| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 106/2024/0761/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/788 |
| Огноо | 2024-10-08 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/788
2024 10 08 2023/ШЦТ/788
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хонгорзул,
улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ /Тээврийн прокурор/,
шүүгдэгч “***”нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “***” овогт “***”холбогдох эрүүгийн 2403004780717 тоот дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч “***”нь “***”, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх ““***”"-ийн мэргэжлийн сургалтын байгууллагад "“***”замчин" мэргэжлээр төгсөөгүй атлаа "“***”замчин" хуурамч үнэмлэхийг бусдаас авч, улмаар 2022 оноос Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***”ажиллаж 2022/031 дугаартай хуурамч үнэмлэх ашигласан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “***”мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Гэрч “***”/”***”мэргэжилтэн/:
“...”***”ХНН-ын даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн а/474 тоот тушаалд "хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийж журмыг баталсан байдаг Тухайн тушаалыг үндэслэж замчнаар сонгон шалгаруулж авдаг. Тухайн журмын хавсралтад заасан бүртгэлийн хавсралт материал байдаг Хавсралтын дагуу материалыг хүлээж авдаг Заавал бүрдүүлэх материалд замчин мэргэжлийн үнэмлэх, ажилд орохыг хүссэн өргөдөл, дэлгэрэнгүй анкет, 2 хувь цээж зураг, иргэний үнэмлэх зэргийг бүрдүүлсэн байх ёстой. Тус журмын 3.2.2-т зааснаар баланстай аж ахуй нэгжийн даргын мэдлийн албан тушаалд хийгдэх сонгон шалгаруулалтын комиссыг тухайн нэгжийн дарга бүх ажилтнуудыг томилуулж ажиллуулна. Манай байгууллага шалгалтын аргыг хэрэглэж сонгон шалгаруулалтыг явуулдаг. Тухайн гомдол мэдээлэлд дурдагдаж байгаа 2022/031 дугаартай мэргэжлийн үнэмлэх нь “***”“***”замчин “***”-н мэргэжлийн үнэмлэх юм. “***”овогтой “***”нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “***”“***”захиргаанд өргөдөл гаргасныг үндэслэн “***”“***”даргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/1/382 дугаартай тушаалаар “***”-г замчнаар ажилд авсан. Үүний дараа “***”“***”даргын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/823 дугаартай тушаалаар замчнаар ажиллуулах тушаал гарсан... “***”нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл “***”Замын 2 дугаар ангид замчин мэргэжлээр ажиллаж байна."Тухайн ажилтны хувьд “***”хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүрэг хийж гүйцэтгэсэн, түүнд тохирсон цалин хөлс авсан учраас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “***”хохирсон зүйл байхгүй тул цаашид ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй байна...." гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
Гэрч “***”/”***” ХХК-ийн дэргэдэх ““***”” сургалтын төвийн гүйцэтгэх захирал байсан/:
“...Манай сургалтын төвийн хувьд үнэт цаасан дээр гэрчилгээ гаргадаггүй фото цаасан дээр гаргадаг байсан...” “...Манай байгууллагын хувьд архивын нэгж гэж хадгалаагүй..." гэх мэдүүлэг, ...Надад харуулсан 2022/031 дугаартай мэргэжлийн үнэмлэх нь манай сургалтын төвөөс гаргаж байсан мэргэжлийн үнэмлэх мөн байна..."
"...Надад үзүүлсэн албан бичгийг харлаа. Анх манай сургалтын төв 2018 онд Хөдөлмөрийн яамны харьяа байгууллагад бүртгүүлж байсан. Түүнээс хойш явуулсан сургалтыг төгссөн суралцагч, иргэдийн мэдээллийг хүргүүлэн бүртгэлд оруулж байгаагүй. Энэ нь миний алдаа юм. Бүртгэлд суралцагч, төгсөгчдийн мэдээлэл нь ороогүй мэргэжлийг үнэмлэхийг хуурамч гэж ойлгож болно...”,”... Дээрх нэр бүхий иргэдийн мэргэжлийн үнэмлэх нь манай сургалтын төвд элсэн суралцаж төгсөөгүй “***”байгууллагад ажиллаж байгаад мэргэжлийн үнэмлэх шаардлагатай ажлын байранд томилогдох гэж байгаа иргэдээс танил, тал, миний таньдаг хүмүүсийн гуйлгаар бичиж, гаргуулан авсан мэргэжлийн үнэмлэх байна. Дээрх нэр бүхий 47 иргэнийг манай сургалтын төвийг суралцан төгссөн гэх нотлох баримт надад байхгүй. Бүгд суралцаагүй болон худалдан авсан мөн танил талаараа гуйлган авсан мэргэжлийн үнэмлэхүүд байна..”, “...”***”байгууллагын ажилтан нар л дандаа ажлын байр өөрчлөх эсвэл засварчин, туслах машинч болох ажлын байрны шалгуур, шаардлагыг хангахаар авдаг байсан. Тухайн иргэд мэддэг байсан. Танил, талаар гуйлган авсан иргэдэд миний зүгээс асуудалд орох талаар хэлдэг байсан. Тухайн мэргэжлийн үнэмлэх гаргуулан авсан “***”байгууллагын ажилтан, иргэд асуудлаа өөрсдөө хариуцна гэж хэлээд гаргуулан авч байсан..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 103-106, 119-122 дахь тал/,
Гэрч “***”/”***”хариуцсан ахлах мэргэжилтэн/:
“...Боловсролын баримт бичиг гэдэг нь тухайн боловсролын түвшний мэдлэг, судлагдахууныг эзэмшсэнийг нотлох баримт бичиг, хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан болно. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын түвшинд 9 дүгээр анги төгссөн болон 12 дугаар анги төгссөн суралцагчид элсэн суралцдаг. Мэргэжлийн үнэмлэх нь жилээр мэргэжил эзэмшсэн бол тогооч, үсчин гэх мэт, мөн төгсөлтийн баримт бичгийг баталгаажуулсны дараа тэтгэлэг олгодог учраас бүртгэл мэдээлэл маш нарийн байдаг болно. Аливаа хуурамч баримт бичиг олгох боломжгүй. ““***”” ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу олон төрлийн нууцлал бүхий үнэт цаас олгох ажлууд өндөр хяналтын дор явагддаг...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 114-116 дахь тал/,
Гэрч “***”/Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны “***”мэргэжилтэн/:
“...Mergejil.mn буюу цахим бүртгэлийн нэгдсэн системд мэргэжлийн сургалтын төвүүд маань анх манай институтээс нэвтрэх нэр, нууц үгээ үүсгүүлэн авч сургалтын байгууллагынхаа дэлгэрэнгүй мэдээллийг оруулдаг. Үүнд сургалтад хамрагдсан суралцагчдын мэдээлэл, төгсөгчийн мэдээлэл бас ордог. Өөрөөр хэлбэл төгсөлтийн үнэлгээгээ манай байгууллагаар хийлгээд тэгээд төгсөлтийн гэрчилгээ буюу чадамжийн гэрчилгээг дээрх нэгдсэн бүртгэлийн системээр дамжин бүртгэл үүсгэгдэж авдаг...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 109-111 дэх тал/,
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн:
"...”***” нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/97, А/231 дүгээр тушаалаар батлагдсан "Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журам"-ын дагуу мэргэжлийн сургалтын байгууллагын Бүртгэлийн гэрчилгээ авч байгаагүй болно..." гэх 1/78 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 49 дэх тал/,
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан 2019 оны 08 дугаар сарын-13-ны өдрийн А/505, А/267 дугаартай тушаалаар баталсан "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үнэмлэх, гэрчилгээ олгох журам, /хавтаст хэргийн 83-95 дахь тал/,
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн:
“...Нэр бүхий иргэдийн мэдээлэл мэргэжлийн сургалтын байгууллагын www.mergejil.mn нэгдсэн системд бүртгэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна...” гэсэн 1/190 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 98 дахь тал/,
2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “***”Замын Улаанбаатар татах хэсгээс 29/914 дугаартай албан бичгээр хавсаргаж ирүүлсэн “***”/РД:”***”/-ийн ажлын байрны тодорхойлолт, цалин хөлсний мэдээлэл, ажилд авах тухай тушаал /хавтаст хэргийн 125-133 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн бичиг, баримтын шинжилгээний лабораторийн ахлах шинжээч “***”2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2499 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 152-155 дахь тал/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 57-80 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч “***”ийг “Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт ““***”замчин ” мэргэжил эзэмшсэн гэх мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, мөн энэ гэмт хэргийн улмаас гэм хорын хохирол төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах шаардлагагүй гэж үзсэн” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч “***”ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч “***”нь:
“***”, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх ““***””-ийн мэргэжлийн сургалтын байгууллагад ““***”замчин” мэргэжлээр төгсөөгүй атлаа ““***”замчин” хуурамч үнэмлэхийг бусдаас авч, улмаар 2022 оноос Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***”2 дугаар ангид “***”замчнаар ажиллаж хуурамч үнэмлэх ашигласан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “***”, гэрч “***”, “***”, “***”нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн 1/78 дугаартай албан бичиг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/505, А/267 дугаартай тушаалаар баталсан "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үнэмлэх, гэрчилгээ олгох журам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн 1/190 дугаартай албан бичиг, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “***”“***”29/914 дугаартай албан бичиг, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн бичиг, баримтын шинжилгээний лабораторийн ахлах шинжээч “***”2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2501 дугаартай шинжээчийн дүгнэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч “***”нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч “***”ийг “Баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн хохирогч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “***”хууль ёсны төлөөлөгчөөс ““***”нь “***”хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүрэг хийж гүйцэтгэсэн, түүндээ тохирсон цалин хөлс авсан тул Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “***”хохирсон зүйл байхгүй. Иймд гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгчээс энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг гаргуулах шаардлагагүй” гэснийг дурдах нь зүйтэй.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч “***”т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч “***”нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд “***”ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч “***” овогт “***”Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “***”ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “***”т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “***”нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 2022/031 дугаартай мэргэжлийн үнэмлэхийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “***”нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч “***”т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч “***”т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ