| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 136/2024/00575/И |
| Дугаар | 001/ХТ2026/00008 |
| Огноо | 2025-12-23 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2026/00008
“ИНЕГ” ТӨААТҮГ-ын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/05373 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2025/01639 дүгээр магадлалтай,
“ИНЕГ” ТӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй
М.Г-д холбогдох
Сургалтын зардалд 164,731,518 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч Б.С-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, хариуцагч М.Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.“ИНЕГ” ТӨААТҮГ нь М.Г-д холбогдуулан сургалтын зардалд 164,731,518 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/05373 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газрын хариуцагч М.Г-д холбогдуулан гаргасан 164,731,518 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2025/01639 дүгээр магадлалаар:
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/05373 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хариуцагч М.Г-с 82,365,759 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ИНЕГ” ТӨААТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 82,365,759 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь 981,608 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М.Г-с улсын тэмдэгтийн хураамжид 569,779 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4.Хариуцагчийн өмгөөлөгч Б.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Нэхэмжлэгч тал ажлын байраар хангах үүргээ биелүүлээгүй, М.Г өөрөө 2 удаа уулзан ажилд орох, ажлын байраар хангаж өгөх талаар хүсэлт гаргасан ч хариу өгөөгүй. Тэрээр аавыгаа алдсан, эхнэр, бага насны 2 хүүхэдтэй тул арга буюу өөр ажилд орсон, ингээд хөдөө томилолттой байх үед 2024 оны 04 дүгээр сард яаралтай ажлын ярилцлагад дуудахад нь очиж чадаагүй, түүнийг анхлан ажилд орж буй мэт ярилцлагад дуудсан нь буруу гэж үзэж байна. Өнгөрсөн хугацаанд хаяг, гар утасны дугаар огт солигдоогүй тул нэхэмжлэгч байгууллага М.Г-той холбогдох боломж нээлттэй байсан. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ үйл баримтыг буруу үнэлж, гэрээний харилцааг Иргэний хуулийн 186 дугаар зүйлд зааснаар тайлбарласан нь үндэслэлгүй. Зүй нь талуудын байгуулсан гэрээний 3.6-д зааснаар нэхэмжлэгч байгууллага М.Г-г ажилд томилсон тушаал гаргах ёстой бөгөөд хэрвээ уг тушаалыг биелүүлээгүй тохиолдолд гэрээний үүрэг зөрчсөн гэж үзнэ. Гэтэл ажилд томилсон тушаал гараагүй, АТГ-с зөвлөмж бичиг ирсэн шалтгаанаар 12 жилийн дараа утсаар дуудсаныг үүрэг үүссэн мэтээр дүгнэх нь хууль хэрэглээний алдаатай шийдвэр болсон. Улсын зардлаар сурсан учраас улсдаа хувь нэмэр оруулах ёстой гэж үзэн “М” ТӨҮГ-т ажиллан хувь нэмрээ оруулж, мөн ИНЕГ хэзээ ажилд томилохыг хүлээж суухгүйгээр үр хүүхдээ тэжээн тэтгэхээр ажил хөдөлмөр эрхэлж байгааг давж заалдах шатны шүүх буруугаар тайлбарласанд гомдолтой байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч Б.С-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.12.04-ний өдрийн 001/ШХТ2025/01236 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Хариуцагчийн өмгөөлөгч Б.С-н хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
7.Нэхэмжлэгч “ИНЕГ” ТӨААТҮГ /цаашид ИНЕГ гэх/ хариуцагч М.Г-д холбогдуулан сургалтын зардалд 48,722 ам.доллар буюу 164,731,518 төгрөг гаргуулах шаардлага гаргасан үндэслэлээ “...2011.12.23-ны өдөр М.Г-г Канад Улсын British Columbia мужийн Burnaby хотын “B” технологийн институтэд “Агаарын хөлгийн хөдөлгүүрийн инженер” мэргэжлээр 2012.02.10-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаатай суралцуулах сургалтын гэрээг байгуулсан. Гэрээний үүргээ биелүүлж нийт 48,722 ам.долларыг шилжүүлсэн. Сургалтын гэрээний 3.6-д зааснаар М.Г нь сургуулиа төгсөөд томилогдсон ажлын байранд 5-аас доошгүй жил тасралтгүй ажиллах ёстой бөгөөд хэрвээ ажиллаагүй бол сургалтын зардлыг төлөхөөр тусгасан. Гэтэл М.Г 2016 оны 10 сард сургуулиа төгссөнөөс хойш эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах үүргээ биелүүлээгүй, ажлын ярилцлагад орох эсхүл сургалтын төлбөрийг төлөх талаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн ч хариу өгөөгүй. Мөн АТГ-н 2023.05.05-ны өдрийн 01/7902 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн зөвлөмжид сургалтын гэрээний үүргээ биелүүлээгүй суралцагчдаар төлбөрийг эргэн төлүүлэхээр заасны дагуу төлбөрийг төлүүлж өгнө үү...” гэж тайлбарласан.
8.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...Сургалтын гэрээний дагуу суралцаж, 2016 оны 10 сард сургуулиа амжилттай төгсөөд 2016.11.14-нд ИНЕГ-ын Захиргаа, хүний нөөцийн ерөнхий менежер Т.Б-д ажилд орох хүсэлтээ дипломын хуулбарын хамт өгсөн боловч ямар нэгэн хариу өгөлгүй 2018 оны 09 сар болсон. Ингээд 2018.09.12-ны өдөр ИНЕГ-ын дарга Л.Б-тэй уулзаж ажилд орох хүсэлтээ уламжилсан ч эргэж хариу өгнө гээд мөн л хариу өгөөгүй. Энэ хугацаанд төрсөн эцгээ алдаж, эхнэр бие давхар, бага насны хүүхэдтэй тул амьдралаа авч явахын тулд 2018 оны 11 сард өөр ажилд орсон. 2024.04 сард нэхэмжлэгч байгууллагаас холбогдож яаралтай ажлын ярилцлагад ор гэсэн ч би хөдөө томилолтоор ажиллаж байсан тул очиж чадаагүй. Сургуулиа төгссөнөөс хойш 8 жилийн дараа холбогдсон. Сургалтын гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж байгаа ч нэхэмжлэгч ажлын байраар хангах үүргээ биелүүлээгүй, Иргэний хуулийн 74, 75 дугаар зүйлд зааснаар 9 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргасан.
9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ:
“...талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, М.Г сургуулиа төгсөж ирээд ажилд орох хүсэлтээ удаа дараа гаргасан нь гэрч Т.Б, Б.К нарын мэдүүлгээр нотлогдож байна, 2024 оны 03 сард ажлын ярилцлагад дуудсан ч энэ нь М.Г-н эзэмшсэн мэргэжил болох “Агаарын хөлгийн хөдөлгүүрийн инженер”-ийн ажлын байр байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд үүнийг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй, сургалтын гэрээний 2.3, 3.6-д зааснаар нэхэмжлэгч сургалтын зардлыг төлөх, суралцаж ирсний дараа ажлын байраар хангах үүрэг хүлээсэн ч эзэмшсэн мэргэжлийнх нь дагуу ажлын байранд томилоогүй тул М.Г гэрээнд заасан үүргээ биелүүлэх боломжгүй, хариуцагч өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас мэргэжлээрээ ажиллаагүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэгчид шаардах эрх үүсээгүй” гэж дүгнэсэн.
10.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ:
“...талуудын байгуулсан гэрээ нэрлэгдээгүй гэрээний шинжийг агуулж байна, гэрээний 1.2-т суралцагч коллеж төгсөөд үргэлжлүүлэн их сургуульд суралцах, сургуулиа төгсөөд тус газраас хэрэгцээ, шаардлагатай газарт томилогдон ажилласан 10-аас доошгүй жилийн хугацаанд гэрээ хүчин төгөлдөр байхаар заасан, хариуцагч 2016 онд сургуулиа төгссөн тул “хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэх хариуцагч М.Г-н тайлбар нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй, нэхэмжлэгч гэрээний 2.3-т заасан үүргээ биелүүлж 2023.08.11-ний өдөр 09 тоот, 2024.03.01-ний өдөр 39 тоот мэдэгдэх хуудсыг хариуцагчид хүргүүлсэн ч М.Г өөр ажил эрхэлж байгаа үндэслэлээр ажлын ярилцлагад ороогүй тул түүнийг гэрээний 3.6-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ, нэхэмжлэгч байгууллага М.Г-г сургууль төгсөхөд ажлын байраар хангах үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргийн зөрчил гаргасан тул зохигч харилцан гэм буруутай гэж үзэж Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т зааснаар талуудын хэн алины гэм бурууг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг 50 хувиар бууруулах үндэслэлтэй” гэсэн дүгнэлтийг хийжээ.
11.Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх талуудын байгуулсан гэрээг ажил гүйцэтгэх болон нэрлэгдээгүй гэрээ хэмээн өөрөөр дүгнэж, зөрүүтэй шийдвэрлэснийг хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийн хүрээнд хэргийг хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
12.Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
-хариуцагч М.Г нэхэмжлэгч ИНЕГ-т 2011.09.21-ний өдөр гадаад улсад сургалтад хамруулж өгөхийг хүссэн өргөдөл гаргасан,
-ИНЕГ-ын даргын 2011.10.06-ны өдрийн Б/349 дүгээр тушаалаар тус газраас зарласан сонгон шалгаруулалтад тэнцсэн албан хаагчдын нэрсийг хавсралтаар баталж, 2011-2012 оны хичээлийн жилд гадаад улсад байгууллагын зардлаар суралцуулахаар шийдвэрлэж, элсэгчидтэй сургалтын болон барьцааны гэрээ байгуулахыг даалгасан бөгөөд хавсралтаар “Элсэлтийн сонгон шалгаруулалтад тэнцэж, ИНЕГ-ын зардлаар суралцагчдын нэрсийн жагсаалт”-ыг баталж, хавсралтын 4-т М.Г “Аэродромын инженер” мэргэжлээр суралцахаар бичигдсэн,
-зохигчийн хооронд 2011.12.03-ны өдөр “ИНЕГ-н зардлаар Канад Улсад суралцагчтай байгуулах 3 талт гэрээ”-г байгуулсан,
-нэхэмжлэгч байгууллагын даргын 2014.11.17-ны өдөр Б/182 дугаар тушаалаар М.Г-д 2014.08.12-2015.01.01-ний өдөр хүртэл чөлөө олгосон, 2015.11.05-ны өдрийн А/723 дугаар “Сургалтын гэрээг сунгах тухай” тушаалаар М.Г-н гэрээг 2016.12.31-ний өдөр хүртэл сунгаж, гэрээнд нэмэлт оруулсан,
-хариуцагч М.Г 2016.10.28-ны өдөр сургуулиа төгссөн тухай баримт бичгийн хуулбарыг нэхэмжлэгч байгууллагад хүлээлгэн өгсөн,
-2023.08.11-ний 09 тоот, 2024.03.01-ний 39 тоот мэдэгдэх хуудсаар М.Г-д ажлын ярилцлагад орох, сургалтын төлбөр буцаан төлөх талаар мэдэгдсэн үйл баримт тогтоогдсон.
13.Талууд гэрээ байгуулсан болон сургалтын зардал 164,731,518 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргаагүй, харин үүргийн зөрчлийг гэрээний аль тал гаргасан нь маргааны зүйл болжээ.
14.ИНЕГ-ын зардлаар Канад улсад суралцагчтай байгуулах 3 талт гэрээний агуулга нь захиалагчийн зардлаар ажил гүйцэтгэж захиалагчийн өмчлөлд ямар нэгэн ажлын үр дүн хүлээлгэн өгөх тухай тохиролцоо байхгүй байхад Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болохыг давж заалдах шатны шүүхээс залруулсан нь зөв байна.
15.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээсэн этгээд гэрээг биелүүлэх үүрэгтэй бөгөөд иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь гэрээний агуулгыг мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар чөлөөтэй, хуулиар хориглоогүй хүрээнд тодорхойлох эрхтэй.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д “Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна” гэж зохицуулсан.
16.ИНЕГ-ын зардлаар Канад улсад суралцагчтай байгуулсан гэрээний зорилго болон хэрэгжсэн байдлаас үзэхэд нэг талаас ИНЕГ Канад улсад “агаарын хөлгийн хөдөлгүүр ашиглалтын инженер” мэргэжлээр М.Г-г суралцах хугацааны нийт зардлыг хариуцах, сургуулиа амжилттай төгссөн тохиолдолд мэргэжлийн дагуу ажиллуулах, суралцагч нь эзэмшсэн мэргэжлээрээ томилогдсон ажлын байранд тогтвор суурьшилтай 5-аас доошгүй жил тасралтгүй ажиллах, энэ үүргээ биелүүлээгүй нөхцөлд суралцсан хугацааны зардлыг ИНЕГ-т буцаан төлөхөөр тохиролцсон байх бөгөөд энэ агуулгаар үүссэн үүргийн харилцааны онцлогийг харгалзан тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт зааснаар нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
17.Давж заалдах шатны шүүх эрх зүйн харилцааг дээрх байдлаар тодорхойлж, нэхэмжлэгч ИНЕГ суралцагчийг ажлын байраар хангах үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь зөв боловч суралцагч М.Г ажлын ярилцлагад ороогүй байдлыг гэрээний 3.6-д хамааруулж хариуцагчаас төлбөр гаргуулсан буюу нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийцсэнгүй.
18.Талууд ямар үүрэг хүлээхээр гэрээгээр тохиролцсон тэр үүргийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд гэрээний 2.3-т “Сургуулиа амжилттай төгссөн тохиолдолд ИНЕГ-аас хэрэгцээ, шаардлагатай төв, орон нутгийн байгууллагуудад мэргэжлийн дагуу ажиллуулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж ИНЕГ-ын хүлээх үүргийг, 3.6-д “Сургуулиа төгсөөд тухайн эзэмшсэн мэргэжлээрээ томилогдсон ажлын байранд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй 5-аас доошгүй жил тасралтгүй ажиллана. Энэ заалтыг биелүүлээгүй нөхцөлд суралцсан хугацааны нийт зардлыг валютаар тооцон ИНЕГ-т буцаан төлж, байгууллагыг хохиролгүй болгоно” гэж суралцагчийн хүлээх үүргийг тус тус тохиролцсон.
19.ИНЕГ нь зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний 2.3-т заасан “... суралцагчийг ажлын байраар хангах...” үүргээ биелүүлсэн нь баримтаар нотлогдоогүй байхад давж заалдах шатны шүүх ИНЕГ гэрээний 2.3-т заасан үүргээ биелүүлсэн гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүй байна.
Тухайлбал, хариуцагч М.Г 2016.10.28-ны өдөр сургуулиа төгссөн тухай баримт бичгийн хуулбарыг нэхэмжлэгч байгууллагад хүлээлгэн өгсөн ба ажилд орох талаар 2018 оны 11 сар хүртэл ИНЕГ-ын эрх бүхий албан тушаалтанд хандаж байсан болох нь тухайн үед ИНЕГ-ын Захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан гэрч Т.Б-н мэдүүлгээр тогтоогдсон.
Нэхэмжлэгч нь “...сургалтын гэрээний үүргийг хангуулах... төлбөрийг эргэн төлүүлэх...” тухай АТГ-с 2023.05.05-ны өдрийн 01/7902 тоот албан бичгээр өгсөн зөвлөмжийн дагуу 2023.08.11-ний өдөр, 2024.03.01-ний өдөр хариуцагчид мэдэгдэх хуудас хүргүүлжээ. Зөвлөмжийн дагуу ИНЕГ-аас нийт суралцагчдад хандан явуулсан ажиллагаа нь нэхэмжлэгч хариуцагчтай байгуулсан гэрээний 2.3-т заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй буюу хариуцагчийг “...ажлын байраар хангах...” тухай нэхэмжлэгч байгууллагын шийдвэр биш байна.
20.Суралцагч нь ИНЕГ-аас зарласан сонгон шалгаруулалтад тэнцсэний үндсэн дээр нэхэмжлэгчийн зардлаар суралцсан, М.Г-н эзэмшсэн “агаарын хөлгийн хөдөлгүүр ашиглалтын инженер”-ийн мэргэжил нь агаарын тээврээс өөр салбарт ажиллах боломжгүй онцлогтой байхад ИНЕГ түүнийг дурдсан ажлын байранд болон өөрийн байгууллагын бусад ажил, албан тушаалд томилсон ямар нэг шийдвэрийг гаргаагүй, ИНЕГ-аас бусад агаарын тээврийн байгууллагад ажиллахыг зөвшөөрсөн заалт гэрээнд байхгүй байна. М.Г 2018 оны 11 сараас “Э” ТӨҮГ-т ажиллажээ.
Суралцагч нь суралцсан хугацааны зардлаа “томилогдсон” ажлын байранд ажиллаагүй тохиолдолд буцааж төлөх үүрэг хүлээсэн, хариуцагчийг ажлын байраар хангах үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй нь тогтоогдсон тул гэрээний 3.6-д заасан үндэслэлээр М.Г-с сургалтын зардал шаардсаныг хангах үндэслэлгүй байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/05373 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 210/МА2025/01639 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч М.Г-д холбогдох сургалтын зардалд 164,731,518 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “ИНЕГ” ТӨААТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч М.Г-с 2025.11.03-ны өдөр төлсөн 981,608 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА