Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Авуталивын Жархынгүл |
Хэргийн индекс | 130/2022/00006/И |
Дугаар | 130/ШШ2022/00203 |
Огноо | 2022-02-23 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 130/ШШ2022/00203
ББ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ББ аймгийн АА сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, А ХХК /захирал Х.Б/
Хариуцагч: ББ аймгийн Буянт сумын 3 дугаар багт оршин суух, Х овогт Т-ын О,
Хариуцагч: ББ аймгийн Буянт сумын 3 дугаар багт оршин суух, Ө овогт Т-ийн Д
Нэхэмжлэлийн шаардлага: 7,500,000 /долоон сая таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,
Хариуцагч Т.Д, Т.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Т.Д, Т.О нарт холбогдуулан дутуу олгосон 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
Буянт сумын иргэн Т.Д, Т.О нар 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “А” ХХК-ны захирал Х.Б-тай харилцан тохиролцож гэрээ хийж, мал бэлтгэн нийлүүлэхээр тохирсон бөгөөд урьдчилгаанд 20.000.000 төгрөг авсан. Т.Д, Т.О нар гэрээний дагуу цувуулан мал нийлүүлж байсан боловч үлдэгдэл 7.500.000 төгрөгт дахиж мал авчирч өгөхөөр амласан боловч мал ч өгөөгүй, мөнгө ч өгөлгүйгээр өдий хүрлээ. Т.Д, Т.О нар 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр үлдэгдэл мөнгийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний дотор өгөхөөр болж бичиг хийж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 79 дугаартай Бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэгтэй холбоотой гаргасан. Хариуцагч хэд хэд удаа мах бэлтгэн нийлүүлж байсан ба эцсийн тооцоогоор 7.500.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа учраас нэхэмжлэл гаргасан. Иймд Т.Д, Т.О нараас 7.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Т.О хариу тайлбартаа: Т.Д бид хоёр А ХХК-тай гэрээ хийж тохиролцоод хонь, үхэр, ямааг амьдаар нь нийлүүлж, нядлуулаад мөнгө авч байсан. Т.Д бид хоёр А ХХК-иас 70.000.000 төгрөг, хадгаламж зээлийн хоршооноос зээлээр тус бүр 10.000.000 төгрөг, банкнаас түс бүр зээлээр 10,000,000 төгрөг, ББ аймаг дахь Багшийн коллежид ажилладаг бэргэнээрээ 50.000.000 төгрөгийн цалингийн зээл авхуулаад, нийт 160.000.000 төгрөгийг гэрээ байгуулаад малчдад тараасан байсан. Ингэхдээ А ХХК нь бид нараас 1 хонийг 70.000 төгрөгөөр, үхрийн махыг 1 кг-ыг 4100 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон. А ХХК-ны захирал М.Бердимурат болон түүний эхнэр Т.Назым нар бид нарт хандаад “малыг олноор аваад ирээрэй, бид нар та нарыг хохироохгүй, өндөр үнээр малыг чинь авъя” гэж хэлсэн учраас тэртээ тэргүй 1 хонийг 70.000 төгрөгөөр тушаана гэж бодоод урьд жил их зудтай байсан, ядарч зүдэрсэн малчдаас 1 хонийг 65.000 төгрөгөөр худалдаж авсан. Дараагаар нь бид хоёр 1400-1500 гаруй хонийг авч ирж нядлуулахдаа Т.Назым 1 хонийг 60.000 төгрөгөөр үнэлж авсан. Нэг хониноос 5000 төгрөгийн алдагдал хүлээгээд нийт 10 сая гаруй төгрөгөөр хохирсон. Мөн нэг бух үхээд, үхрийн махнаас 2.600.000 төгрөгийн хохирол амсаад, банканд 750.000 төгрөгийн хүү нэмж төлөөд хохирсон учраас үлдэгдэл 7.500.000 төгрөгт мал нийлүүлж чадаагүй. Авсан өр зээлийн асуудлаа зохицуулаад гайгүй болсны дараа нэхэмжлэгчид 4.000.000 төгрөг төлж өгөх талаар санал гаргаж байгаа учиртай. Иймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
3. Хариуцагч Т.Д хариу тайлбартаа: Бид 2018 онд А ХХК-тай мах бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулаад мал, мах нийлүүлж байсан ба үүнээс 7.500.000 төгрөгийн мах нийлүүлэгдээгүй нь үнэн. Энэ талаар гарын баримт бичиж өгч байсан. Би А ХХК-ийн захирал Х.Б-ад падаан, малын гарал үүслийн гэрчилгээ, мах тушааж байсан тухай баримт зэргийг үзүүлээд үлдэгдэл 7.500.000 төгрөгөөс 3.500.000 төгрөгийг хасаад 4.000.000 төгрөгийг намар мал тарга тэвээрэг авсны дараа төлж өгье гэсэн санал гаргаж байсан боловч миний саналыг хүлээж аваагүй. Бид нэхэмжлэгчид гэрээнд заасан 100 үхэр байтугай 400-500 үхэр нийлүүлсэн өнөөдөр шүүх хуралдаанд ч гэсэн энэ талаар санал гаргасан боловч эвлэрэх саналыг нэхэмжлэгч хүлээн аваагүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.
4.Нэхэмжлэгчээс 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Бэлтгэн нийлүүлэх гэрээ, ББ аймгийн Прокурорын газрын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 209 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоол /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/,А ХХК-ийн захирлаас Г.Б-д олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Хариуцагч нараас хариу тайлбар, А ХХК-ийн үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Е.Х-ыг гэрчээс асуулгах тухай хүсэлт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Хариуцагч Т.Д-гийн хүсэлтээр ББ А ХХК-ийн үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Е.Х-ыг гэрчээс асуусан Гэрчийн тэмдэглэл зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч А ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б сумын иргэн Т.Д, Т.О нар 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “А” ХХК-ны захирал Х.Б-тай харилцан тохиролцож гэрээ хийж, мал бэлтгэн нийлүүлэхээр тохирсон бөгөөд урьдчилгаанд 20.000.000 төгрөг авсан. Т.Д, Т.О нар гэрээний дагуу цувуулан мал нийлүүлж байсан боловч үлдэгдэл 7.500.000 төгрөгт дахиж мал авчирч өгөхөөр амласан боловч мал ч өгөөгүй, мөнгө ч өгөлгүйгээр өдий хүрлээ. Иймд Т.Д, Т.О нараас 7.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Бид А ХХК-тай гэрээ хийсэн нь үнэн. Гэхдээ бид тус компанид мал хүлээлгэж өгөхдөө тохирсон үнээс доогуур үнээр авч бид нийт 10 сая гаруй төгрөгөөр хохирсон юм. Бид А ХХК-ийн захирал Х.Б-д падаан, малын гарал үүслийн гэрчилгээ, мах тушааж байсан тухай баримт зэргийг үзүүлээд үлдэгдэл 7.500.000 төгрөгөөс 3.500.000 төгрөгийг хасаад 4.000.000 төгрөгийг намар мал тарга тэвээрэг авсны дараа төлж өгье гэсэн санал гаргаж байсан боловч миний саналыг хүлээж аваагүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
4.Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Т.Д, Т.О нараас 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
4.2. Нэхэмжлэгч А ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Бэлтгэн нийлүүлэх гэрээ, ББ аймгийн Прокурорын газрын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 209 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоол /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/, А ХХК-ийн захирлаас Г.Б-д олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгчээ.
Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 79 дугаартай Бэлтгэн нийлүүлэх гэрээг нотлох баримтаар үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхэд учир дутагдалтай байна.
Учир нь, энэхүү гэрээг 2018 оны 10 дугаар сарын 08-ний өдөр талууд байгуулсан байх ба гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д энэ гэрээ нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл үйлчилнэ гэжээ. Гэтэл энэхүү гэрээний үйлчлэх хугацаа дууссан байхад энэхүү гэрээг хариуцагч нараас шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
4.3.Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч Т.Д, Т.О нар нь төлж өгнө гэж гарын баримт өгсөн хавтаст хэрэгт авагдсан байх учиртай гэж мэтгэлцэж байсныг хариуцагч нараас тодруулахад төлж өгнө гэсэн ямар нэгэн бичгийн баримт өгч байгаагүй гэж тайлбарлаж байсан дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гарын баримт байгаа эсэх, энэхүү гарын баримтыг нотлох баримтаар хавтаст хэрэгт хавсаргах, цагдаагийн байгууллагаас шаардаж авах талаар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар хүсэлт гаргаагүй болно.
4.4. ББ аймгийн Прокурорын газрын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 209 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоолд: иргэн Т.Д-гийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэжээ.
Энэхүү тогтоолын агуулгаас үзэхэд иргэн Т.Д нь 2018 онд мал цуглуулж өгнө гэж 10,000,000 төгрөгийг өгөхгүй байгаа гэх үндэслэл нь энэхүү маргааныг хянан шийдвэрлэхэд хамааралгүй нотлох баримт байна гэж үзлээ.
4.5. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй нь танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч энэхүү үүргээ биелүүлж өөрийн нэхэмжлэлийн шаардлага нотолж чадаагүй болно.
4.6. Хариуцагч Т.Д, Т.О нарын шүүхэд гаргасан тайлбар болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарлаж байгаа байдлаас харахад нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд мах бэлтгэн нийлүүлэх аман хэлцэл хийгдэж, хариуцагч нар мал, мах бэлтгэн нийлүүлж байсан байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэжээ.
Гэтэл хариуцагч Т.Д, Т.О нь амаар хэлэлцэн тохиролцон ажил үүргийг гүйцэтгэж, нэхэмжлэгч А ХХК-ийн эзэн Х.Бердимуратад мал, мах бэлтгэж хүлээлгэж өгч байсан гэх боловч аль аль талууд нь энэхүү үйл баримтыг нотолсон нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
4.7. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
Мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэжээ.
4.8. Хариуцагч Т.Д, Т.О нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу шүүх хуралдааны шатанд Х.Бердимуратад 4,0 сая төгрөг төлж өгч болно, гэхдээ уг мөнгийг одоохондоо төлөх боломжгүй намар төлж өгч болно гэж тайлбарлаж байгааг үндэслэн А ХХК буюу Х.Бердимуратад 4,0 сая төгрөг төлөх нь үндэслэлтэй байна гэж үзэх үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байхад хариуцагч нарын тайлбар нь бүрэн нотлохгүй гэж үзлээ.
4.9. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэжээ.
Нэхэмжлэгч А ХХК нь гэрээтэй холбоотой гэрээний үүргийг шаардаж байгаа бол хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаандаа шаардах эрхтэй ба хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тохиолдолд шаардах эрх үүсэх болно.
4.10. Хариуцагч нарын хүсэлтээр гэрч Х-ыг асуухад ... авлагатай гэдгийг мэдэж байсан гэхдээ тооны хувьд мэдэхгүй, А ХХК-д би ажиллаж байх хугацаанд Т.Д, Т.О нар нь мал нийлүүлдэг байсан, би 2019 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байгаад ажлаас гарсан. Надтай гэрээ хийдэггүй, би тооцоо хийдэггүй, нягтлантай тооцоо хийдэг байсан, яг хэн тооцоо нийлдэг байсныг би сайн мэдэхгүй, миний хувьд авчирсан малын махны чанарыг шалгаж үнийг тогтоож баримт бичиж өгдөг, тэр миний өгсөн баримтыг аваачиж тооцоо нийлдэг байсан гэж мэдүүлж байсан боловч энэхүү үйл баримт нь бусад хөндлөнгийн нотлох баримт нотлогдохгүй байхгүй байх тул гэрчийн мэдүүлгийг үнэлэх боломжгүй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Т.Д, Т.О нараас 7,500,000 /долоон сая таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А ХХК-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 /нэг зуун гучин дөрвөн мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ББ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН