Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 130/ШШ2022/00206

 

БББ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: БББ аймгийн Н сумын 2 дугаар багт оршин суух, Б овогт А-ын С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БББ аймгийн Боловсролын газар /дарга Г.А/

Нэхэмжлэлийн шаардлага: БББ аймгийн Боловсролын газраас дутуу олгосон 2,185,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч А.С

Хариуцагчийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М /онлайнаар/

Гэрч Ж.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.С нь хариуцагч БББ аймгийн Боловсролын газар /дарга Г.А/-т холбогдуулан дутуу олгосон 2,185,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1. Би 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тэтгэвэрт гарсан. Аймгийн Боловсролын газраас надад тэтгэмж олгохдоо Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын дагуу миний сүүлийн 3 жилийн цалингийн дунджийг ажилласан жилээр үржүүлэн олгох ёстой байсан. Миний сүүлийн 3 жилийн цалингийн дундаж 2019, 2020, 2021 оны цалингаар 829710 төгрөг гарч байна. Үүнийг миний ажилласан 29 жилээр үржүүлэхэд миний авах ёстой тэтгэмжийн хэмжээ 24061638 төгрөг болох юм байна. Гэтэл би тэтгэвэрт гарахад хариуцагчаас 21876640 төгрөгийн тэтгэмж олгосон. Авсан тэтгэмжээ миний ажилласан 29 жилд хувааж үзэхэд хариуцагчаас тооцсон миний дундаж цалин 754366 төгрөг болж байна. Хариуцагч талаас миний 3 жилийн цалинг дунджийг ямар үндэслэлээр 754366 төгрөгөөр тооцсон нь ойлгомжгүй байна. Тиймээс би надад 2185000 төгрөгийн тэтгэмжийг дутуу олгосон гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Энэхүү тооцооллыг надад ямар нэгэн байгууллагаас албан ёсоор тооцоолж өгсөн юм байхгүй. Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоол болон Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг үндэслэн дээрх тооцооллыг би өөрөө гаргасан юм. Эдгээр хэм хэмжээний актууд одоо хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлыг минь ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

2.Ийм учраас БББ аймгийн Боловсролын газраас дутуу олгосон тэтгэмжийн зөрүү 2,185,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч БББ аймгийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.А болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Ерөнхий боловсролын сургуулиас өндөр насны тэтгэвэрт гарч байгаа багш нарт нэг удаа олгох тэтгэмжийн төсөв 2019 оноос эхлэн аймгийн Боловсролын газрын төсөвт батлагдсан. ББ сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулиас ирүүлсэн 2021 оны төсвийн төслөөр өндөр насны тэтгэвэрт гарах багш нарт олгох нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмж авах багш нарын авах ёстой тэтгэмжийн тооцоог гаргаж, аймгийн Төрийн сангийн байгууллагад хүргүүлж төсвийн төслөө хянуулсан. Засгийн газраас Улсын Их Хуралд оруулан батлуулсан Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиар батлагдсан төсвийн хүрээнд ББ сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн багш А.С-эд 21876640 төгрөгийн тэтгэмж олгосон. Надад манай байгууллагад батлагдсан төсвөөс илүү зарлага гаргах эрх байхгүй учраас Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заасныг болон Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолыг удирдлага болгон батлагдсан төсвийн хүрээнд А.С-эд 21876600 төгрөг шилжүүлсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

3.Нэхэмжлэгчээс 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хаан банкнаас олгосон Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгчид Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас, БББ аймаг ББ сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 19 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, БББ аймаг ББ сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай “Цалин шинэчлэн тогтоох тухай”, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай “Цалин тогтоолгох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаартай “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоол болон уг тогтоолын 5 дугаар хавсралт, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дугаартай “Төрийн албан хаагчийн тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай /Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/ тогтоол болон уг тогтоолын 5 дугаар хавсралт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

Хариуцагчаас хариу тайлбар, БББ аймгийн Боловсролын газрын нягтлан бодогч Н.М-т олгосон итгэмжлэл, БББ аймгийн Боловсролын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/25 дугаартай “Тэтгэмж олгох тухай” тушаал, 2021 оны ерөнхий боловсролын сургуулиас тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмж авах багш, ажилтнуудын нэрс болон мөнгөн тэтгэмж бодсон хүснэгт, Н.М-ын иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч А.С дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Аймгийн Боловсролын газраас надад тэтгэмж олгохдоо Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын дагуу миний сүүлийн 3 жилийн цалингийн дунджийг ажилласан жилээр үржүүлэн олгох ёстой байсан. Миний сүүлийн 3 жилийн цалингийн дундаж 2019, 2020, 2021 оны цалингаар 829,710 төгрөг гарч байна. Үүнийг миний ажилласан 29 жилээр үржүүлэхэд миний авах ёстой тэтгэмжийн хэмжээ 24,061,638 төгрөг болох юм байна. Гэтэл би тэтгэвэрт гарахад хариуцагчаас 21,876,640 төгрөгийн тэтгэмж олгосон. Авсан тэтгэмжээ миний ажилласан 29 жилд хувааж үзэхэд хариуцагчаас тооцсон миний дундаж цалин 754,366 төгрөг болж байна. Хариуцагч талаас миний 3 жилийн цалинг дунджийг ямар үндэслэлээр 754,366 төгрөгөөр тооцсон нь ойлгомжгүй байна. Тиймээс би надад 2,185,000 төгрөгийн тэтгэмжийг дутуу олгосон гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ББ сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулиас ирүүлсэн 2021 оны төсвийн төслөөр өндөр насны тэтгэвэрт гарах багш нарт олгох нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмж авах багш нарын авах ёстой тэтгэмжийн тооцоог гаргаж, аймгийн Төрийн сангийн байгууллагад хүргүүлж төсвийн төслөө хянуулсан. Засгийн газраас Улсын Их Хуралд оруулан батлуулсан Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиар батлагдсан төсвийн хүрээнд ББ сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн багш А.С-эд 21876640 төгрөгийн тэтгэмж олгосон. Надад манай байгууллагад батлагдсан төсвөөс илүү зарлага гаргах эрх байхгүй учраас Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заасныг болон Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолыг удирдлага болгон батлагдсан төсвийн хүрээнд А.С-эд 21876600 төгрөг шилжүүлсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Нэхэмжлэгч А.С нь хариуцагч БББ аймгийн Боловсролын газраас дутуу олгосон 2,185,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч А.С нь БББ аймгийн ББ сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд бага ангийн багшаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэнээр үүрэгт ажлаас нь 2021 оны 12 сарын 31-ний өдөр чөлөөлсөн, 2022 оны 01 сард тэтгэвэр тогтоолгосон болох нь талуудын тайлбараар нотлогдож байгаа ба энэ үйл баримтын талаар талууд маргаагүй болно. 

Нэхэмжлэгч А.С нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн тул Төрийн албан тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй болно.

4.2.Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 21,876,640 төгрөгийг тэтгэврийн тэтгэмж Б.Боловсрол СУ-ийн газар гэж нэхэмжлэгч А.С-ийн АААА дугаартай дансанд шилжүүлсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэжээ.

4.3. БББ аймгийн Боловсролын газрын даргын 2021 оны 12 сарын 06-ний өдрийн Б/25 дугаартай “Тэтгэмж олгох тухай” тушаалаар Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалт, Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ыг тус тус үндэслэн 1. Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын салбараас өндөр насны тэтгэвэрт гарсан багш, ажилтнуудад олгох нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг хавсралтаар баталсугай. 2. Мөнгөн тэтгэмжид шаардагдах 415,130,076/ дөрвөн зуун арван таван сая нэг зуун гучин сая далан зургаан/ төгрөгийг тэтгэвэрт гарахад олгох тэтгэмж зардлаас зарцуулахыг нягтлан бодогч /Н.М/-д зөвшөөрсүгэй гэж, өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмж авах багш, ажилтнуудын нэрсний 21-рт ББ сумын ЕБ-ын 2-р сургуулийн А С, 21,876,640 /мөнгөн тэтгэмж/ гэжээ.

4.4. 2021 оны Ерөнхий боловсролын сургуулиас тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмж авах багш, ажилтнуудын нэрс болон мөнгөн тэтгэмж бодсон хүснэгтийн 17 дугаарт Байгууллагын нэр ББ сумын ЕБ-ын 2-р сургууль, овог А, нэр С,албан тушаал бага ангийн багш, регистрийн дугаар БЗ70111021, нийт ажилласан хугацаа 28, үүнээс Төрийн албанд ажилласан жил 28, албан тушаалын ангилал, зэрэглэл ТҮБД-3-5, нэг сарын үндсэн цалин /сүүлийн 3 жилийн үндсэн цалингийн нэг сарын дундаж 781.31, тэтгэмж олгох хугацаа 28, олгох тэтгэмжийн хэмжээ 21,876,6 гэж 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Х.Е гэж баталж, аймгийн ТСХ-ийн төсвийн мэргэжилтэн Ж.А гэж тус тус гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

  4.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчээр оролцсон БББ аймгийн Төрийн сангийн хэлтсийн төсвийн мэргэжилтэн Ж.А-ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: Нэхэмжлэгч А.С 2021 онд тэтгэвэрт гарна гэж захиалга өгсөн. Ер нь 2021 онд тэтгэвэрт гарах хүмүүс 2021 оны 07 дугаар сар хүртэл материалаа бүрдүүлээд захиалгаа өгөх ёстой. Үүний дагуу дараа жилийн төсөв нь Улсын Их Хурлаар батлагдаж ирдэг. Тэтгэвэр, тэтгэмжийг Засгийн Газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор тооцож олгохдоо. Энэхүү тогтоолын хавсралтаар баталсан журмын 2.1-т “нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцно” гэж заасан ба үүнд Засгийн газрын 150 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт орсон. Нэхэмжлэгч 2020 онд захиалга өгсөн учраас журмын дагуу 2018, 2019, 2020 онуудын цалингаар 3 жилийн дундаж цалин хөлсийг тооцоолсон. Нэхэмжлэгч тэтгэмжийг сараар тооцож олгоогүй гэж маргаж байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн өөрийн захиалга өгсөн 2020 оныг бүтэн оруулж тооцоод, үүний өмнөх 2 жилийн цалингаар дундаж цалин хөлсийг нь тодорхойлж авсан. Нэхэмжлэгч тус сургуулийн захиралд гаргасан өргөдөлдөө “улсад 27 жил тасралтгүй ажилласан, 2021 онд өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлттэй байгаа учраас тэтгэмжийг минь хуулийн дагуу олгож өгнө үү” гэж бичсэн. Тэтгэвэрт яг хэзээ гарахаа тодорхой бичээгүй учраас 2018, 2019, 2020 оны цалингаар нь дундаж цалинг нь тооцоолж гаргасан. А.С-ийн өргөдлийг хүлээж аваад шалгахдаа түүнийг ажилласан жил 27 жил биш 29 жил байна гэдгийг олж мэдээд, тэтгэмжийнх нь тооцоог гаргаж аймгийн Боловсролын газрын нягтлан бодогч Н.М-т шилжүүлсэн. Нэхэмжлэгч өргөдөл гаргахдаа 2021 онд тэтгэвэрт гарна гэж бичсэн болохоос чухам хэзээ тэтгэвэрт гарахаа тодорхой бичээгүй. Тийм учраас Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан журмын 2.1-т заасны дагуу сүүлийн 3 жилийн цалингийнх нь дунджийг 2018, 2019, 2020 оноор тооцсон. Тэтгэмж авахыг хүссэн алба хаагчид тухайн оны 6 дугаар сар хүртэл захиалгаа өгөх ёстой. Үүний дагуу манай байгууллагаас дараагийн жилийн төсвийн төсөөллийг гаргаж төсвийн ерөнхийлөн захирагч буюу Боловсрол, шинжлэх ухааны сайдад хүргүүлдэг. Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн төслийн Сангийн Яаманд оруулдаг. Засгийн газраас Улсын Их Хуралд оруулан батлуулсан дараа жилийн Төсвийн тухай хуулийн жагсаалтын дагуу А.С-ийн тэтгэмжийг тооцоолон олгосон учраас манай зүгээс ямар нэгэн байдлаар буруу тооцоолол гаргасан гэж үзэх боломжгүй гэж мэдүүлсэн байна.

4.6. Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 2.1-д ... нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын сүүлийн 3 жилийн дунджаар тооцно ... гэж заасан  ба хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан БББ аймгийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн санхүү төрийн сангийн хэлтсийн баталсан тэтгэвэрт гарах албан хаагчийн мэдээлэлд ББ сумын ЕБ-ын 2-р сургуулийн А.С,бага ангийн багш, регистрийн дугаар ....., нийт ажилласан хугацаа 28, Төрийн албанд ажилласан жил 28, албан тушаалын ангилал, зэрэглэл ТҮБД-3-5, нэг сарын үндсэн цалин /сүүлийн 3 жилийн үндсэн цалингийн нэг сарын дундаж 781.31 гэж тооцсон тооцоогоор сүүлийн 3 жилийн дундаж цалин нь 781,310 төгрөг гэсэн байна.

4.7. Мөн Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 2.2-д ... энэ журмын 1.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэрт тогтоолгосон төрийн албан хаагчид хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалинг нь төрийн  албанд ажилласан нийт жилийн тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно ... гэж заасан байх тул нэхэмжлэгч А.С-йн төрийн албанд ажилласан нийт 28 жилийг дундаж цалин 781,310 төгрөгөөр үржүүлэхэд 21876600 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон нь дээрх хуульд нийцсэн байна.

5.Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн ББ сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 19 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасан тус сургуулийн бага ангийн багшаар ажиллаж буй А овогтой С-ийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэжээ.

Нэхэмжлэгч А.С нь дээрх тушаалаар 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн учир 2021 оны үндсэн цалингаар буюу 2019, 2020, 2021 оны цалингийн дунджаар тооцож, надад тэтгэмж болох ёстой байсан гэж, дундаж цалин  829711 төгрөг, улсад 29 жил ажилласан гэж тооцоход 24,061,619 төгрөгийн буцалтгүй тусламж олгох ёстой байтал надад 21,876,600 төгрөг олгосон,  2,185,000 төгрөгийг дутуу олгосон учир дутуу олгосон 2,185,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү үндэслэлээ нэхэмжлэгч нотлох баримт гаргаж өгч нотолж чадаагүй болно. Нэхэмжлэгч А.С нь 2021 онд тэтгэвэрт гаргах талаар өргөдөл гаргаж байсан байх ба 2021 онд бүтэн ажиллаж, цалин хөлсөө авч 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ажлаас өндөр насны тэтгэвэрт гарахаар хүсэлт гаргаж байсан нь өөрийнхөн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул 2021 оны цалин хөлсөөр тооцож тэтгэмж олгоогүй гээд байгаа нь хуульд нийцэхгүй байна. 

Нэхэмжлэгч А.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч өөрийн нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэж байгаа байдлын талаарх, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч энэхүү үүргээ биелүүлж өөрийн нэхэмжлэлийн шаардлага нотолж чадаагүй болно.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчээр оролцсон гэрч Ж.А-ийн мэдүүлгээр нэхэмжлэгч А.С нь өргөдөл гаргахдаа 2021 онд тэтгэвэрт гарна гэж бичсэн болохоос чухам хэзээ тэтгэвэрт гарахаа тодорхой бичээгүй, Засгийн газраас Улсын Их Хуралд оруулан батлуулсан дараа жилийн Төсвийн тухай хуулийн жагсаалтын дагуу А.С-ийн тэтгэмжийг тооцоолон олгосон гэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан ББ сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулиас ирүүлсэн 2021 оны төсвийн төслөөр өндөр насны тэтгэвэрт гарах багш нарт олгох нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмж авах багш нарын авах ёстой тэтгэмжийн тооцоог гаргаж, аймгийн Төрийн сангийн байгууллагад хүргүүлж төсвийн төслөө хянуулсан. Засгийн газраас Улсын Их Хуралд оруулан батлуулсан Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиар батлагдсан төсвийн хүрээнд ББ сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн багш А.С-эд 21,876,640 төгрөгийн тэтгэмж олгосон гэж тус тус тайлбарлаж байгааг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй ба жилийн өмнө буюу 2021 оны төсвийн төслөөр өндөр насны тэтгэвэрт гарах багш нарт олгох нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмж авах багш нарын авах ёстой тэтгэмжийн тооцоо нь батлагдсан байх ба энэхүү БББ аймгийн Боловсролын газрын даргын 2021 оны 12 сарын 06-ний өдрийн Б/25 дугаартай “Тэтгэмж олгох тухай” тушаалын хавсралтаар баталсан Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын салбараас өндөр насны тэтгэвэрт гарсан багш, ажилтнуудад олгох нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийн тооцоол, мөн аймгийн санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Х.Е гэж баталж, аймгийн ТСХ-ийн төсвийн мэргэжилтэн Ж.А гэж тус тус гарын үсэг зурж баталгаажуулсан 2021 оны ерөнхий боловсролын сургуулиас тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмж авах багш, ажилтнуудын нэрсийн жагсаалтаар баталсныг тус тус буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

7. 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай, мөн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай ББ сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын “Цалин шинэчлэн тогтоох тухай” тушаалууд болон тушаалын хавсралтыг тус тус  хавтаст хэрэгт гаргаж өгсөн байх ба энэхүү тушаалаар юуг нотлохын тулд гаргаж өгсөн тодорхойгүй байна. 

 

8. Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас 2022.01.03 гэх баримт нь нэхэмжлэгч А.С-ийн Боловсрол Соёл урлагийн газраас тэтгэмжийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нотлох баримт байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь тэтгэмжтэй холбоотой тул  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-г баримтлан хариуцагч БББ аймгийн Боловсролын газраас төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөнөөс дутуу олгосон 2,185,000 /хоёр сая нэг зуун наян таван мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б овогт А-ын С-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор БББ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             К.Б