Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 38

 

 

 

 

      

 

 

 

    2020          07           24                                            2020/ДШМ/38

 

 

 

Ж.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                                                                                                                       

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

            Прокурор: Б.Догмиддорж /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Энхтуяа /цахим/,

Шүүгдэгч: Ж.Э,  

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ууганбаяр нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/73 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ж.Э-д холбогдох, эрүүгийн 1920002030026 дугаартай, 1 хавтас, 224 хуудас бүхий хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Д.Энхбаярын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж.Э-д холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Ж.Э нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өглөө 05 цаг 00 минутын үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн тусгаар тогтнолын 1-105 тоотод оршин суух иргэн Ж.Гомбын гэрт хууль бусаар нэвтрэн орж, цахилгаан харуул 1 ширхэг, батериатай дрилл 1 ширхэг, цахилгаан цохилттой дрилл 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хууль бусаар, нууцаар бусдын эд хөрөнгийг авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ж.Э-г 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/28 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 296 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар сольж, 37 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2 жил, 37 хоногоор тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ж.Э-д оногдуулсан 2/хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эийн цагдан хоригдсон 4 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

 

шүүгдэгч Ж.Э бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Энхбаяр нь давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ж.Э-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж шийтгэх тогтоолын 3 дахь заалтын “...300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 296 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар сольж, 37 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн...” гэсний дагуу нэгтгэсэн 37 хоногийн хорих ялыг нэмэхгүй орхигдуулсан байна. Шүүгдэгч Ж.Эийн биечлэн эдлэх ялд 37 хоногийн хорих ялыг оруулаагүй байгаа нь ялтанд ял завших боломж олгож байгаа төдийгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн заалттай бүрэн нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “... 2 жилийн хорих ял” гэснийг “...2 жил 37 хоногийн хорих ял” гэж өөрчлөлт оруулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Прокурор Б.Догмиддорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...2 жилийн хорих ял дээр 37 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэхээр шийдсэн. Гэтэл тогтоох хэсгийн 4 дэх заалтад 37 хоногоо хаяад 2 жил гээд бичсэн. Энэ нь шүүгдэгчид ял завших нөхцөл үүсч байгааг харуулж байна. Прокурорын зүгээс 2 жилийн хорих ял дээр нэмсэн 37 хоногийн хорих ялыг оруулаад, 2 жил 37 хоногийн хорих ял оногдуулахаар эсэргүүцэл бичсэн” гэв.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тогтоол гарсны дараагаар техникийн шинжтэй алдаа гарсан байна засна гэж яригдаж байсан боловч гарын үсэг зураад нэгэнт хүргэгдсэн учраас прокурор эсэргүүцэл гаргасан байгаа. 37 хоногийн хаяг ял завшуулах боломж олгосон гэдэгтэй прокурортой санал нэг байгаа. Давж заалдах шатны шүүх гомдлыг хянан хэлэлцэхдээ тухайн хэргийг бүхэлд нь хянана гэж хуулиар зохицуулсан байгаа учраас, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд ял шийтгэлийн талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар санал оруулж байсан ч, шүүх хүлээж авахгүй хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзээд 2 жил 37 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоол гаргасан. Тогтоол гаргахдаа хувийн байдал, удаа дараа ял эдэлж байсан, нийтэд тустай ажил хийлгэх ялаас оргон зайлж, баривчлах ял шийтгүүлж байсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан зүйл заалтыг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн. Шүүгдэгчийн хувьд тухайн үед хохирлоо нөхөн төлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд өмнө 6 удаагийн ял шийтгүүлж байсан. Мөн шүүхээс нийтэд тустай ажил хийлгэхэд оргон зайлахдаа шийтгүүлж байсан ч энэ нь дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэж заасан зэргээс харахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хэрэглээд 2 жилийн ялыг, 1 жил болгоод нэмж нэгтгээд 1 жил 37 хоног болгох боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна” гэв.

 

            Шүүгдэгч Ж.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйлгүй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.  

 

Хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дүн шинжилгээ хийн харьцуулан судалж үзэхэд шүүгдэгч Ж.Э  2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 05 цагийн орчимд, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн тусгаар тогтнолын 1-105 тоотод оршин суух иргэн Ж.Гомбын гэрт хууль бусаар нэвтрэн орж, цахилгаан харуул 1 ширхэг, батериатай дрилл 1 ширхэг, цахилгаан цохилттой дрилл 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж, 260 000 төгрөгийн хохирол/1хх-31/ учруулсан  үйл баримт тогтоогджээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн талаарх нотолбол зохих асуудлуудыг мөрдөгчөөс бүрэн гүйцэд шалгаж тодруулсан, хэргийг мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох хуульд заасан шаардлагыг хангажээ.

 

Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан гэж дүгнэж, шүүгдэгч Ж.Эийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн илэрхийлсэн гэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

Түүнчлэн шүүгдэгчийг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2/хоёр/ жил хорих ял оногдуулж, энэхүү хорих ялд  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019-06-28-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас биелүүлээгүй үлдсэн 296 цагийн нийтэд тустай ажил хийх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж,  нийт 37 хоногийн хорих ялыг 2 жил дээр нэмж, нийт хорих ялын хэмжээг 2 жил 37 хоног гэж тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдал болон урьд хулгайн гэмт хэрэг удаа дараа үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан зэрэг хувийн байдал, гэм бурууд тохирчээ. Тиймээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Харин шийтгэх тогтоолд шүүгдэгчид оногдуулсан 2 жил 37 хоног хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэхдээ нийт эдлэх хорих ялыг 2 жил гэж тодорхойлж, 37 хоногийг бичилгүй орхигдуулсан нь буруу байх боловч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулж болно” гэсэн нөхцөл шаардлагад хамаарч байна.

 

Тиймээс дээр дурдсан үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хангаж, шийтгэх тогтоолын 4 дэх заалтад 37 хоног гэснийг нэмж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/73 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дүгээр заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ж.Э-д оногдуулсан 2/хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг

 

 “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ж.Э-д оногдуулсан 2 /хоёр/ жил 37 /гучин долоо/ хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Д.Энхбаярын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Ж.Эийн цагдан хоригдсон 23 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                                ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

 

                                                                                                    Н.БОЛОРМАА