Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар  130/ШШ2022/00184

 

ӨӨ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ӨӨ аймгийн ББ сумын 5 дугаар багт оршин суух, М овогт Х-ийн Ха

Нэхэмжлэгч: ӨӨ аймгийн ББ сумын 5 дугаар багт оршин суух, С овогт Х-ийн Б

Хариуцагч: ӨӨ аймгийн ББ сумын 2 дугаар багт оршин суух Х овогт М-ийн Н,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,210,000 /нэг сая хоёр зуун арван мянган/ төгрөг гаргуулах тухай

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 1,100,000 /нэг сая нэг зуун мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Х.Х, Х.Б

Хариуцагч М.Н

Гэрч: М.М,

Орчуулагч А.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Х.Х, Х.Б нар нь хариуцагч М.Н-т холбогдуулан 1,210,000 /нэг сая хоёр зуун арван мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч Х.Х, Х.Б нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1. 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэн н.С-н зуучлалаар М.Н-тэй 496 тооны ямааг 1 ямааг сард 2,000 төгрөгөөр 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хариуцуулан маллуулж байхаар тохиролцсон. Бид тухайн үед 500 ямааг нэг сар малласны хөлс болох 1 сая төгрөгийг М.Н-т бэлнээр өгсөн. М.Н ч тухайн мөнгийг хүлээж авснаа батлаад баримт үйлдээд өгсөн. 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр орой М.Н малаа аваарай гэж утсаар залгасан. Дараагийн өдөр өглөө нь М.Н-ийнд очоод “11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл маллахаар болсон биз дээ? Яагаад малаа хугацаанаас нь өмнө ав гэж шаардаад байгаа юм бэ?” гэж асуухад М.Н миний малыг тусдаа хашаанд оруулсан байдалтай “би таны малыг цаашид хариулахгүй, одоо хангалттай” гэсэн. Тэгэхээр би тууж явах хүн олоод ирье гээд аймгийн төвд ирээд зах дээр н.М гэх хүнтэй тохиролцоод 25 км газраас аймгийн төв хүртэл мал тууж ирэхэд 30,000 төгрөгийн ажлын хөлс олгохоор болж тохиролцсон. Мал туух хүнтэй хамт малаа тууж авахаар очсон чинь М.Н-ийн дүү нь түүний өвөлжөөнөөс наашаа 4-5 км газарт миний малыг хариулаад байж байсан. Маллуулсан ямааг тоолж аваагүй байсан. Тэгэхээр би “миний ямаан сүрэг дотор 200 толгой том сэрх байсан, малаа тоолж авъя” гэж малаа тоолоход сэрх маань дутуу гарсан. Тэгээд би н.М-аар малаа туулгаад аймгийн төвд хүргүүлж авна, та нар өөрсдөө араас ирж тоолох уу өөрсдөө мэдээрэй гээд аймгийн төв рүү явсан. Тухайн өдөр орой нь миний малыг тууж ирж байсан залуу утсаар залгаад “би аймгийн төвд, Кувейт хороололд ирсэн чин араас М.Н эхнэрээ болон дүүгээ дагуулж ирээд таны малыг нэг айлын хашаанд орлуулаад, тоолж хүлээлгэж өгнө гэж байна, та хүрээд ирээрэй” гэхээр нь эхнэрээ дагуулаад тэнд очсон. Малаа тоолж үзэхэд 1 сэрх дутуу гарсан. Тухайн үед “цаг шөнийн 11 цаг боллоо, малаа маргааш тоолъё” гэсэн. Манай эхнэр болон М.Н-ийн эхнэр хэрэлдээд, М.Н-ийн эхнэр манай эхнэр болох Х.Х-г зодсон. Энэ талаар цагдаад гомдол гаргаад цагдаагийн эрх бүхий албан тушаалтнаас М.Н-ийн эхнэрийг зөрчлийн хэргээр шалгаад, 100,000 төгрөгөөр торгосон. М.Н анх нэг ямааг сард 2,000 төгрөгөөр маллаж өгөхөөр болсон тохиролцооноос буцаж нэг ямааг сард 4,000 төгрөгөөр маллах ёстой байсан миний 4 сэрхийг булааж авсан. Тухайн үед эхнэр бид хоёр ямар хэрэлдэж, муудалцах биш шүүхээр маргаанаа шийдвэрлүүлье гээд малаа орхисон. Мөн малыг тоолоод үзэхэд миний ямаан сүрэг дотроос 220,000 төгрөгийн үнэтэй нэг сэрхийг маань 90,000 төгрөгийн үнэтэй эм ямаагаар сольсон байсан. М.Н надаас нэг удаа машины тосыг солино гээд 100000 төгрөг, гурил будаа авна гээд дахиад 100000 төгрөг, нийт 200,000 төгрөг зээлж авсан. Иймд хариуцагчаас М.Н-ийн надаас үндэслэлгүй булааж авсан 4 сэрх тус бүр 220,000 төгрөгийн үнэтэй, эм ямаагаар сольсон нэг сэрхийн үнийн зөрүү 130,000 төгрөг, бэлнээр зээлж авсан 200,000 төгрөг, нийт 1,210,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэв.

 

2. Хариуцагч М.Н хариу тайлбартаа: Би 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өглөө тохиролцсон нэг сарын хугацаа дуусаад 1 хоног болж байна, та бүхэн ирээд малаа аваарай, малаа хариуцуулж маллуулахаар болсон бусад хүмүүс ч гэсэн малаа авахаар болсон гэж нэхэмжлэгч нарыг дуудсан. Нэхэмжлэгч нараас 1 сая төгрөг авсан маань үнэн. Гэтэл би анх нэхэмжлэгч нар малаа надад авч ирэхээс өмнө н.С гэх хүний зуучилснаар нэхэмжлэгч нараас 2000000 төгрөгийн хөлс авахаар болсон тохиролцсон байсан. Би нэхэмжлэгч нараас 2000000 төгрөгийн хөлс аваад малыг нь хариулахаар болсон гэж бодоод нэхэмжлэгч нарын малыг хариулсан. Анх авсан 1 сая төгрөгөөс гадна манай эхнэр нэхэмжлэгч нараас 200000 төгрөг авсан нь үнэн. Гэвч энэхүү 200000 төгрөгийг зээлээр аваагүй. 2 сая төгрөгийн хөлснөөс үлдсэн 1 сая төгрөгд оруулаад авсан. Ингэснээр би нэхэмжлэгч нараас дахиад 800000 төгрөг авах ёстой. Нэхэмжлэгч нар малаа тууж аваад явахаар ирэхэд үлдсэн 800000 төгрөгийн хөлсөө өгөхийг шаардахад “чи яах гэж бид нараас мөнгө авах ёстой юм бэ” гээд уурлаж бухимдаад  аймгийн төв рүү явсан. Тэгэхэд би “үлдэгдэл хөлсөө төлөхгүй бол малаа авахгүй, хөлсөө бүрэн төлөх хүртэл мал чинь энд байж байна” гэсэн. Анх намайг нэхэмжлэгч нартай холбож өгсөн н.С гэдэг хүнд нөхцөл байдлын талаар хэлээд “нэхэмжлэгч нарын ямаан сүрэг дотроос 4 сэрх сонгож авч өгөөрэй” гэхэд өөрөө сонгож аваарай гэсэн. Тэр дагуу нэхэмжлэгч нарын ямаан сүргээс үлдэгдэл хөлсөндөө тооцоод 4 сэрхийг сонгож авч үлдсэн. Ингэхдээ аймгийн төвд ирэхдээ биш хөдөө өөрийн хашаандаа байхдаа 4 сэрхийг авч үлдсэн байсан. Манай дүү “нэхэмжлэгч нарын ямааг тоолж өгөхгүй бол энэ хүмүүс дараа нь асуудал гаргаж мэдэхээр хүмүүс байна, тийм учраас Х.Б нарын малыг тоолж өгье” гэсний дагуу аймгийн төвд байдаг өөрийн хашаандаа ямаануудыг оруулаад тоолж өгөхөөр болж малыг нь бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгч нар намайг сэрхийг эм ямаагаар сольж авсан гэж буруутгаж байна. Гэтэл манай дүү нэхэмжлэгч нарын ямаан сүрэг дотор байсан шар зүсмийн  эм ямааг цагаан зүсмийн эм ямаагаар сольж авсан. Ингэсний учир нь тухайн ямааны өнгө зүс нь манай дүүд таалагдсан байсан учраас сольж авсан юм. Тухайн ямаа нь одоо миний хашаанд амьдаар нь байж байгаа. Нэхэмжлэгч нар хүний ач тусыг мэдэхгүй хүмүүс юм байна. Энэ хүмүүс малаа алдах шахахад 8 настай хүүгээ дагуулаад мотоциклоор малыг нь хариулаад өгсөн. Эмчилгээнд явах гэж байсан хүү маань үүнээс болж эмчилгээндээ явж чадаагүй. Би зөвхөн нэхэмжлэгч нарын малыг хариуцан хариулаагүй. Өөр н.Д гэх хүний 700 ямааг 2800000 төгрөгийн хөлсөөр тохирч маллаж өгсөн. Тухайн хүмүүс ямар ч асуудал гаргаагүй. Нэхэмжлэгч нар юм болгоноос өө хайдаг, маргаанд дуртай хүмүүс юм байна. Би нэхэмжлэгч нараас ажлын хөлсөө авсан болохоос илүү мөнгө аваагүй. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч М.Н нэхэмжлэгч Х.Х, Х.Б нарт холбогдуулан 1,100,000 /нэг сая нэг зуун мянган/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч М.Н сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Манай дүү нэхэмжлэгч нарын ямааг тууж ирэхдээ унааны морио замд үлдээсэн учраас мориных нь 650000 төгрөгийн үнэтэй эмээл алга болсон. Энэ эмээлийн үнийг нэхэмжлэгч нараас нэхэмжилж байна. Нэхэмжлэгч нарын ямааг тууж ирсэн 3 хүний хөлсөнд 150000 төгрөг нэхэмжилж байна. Тухайн үед тус бүртэй нь 50000 төгрөгөөр тохиролцсон байсан. Мөн алга болсон морийг 7 хоног хайсан 300000 төгрөгийн шатахууны зардлыг нэхэмжилж байгаа болно.  Нийт 1100000 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж өгнө үү гэв.

4.Нэхэмжлэгч Х.Х, Х.Б нар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: ... Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар гаргасан тайлбар нь огт үнэнд нийцэхгүй. Би хариуцагчид мал тууж ир гэж хэлээгүй. Тухайн үед би н.С-г дагуулаад очсон ба бид хоёрыг зодох шахуу явуулсан. Аймгийн төвд буцаж ирээд н.М-тай 30000 төгрөгөөр тохироод аймгийн төв хүртэл талаа туулгасан. Малаа тууж авах гээд очиход хариуцагчийн өвөлжөөнөөс 4-5 км наашаа газарт миний ямаан сүргийг туугаад ирж байсан. Малыг тоолж авна гээд тоолоод авахад нэг сэрх дутуу гарсан.  Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл ямар ч үндэслэлгүй байна. Учир нь би хариуцагчтай 150000 төгрөгөөр малыг маань тууж ирээрэй гэж тохиролцоогүй, тухайн морь нь эмээлтэй байсан эсэх нь ч тодорхой бус. Бид малыг тоолж байхдаа тухайн морийг зайдуу газар уяад тавихдаа эмээлгүй байсан. Хариуцагч ямар ч боловсрол соёлгүй, зөвхөн мөнгө өгсөн хүнийг л магтдаг, юм үзэж нүд тайлаагүй хүн юм байна. Би энэ насандаа хүртлээ худалдаа наймаа эрхлээд олон хүнтэй харьцаж үзлээ. Ийм хүнийг анх удаа харж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.

5. Нэхэмжлэгч нараас С.А, Т.Х, Х.С, Х.М, А.Н нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Н-ийн казах хэлээр бичиж өгсөн гарын баримт болон түүний баталгаат орчуулга, нэхэмжлэгч нарын цахим иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хаан банкны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

6.Хариуцагчаас О.Д-ийн нотариатаар гэрчлүүлсэн казак хэл дээрх тодорхойлолт болон түүний баталгаат орчуулга, ӨӨ аймгийн Б сумын 2 дугаар багийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 119 дугаартай албан бичиг, хариуцагчаас З.Д-д олгосон итгэмжлэл болон тэд нарын цахим иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, МХГХТхэсгийн эрүүгийн мөрдөгч Цагдаагийн ахлах дэслэгч К.Е-ын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.1.Нэхэмжлэгч Х.Б, Х.Х нар нь хариуцагч М.Н-ээс 4 ширхэг сэрх /нэг бүрийн үнэ 220,000 төгрөг / 880,000 төгрөг, зээлээр авсан 200,000 төгрөг, эм ямаагаар сольсон сэрхийн зөрүү болох 130,000 төгрөг, бүгд 1,210,000 төгрөгийг гаргуулах, сөрөг нэхэмжлэгч М.Н нь хариуцагч Х.Б, Х.Х нараас мал тууж ирсний хөлс 150,000 төгрөг, орос эмээлийн үнэ 650,000 төгрөг, бензин тосны үнэ 300,000 төгрөг нийт 1,100,000 төгрөг гаргуулахыг тус тус хүсжээ.

1.2. Нэхэмжлэгч Х.Б, Х.Х нарын 496 тоон сэрх, болон ямааг 1 сарын хугацаагаар маллаж өгөхөөр хариуцагч М.Н хүлээн авч, харилцан тохиролцсон болох нь зохигч нарын шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарлаж байгаа байдал, мөн хавтаст хэрэг нотлох баримтаар гаргаж өгсөн 203 сэрх, 293 ямаа, 496ш х 2000 = 1 сая /өгсөн/ авлаа Нурланбек гэх баримтаар тус тус нотлогдож байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Нэхэмжлэгч Х.Б, Х.Х, хариуцагч М.Н нарын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч М.Н нь зөрчсөн учир нэхэмжлэгч Х.Б, Х.Х нарын шаардах эрх үүссэн байна гэж үзлээ.

1.3.Нэхэмжлэгч Х.Б, Х.Х нарын хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар гаргаж өгсөн нотариатаар баталгаажуулсан Х.С гарын баримтад: Би Х овогтой С /ББББББ/ 2021 оны 10-р сарын 15-нд ББ сумын У багийн иргэн М овогтой Н-т иргэн Х овогтой Б-ын ямааг маллуулж өгөхөөр зуучилж танилцуулж өгсөн. Үүнд:нэг ямааг сарын 2000 төгрөг/хоёр мянга/өөр тооцож маллаж өгөхөөр тохиролцсон нь үнэн болно. /нэг ямааг нэг сард маллаж өгөх хөлс 2000 төг/ Жишээ нь: 1000 ямааг нэг сар маллавал 2 сая төгрөг, 500 ямаа нэг сар маллаж өгвөл нэг сая төгрөгийн хөлс авна гэж тайлбарлаж өгсөн. Нэг ямааг маллах сарын хөлс 2000 төгрөгөөр тооцож маллаж өгөх болсныг би гэрчлэх болно тайлбар бичсэн иргэн гэж гарын үсэг зурсан баримтаар  нэхэмжлэгч Х.Б-ын сэрх, ямааг /нэг/ сарын 2000 төгрөгөөр маллаж өгөхөөр тохиролцсон болох нь нотлогдох ба энэхүү баримтыг хариуцагч М.Н нь үгүйсгэж чадаагүй болно.

-Мөн С.А гарын баримтад “2021 оны 10-р сарын 16-нд Х.Б-д эх ямаа нэг бүрийн үнэ 90,000 төгрөг, сэрх ямааг нэг бүрийн үнэ 220,000 төгрөгөөр /хоёр зуун хорин мянга/ худалдсан нь үнэн болно” гэжээ. Энэхүү баримтаар нэхэмжлэгч Х.Б, Хазира нь  сэрх, ямааг дээрх үнээр худалдаж авсан нь нотлогдох ба нэхэмжлэгч Х.Б, Х.Х, хариуцагч М.Н нар ямаа болон сэрхийн үнийн талаар маргаагүй болно. 

- Мөн А.Н-ны гарын баримтад “... Миний бие ББ сумын У багийн малчин Ни-йн малын хашааг О.Д, Р, Х.Б нартай хамт барьж янзалж өгсөн. Хашаа барьж байх үед Б ах Д-ээс чи ямаагаа сарын хэдэн төгрөгөөр маллуулахаар тохирсон вэ гэхэд Д би Н-тэй найз болохоор сарын 1500 төгрөгөөр маллуулахаар тохиролцсон байгаа. Харин та хэдээр тохирсон бэ гэж Д асуухад Б би сарын 2000 төгрөг тохирсон гэж байсныг би сонсож байсан нь үнэн болно” гэж тодорхойлсон байна.

1.4.Нэхэмжлэгч Х.Б, Х.Х нарын 496 тоон сэрх болон ямааг 1 сарын хугацаагаар маллаж, хөлсөнд нь 1,000,000 төгрөг авсан болох нь зохигч нарын тайлбараар нотлогдож байгаа боловч хариуцагч М.Н нь малыг маллаж өгөхөөр тохиролцож хөлсөнд нь 2,000,000 төгрөг авахаар тохирсон, нэхэмжлэгч нар 1,000,000 төгрөг дутуу өгсөн учир 4 сэрхийг хөлсөнд тооцож авсан, өгөхгүй гэж тайлбарлаж маргаж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч М.Н нь мал малласны хөлсөнд 2,000,000 төгрөгийг авахаар болж тохиролцсон нь нотлогдон тогтоогдохгүй байна.

1.5. Хариуцагч М.Н-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүргийг танилцуулж, хэргийн оролцогч нь өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.

Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч М.Н-ээс 4 ширхэг сэрх /нэг бүрийн үнэ 220,000 төгрөг/ 880,000 төгрөг, зээлээр авсан 200,000 төгрөг, эм ямаагаар сольсон сэрхийн зөрүү болох 130,000 төгрөг, бүгд 1,210,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

1.6. Нэхэмжлэгч нарын хавтаст хэрэгт нотлох баримтаар 2021 оны 12 сарын 01-ний өдрийн дугааргүй эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудаст зөрчлийн материалд авагдсан нотлох баримтаар ББ сумын 2 дугаар багийн иргэн Х.Х “хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон нь Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 100,000 төгрөгөөр торгож арга хэмжээ авсныг танилцуулав гэжээ энэхүү мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгч Х.Б, Х.Х нар нь хариуцагч М.Н-ийн эхнэр миний эхнэр хоёр хоорондоо хэрүүл хийж, маргалдсаны улмаас миний эхнэрийг зодсон учир бид цагдаагийн байгууллагад хандахад хариуцагч М.Н-ийн эхнэр Х.Хыргауылд арга хэмжээ авсан тухай мэдэгдэх хуудас гэж тайлбарлаж байсан болно.  

 2.Сөрөг нэхэмжлэгч М.Н-ийн хариуцагч Х.Б, Х.Х нараас мал тууж ирсэн хөлс 150,000 төгрөг, орос эмээлийн үнэ 650,000 төгрөг, бензин тосны үнэ 300,000 төгрөг нийт 1,100,000 төгрөг гаргуулахыг тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

2.1.Хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч М.Н /хариуцагч М.Н-ийн төрсөн дүү/-ийн хүсэлтээр шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн М.М ... энэ хүмүүс мал тууж ирсэн хөлс болох 150,000 төгрөг надад өгөхгүй намайг хохироосон. Мөн миний унаж явсан морийг хээр уяж явсан ба эргэж ирэхэд морь алга болсон, морийг хэдэн өдөр хайж байгаад олж авсан боловч эмээл нь алга болсон байсан. Моринд эмээл байсан энэхүү эмээлийн миний ах худалдаж авсан, орос эмээл байсан гэж мэдүүлэг өгчээ.

Энэхүү мэдүүлэг нь гэрчийн мэдүүлгийн эх сурвалжийг тодорхой зааж чадаагүй, бусад хөндлөнгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар шийдвэрийн үндэслэл болохгүй болно.

2.2. ӨӨ аймгийн ББ сумын 2 дугаар багийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 119 дугаартай тодорхойлолтод “М.Н нь 2021.10.17-с 2021.11.18 хүртэл Увс аймгаас ирсэн 496 ямааг бүхэлд нь 2,000,000 /2сая/ төгрөг тохиролцон хариулсан нь үнэн болно” гэжээ.

Энэхүү тодорхойлолтыг юуг үндэслэн тодорхойлж байгаа тодорхойгүй, тодорхойлолт нь эргэлзээтэй байгаа тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно. Учир нь, хариуцагч М.Н ямааг 2 сая төгрөгөөр тохиролцож хариулсан гэж дурдсан байх ба тохиролцсон талаарх нотлох баримт байхгүй байхад юуг үндэслэн бичсэн нь тодорхойгүй байна.

 

О.Д-ийн миний бие О-н Д нь ББ сумын 6 дугаар багийн иргэн, ББ сумын У багийн иргэн М-ийн Н-т 2021.10.11-ний өдөр 700 тооны ямааг нийлүүлсэн. 1 тооны ямааг 4000 төгрөгөөр тохиролцож 2800000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөг өгсөн. Ямаагаа 2021.11.29-ний өдөр Т.Н-ээс бүрэн хүлээж авлаа гэжээ. Энэхүү гарын баримтад хариуцагч М.Н О.Д гарын хооронд харилцан тохиролцсон баримт болохоос биш нэхэмжлэгч Х.Б, Х.Х нарын нэхэмжлэлийн шаардлагыг нотлох, нотлох баримт гэж үзэх боломжгүй байна.

 

2.3.Нэхэмжлэгч М.Н нь сөрөг нэхэмжлэлдээ хариуцагч буюу нэхэмжлэгч Х.Б, Х.Х нараас мал тууж ирсний хөлс 150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

2.4.Хавтаст хэрэгт авагдсан нотариатаар баталгаажуулсан Х.М-ын ... миний бие 2021 оны 11-р сарын 19-нд иргэн Х.Б-тай ББ сумын У багаас / 25км/ 30,000 төг-өөр тохирч мал тууж ирсэн. 2022 оны 01 сарын 13-нд гэх баримтаар маргаан бүхий сэрх, ямааг Х.Бтай тохиролцсоны дагуу Х.М тууж ирсэн нь түүний баримт болон нэхэмжлэгч нарын шүүх хуралдааны шатанд өгсөн “ бид малыг тууж ирээрэй хөлсөнд 150,000 төгрөг өгнө гэж тохиролцоогүй” гэх тайлбараар нотлогдож байх тул сөрөг нэхэмжлэгчийн уг малыг 3 хүн тууж ирсний хөлс нэг хүн 50,000 төгрөг буюу 150,000 төгрөгийг хариуцагч Х.Б, Х.Х нараас гаргуулан хохиролгүй болгож өгнө үү гэх боловч гаргуулах боломжгүй байна. Учир нь сөрөг нэхэмжлэгч М.Н нь хариуцагч Х.Б, Х.Х нартай тохиролцсон, малыг тууж ирэх, түүний хөлсөнд мөнгө төгрөг өгнө гэж тохиролцон гэдгээ нотолж чадаагүй болно.  

 

2.5.Сөрөг нэхэмжлэгч М.Н нь орос эмээлийн үнэ 650,000 төгрөг, бензин тосны үнэ 300,000 төгрөг тус тус хариуцагч Х.Х, Х.Б нараас гаргуулахыг хүсэж байгаа боловч энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон нотлох баримтаа гаргаж өгөөгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч К.Е-ын тодорхойлолтод: ... надад 2021 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр тус аймгийн ББ сумын 2 дугаар багийн иргэн М-ийн Н нь 1 тооны улаан хөх зүсмийн зөв талын гуяд “М” тамгатай, 5-6 насны морь ББ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Б” гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө алга болсон тухай хэсгийн алдуул малын бүртгэлд бүртгүүлсэн болохыг тодорхойлов гэжээ.    

 

2.6. Сөрөг нэхэмжлэгч М.Н нь хариуцагч нарын малыг туухад морийг эзгүй хээр үлдээж явснаас морь алга болсон ба морийг эрж хайхад гарсан бензиний тосны үнэ 300,000 төгрөг, моринд орос эмээл байсан тухайн үед тэр эмээл алга болсон учир орос эмээлийн үнэ 650,000 төгрөг тус гаргуулмаар байна гэж тайлбарлаж байгаа боловч моринд эмээл байсан эсэх, эмээл нь орос эмээл байсан эсэх, хэдэн төгрөгөөр хэзээ хэнээс худалдаж авч байсан эсэх, морийг эрж хайхад хэдэн төгрөгийн бензин зарцуулсан, хэнээс авсан талаарх бичмэл нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй учир сөрөг нэхэмжлэгчийн тайлбар нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн нотлохгүй байна.  

 

Иймд үндэслэл тогтоогдохгүй байгаа тул хариуцагч Х.Б, Х.Х нараас сөрөг нэхэмжлэгч М.Н-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 1,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нарын хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Т.Х-ын баримтууд, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтууд нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй баримт байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

3. Нэхэмжлэгч нарын үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Б, Х.Х нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33590 төгрөгийг, сөрөг нэхэмжлэгч М.Нийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30950 төгрөгийг  тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Н-ээс  33890 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Б, Х.Х нарт олгож шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1-д заасныг баримтлан  хариуцагч М.Н-ээс 4 ширхэг сэрх буюу 880,000 төгрөг, зээлээр авсан 200,000 төгрөг, эм ямаагаар сольсон сэрхийн зөрүү 130,000 төгрөг, нийт 1.210.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Б, Х.Х нарт олгож, сөрөг нэхэмжлэгч М.Н-ийн  хариуцагч Х.Б, Х.Х нараас 1,100,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Б, Х.Х нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33590 төгрөгийг, сөрөг нэхэмжлэгч М.Н-ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30950 төгрөгийг  тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Н-ээс  33890 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Б, Х.Х нарт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ӨӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             К.Б