Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2019/0735

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.Н, Т.Б, Ц.Ж, Ц.Я

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба

Гуравдагч этгээд: Д.Э

Нэхэмжлэлийн шаардлага: “Нэхэмжлэгчийн эзэмшил газар эзэмших хүсэлтийг хүлээн авахаас удаа дараа татгалзаж хуульд заасан үүргээ биелүүлээгүй хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болхыг тогтоолгох, нэхэмжлэгч нарын 9-12 жил оршин суусан газраа эзэмших хүсэлтийг Засаг даргад өргөн барьж хуулийн дагуу шийдвэрлүүлэх, газрын бодит хэмжээгээр мэдээллийн санд бүртгэхийг даалгах, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 374 дүгээр захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 12 дугаар сарын 28-ны өдрийн 461 дүгээр захирамжийн Д.Э-д холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/136 дугаар захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн эзэмших хүсэлт гаргасан, олон жилийн турш оршин сууж ашиглаж байсан газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ё.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, гуравдагч этгээд Д.Э, өмгөөлөгч А.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар /өмнө нь 2003 оны 165, 2003 оны 185, 2007 оны 285 дугаар тушаалуудаар баталсныг энэ тушаалаар хүчингүй болгосон/ баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт болох “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 3.2-т иргэний шинээр газар эзэмших хүсэлтийг дүүргийн Газрын алба хүлээж авахаар заасан бөгөөд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-ийн 2-т төрийн байгууллага нь “харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах”, 1-ийн 6-д “өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх” үүрэгтэй байна.

Иргэн Ц.Н болон түүний төлөөлүүлэгч иргэн Т.Б, Ц.Ж, Ц.Я нар нь 2004, 2006, 2009 оноос хойш оршин сууж, ногоо тарих зориулалтаар ашиглаж байсан газраа эзэмшиж авахаар Сонгинохайрхан дүүргийн

Газрын албанд удаа дараа өргөдөл гаргаж байсан боловч “Шинэ хотын  төвийн 22-ын товчооны ерөнхий төлөвлөгөө батлагдсан тул төлөвлөлт хийсэн газарт газар эзэмших өргөдөл хүлээн авахгүй" гэж өргөдлийг хүлээн авахаас шууд татгалзаж хүлээж авдаггүй байсан.

Бид Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны эрхлэх асуудлаар өргөдөл гаргаж байсан боловч тухайн өргөдлийг заавал хүлээн авч бүртгээд, өргөдөлд дурдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай өргөдөл гаргагчид үндэслэл бүхий хариуг бичгээр) өгөх ёстой төрийн байгууллага хууль зөрчин иргэний гаргасан өргөдлийг хүлээн авахаас татгалздаг байснаас өнөөдөр “нэхэмжлэгч газар эзэмших асуудлаар өмнө нь өргөдөл, хүсэлт гаргаж байгаагүй” гэх байдалд хүргэсэн байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу иргэнээс гаргасан өргөдлийг хүлээн авахаас удаа дараа татгалзаж байсан Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарын 9-12 жил оршин суусан газраа эзэмших хүсэлтийг хүлээн авч, Засаг даргад өргөн барьж хуулийн дагуу шийдвэрлүүлэх, газрыг бодит хэмжээгээр мэдээллийн санд бүртгэхийг Газрын албанд даалгаж өгнө үү.

Иргэн ******* нь тус дүүргийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 223 дугаар захирамжаар 20 дугаар хороонд 23600 м2 газрыг/ хүнсний ногоо тарих зориулалтаар эзэмшиж байсан бөгөөд маргаан бүхий акт болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 374 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын 17 дугаарт зааснаар газар эзэмших эрхийг Д.Э-д шилжүүлж, захирамжийн 2 дахь заалтаар 2006 оны 223 дугаар захирамжийн Б.Т-т холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.13-т “Газар дээр нь тэмдэглэж газрын кадастрын зурагт буулгасан ерөнхий хил нь газар олгохдоо тогтоосон хилийн цэстэй, оноосон хил нь ... газар олгоход эрх бүхий этгээдээс тогтоосон хилтэй тохирч байна" гэж, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3, 13 дугаар зүйлийн 13.2.4, 16 дугаар зүйлд өмчлөл, эзэмшилд байгаа газрыг Газрын улсын бүртгэлд бүртгэх үндсэн нэгж нь нэгж талбар байх бөгөөд нэгж талбар нь оноосон дугаартай, эргэлтийн цэгээр хязгаарлагдсан тодорхой хил хязгаартай, нэгж талбарын дугаараар газрын улсын бүртгэлд бүртгэгдсэн эдлэн газар байхаар тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл иргэн хуулийн этгээдэд эзэмшүүлж, өмчлүүлсэн газар нь тодорхой хил хязгаар солбицлын цэгийн байршлаар тодорхойлогдох ёстой бөгөөд тодорхой газрын эзэмших эрхийг шилжүүлэхэд нэгж талбарын хэмжээ, байршил өөрчлөгдөхгүй, зөвхөн эзэмшигчийн нэр өөрчлөгдөх ёстой байна.

Б.Т-ийн эзэмшиж байсан газрын хэмжээ нь 23600 м2, газрын байршил нь өнөөдөр Д.Эы эзэмшиж буй газраас зүүн тийш, М ХК-ийн эзэмшил газрын баруун талд, тролейбусын комбинатын хойно байрлаж байсан болох нь 1997 онд хийгдсэн Б.Т-ийн эзэмшил газрын байршлын схем зургаас харагддаг бөгөөд газар зүйн байрлалын хувьд Д.Э нь маргаж буй байрлалд Б.Т-с газар эзэмших эрх шилжүүлэн авсан байх боломжгүй юм.

Дүүргийн Засаг дарга 2011 оны 374 дүгээр захирамжийг гаргахдаа Б.Т-ийн газрын байршлыг өөрчилж нэхэмжлэгч нарын эзэмших хүсэлт гаргасан газарт болгосон, шилжүүлэх хүсэлт болгосон газрын хэмжээг 3 дахин нэмэгдүүлж 73390 м2 болгож Д.Э-д газар эзэмшүүлснээр нэхэмжлэгч нарын оршин сууж, ашиглаж байгаа, эзэмших хүсэлт удаа дараа гаргасан газартай нь давхардуулж нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Иймд Б.Т-с газар эзэмших эрхийг шилжүүлсэн гэх тус дүүргийн Засаг даргын 2011 оны 374 дүгээр захирамжийн Д.Э-д холбогдох хэсэг нь хууль бус захиргааны акт бөгөөд өнөөдрийн байдлаар энэ захирамжийг хүчингүй болгосон шийдвэр байхгүй байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1- т заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 11- ний өдрийн 374 дүгээр захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 461 дүгээр захирамжийн Д.Э-д холбогдох хэсэг нь илт хууль бус захиргааны акт болох үндэслэлийн талаар:

Хариуцагч дүүргийн Засаг.дарга 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 374 дүгээр захирамж гарснаас 1 сар хагасын дараа буюу 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 461 дүгээр захирамжаар дахин 2006 оны 223 дугаар захирамжаар олгогдсон Б.Т-ийн газар эзэмших эрхийг Д.Э-д шилжүүлж, энэ захирамжийг үндэслэн Д.Э-д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон гэрээ байгуулсан байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 374 дүгээр захирамжийн 2 дахь заалтаар 2006 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 223 дугаар захирамжийн Б.Т-т холбогдох хэсгийг хүчингүй болгосноор Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т заасны дагуу Б.Т-ийн газар эзэмших эрх нь 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дуусгавар болсон.

Нэгэнт дуусгавар болсон эрхийг бусдад шилжүүлэх эрх зүйн үндэслэл байхгүй тул дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 461 дүгээр захирамжийн Д.Э-д холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7-д заасан үндэслэлээр илт хууль бус захиргааны акт болно гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 461 дүгээр захирамжийн Д.Э-д холбогдох хэсэг нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/136 дугаар захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийн нэхэмжлэгч нарын олон жилийн турш оршин сууж, ашиглаж байгаа, эзэмших хүсэлт удаа дараа гаргасан газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлийн талаар

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 461 дүгээр захирамж нь илт хууль бус захиргааны акт болох нь тогтоогдвол тус захирамжийг үндэслэн гарсан 2014 оны А/136 дугаар захирамж нь хууль бус акт болох юм.

Мөн А/136 дугаар захирамжаар Д.Э-ийн эзэмшиж байсан газрыг Д.Э, Э.А-т хувааж эзэмшүүлсэн бөгөөд энэ захирамжаар Д.Э-д эзэмшүүлсэн газар нэхэмжлэгч нарын олон жилийн турш Д.Эыг 2011 онд маргаан бүхий газрыг эзэмшихээс өмнө/ эзэмших хүсэлт гаргаж байсан газартай давхардсан хэвээр байна. Өөрөөр хэлбэл, энэ захирамжийн улмаас нэхэмжлэгч нарын холбогдох хууль тогтоомжоор олгогдсон төрийн байгууллагад өргөдөл хүсэлт гаргах эрх, гаргасан өргөдөл хүсэлтээ хуулийн дагуу шийдвэрлүүлэх эрх, газрыг хуулийн дагуу шударгаар олж эзэмших эрх зэрэг эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хэвээр байгаа.

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/136 дугаар захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийн нэхэмжлэгч нарын олон жилийн турш оршин сууж, ашиглаж байгаа, эзэмших хүсэлт гаргасан газартай давхацсан хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна”. гэжээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Н нь 2015 оны 03 дүгээр сарын 25-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо мал бордоход Хайрханы 9-174 тоот хаягаар газар эзэмших эрх авахаар Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд хандсан талаараа тодорхой дурдсан байх ба газар эзэмших хүсэлт гаргасан байршилд нь иргэн Э.А, Д.Э нарт Дүүргийн Засаг даргын 2014 оны А/136 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх эрх олгогдсон учир дээрх иргэдэд Монгол Улсын Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт ...Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна... гэж зааснаар газар эзэмших эрх олгох боломжгүй байна.

Иргэн Д.Э, нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/461 дугаар захирамжаар дүүргийн 32 дугаар хороо, мал бордоход 73390 мкв газрыг эзэмших эрхтэй болсон байна.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо мал бордох хэсэгт 73390 мкв буюу нэгж талбарын 18625307497803 дугаар бүхий газрыг 2014 онд Д.Э 43390 мкв газрыг эзэмших Э.А нь Д.Эгаас 30000 мкв газар эзэмших эрх шилжүүлэн авах хүсэлт тус тус гаргаж байжээ

Хүсэлтийн дагуу дүүргийн Засаг дарга нь 2014 оны 04 дугаар сарын 24-ны өдөр А/136 дугаар захирамжаар газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Д.Э, Э.А-т газар эзэмших эрхийг баталгаажуулж, эрхийн гэрчилгээг олгосон нь дүүргийн Газрын албаны архивт хадгалагдаж байгаа баримтаар нотлогдож байна.

Мөн Э.А-д эрх шилжүүлж газар эзэмшүүлсэн шийдвэр нь дүүргийн Засаг даргын 2011 оны А/461 дугаар захирамжаар иргэн Д.Э-д газар эзэмшүүлснийг үндэслэн гарсан байна

Кадастрын мэдээллийн нэгдсэн санд иргэн Э.А-д эзэмшүүлж буй 30,000 мкв газар нь нэгж талбарын 8029/5335, иргэн Д.Э-ийн эзэмшиж буй 43390 мкв газар нэгж талбарын 8029/5334 дугаартайгаар тус тус бүртгэгдсэн байна.“ гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие Д овогтой Э анх Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны Мал бордох Хайрханы 6-91 тоот хаягт амьдарч байгаа ба 2006 оноос 73390 мкв газрыг ногоо тарьж ашиглаж, эзэмшиж эхэлсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн газрын албанд 2011 онд газар эзэмших өргөдлийг өгсний үндсэн дээр тус дүүргийн Засаг даргын 2011 оны 12-р сарын 28-ний өдрийн 461 тоот шийдвэрийг үндэслэн тус газрыг хууль  тогтоомжийн хүрээнд газрын гэрчилгээ авч жил бүр газрын төлбөрөө төлж одоог хүртэл эзэмшиж байгаа билээ. 2014 онд гэр бүлийн хэрэгцээнд хуваах шаардлагатай байсан учир том охин Э.Ахувааж эзэмших хүсэлтийг газрын алба хууль ёсны дагуу захирамж гаргаж өгсөн.

2009 юм уу 2010 онд н.Цгуай хавар жаахан газар жоохон газар ногоо тариад намар чөлөөлж өгье гэсэн. Би тэр үед хөгшин настай хүн цаанаа ийм далд санаа агуулж байгааг мэдээгүй. Дараа нь нэг өмгөөлөгч гэж танилцуулсан хүн дагуулж ирэн газраа чөлөөлж өгөхийг шаардаж хэлэх хэлэхгүй үгээр доромжлон холбогдох зургийн дагуу 2 удаа барьсан хашааны хэсэг газрыг нурааж миний өмчид удаа дараа халдаж байсан ба дүү Ж нь нэг удаа хашаа барьж байхад төмрөөр цохисон. Ямарч хууль зүйн үндэслэлгүйгээр авах гэж оролдож байгаа иргэн миний эрх ашгийг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарыг дэмжиж байна.

Газрын тухай хуулийн 27-р зүйлийн 27.1 “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” , 27.3 “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэж тус тус заасныг харвал иргэн Ц.Н нь хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүйгээр үл барам бусдын хуулийн дагуу эрхийн гэрчилгээтэй эзэмшиж байгаа газрыг цуцлуулан авах гэж байгаа уг оролдлого нь шударга бус бөгөөд бусдын эзэмшилд шунахайрч байгаа хууль бус үйлдэл гэж үзэж байна. Миний хувьд тэдний эрх ашгийг зөрчсөн зүйл байхгүй. Миний эзэмшиж байгаа газар дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах зорилгоор 2017 оны 07-р сарын 05-нд “Нээгд” ТББ санаачлан үйл ажиллагаа явуулах гэсэн боловч эдийн засаг болон эрүүл мэндийн байдлаас болж одоохондоо хүлээлтийн байдалтай байна.

Иймд газрын тухай хуулийн 27.4 “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг зөрчсөн иргэн Ц.Нын гаргасан хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Т.Б, Ц.Ж, Ц.Я нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Т.Б, Ц.Ж, Ц.Я нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н тус шүүхэд хандаж “1. Нэхэмжлэгчийн эзэмшил газар эзэмших хүсэлтийг хүлээн авахаас удаа дараа татгалзаж хуульд заасан үүргээ биелүүлээгүй хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч нарын 9-12 жил оршин суусан газраа эзэмших хүсэлтийг Засаг даргад өргөн барьж хуулийн дагуу шийдвэрлүүлэх, газрын бодит хэмжээгээр мэдээллийн санд бүртгэхийг даалгах 2. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 374 дүгээр захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 3. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 461 дүгээр захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох 4. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/136 дугаар захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийн нэхэмжлэгч нарын эзэмших хүсэлт гаргасан, олон жилийн турш оршин сууж ашиглаж байсан газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч, гуравдагч этгээдийн төлөөлөгч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Нэг. Нэхэмжлэгчийн эзэмшил газар эзэмших хүсэлтийг хүлээн авахаас удаа дараа татгалзаж хуульд заасан үүргээ биелүүлээгүй хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч нарын 9-12 жил оршин суусан газраа эзэмших хүсэлтийг Засаг даргад өргөн барьж хуулийн дагуу шийдвэрлүүлэх, газрын бодит хэмжээгээр мэдээллийн санд бүртгэхийг даалгах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Т.Б, Ц.Ж, Ц.Я нар нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Мал бордохын задгай, Хайрханы нь 9-174 тоотод, нэхэмжлэгч Ц.Н нь Хайрханы 9-170 тоотод тус тус оршин суугчаар бүртгэлтэй байх ба хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй.

Харин нэхэмжлэгч Т.Б, Ц.Ж, Ц.Я Ц.Н нар нь 2004, 2006, 2009 оноос хойш оршин сууж буй газартаа эзэмших эрх авахаар Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд удаа дараа хандсан боловч “шинэ хотын төвийн 22-ыг товчооны ерөнхий төлөвлөгөө батлагдсан тул төлөвлөлт хийсэн газарт газар эзэмших өргөдөл хүлээж авахгүй” гэж өргөдлийг хүлээн авахгүй байсан...эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших хүсэлтийг...шийдвэрлэхийг хариуцагчид даалгах шаардлага гаргасныг  хариуцагч “...дүүргийн газрын албанд нэхэмжлэгч нар газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй...” гэж тайлбарлан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Нэхэмжлэгч Ц.Н нь шүүх хуралдаанд “дээр дурдсан хугацаанд өргөдлөө гаргасан боловч хүлээж авдаггүй байсан тул тухайн үедээ өргөдөл маань устаж үгүй болсон” гэж тайлбарлан нэхэмжлэгч нарын гаргаж байсан гэх өргөдлийн хувийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй ба хариуцагч талаас тухайн хугацааны иргэдийн газар хүссэн өргөдлийн бүртгэлд нэхэмжлэгч нараас газар эзэмшихээр өргөдөл гаргасан гэх бүртгэл байхгүй гэж тайлбарласан  болно.

Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар авагдсан “Ирсэн өргөдлийн бүртгэл 2015 он, 1-2208” гэсэн баримтын 671 дугаарт 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Ц.Наас гаргасан  өргөдлийг бүртгэлийн 671 дугаарт “гомдол”-оор бүртгэж, газар зохион байгуулагч Д.О-д шилжүүлсэн, уг гомдлын хувийг нэхэмжлэгч Ц.Н шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг бичгийн агуулга нь газар хүссэн өргөдөл биш, харин энэ хэргийн гуравдагч этгээд Д.Эы үйлдэлд гаргасан гомдол байна. 

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д  “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана.”, мөн зүйлийн 32.2-т “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана”, 32.2.1-д “овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар”, 32.2.2-т “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг”, 32.2.3-д “газар эзэмших зориулалт, хугацаа” гэж, 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл нэхэмжлэгч нар нь газар эзэмших хүсэлтээ хуульд заасан журмын дагуу гаргаж түүнд холбогдох баримтуудыг бүрдүүлэн өгсний үндсэн дээр хариуцагч газрын алба шийдвэр гаргах ба ийнхүү хуульд заасан журмын дагуу гаргасан өргөдлийг хугацаанд нь шийдвэрлээгүй тохиолдолд хүсэлт гаргасан иргэн нь захиргааны байгууллагын эс үйлдэхүйн талаар гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна.   

Үүнээс үзвэл нэхэмжлэгч Т.Б, Ц.Ж, Ц.Я, Ц.Н нар нь Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших хүсэлтээ хэзээ, хэрхэн гаргасан, уг хүсэлтүүдийг Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас хэзээ хэрхэн татгалзсан нь тодорхойгүй байгаа нөхцөлд хариуцагч захиргааны байгууллагыг “иргэний газар эзэмших өргөдлийг хүлээж авахгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан” гэж тогтоох боломжгүй.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 17/71 дүгээр албан бичгээр “...хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсанаас хойш тухайн байршилд...өргөдөл хүсэлт хүлээж авдаггүй байсан” гэж тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч тал өөрт хамааруулан үзэж байх боловч уг үйл баримт нь тухайлан нэхэмжлэгч нараас өргөдөл гаргасан гэх үйл баримттай шалтгаант холбоотой нь тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч нар нь газар эзэмших хүсэлтээ гаргаагүй, тэдэнд газар эзэмших эрх хууль ёсоор үүсээгүй байх тул нэхэмжлэгч нарын 9-12 жил оршин суусан газраа эзэмших хүсэлтийг Засаг даргад өргөн барьж хуулийн дагуу шийдвэрлүүлэх, газрын бодит хэмжээгээр мэдээллийн санд бүртгэхийг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Хоёр. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 374 дүгээр захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 374 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 37, 38 дугаар зүйлүүдийг тус тус үндэслэн иргэн Б.Т-ийн, Дүүргийн Засаг даргын 2006 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 223 дугаар захирамжаар эзэмшиж байсан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд орших 73390 м2 газар эзэмших эрхийг Д.Э-д шилжүүлэн, Б.Т-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

Нэхэмжлэгч уг захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ “...газар эзэмших эрх шилжүүлэхэд газрын хэмжээ байршил өөрчлөгдөх ёсгүй атал хариуцагч захиргааны байгууллага уг захирамжийг гаргахдаа Б.Т-ийн эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлж, байршлыг өөрчилж нэхэмжлэгч нарын хүсэлт гаргасан газартай давхцуулсан нь нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн...” гэж тодорхойлжээ.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д “дүүргийн Засаг дарга нь “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” эрхтэй байхаар зохицуулсан ба иргэн Д.Э-д Б.Т-ийн эзэмшил газрын эзэмших эрхийг шилжүүлэхээр шийдвэрлэсэн захирамж нь хууль зөрчөөгүйн дээр уг захирамжийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1.-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” 3.1.3-д ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор” тус тус заажээ.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж...болно, 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана” 38.3-т “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна” 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж заасан байна.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл нэхэмжлэгч нар нь маргаж буй газрын байршилд газар эзэмших эрхээ хууль ёсны дагуу хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлээгүй, тухайн газрын хууль ёсны эзэмшигч гэж тогтоогдоогүй тул хариуцагч захиргааны байгууллагаас гаргасан 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 374 дүгээр захирамжийн Д.Э-д холбогдох хэсэг нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Гурав. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 461 дүгээр захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 461 дүгээр захирамжаар  Б.Т-ийн, 2006 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 223 дугаар захирамжаар эрх үүссэн 32 дугаар хороо, мал бордоход орших 73390 м2 газрыг Д.Э-д шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2006 оны 223 дугаар захирамжийн Б.Т-т холбогдох заалтыг хүчингүй болсонд тооцсон байна.

Нэхэмжлэгч уг захирамжийг илт хууль бус гэж үзэж буй үндэслэлээ “...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 374 дүгээр захирамжаар Б.Т-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байхад хүчингүй эрхийг Д.Э-д шилжүүлсэн.. нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан бодит нөхцөлд биелэгдэх боломжгүй, илт хууль бус захиргааны акт” гэж тайлбарлажээ.

Харин шүүх хуралдаанд хариуцагч Сонгинохайрхан дүүргийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Дүүргийн засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 374 дүгээр захирамж нь техникийн алдаатай гарсан захирамж,  Д.Э-д газар эзэмших эрх үүсгэж байгаа нь Дүүргийн засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 461 дүгээр захирамж” гэж тайлбарласан ба нэхэмжлэгч тал эдгээр захирамжийн аль алинд нь шаардлага гаргасан тул тус тусад нь дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

Сонгигнохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 223 дугаар захирамжаар иргэн Б.Т-ийн, Нийслэлийн засаг даргын 1997 оны А/56 дугаар захирамжаар үүссэн газар эзэмших эрхийг 23660 м2 газрын хэмжээгээр сунгаж баталгаажуулсан, мөн захирамжийн 3 дугаар хавсралтаар Б.Т-т тухайн байршилд газрын хэмжээ нэмж олгон нийт 73390 м2 болгожээ.

Түүнчлэн энэ хэрэгт нотлох баримтаар авагдсан, Д.Эы газар баталгаажилтын хувийн хэргээс үзвэл  Б.Т, Д.Э нар нь 2009, 2011 онуудад газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтээ гаргасан, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг 2009 оны 11 дүгээр сарын 12-нд байгуулсан зэргээс үзвэл хууль ёсны газар эзэмшигч иргэн Б.Т нь  Д.Э-д 73390 м2 газар эзэмших эрхээ шилжүүлснээр Д.Э нь уг газрын эзэмшигч болсон нь тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж...болно, 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана” 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж зааснаас үзвэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 12 дугаар сарын 28-ны өдрийн 461 болон 374 дүгээр захирамжууд нь Д.Э-д Б.Т-ийн газар эзэмших эрхийг шилжүүлэн олгосон хуульд нийцсэн захирамж байна.

Хариуцагч захиргааны байгууллага тухайн 374 дүгээр захирамжийг техникийн алдаатай гарсан захирамж, засах боломжтой гэж тайлбарлаж байх бөгөөд энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар захиргаа өөрөө эсхүл уг захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд засахыг шаардах эрхтэй байхаар зохицуулагджээ.

Нэгэнт маргаан бүхий захиргааны акт болох 374, 461 дүгээр захирамжуудын аль алины улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй захиргаа өөрөө засах боломжийг хуульд заасан байх тул  Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан “бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” илт хууль бус захиргааны акт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Дөрөв. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/136 дугаар захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн эзэмших хүсэлт гаргасан, олон жилийн турш оршин сууж ашиглаж байсан газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/136 дугаар захирамжийн холбогдох хэсгээр Д.Эы эзэмшиж байсан 73390 м2 газрын 30000 м2 газрыг Э.А-д шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх ба ийнхүү шийдвэрлэхдээ Э.А, Д.Э нараас гаргасан хүсэлт, газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, тэдний хооронд байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ зэрэг баримтуудыг үндэслэн захирамж гаргасан нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч уг захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагаа “нэхэмжлэгч нарын хүсэлт болгосон, олон жил оршин сууж ашиглаж байгаа газартай давхацсан...” гэж тодорхойлж байх боловч нэхэмжлэгч нар уг газрын аль хэсэгт хүсэлт гаргаж байсан нь тодорхой тогтоогдохгүй байх тул энэ үндэслэлийг шүүх хүлээж авах хууль зүйн боломжгүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших хүсэлтээ гаргаагүйн дээр олон жил оршин сууж ашиглаж байсан гэх үйл баримт нь нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх үүсэх үндэслэл болохгүй.

Иймд маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/136 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 27 дугаар зүйлийн 27.4, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Т.Б, Ц.Ж, Ц.Я нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н-с Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан “Нэхэмжлэгчийн эзэмшил газар эзэмших хүсэлтийг хүлээн авахаас удаа дараа татгалзаж хуульд заасан үүргээ биелүүлээгүй хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч нарын 9-12 жил оршин суусан газраа эзэмших хүсэлтийг Засаг даргад өргөн барьж хуулийн дагуу шийдвэрлүүлэх, газрын бодит хэмжээгээр мэдээллийн санд бүртгэхийг даалгах, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 374 дүгээр захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 461 дүгээр захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/136 дугаар захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн эзэмших хүсэлт гаргасан, олон жилийн турш оршин сууж ашиглаж байсан газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ДУЛАМСҮРЭН