| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2024/0997/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1007 |
| Огноо | 2024-09-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1007
2024 9 16 2024/ШЦТ/1007
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,
улсын яллагч Н.Анхбаяр, хохирогч Г.***, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа, шүүгдэгч Б.*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408 00000 1012 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ХХК-нд селесор ажилтай, ам бүл 4, ээж, эгч, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн *** тоотод оршин суух, урьд:
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 677 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
*** /РД:***/,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.*** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миний” сүлжээ дэлгүүрийн орчим авто зам дээр үл ялих шалтгаанаар хохирогч Г.***ийн биед халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 858 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримт, сэтгэцэд учирсан хор уршгийн дүгнэлт болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.***.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргах зүйлгүй гэсэн бол хохирогчийн өмгөөлөгчөөс хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх байр суурьтай оролцсон болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэг, гэм буруугийн дүгнэлтээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.*** нь согтуурсан үедээ 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миний” сүлжээ дэлгүүрийн орчим авто зам дээр хохирогч Г.***ийг зам тавьж өгсөнгүй гэх үл ялих зүйлээс болж гараараа нүүрэнд нь цохих, хэвлий хэсэгт өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “зүүн 6-р хавирганы зөрүүгүй далд хугарал, баруун хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжинд цус хуралт, баруун нүдний ухархайн дотор хананы далд хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Г.***ийн “...би 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миний” дэлгүүрийн урд гэр рүүгээ 13-33 УЕВ улсын дугаартай приус-20 маркийн автомашинтай явж байсан чинь явган хүний гарцаар 2 согтуу эрэгтэй дундаа хүүхэд хөтөлсөн явж байхаар нь би хурдаа сааруулаад зам тавьж өгсөн чинь нэг согтуу эрэгтэй нь жолоочийн эсрэг талын хойд хаалга хэсэг рүү өшиглөөд авахаар нь би машинаа зогсоогоод нөгөө эрэгтэйг яагаад машин руу өшиглөж байгаа юм гэсэн чинь хажуу талаас шал танихгүй 20 гаран насны согтуу эрэгтэй шууд миний баруун хөмсөг рүү гараараа цохисон чинь миний хөмсөгнөөс цус гарсан ба цусаа дараад тонгойсон чинь зүүн шанаа хэсэг рүү цохиод зүүн талын хамгийн арын арааг хугалчихсан. Мөн зүүн хавирга хэсэгт өшиглөсөн ба одоо амьсгалж чадахгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх6/,
Гэрч Ц.***ын “...2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр би ажлын газрын дүү болох *** болон өөрийн төрсөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хамтаар явган хүний гарцаар гарч байсан юм. *** бид хоёр тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба явган хүний гарцаар гарч явтал гэнэт приус-20 маркийн машин хурдтай ирж намайг дайрах шахам хажуугаар өнгөрөөд зогссон. Түүний дараа тухайн машинаас нэгэн залуу гарч ирээд “чи үхэх чинь дутаа юу” гээд шууд бариад авсан. Тэгэхээр нь би “явган хүний гарцаар гарч байна” гэж хэлтэл тухайн жолооч намайг заамдаж аваад бид хоёр маргалдаж байж байтал манай ажлын дүү *** ирж намайг салгаад тухайн залууг нүүр лүү нь цохиж зодолдсон...” гэсэн мэдүүлэг /хх10/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх1/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн 7404, 756 дугаар дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байна.
3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 7404 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Т.***ийн биед зүүн 6-р хавирганы хугарал, баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн бол /хх19-20/, материалаар хийсэн шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэйгээр гаргасан 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 756 дугаартай шинжилгээний дүгнэлтэд “2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 7404 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна....Г.***ийн биед зүүн 6-р хавирганы зөрүүгүй далд хугарал, баруун хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, хүзүү цээжинд цус хуралт, баруун нүдний ухархайн дотор хананы далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах гэмтэл тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Г.***ийн шүдний араа хөдөлсөн гэх эмнэлгийн бичиг баримт байхгүй байна.” гэжээ. /хх44-47/,
4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийг цохиж, өшиглөж зодсон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар үйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... зэрэгт шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж заасан.
Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, мөн зүйлийн 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан.
Хохирогч Г.*** нь эрүүл мэндэд учирсан хор уршигтай холбоотой 1,548,350 төгрөгийн эмчилгээ, эм тарианы зардал гарсныг нэхэмжилсэн. Харин ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг иргэний хэргийн шүүхийн журмаар жич нэхэмжлэх болохоо илэрхийлсэн. Ажилгүй байсан хугацааны дутуу авсан цалин хөлсийг зөвхөн цалингийн тодорхойлолтод үндэслэн шийдвэрлэх боломжгүй, түүний хөдөлмөрийн чадвар түр алдсантай холбоотой нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн зөрүүгээс тооцон олгодог болохыг дурдан нь зүйтэй.
Иймд шүүгдэгчээс 1,548,350 төгрөгийг гаргуулан хохирогчид олгуулж, дутуу авсан цалин хөлсөн болон бусад гэм хорын хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
7. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж заасан.
Хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг шинжээчийн 825 дүгнэлтээр сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна гэжээ. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд 1-р зэрэглэлд хамаарах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтоохоор заасан.
Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан тул сэтгэцэд учирсан хор уршгийг шинжээчийн дүгнэлт, журамд зааснаар бодож буруутай этгээдээр төлүүлэх нь зөв байна.
Тиймээс дээрх хууль, жишиг аргачлалд заасны дагуу сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг журамд заасан 4,99 дахин нэмэгдүүлж тооцон шүүгдэгчээс 3,293,400 төгрөгийг гаргуулан хохирогч Г.***д олгохоор шийдвэрлэв.
8. Мөн прокуророос хохирогч Г.*** нь 2024.06.03-ны өдрөөс 2024.06.06-ны өдрийг хүртэл Гэмтэл согог судлалын үндэсний төвд 236.380 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан /хх61/ нь лавлагаагаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс уг мөнгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлүүлэх дүгнэлт гаргасныг хүлээн авч шийдвэрлэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж заасан.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй.” гэж заасан ба тус хэрэгт иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтнийг тогтоосон нь хуульд нийцжээ. Улмаар иргэний нэхэмжлэгчээс “...манай эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Г.***ийн эмчилгээний зардалд зарцуулсан 236.380 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү...” гэж /хх65/ холбогдох баримтыг хавсаргажээ.
Тиймээс даатгалын санд нөхөн төлүүлэх зардлыг хариуцан төлбөл зохих Б.***аас гаргуулан 236.380 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаарын дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
9. Улсын яллагчаас шүүгдэгч Б.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан бол, шүүгдэгч нь хөдөлмөр эрхэлж хохирлоо төлөх боломжтойгоор торгох ял оногдуулж өгнө үү гэжээ.
10. Шүүгдэгч Б.*** нь урьд санаа гэмт хэрэг үйлдэж байсан тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй, мөн гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн нөхцөл байдал байхгүй, шүүгдэгч согтуугаар үл ялих зүйлээр шалтгаалан хүний эрүүл мэндэд халдан зодсон байна. Тиймээс шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд урьд хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байсан болон эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзлээ.
12. Шүүгдэгчийн үйлдэлд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан.
13. Иймд шүүгдэгч Б.***ын эрхэлсэн тодорхой ажилтай, хөдөлмөр эрхэлж, хохирогчид хохирол төлөх нөхцөл боломжтой байхыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн, гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
14. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогчийн дүрс оношилгооны хариу бүхий 2 ширхэг дискийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***ыг 1000 нэгж буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497.1, 505.1, 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс хохирогчийн эрүүл мэнд, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 4,841,750 /дөрвөн сая, найман зуун дөчин нэгэн мянга, долоон зуун тавь/ төгрөг гаргуулан хохирогч Г.***д олгуулж, хохирогч нь гэмт хэргийн улмаас дутуу авсан ажилгүй байсан хугацааны цалин хөлс, гэм хорын бусад хохирлыг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.***аас 236.380 /хоёр зуун гучин зургаан мянга гурван зуун ная/ төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаар дансанд төлүүлсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг дискийг хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР