Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1014

 

 

 

 

 

 

 

 

    2024             9           18                                          2024/ШЦТ/1014                 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

улсын яллагч Т.Төмөртулга, шүүгдэгч Э.***, хохирогч Э.*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.***т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408 00000 1096 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин, найруулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

***, /РД:***/;

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Э.*** нь 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 8 дугаар байрны хойд зам дээр иргэн Э.***ыг зам тавьж өгсөнгүй гэх шалтгаанаар нүүрэнд нь гараараа цохиж зодон биед нь "хамар ясны хянга, зүүн хажуу хана, таславчийн цөмөрсөн хугарал, мурийлт" гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 852 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Э.***.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэг, гэм буруугийн дүгнэлтээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Э.*** нь 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 8 дугаар байрны хойд зам дээр замын хөдөлгөөнд оролцох үедээ хохирогч Э.***ыг зам тавьж өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Э.***ын нүүрэнд нь гараараа цохиж зодон биед нь "хамар ясны хянга, зүүн хажуу хана, таславчийн цөмөрсөн хугарал, мурийлт" гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь хохирогч Э.***ын "... Би 2024 оны 6 дугаар сарын 26-ны оройн 19 цаг 15 минутад Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар байрнаас гараад 89-94 УАВ улсын дугаартай “suссееd” маркийн авто машиндаа суугаад гэр рүүгээ хөдөлсөн. Гэтэл тухайн байрнаас гардаг хоёр урсгалтай замын урд талын урсгалд нь автомашинууд эгнэсэн байдалтай байсан бөгөөд ер нь машинууд тэгээд тавьчихдаг юм л даа. Тэгээд би хойд талын эгнээгээр явж байтал өөдөөс цагаан өнгийн 81-13 УНМ улсын дугаартай “wellfire” маркийн автомашин гарч ирсэн юм. Нэг урсгалтай замаар өөд өөдөөсөө гарч ирсэн болохоор 81-13 УНМ улсын дугаартай авто машины эзэн намайг цонхоороо толгойгоо гаргаж ирээд чи ухар л даа гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө урсгалаар явж байсан болохоор чи өөрөө ухарчих гэж хэлсэн.. миний ард 5-6 автомашин байсан нөгөө 81-13 УНМ улсын дугаартай автомашины ард нэг ч машин байгаагүй. Гэтэл жолоо барьж байсан залуу бууж ирээд миний машины цонхны хажууд ирээд пиздаа минь зайл, ална шүү, гичий минь гэх мэт зүйл хэлээд цонх руу гараараа цохиод байсан. Тэгэхээр нь би чи яасан бүдүүлэг юм бэ, чи намайг зодчих гэж хэлсэн. Тэгсэн чинь миний машины хаалга нээж байгаад баруун гараараа нүүрний зүүн хэсэгт 2 удаа цохиод зүүн гараараа энгэрээс зуурч байгаад баруун гараараа цээж рүү цохичхоод надаас холдсон юм. Тэгэхээр нь машиныхаа хаалга, цонхоо хааж, түгжээд цагдаагийн байгууллагад хандсан... Тэгээд би нөгөө залууд би цагдаагийн байгууллагад хандсан байгаа. Би цагдааг хүлээж байна гэж хэлсэн чинь нөгөө залуу машиндаа суугаад өөрөө ухраад зогсоол хэсэг рүү орчихсон юм. Ойрхон ч байсан. Тэгэхээр нь би араас нь дагаад зогсоол хэсэг рүү орсон. Тэгсэн чинь нөгөө жолооч нь бууж ирээд гараараа цонх цохиж хагалаад хаалга онгойлгоод миний нүүр хэсэг рүү баруун гараараа 6-7 удаа цохисон. Тэгээд нөгөө залуу чинь өөрөө ядраад больчихсон...” гэсэн мэдүүлэг /хх24-25/,

            Гэрч О.***ын “ ...байрных нь хойд талд автомашины замаар ороход өөдөөс нь цагаан өнгийн автомашин тулж ирсэн. Тэгээд *** тухайн жолоочтой үл ойлголцож маргалдсан. Улмаар нөгөө машин ухрахгүй болохоор нь *** түрүүлж ухарч өгөөд өөдөөс орж ирсэн машинуудыг гаргахад нөгөө цагаан өнгийн автомашин гарахгүй ***ын автомашины ард замыг нь хааж зогссон юм. Гэтэл *** машинаасаа буугаад тухайн машины жолоочийг чи яах гээд байгаа юм бэ, би гармаар байна гэсэн боловч тухайн жолооч хөдлөхгүй цонхоо хаагаад суугаад байсан. Гэтэл *** машины цонхыг хагалж, тухайн залууг цохисон. Би очиж ***ыг салгасан. ..Ямар ч байсан машины жолоочийн урд талын шил хагарсан, жолоочийн хамраас цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх35-36/, шүүгдэгч Э.***ын шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн 8714 дугаар дүгнэлт, “Тэнцвэр эстимейт” ХХК-ийн Ц-0578 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх43-45/ зэргээр тус тус нотлогдож байна.

            3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 8714 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Э.***ын биед хамар ясны хянга, зүүн хажуу хана, таславчийн цөмөрсөн хугарал, мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэжээ. /хх38-39/,

4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийг гараараа цохисон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Э.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар үйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас  хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... зэрэгт шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох,  гэмт хэрэг үйлдэж  хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор  уршигт тооцохоор, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж заасан.

Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, мөн зүйлийн 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан.

7. Хохирогч нь баримтаар 497.880 төгрөгийг нэхэмжилсэн /хх11-13/, сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохоос татгалзсан байх ба /хх30/ шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлөгдсөн нэхэмжлэх зүйлгүй гэжээ.  Шүүгдэгчээс хохирогчид 2.600.000 төгрөгийг төлсөн талаар талууд мэдүүлж байх тул шүүгдэгч Э.***ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгч Э.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан.

9. Шүүгдэгч Э.*** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар ял оногдуулахад эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцон, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайг харгалзан үзлээ.

11. Шүүгдэгчийн үйлдэлд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан.

12. Иймд шүүгдэгч Э.***ын үл ялих зүйлээр шалтаглан бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд халдсан хэргийн нөхцөл, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөр эрхэлдэг, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн үзэх нөхцөлтэйг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.***ыг 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР