг ажлаас халсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож түүнд 2 230 548 төгрөгийг цэцэрлэгийн төсвөөс олгосон, иргэдээс хууль бусаар хураасан 9 442 500 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан зэрэг ноцтой зөрчлүүдийг гаргасан гэж ажлаас чөлөөлжээ.

Нийслэлийн боловсролын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/826 дугаар тушаалаар томилсон ажлын хэсэг 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн удирдамжийн дагуу Хан-Уул дүүргийн 209 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаанд шалгалт хийж, мөн оны 9 дүгээр сарын 20-ны өдөр шалгалт хийсэн тухай ажлын хэсгийн дүгнэлт гаргасан, уг дүгнэлтэд 6 зөрчлийг нэрлэн заасны дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн А/266 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхээс нэг хичээлийн жилд бэлтгүүлэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалт”-д тусгагдаагүй хэрэглэгдэхүүн болох аяга таваг угаагч шингэн 100 ширхэг, угаалгын нунтаг 106 ширхэг, хивс цэвэрлэгч 100 ширхэг, агааржуулагч 91 ширхэг, барааны саван 1 ширхгийг тус тус нэмж хураасан,  Б.Бат-Эрдэнийг Хан-Уул дүүргийн 209 дүгээр цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоосон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шийдвэрийг биелүүлж цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/02 тушаалаар Б.Бат-Эрдэнэд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 2 230 548 төгрөгийг олгосон, цэцэрлэгийн захиргаа 2017-2018 оны хичээлийн жилд хүүхдийг эрүүл аюулгүй сурч хөгжих орчин нөхцөлийг бүрдүүлэх, бага насны хүүхдийн хөгжлийн стандартыг хэрэгжүүлэхэд эцэг эх, асран хамгаалагчийн хүүхдэд тавих анхаарал хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор эцэг эх, асран хамгаалагчтай гурвалсан талт гэрээ байгуулж, улавчны үнэд 10 бүлгийн 357 хүүхдээс нийт 9 442 500 төгрөгийг хураан авч /1хх93-111/, тус мөнгөнөөс 4 067 500 төгрөгийн нэг удаагийн улавч худалдан авсан зөрчлийг илрүүлсэн талаар тусгагдсан байна. /1хх24-26/

Цэцэрлэгийн захиргаа шалгалтын дүгнэлтийг хүлээн авч, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 112 дугаар албан бичгээр зөрчлийг арилгаж авсан арга хэмжээний тайланг Нийслэлийн боловсролын газарт хүргүүлсэн /1хх64-93/, нийт ажилтан албан хаагчдад танилцуулсан байх бөгөөд тус шалгалтын дүнгээр цэцэрлэгийн эрхлэгч Ц.А-д сахилгын арга хэмжээ аваагүй, харин түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр сунгасан нь хэрэгт баримтаар авагджээ.

Түүнчлэн, Хан-Уул дүүргийн 209 дүгээр цэцэрлэгийн 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар тус цэцэрлэг нь “зөрчилгүй” гэж дүгнэгдсэн байна.

Хариуцагч талын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/826 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр баталсан удирдамжаар 209 дүгээр цэцэрлэгт дахин шалгалт хийсэн байх бөгөөд өөр шалгалт гэж тайлбарлаж, уг шалгалтын дүнг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/45 дугаар захирамжаар Ц.А-д сахилгын арга хэмжээ авч, хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэснийг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь дээрх 2018 оны Б/45 дугаар тушаалд үндэслэл болгосон 3 зөрчлийг 2017 оны 9 дүгээр сард хийсэн хяналт шалгалтаар илрүүлсэн гэж тухайн үеийн дүгнэлтэд тэмдэглэсэн бөгөөд зөрчил үргэлжилсэн, дахин шинээр зөрчил гаргасан нь тогтоогдоогүй байна. Иймд өөр шалгалт хийсэн гэж өмнөх дүгнэлтэд дурдсан үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах талаарх Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь заалтад нийцэхгүй, мөн Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүх хэргийн дээрх нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч Ц.А-ыг ажлаас чөлөөлсөн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/45 дугаар захирамж нь хуульд нийцээгүй гэж үзэн нэхэмжлэгчийг 209 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 670 140 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасанд нийцсэн. Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 670 140 төгрөг гаргуулж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2018/01970 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ш.ОЮУНХАНД

 

                                              ШҮҮГЧИД                                 Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ