| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2020/0260/3 |
| Дугаар | 128/ШШ2021/0079 |
| Огноо | 2021-01-29 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2021/0079
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Б,
Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар,
Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: :Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасны дагуу Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 54 дүгээр тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Өмнөх шүүх хуралдаанд дэлгэрэнгүй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан ба тухайн тайлбараа дэмжиж оролцож байна.
Нэхэмжлэгчийн өмчилж байгаа газрыг тусгай хэрэгцээнд авахдаа Газрын тухай хуулиар зохицуулаад өгсөн байгаа. 2010 оны тогтоолоор нэхэмжлэгчид холбогдох газар нь Монгол Улсын Засгийн газрын тусгай хэрэгцээний баруун урагш чиглэлт Г.Бын эзэмшиж буй газар нь улсын хэрэгцээнд авсан газартай давхцалд орсон байна гээд давхцалд орсон байгаа.
2013 оны тогтоолд давхцалд ороогүй гэдэг Сумын Засаг даргын албан тоотоор нотлогдоод байгаа. Иймд өөрийн эзэмшиж байгаа газраа өөрийн ажлаа хийх нь зогсонги байдалд орж хуульд заасан эрх ашиг нь хөндөгдөж байгаа юм.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нь газар олгосон захирамж нь хууль бус гэсэн тайлбар хэлээд байна. Шүүхэд сүүлд нэмэлтээр шаардаж ирсэн нотлох баримтуудаар байгаа. 2015 оны Сумын иргэдийн төлөөлөгчдийн тогтоолоор зуслангийн газрыг мод үржүүлгийн газраар 5 га, амны орон сууцаар 5 га газар тус тус олгосон байна гэж байгаа. Мөн мод үржүүлгийн зориулалтаар олгосон Засаг даргын захирамж нь байгаа. Дараа нь үйлчилгээний зориулалтаар өөрчилсөн захирамж нь хүртэл тус тус байгаа. Иргэдийн хурлын тогтоол нь сонгон шалгаруулалтын дагуу олгосон байна гэдэг утгаараа тогтоол байгаа. Үүний дагуу Засаг даргын захирамж гарсан асуудал байна. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн байх ёстой байдаг. Гэтэл маргааны бүхий акт нь тусгай хэрэгцээний газрыг шинэ нисэх буудлын зорилгоор тусгай хэрэгцээнд авч, өөрчлөн тогтоосон.
Энэ шийдвэртэй холбогдуулан нэхэмжлэгчийн газартай давхцалтай байна. Засгийн газрын тогтоолд заасан солбицолтой хэсэг дээр газар эзэмшилтэй, ашиглалттай эсэхийг судлаад зохицуулах талаар холбогдох төв байгууллагуудын удирдлагуудад даалгасан байгаа. Үүний дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчинтэй байгаа. Уг тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Ерөнхий сайдын 2018 оны 167 дугаар захирамж гарсан.
Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг ашиглалтад оруулах тулгамдаж байгаа асуудлыг судалж, шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд мөн төв аймгийн засаг даргын 148 дугаар захирамжаар газрын давхцалтай холбоотойгоор ажлын хэсэг байгуулагдсан. Уг байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн газар эзэмших гэрчилгээ хүчинтэй байгаа нь тодорхой байна.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 29 дүгээр тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөтэй нийцэж байгаа учир, энэ газар эзэмших гэрчилгээ зориулалтын дагуу газрыг нь эзэмшүүлэх санал гарсан байгаа. Нэхэмжлэгчийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон нөхөн олголтоор буцааж авсан ямар нэгэн шийдвэр гараагүй. Акт тэгэхээр нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөж, зөрчөөгүй байгаа гэж тайлбарламаар байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Монгол Улсын Засгийн газрын тогтоол нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн ямар нэгэн үр дагаваргүй байгаа учир нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газар 154 дүгээр тогтоол нь газрын тухай хуулийн дагуу гаргасан гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчид олгосон газар эзэмшүүлэх захирамжийг илт хууль бус гэж үзэж байгаа.
Мод үржүүлэг, хүнсний ногоо ургамал тарих зориулалтаар 1 га газраас илүүгүй газар эзэмшүүлж болно гэж заасны дагуу 6 га газрыг авсан байгаа тул энэ захирамж нь хууль бус болохыг нотолж байна гэж үзэж байгаа. Мөн ямар ч дуудлага худалдаа сонгон шалгаруулалтгүйгээр 15 жилийн хугацаатай 6 га газрыг авсан нь хууль бус гэж үзэж байгаа. Ийм учир Газрын тухай хуульд заасны дагуу Засгийн газрын тогтоол гарсан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэнтэй санал нэг байна. Нэхэмжлэгч нь анхнаасаа хууль бусаар 6 га газрыг өөрийн эзэмшилдээ авсан. гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгчид Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/199 дүгээр захирамжаар Төв аймгийн Сэргэлэн сум, 4 дүгээр баг, Хөшигийн хөндий нэртэй газарт нэгж талбарын 18633283151624 дугаартай 6 га газрыг хүлэмжийн цэцэг үрсэлгээ, мод үржүүлгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, Улмаар 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/38 дугаар захирамжаар газрын зориулалтыг үйлчилгээний зориулалттай болгон өөрчилж, дахин газар эзэмших гэрчилгээ болон гэрээг байгуулжээ.
Харин Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Тусгай хэрэгцээний газрын хилийн зааг-ийн 7 дахь хэсэгт өөрчлөлт оруулан Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Хөшигийн хөндийд Олон улсын нисэх онгоцны шинэ буудал болон Богдхан уул орчим шинээр дагуул хот, төмөр замын ложистик төв, Богдхан төмөр зам, Алтанбулаг-Замын-Үүдийн хурдны авто зам барьж байгуулахад шаардлагатай газрыг улсын тусгай хэрэгцээнд авах үүднээс солилцлын цэгийг өөрчилж, 12084.9 га талбай бүхий газрыг улсын тусгай хэрэгцээнд авчээ.
Дээрх улсын тусгай хэрэгцээнд авсан газар нь нэхэмжлэгч Г.Бынэзэмшиж буй 6 га газартай бүхэлдээ давхцалтай болох нь Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 07/146 тоот албан бичиг, түүнд хавсаргасан агаар сансрын зургаар нотлогдож байна.
Нэхэмжлэгчээс газрыг тусгай хэрэгцээнд авахдаа нэхэмжлэгчид мэдэгдээгүй, харилцан тохиролцоогүй, нөхөн олговор олгох заалтыг зөрчсөн гэж, хариуцагчаас бодитоор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны сонирхлыг зөрчөөгүй, нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг хуульд заасан үндэслэл журмын дагуу олгоогүй гэж тус тус маргажээ.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж заасны дагуу Монгол улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар, Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам баталсан бөгөөд Засгийн газрын 2019 оны 105 дугаар тогтоол, 2 дугаар хавсралтад Засгийн газрын 2020 оны 152 дугаар тогтоолуудаар тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан байна.
Тус журмын 10 дугаар зүйлийн 10.1-д Төсөл сонгон шалгаруулалтын дүнг нийтэд зарласан өдрөөс хойш ажлын 3 өдөрт багтаан ялагчтай тухайн шатны Засаг даргыг төлөөлж аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал, чөлөөт бүсийн захирагчийг төлөөлж захирагчийн Ажлын албаны дарга гэрээ байгуулна. Гэрээнд дор дурдсан зүйлийг заавал тусгана 10.2-т Тухайн шатны Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч энэ журмын 10.1-д заасан гэрээ байгуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай захирамж гаргана гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь уг журамд заасны дагуу төсөл хэрэгжүүлсэн болох нь Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн нэхэмжлэгчийн газрын хувийн хэрэгт авагдсан соёл амралтын хүрээлэн байгуулах төслийн материалаар нотлогдож байна.
Мөн тус сумын Иргэдийн төлөөлөгч Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10/25 дугаар тогтоолоор сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахад нэхэмжлэгчийн газрын зориулалтыг өөрчлөх талаар хэлэлцсэн зэргээс дүгнэхэд хариуцагчийн нэхэмжлэгч нь маргаан бүхий газрын хуульд заасан үндэслэл журмын дагуу эзэмшээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.
Харин Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна, гээд 16.1.13-д үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Засгийн газар газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 18.1.2-т энэ хуулийн 16.1.5, 16.1.6, 16.1.7, 16.1.8, 16.1.13, 16.1.14-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх гэжээ.
Маргаан бүхий Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Хөшигийн хөндийд Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих, Аеросити дагуул хот байгуулах зориулалтаар маргаан бүхий газрыг тусгай хэрэгцээнд авсан нь дээрх хуульд заасан үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтад хамаарахаар байна.
Хуулиар Засгийн газарт газрыг тусгай хэрэгцээнд авах эрх олгосон бөгөөд хариуцагч нь өөрт олгогдсон эрхийн хүрээнд газрыг тусгай хэрэгцээнд авч маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь хуульд нийцсэн гэж үзэхээр байна.
Учир нь үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт хийх тохиолдолд иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж буй газарт хуульд заасан үндэслэлээр халдах эрх хариуцагчид олгогдсон бөгөөд ингэхдээ Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-д улсын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд нөхөх олговор олгох; газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд нөхөх олговор олгох-ыг үүрэг болгожээ.
Төв аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 01/1662 тоот албан бичгээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад хандаж дээрх хуулийн зааснаар нөхөн олговор олгож, чөлөөлөх талаар тодорхой чиглэл ирүүлэхийг хүсч, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ХЭГ/2820 тоот албан бичгээр Барилга, хот байгуулалтын сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд нарт асуудлыг судалж, зохих арга хэмжээ авахыг даалгаж байсан хэдий ч энэ нь Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-д заасан үүргийг биелүүлсэн гэж үзэхээргүй байна.
Нэхэмжлэгчээс хариуцагчийг дээрх үүргээ биелүүлэхгүй байгаа үйлдэл, эс үйлдэхгүй нь хууль бус болохыг тогтоолгох, эсхүл нөхөн олговор гаргуулах талаар эрх бүхий байгууллага албан тушаалтанд гомдол гаргах эрх нь нээлттэй бөгөөд уг асуудлаар гомдол, нэхэмжлэл, хүсэлт гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.13, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Бын Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ