| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2021/01055/И |
| Дугаар | 130/ШШ2022/00115 |
| Огноо | 2022-01-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 130/ШШ2022/00115
Б-Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн А дүгээр багт оршин суух, А овогт Э-ийн А
Хариуцагч: Б-Б аймгийн Х сумын 6 дугаар багт оршин суух, Н овогт Х-ийн Ж
Нэхэмжлэлийн шаардлага: 2,500,000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Э.А /онлайнаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
Хариуцагч Х.Ж-ад шүүх хуралдааны товыг шүүхээс 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр /баримт №9/ мэдэгдэж, гарын үсэг зуруулсан боловч хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэрийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Х.Ж-ад холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.2021 оны 08 дугаар сарын 20-ний өдөр хариуцагч Х.Ж надаас зээлээр бараа худалдаж аваад, төлбөрийг 3 хувааж эргэн төлөх нөхцөлтэйгөөр Худалдах, худалдан авах нотариатаар гэрчлүүлж гэрээ байгуулсан. Гэрээндээ 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 4 сая төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 3 сая төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл үлдсэн 4820000 төгрөгийг төлж өгөхөөр болж тохиролцсон. Би гэрээ байгуулах үед барааг буцааж авахгүй гэж сануулсан боловч 1 сарын дараа Х.Ж надаас авсан барааныхаа зарим хэсгийг манайд барааны эргэлт муу байна, танаас авсан бараануудаа буцаагаад өгье гээд ямар нэгэн савлагаа, уутгүйгээр аваад ирсэн. Тэгэхэд би нэгэнт алс хол Б-Б аймгаас бараагаа тээвэрлээд аваад ирсэн учраас надаас авсан 12 сая төгрөгийн барааг хоёулаа тус бүр 6 сая төгрөгөөр хуваагаад авъя, чи 6,000,000 төгрөгт тэгшитгээд, аваад ирсэн бараануудынхаа дундаас худалдагдах боломжтой 1,260,000 төгрөгийн барааг шилж аваарай гэсэн санал тавьсан. Маргааш үлдсэн бараагаа авъя гээд явсан боловч тэр чигээрээ 1260000 төгрөгийн барааг ирж аваагүй. Х.Ж анх надаас бараа аваад явснаас хойш би түүнээс 3 удаагийн үйлдлээр 3,500,000 төгрөг авч чадсан. Надаас авсан бараанаас 4,670,000 төгрөгийн барааг худалдсан боловч худалдсан бараанаас 1,270,000 төгрөг өгөөгүй. Тэгэхээр би Х.Жад гараараа тайлбар бичээд өгөөрэй гэхэд “Х.Ж би Э.А-т 3,500,000 төгрөг өгсөн, одоо үлдсэн 2,500,000 төгрөгийг маргааш өгнө” гэсэн агуулгатай бичгээр тайлбар бичээд өгсөн боловч одоо хүртэл мөнгөө төлж өгөөгүй. Дараа нь миний хүү зам тээврийн ослын хэрэгт холбогдоод мөнгөний хэрэгцээ гарахад Х.Ж-ад 2,500,000 төгрөг авахаа болъё, чи надад 1,500,000 төгрөг төлөөд өгөөрэй, ингээд энэ тооцоог эцэс болгоё гэсэн саналаа тавьсан боловч хариуцагч өр төлбөрөө төлж барагдуулаагүй өдийд хүрлээ. Иймд хариуцагч Х.Ж-аас барааны үнэ 2,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Х.Ж хариу тайлбартаа: Миний бие Х.Ж 2021 оны 08 дугаар сарын 20-ний өдөр Э.А-тай Худалдах, худалдан авах гэрээ байгуулан 11,820,000 төгрөгийн бараа авсан маань үнэн. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зарим зарагдаагүй 7,060,000 төгрөгийн барааг хүлээлгэж өгөөд зарагдсан барааны мөнгө болох 4,760,000 төгрөгөөс бэлнээр 3,500,000 төгрөгийг өгч үлдэгдэл 1.260.000 төгрөг үлдсэн байсан.
Э.А надаас нэхэмжилж буй 2,500,000 төгрөгөөс 1,240,000 төгрөгийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Харин 1,260,000 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Яагаад гэвэл би өөрийн биеэр барааг хүлээлгэж өгсөн. Харин Э.А надад заавал 2,500,000 төгрөг өгөх ёстой гэж байгаа. Харин 1,240,000 төгрөгөөр бараа авч надад нийт 6 сая төгрөг тэгшилж өг гэсэн. Тэгээд бид хоёрын хооронд маргаан үүссэн.
Би Э.А-ын надаас нэхэмжилж буй 2,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа би Э.А-т 1,260,000 төгрөг өгөх ёстой. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн надаас илүү нэхэмжилж буй 1,240,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс Х.Ж-ын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн гарын баримт, нэхэмжлэгч Э.А хариуцагч Х.Ж нарын 2021 оны 08 дугаар сарын 20-ний өдөр байгуулсан Худалдах, худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тэд нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгт төлсөн баримтыг гаргаж өгсөн.
4.Хариуцагчаас 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бараа хүлээлгэж өгсөн гэх тайлбартай 3 ширхэг фото зураг зэрэг баримтыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Э.А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Х.Ж зээлээр худалдаж авсан барааны үлдэгдэл үнэ 2,500,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төлж дуусгана гэж гараар бичиг бичиж өгсөн боловч одоог хүртэл төлөхгүй байгаа тул Х.Ж-аас үлдэгдэл барааны үнэ 2500000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Миний бие Э.А-аас зээлээр бараа авсан маань үнэн. Би Э.А-т 1,260,000 төгрөг өгөх ёстой бөгөөд 1,240,000 төгрөгийн барааг нь буцааж өгсөн. Иймд 1,240,000 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэжээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Э.А, хариуцагч Х.Ж нарын хооронд 2021 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн байгуулсан Худалдах, худалдан авах гэрээгээр талууд бэлэн хувцсыг нийт 11,820,000 төгрөгөөр, үүнийг 2021.08.20-2021.09.05-ны өдрийн дотор 4,000,000 төгрөг, 2021.09.05-2021.09.12-ны өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2021.09.05-2021.09.20-ний өдрийн дотор 4,820,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон байна.
Хариуцагч Х.Ж нь худалдагч Э.А-аас зээлээр бараа худалдаж авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2021 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр болон талуудын шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарлаж байгаа тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч Х.Ж нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар барааны үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэн авч, үнийг гэрээнд заасны дагуу тодорхой хугацааны дараа хэсэгчлэн төлөх үүргийг хүлээсэн боловч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн болох нь зохигч нарын тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Э.А, хариуцагч Х.Ж нарын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан гэрээний харилцаа үүсэж, Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-т зааснаар талууд зээлээр худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулсан байна.
5. Нэхэмжлэгч болон хариуцагч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй нь танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар энэхүү үүргээ биелүүлж өөрийн нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлаа нотолж чадаагүй болно.
6.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
Нэхэмжлэгч Э.А, хариуцагч Х.Ж нарын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан гэрээний харилцаа үүссэн учраас нэхэмжлэгч Э.А нь шаардах эрхтэй байна.
7. Нэхэмжлэгч Э.А нь хавтаст хэрэгт нотлох баримтаар Х.Ж-ын гарын баримтыг гаргаж өгсөн ба энэхүү гарын баримтад Миний бие Х.Ж ... 6,000,000 төгрөгөөс нийт 3,500,000 төгрөг өгсөн, үлдэгдэл 2,500,000 төгрөгийг маргааш буюу 10.02-ны өдөр шилжүүлнэ” гэжээ.
Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Х.Ж-аас барааны үнэ 2,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэгч Э.Анхбаяр нь хариуцагчид Х.Жад 2,500,000 төгрөгийн үнэтэй бараа хүлээлгэж өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Мөн шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч Э.А нь 2,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь үлдэгдэл 2,500,000 төгрөгийг маргааш буюу 10.02-ны өдөр шилжүүлнэ гэсэн гарын баримтаар нотлогдож байна гэж тайлбарлаж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан худалдах худалдах авах гэрээ болон хариуцагчийн тайлбараар энэхүү баримт үгүйсгэгдэж байна. Учир нь хариуцагч Х.Ж нь худалдах худалдан авах гэрээний дагуу хүлээж авсан бараагаа худалдагч буюу нэхэмжлэгч Э.Анхбаярт зарагдаагүй 7,060,000 төгрөгийн барааг хүлээлгэж өгсөн, зарагдсан барааны үнэ 4,760,000 төгрөгөөс бэлнээр 3,500,000 төгрөг өгсөн, үлдэгдэл 1,260,000 төгрөг үлдсэн гэж харилцан тооцоо нийлсэн болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байгаа учраас энэхүү гарын баримт нь хэргийн нөхцөл байдал буюу бодит байдал нийцэхгүй байна.
Хариуцагч нэгэнт 1,240,000 төгрөгийн барааг шилжүүлж аваагүй байх тул Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан үүргийг хүлээх үндэслэл болохгүй.
8. Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Х.Жад нэмж 1,240,000 төгрөгийн барааг шилжүүлж өгсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хариуцагч Х.Ж-аас барааны үлдэгдэл үнэ 1,260,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.А-т олгож, илүү нэхэмжилсэн 1,240,000 төгрөгийг хэрэгсэхгүй болох нь зүйтэй байна.
9. Нэхэмжлэгч Э.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагчаар нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу хариуцагч Х.Ж-аас 34,790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.А-т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасныг баримтлан хариуцагч Х.Ж-аас 1,260,000 /нэг сая хоёр зуун жаран мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.А-т олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1,240,000 /нэг сая дөчин мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Э.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Ж-аас 34,790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.А-т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б-Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б