| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2021/01053/И |
| Дугаар | 130/ШШ2022/00120 |
| Огноо | 2022-01-26 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 130/ШШ2022/00120
АААА аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: АААА аймгийн ББ сумын 9 дүгээр багт оршин суух, Ахтай овогт Х-ийн Ө,
Хариуцагч: АААА аймгийн ХХ сумын 1 дүгээр багт оршин суух, С овогт С-ын М,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажлын хөлс 700,000 /долоон зуун мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Ө нь хариуцагч С.Мад холбогдуулан ажлын хөлс 700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1. Бид иргэн С.М-ад байшингийн гадна талд тоосгоор өрлөг өрүүлж завсар хийлгэсэн юм. Засварын болон гадна талын өрлөгт үнэ тохиролцож 700,000 төгрөгийг бэлнээр өгсөн юм. Гэтэл 1 сар ч хүрээгүй байхад байшингийн гаднын өрлөг нурж унасан байгаа юм. Тэгэхээр С.М-тай холбогдоод болсон үйл явдлын талаар хэлэхэд энэ асуудал хамааралгүй гэж дургүйцсэн. Тийм болохоор Мэргэжлийн хяналтын газарт хандахад гадна талын өрлөгийг хийхдээ бэхэлгээ өгөөгүй, блокон хана болон гаднах өрлөг хооронд зайтай, тоосгыг хазгай өрсөн учраас нурж унасан байна, гадаа дулаарч ирэхээр бусад хананууд нь ч гэсэн унах магадлалтай гээд дүгнэлт гаргасан. Өрлөгийн ажил хийдэг өөр хүмүүсээр нурсан хэсгээ дахин өрүүлэх гэсэн боловч сууриас нь эхэлж шинээр өрөхгүй бол дахин нурах эрсдэлтэй гэсэн хариу өгсөн. Дахин өрлөг хийлгэхээр дахин цемент ч авах шаардлагатай болно.
2.Иймд учраас дахин өрлөг хийх шаардлагатай болсон тул хариуцагч С.М-аас ажлын хөлс 700,000 /долоон зуун мянган/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч С.М болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цахим сүлжээнд зар тавьж С.М-тай тохиролцсон гэж тайлбар гаргаж байгаа боловч нэхэмжлэгч Х.Ө өөрөө С.М-тай холбогдоод хийх хар бор ажил байна, нэг хоногийн хөлсийг 30,000 төгрөгөөр тохиролцъё гэсний дагуу С.М нэхэмжлэгчийн санал болгосон ажлыг хийж гүйцэтгэсэн. Тухайн үед нэхэмжлэгч ямар ажил хийлгэхээ тодорхой хэлээгүй юм байна. Эхний өдөр тоосго, цемент зөөлгөсөн бол дараагийн өдрүүдэд нэхэмжлэгчийн байшингийн үүдний өрөөний дээврийн ажлыг мөн хоногийн хөлсийг 30,000 төгрөгөөр тохироод хийлгэсэн. Дээврийн ажлыг хийж дууссаны дараа 2021 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн үед гадаа хасах хэмтэй байхад нэхэмжлэгч Х.Ө нь хариуцагч С.М-ад байшингийн гадна талын өрлөгийг хийхийг даалгасан. Тухайн үед С.М хасах хэмтэй үед хийсэн өрлөг дараа нь нурж унах эрсдэлтэй гээд өрлөгийн ажлыг хийхээс татгалзсан боловч Х.Ө-ийн зүгээс бүх хариуцлагыг би өөрөө хүлээнэ, чи зөвхөн хий гэсэн ажлаа хийгээд хөлсөө аваарай гэсний дагуу С.М өрлөгийн ажлыг хоногийн хөлсийг 30,000 төгрөгөөр тохиролцоод Х.Х, Т.А нарын хамт 5 хоногийн дотор хийж дуусгасан. Тухайн үед энэ ажлуудаас гадна нэхэмжлэгчийн зүгээс машины засвар үйлчилгээ хийлгэх зэрэг бусад ажлуудыг мөн хийлгэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай бараа материалаар хангах үүргээ ч зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэж байна. Учир нь хадгалах хугацаа нь дууссан цементээр ажлаа хийлгэсэн ба нэхэмжлэгч тухайн үед ажлын бүх процессыг өөрөө хянаж байсан. Хариуцагч тухайн ажлыг хийж гүйцэтгэхдээ хоногоор тохиролцоод хийсэн учраас ажлын үр дүнг хариуцахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс ББ сумын ЗДТГ-ын МЭТ-ийн мэргэжилтэн, МЭХУБайцаагч Х.Б-ийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримт болон бэлэн мөнгөний орлогын баримт, Улсын мэргэжлийн улсын байцаагчийн ББ сумын 9 дүгээр багийн иргэн Х.Ө-т хаягласан 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 04-07-035/194 дугаартай байшингийн өрлөгийн чанар байдлын тухай албан бичиг, фото зураг, нэхэмжлэгчээс Т.Б-д олгосон итгэмжлэл болон нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Т.Б-ийн БНКУ-ын паспортын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Хариуцагчаас хариу тайлбар, хариуцагчаас Е.М-т олгосон итгэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон Е.М-ийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Х.Ө дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие байшингийн гадна талд өрлөг өрүүлж засвар хийлгэсэн. Гэтэл сар ч хүрээгүй хугацааны дараа байшингийн гаднын өрлөг нь нурж унасан. Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гаргаж улсын байцаагчаар дүгнэлт гаргуулахад стандартын дагуу өрлөгөө хийгээгүй гэсэн байх өрлөг хийх шаардлагатай болсон тул хариуцагч С.М-аас ажлын хөлс 700,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн зүгээс ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай бараа материалаар хангах үүргээ ч зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэж байна. Учир нь хадгалах хугацаа нь дууссан цементээр ажлаа хийлгэсэн ба нэхэмжлэгч тухайн үед ажлын бүх процессыг өөрөө хянаж байсан. Хариуцагч тухайн ажлыг хийж гүйцэтгэхдээ хоногоор тохиролцоод хийсэн учраас ажлын үр дүнг хариуцахгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Нэхэмжлэгч Х.Ө нь хариуцагч С.М-аас ажлын хөлс 700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар үйл баримт тогтоогдохгүй байна. Үүнд:
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэжээ.
Нэхэмжлэгч Х.Ө, хариуцагч С.М нарын хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан аман хэлцэл хийгдсэн байна гэж үзлээ.
Гэтэл хариуцагч С.М нь хэлэлцэн тохиролцон ажил үүргээ хийж, нэхэмжлэгч Х.Ө хүлээлгэж өгсөн нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
Мөн хуулийн 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, мөн хуулийн 343.3-т ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэжээ.
Хариуцагч С.М нь нэхэмжлэгч Х.Ө-ийн хэлснээр түүний байшингийн гадна талд тоосгоор өрж, түүний өмчлөлд шилжүүлсэн нь зохигч нарын тайлбараар тогтоогдож байна.
Гэхдээ нэхэмжлэгч Х.Ө нь хариуцагч С.М-ад ажлын хөлс гэж 700,000 төгрөг өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.
4.2.Нэхэмжлэгч Х.Ө нь хавтаст хэрэгт ББ сумын Засаг даргын тамгын газрын МЭТ-ийн мэргэжилтэн, МЭХУБайцаагч Х.Б-ийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримт гэсэн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн ба энэхүү нотлох баримтыг ямар учраас юуг нотлохын тулд гаргаж өгсөн нотлогдон тогтоогдохгүй байна.
Уг баримтад АААА аймгийн ББ сумын 9 дүгээр багт оршин суух Х-ын Ө /РД:БББББ/-ын 2021 оны байдлаар эд зүйлийн үнэлгээгээр нийт үнэ 777,500 төгрөг гэж тогтоосон байх ба уг эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтаар хариуцагч С.М-аас нэхэмжилсэн ажлын хөлс 700,000 төгрөгийг гаргуулах боломжгүй байна.
4.3. Мөн Улсын мэргэжлийн хяналтын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Ш-ийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 04-07-035/194 дугаартай ББ сумын 9 дүгээр багийн Х.Ө-т хаягласан “Байшингийн өрлөгийн чанар байдлын тухай” “... тус байшингийн гадна талын өрлөг өрсөн байдал нь БД 12-108-18-д заасан зөвшөөрөгдөх алдаанаас хэтэрч өрлөг өрсөн зөрчилтэй бөгөөд өрлөг өрөх техникийн шаардлага хангахгүй байна ... гэх улсын байцаагчийн дүгнэлт гаргасан байна. Уг улсын байцаагчийн дүгнэлтээр хариуцагч С.М-ыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь байшингийн гаднах талын өрлөгийн ажил хийж байхад нэхэмжлэгч Х.Ө, түүний эхнэр хянаж байсан ба ажлыг дууссаны дараа хүлээж авсан буюу тохиролцсоны дагуу ажил үйлчилгээ хийж хөлсөө авсан байх тул хариуцагчид ажлын хөлс гэж өгсөн 700,000 төгрөгийг гаргуулах боломжгүй байна.
5. Нэхэмжлэгч Х.Ө-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй нь танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч энэхүү үүргээ биелүүлж өөрийн нэхэмжлэлийн шаардлага нотолж чадаагүй болно.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М нь шүүх хуралдаанд гэрч оролцуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, гэрчийг шүүх хуралдааны танхимаас тусгаарлаж, зохигч нарын тайлбарыг сонссоны дараа гэрч асуух ажиллагаа эхэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад гэрчийн биеийн байдал муудаж, гэрчийн мэдүүлэг өгөх боломжгүй болсон учир хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрч асуулах хүсэлтээсээ татгалзсан тул гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч Х.Ө-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,210 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Ө-ийн хариуцагч С.М-аас ажлын хөлс 700,000 /долоон зуун мянган/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Ө-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,210 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор АААА аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН