Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2026/00070

 

 

 

 

 

 

 

Н.Л-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/08633 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2025/02058 дугаар магадлалтай

Н.Л-гийн нэхэмжлэлтэй,

“Д” ХХК-д холбогдох

70,479,920.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Н.Л нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан 70,479,920.38 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/08633 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Д” ХХК-аас 70,479,920.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Л-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 510,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2025/02058 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/08633 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Д” ХХК-аас 33,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Л-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,775,561.64 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,

2 дахь заалт нэмж, уг заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан гаргасан хохирол буюу олох ёстой байсан орлогод 33,704,358.74 төгрөг гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч Н.Л нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж дугаарлан уг заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 510,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д” ХХК-аас 322,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Л-д олгосугай” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 4 гэж өөрчлөн дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.12.01-ний өдрийн 210/МА2025/02058 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1. шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, 172 дугаар зүйлийн 172.2.2. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж заасныг үндэслэв.

Нэг. Хэргийн үйл баримт, хоёр шатны шүүхийн зөрүүтэй дүгнэлт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд. Нэхэмжлэгч Н.Л нь 2024.10.01-ний өдөр анхан шатны шүүхэд “Д” ХХК-д холбогдуулан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба үндэслэлээ 2017.09.26-ны өдөр “Д” ХХК-ийн удирдлагаас гаргасан хүсэлтийн дагуу 33,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Үүнтэй холбоотой гарсан зардал, хохирол 37,479,920.38 төгрөгийг хамтад нэхэмжилж байна гэсэн. Тодруулбал, “Д” ХХК-д 33,000,000 төгрөг зээлэхийн тулд иргэн Я.О-оос 20,000,000 төгрөг, өөрөө 13,000,000 төгрөгийн тэтгэврийн зээл авсан гэдэг ба эдгээр зээлээ 2018.05.15-ны өдөр өөрөө төлж барагдуулсан. Тухайн үеийн компанийн гүйцэтгэх захирал Л.Э, нягтлан бодогч М.Ц нарт жилийн 18 хувийн хүүтэй зээл авсан талаар мэдэгдсэн гэдэг. “Д” ХХК-ийн хувьд, дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “Н.Л-гаас мөнгө зээлээгүй, эрх зүйн харилцаанд оролцоогүй, зээлийн гэрээний үүрэг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан" гэх үндэслэлээр маргасан. Учир нь 2017.09.26-ны өдрийн байдлаар “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Л.Э гэж хүн байгаагүй, 2014.12.10-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Б.М гэдэг гүйцэтгэх захирал байгаа бөгөөд компанийн удирдлагын хувьд, Н.Л-гаас ямар нэгэн мөнгө зээлэх хүсэл зориг илэрхийлж байгаагүй, түүний мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулж байгаагүй. Энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Л.Э гэрчээр оролцсон ба “Н.Л-гаас 2017.09.26-ны өдөр мөнгө зээлсэн, сүүлд надаас 2018 онд мөнгөө нэхэмжилж байсан” гэдэг мэдүүлэг өгдөг. Талуудын дээрх тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан нотлох баримтыг анхан шатны шүүх үнэлээд “...Н.Л, “Д” ХХК-ийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний хугацаа тогтоогоогүй гэх боловч 2018 онд Н.Л нь Л.Э-аас мөнгөө шаардсан нь тогтоогдсон... Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхаар заасны дагуу нэхэмжлэгчийн шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан ба мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсгүүдэд зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсдэг. Нэхэмжлэгчийн шаардсан цаг хугацаанаас хойш Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасны дагуу гурван жилийн хугацааг тоолоход 2021 ондоо хөөн хэлэлцэх хугацаа дуусжээ. Энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан талаар ямар нэгэн баримт хэрэгт цуглараагүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэсэн зохицуулалтад нийцнэ. Өөрөөр хэлбэл, хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний үр дагавар нь үүргээс татгалзах эрхийг үүрэг гүйцэтгэгчид олгож байгаа учир нэхэмжлэгчийн шаардах эрх үгүйсгэгдэнэ...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Хариуцагчийн хувьд, зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэхэд маргадаг боловч нэгэнт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул давж заалдах журмаар гомдол гаргаагүй, нэхэмжлэгч гомдол гаргасан. Давж заалдах шүүх “...Нэхэмжлэгч нь 2018 онд зээлдэгч “Д” ХХК-д бус Л.Э-д зээлийн төлөлттэй холбоотой тодорхой шаардлага тавьсныг үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчээс шаардсан гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар Л.Э-аас шаардсан тухайн цаг хугацаанаас мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасан журмын дагуу хугацааг тоолохгүй. Харин мөн зүйлийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс шаардах эрх үүснэ” гэж зааснаар нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн цаг хугацааг нэхэмжлэгч Н.Л, “Д” ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024.10.01-ний өдрөөр тодорхойлно” гэж дүгнээд, нэхэмжлэлийн шаардлагаас 33,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагчийн хувьд, давж заалдах шатны шүүхийн тухайн шийдлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Хоёр. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх гомдлын тухайд. Хоёр шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхдээ манай компанийн гүйцэтгэх захирал бус Л.Э-ын хүсэл зоригийн илэрхийллийг манай компанийн хүсэл зориг гэж үзсэн нь нотлох баримт, талуудын тайлбарыг үнэлэх журмыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь иргэн, хариуцагч нь хуулийн этгээд байгаа нөхцөл байдалд иргэн хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг санхүүгийн чадамжтай хуулийн этгээд зөрчөөд байгаа гэсэн ухамсрыг шүүх өөртөө бий болгосон байхыг үгүйсэхгүй. Аливаа хуулийн этгээд нь олон ажиллах хүчин, иргэдийн эрх, ашиг сонирхлыг үүрч явдаг бөгөөд үндэслэлгүйгээр гаргасан нэхэмжлэлийг хангасан шийдвэрийн ард манай компанийн бусад ажилтнуудын эрх, ашиг бас хөндөгдөж байгааг анхаарсангүй. “Д” ХХК-ийн 2014 оноос хойш гүйцэтгэх захирал хийсэн этгээд болох Б.М нь Н.Л-аас аливаа зээл авах хүсэл зориг илэрхийлж байгаагүй талаар тодорхой тайлбар, баримт гаргасан ба шүүх хуулийн этгээдэд хариуцлага ногдуулахдаа тухайн хуулийн этгээдэд огт хамааралгүй Л.Э-ын хүсэл зоригийг үндэслэсэн нь илт нэг талыг баримталсан, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхдээ Л.Э-ын хүсэл зоригийг үнэлсэн атлаа тухайн зээлийн гэрээний үүргийг Л.Э-аас шаардсаныг манай компаниас шаардсан гэж үзэхгүй гэж байгаа нь хэт зөрүүтэй, нэг талыг баримталсан, эргэлзээтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Тодруулбал, давж заалдах шатны шүүхийн Хянавал хэсгийн 3.1. Нэхэмжлэгч нь 2017 онд Л.Э-ын тавьсан саналын дагуу “Д" ХХК-д 33,000,000 төгрөгийг бэлнээр зээлдүүлсэн, ингэхдээ эргэн төлөгдөх хугацаа, зээлийн хүү тогтоогоогүй гэж дүгнэсэн, мөн Хянавал хэсгийн 5.2. Нэхэмжлэгч нь 2018 онд зээлдэгч “Д” ХХК-д бус Л.Э-д зээлийн төлөлттэй холбоотой тодорхой шаардлага тавьсныг үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчээс шаардсан гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааг тодорхойлохдоо, хариуцагч бус этгээдийн хүсэл зоригийн дагуу нэхэмжлэгчтэй зээлийн гэрээний харилцааг хариуцагч үүсгэсэн гэж дүгнэснийг материаллаг эрх зүйн болон процессын эрх зүйн зөрчил гаргасан гэж үзэж байна.

Хариуцагчийн хувьд, нэхэмжлэгч Н.Л-г Л.Э гэж хүний хүсэлт, саналаар 33,000,000 төгрөг зээлсэн бол тухайн этгээдээс мөнгөө нэхэмжлэх нь зүйтэй буюу хариуцагчийг зөв тодорхойлохыг хүссэн. Өөрөөр хэлбэл, Н.Л нь Л.Э гэж хүний хүсэлт, саналын дагуу мөнгө зээлж, түүнээс 2018 онд мөнгөө шаардаж байсан тул хүсэл зоригоо харилцан илэрхийлсэн этгээдтэй гэрээ байгуулсан гэж үзэх, түүнээсээ мөнгөө нэхэх нь зүйтэй юм. Давж заалдах шатны шүүх, нэхэмжлэгч Н.Л-ийн шаардах эрх хэзээнээс үүсэж байгаа талаар дээрх байдлаар хэт зөрүүтэй, эргэлзээтэй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсдэг ба Н.Л нь “Д” ХХК-д 33,000,000 төгрөг зээлэхийн тулд иргэн Я.О-оос 20,000,000 төгрөг, өөрөө 13,000,000 төгрөгийн тэтгэврийн зээл авсан гэдэг ба эдгээр зээлээ 2018.05.15-ны өдөр өөрөө төлж барагдуулсан гээд энэ талаарх тайлбар, баримтаа хэрэгт хавсаргасан. Мөн гэрч Л.Э-ын мэдүүлгээр 2018 онд тухайн 33,000,000 төгрөгийг буцаан шаардаж байсан болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүх эдгээр баримт, тайлбар, нөхцөл байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, Н.Л-гийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг 2018 оноос тоолсон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байдаг. Хоёр шатны шүүх Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасныг өөрөөр, зөрүүтэй хэрэглэсэн ба маргааны зүйлийн талаар эргэлзээтэй, хэт нэг талыг баримталсан дүгнэлт хийж, нотлох баримтуудыг хуульд заасан журмыг ноцтой зөрчих байдлаар хэргийн үйл баримтыг буруу тогтоосон нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5.Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.02.13-ны өдрийн 001/ШХТ2026/00182 дугаар тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

7.Нэхэмжлэгч Н.Л нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан 70,479,920.38 төгрөг гаргуулах шаардлага гаргасан үндэслэлээ тайлбарлахдаа “...”Ө” ХХК-д намайг зөвлөхөөр ажиллаж байхад 2017 онд шинэ нисэхийн хурдны замын ажилд ерөнхий гүйцэтгэгч Хятад Улсын компанийн туслан гүйцэтгэгчээр “Д” ХХК ажиллаж байсан. …гүйцэтгэх захирал Л.Э “ажил зогсох гээд байна, мөнгө олж өгөөч” гэж надад хүсэлт тавьсны дагуу би 13,000,000 төгрөгийн тэтгэврийн зээл авч, мөн өөрийн найзаар тэтгэврийн зээл 20,000,000 төгрөгийг олж, 2017.09.26-ны өдөр “Д” ХХК-ийн нягтлан бодогч Д.Б-т бэлнээр өгсөн. Мөнгийг буцаан өгч чадахгүй байсан учир 2018 онд би банк болон хүнээс авсан зээлийг хүүтэй нь төлсөн. Үүнээс хойш зөвхөн банк болон хүнээс авсан зээлийн хүүд 3,775,561.64 төгрөг төлж хохирсон. Түүнчлэн энэ мөнгийг банканд хадгалуулсан бол хүү нь өсөх бололцоо байсан тул …банкны хугацаатай хадгаламжийн хүүгээр тооцож, олох ёстой байсан орлого 33,704,358.74 төгрөг гэж тооцсон...” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул энэ үндэслэлээр шаардах эрхгүй. Аман хэлцэл хийсэн гэж тайлбарласан ч гэрээний харилцаа үүссэн гэх үйл баримт тогтоогдоогүй. “Д” ХХК-ийн 2017.09.26-ны өдрийн “Л зөвлөх, гүйлгээний утга: Л даргаас гэх утгатай 33,000,000 төгрөгийн №81 орлогын баримтаар 33,000,000 төгрөгийг зээлийн зориулалтаар шилжүүлэн өгсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Түүнчлэн 2017.09.26-ны өдөр шилжүүлсэн 33,000,000 төгрөгийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдсан тухай холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй” гэсэн үндэслэлээр маргасан байна.

8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...нэхэмжлэгч нь 33,000,000 төгрөгийг бүрдүүлж, ...”Д” ХХК-ийн автозам барих ажилд зарцуулахаар бэлнээр зээлдүүлэхдээ эргэн төлөгдөх хугацаа, зээлийн хүү тогтоогоогүй гэх бөгөөд ...орлогын баримт үйлдсэн, үүнд нягтлан бодогч Д.Б гарын үсгээ зурж, “Д” ХХК-ийн санхүүгийн тамга тэмдгийг дарж баталгаажуулсан. Түүнчлэн уг үйл баримтыг гэрч Л.Э адил мэдүүлсэн бөгөөд хариуцагчийн зүгээс баримтаар үгүйсгэж чадаагүй болно. Гэрээг талууд амаар байгуулах нь хууль зөрчихгүйн сацуу, мөнгийг шилжүүлснээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар гэрээг байгуулсанд тооцож, гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх тул нэхэмжлэгч нь 33,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. Харин нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг бүрдүүлэх зорилгоор банк болон иргэнээс зээл авч, түүний хүүд төлсөн, олох ёстой байсан орлого гэсэн шаардлага нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохиролд хамаарахгүй байна. Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлэх бөгөөд нэхэмжлэгч нь 2018 оны хавар ийнхүү шаардсан болох нь нотлогдож байх тул үүнээс хойш хугацааг тоолоход 2021 онд хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан талаар ямар нэгэн баримт хэрэгт цуглараагүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний үр дагавар нь үүргээс татгалзах эрхийг үүрэг гүйцэтгэгчид олгож байгаа учир нэхэмжлэгчийн шаардах эрх үгүйсгэгдэнэ” гэсэн агуулгатай дүгнэлт хийжээ.  

9.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна. Магадлалд “...талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцсэн. Харин нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааны талаар буруу дүгнэлт хийснийг залруулна. Хөөн хэлэлцэх хугацаа 2021 онд дууссан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь 2018 онд зээлдэгч “Д” ХХК-д бус Л.Э-д зээлийн эргэн төлөлттэй холбоотой тодорхой шаардлага тавьж байсныг үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчээс шаардсан гэж үзэхгүй. Нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн цаг хугацааг нэхэмжлэгч Н.Л “Д” ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024.10.01-ний өдрөөр тодорхойлох ба хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 33,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй, нэхэмжлэгчийн гомдлын энэ хэсгийг хангана. Зээлийн хүүгийн төлбөрт 3,775,561 төгрөгийг нэхэмжлэхдээ бусдаас авсан зээлийн хүү төлж, хохирсон гэх үйлдэлд хариуцагчийг буруутай гэж үзэхгүй тул анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Харин олох ёстой байсан орлогод 33,704,358.74 төгрөг нэхэмжилсэн шаардлагаасаа нэхэмжлэгч нь давж заалдах шатанд татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэжээ.

10.Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ялгаатай шийдвэрлэхдээ шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааны талаар өөр дүгнэлт хийсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

11.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2017 онд Л.Э-ын тавьсан саналын дагуу “Д” ХХК-д 33,000,000 төгрөгийг бэлнээр зээлдүүлсэн гэх ба эргэн төлөгдөх хугацаа, зээлийн хүү тогтоосон тухай тайлбар болон баримт ирүүлээгүй, “Д” ХХК нь 2017.09.26-ны өдөр №81 орлогын тасалбарт “Л даргаас” гэсэн гүйлгээний утгатай, “33,000,000 төгрөг” гэсэн баримт үйлдэж, нягтлан бодогч гарын үсэг зурж, санхүүгийн тэмдгээр баталгаажуулсан байна. Түүнчлэн гэрч Л.Э уг үйл баримтын талаар мэдүүлэг өгчээ.

12.Хоёр шатны шүүх нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бэлэн мөнгөний орлогын баримт зэргийг үндэслэн талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хийсэн дүгнэлт нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцсэн байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан боловч татгалзлаа нотлоогүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзнэ.

13.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг гурван жил байхаар заасан ба мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсгүүдэд зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ.

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэж зохицуулсан.

14.Нэхэмжлэгч нь хариуцагчаас буюу Д.Э-аас 2018 оны хавар үүргээ биелүүлэхийг шаардсан цаг хугацаанаас хойш Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасны дагуу гурван жилийн хугацааг тоолоход 2021 онд хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй, нэхэмжлэгчийн шаардах эрх үгүйсгэгдэнэ гэсэн анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцсэн гэж үзэхгүй. Тухайлбал, хариуцагч нь “... Д.Э тухайн компанийн удирдлагад хэзээ ч ажиллаж байгаагүй, Б.М гэж захирал 2017 онд ч захирал байсан одоо ч захирал хэвээр байгаа” тухай хариу тайлбар гаргасан. Түүнчлэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар “Д” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар Д.Э ажиллаж байсан тухай тэмдэглэгээ хийгдээгүй байна.

15.Давж заалдах шатны шүүх “... нэхэмжлэгч нь 2018 онд зээлдэгч “Д” ХХК-д бус Л.Э-д зээлийн эргэн төлөлттэй холбоотой тодорхой шаардлага тавьж байсныг үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчээс шаардсан гэж үзэхгүй” гэж дүгнэхдээ  хэргийн баримтыг хуульд зааснаар үнэлж, маргааны үйл баримтад Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн хугацааг нэхэмжлэгч Н.Л “Д” ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр тодорхойлсон нь үндэслэл бүхий болжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Э-аас зээлийн эргэн төлөлтийн талаар асууж, шаардлага тавьж байсан боловч Д.Э-ыг хариуцагч “Д” ХХК-ийг төлөөлөх эрхтэй гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байх тул давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.5., 26.6-д нийцсэн гэж үзнэ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг бүрдүүлэх зорилгоор банк болон иргэнээс зээл авч, зээлийн хүү төлж хохирсон гэж шаардсан 3,775,561.64 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохиролд хамаарахгүй гэсэн дүгнэлт хийж, хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдэл үндэслэл бүхий болжээ.

Иймээс нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэн, хариуцагчаас үндсэн зээлийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2025/02058 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 322,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ЗОЛЗАЯА

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Г.АЛТАНЧИМЭГ

            ШҮҮГЧИД                                                Н.БАЯРМАА

                                                                             Д.ЦОЛМОН

                                                                                        Х.ЭРДЭНЭСУВД