Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 39

 

 

 

Ч.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                                                                                                                       

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

            Прокурор: Б.Догмиддорж /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Тулгаа,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ууганбаяр нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ч.Эд холбогдох, 2020000220178 дугаартай, 1 хавтас, 173 хуудас бүхий эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбатын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч.Э-д холбогдуулан Нийслэлийн прокурорын газрын прокурор Э.Бадралаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Ч.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 07-99 ДГА улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгслээр, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2015 оны А/356/396 тоот “Химийн хорт болон аюултай бодисын ангилал батлах тухай” хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын 140 дугаарт бүртгэгдсэн химийн хорт аюултай бодис болох 17,5 литр фторт устөрөгч /Hydrofluoric acid/-ийн хүчлийг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.  

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөн явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар,

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э тэнссэн хугацаанд дээрх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж,

 

шүүгдэгч Ч.Э энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж,

 

Монго Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуванцар савтай 1 бүр нь 500 гр савлагдсан 34 ширхэг буюу 17 литр фторт устөрөгч /Hydrofluoric acid/-ийн хүчлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагаар устгуулахыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж,

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 3 500 000 төгрөгийг шүүгдэгч Ч.Эгаас гаргуулж улсын орлогод оруулахаар,

 

шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,

 

шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Насанбат давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Химийн хорт аюултай бодисыг хууль бусаар тээвэрлэж, улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийн улмаас Монгол Улсын нутаг дэвсгэрт нэвтрүүлж оруулсан “химийн хорт, аюултай бодис” нь хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд шууд хор, хохирол, үр дагавар үүсгэж болзошгүй, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний “эрүүл аюулгүй орчинд амьдрах” эрхийг зөрчиж болзошгүй шинжтэй байхад нийтлэг хор аюулыг хэрхэн үгүйсгэж байгаа талаар шүүх шийтгэх тогтоолд хууль зүйн дүгнэлт огт хийгээгүйг шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Анхан шатны шүүхийн прокурорын яллах дүгнэлтэд дурдсан химийн хорт аюултай бодисыг 07-99 ДГА улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй. Уг үйлдлийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл гэм буруутайд тооцсон талаар шийтгэх тогтоолд огт дурдаагүй буюу хавтаст хэрэгт нэгэнт нотлогдсон үйл баримт, прокурорын дүгнэлтийг хэрхэн няцаан үгүйсгэсэн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасныг ноцтой зөрчсөн. Иймд 68 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив ” гэжээ.

 

            Прокурор Б.Догмиддорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбатын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл ашиглан химийн хортой бодис тээвэрлэсэн байхад анхан шатны шүүхээс тээвэрлэсэн дээр дүгнэлт хийгээгүй. Химийн хортой бодис хууль бусаар нэвтрүүлсэн нь, хүн амын эрүүл мэнд, улсын аюулгүй байдалд хор хөнөөл учруулж болзошгүй тул энэ талаар дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Тулгаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж дүгнэж байна. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Бадралаас яллах дүгнэлтдээ яллагдагч Ч.Эг Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 07-99 ДГА улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгслээр, химийн хорт аюултай бодис болох 17.5 литр фторт устөрөгчийг нэвтрүүлснийг Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилсэн. Тухайн химийн бодисыг гартаа авч орж ирэх боломжгүй. Энэхүү ачаа нь БНХАУ-ын хилээр зайлшгүй авто машинаар авч орж ирэх нөхцөлөөр орж ирсэн, гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэж болохоор байгаа. Шийтгэх тогтоолд шүүгдэгч Ч.Эг 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 07-99 ДГА улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгслээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2015 оны А/356/396 тоот “Химийн хорт болон аюултай бодисын ангилал батлах тухай” хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын 140 дугаарт бүртгэгдсэн химийн хорт аюултай бодис болох фторт устөрөгч /Hydrofluoric acid/-ийн хүчлийг тээвэрлэж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрүүлсэн байна гэж дурдаж өгсөн. Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тооцож гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй охины хамт амьдардаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Улсын хилээр химийн бодисыг нэвтрүүлэх үйлдлийг тухайн газар ажилладаг Гааль, Мэргэжлийн хяналтын газрын албан хаагчид таслан зогсоогоод, химийн бодисыг тусгай хадгалах саванд нь хадгалсан. Тийм учраас нийтэд аюултай үйлдэл гараагүй гэж үзэх үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байдаг. Шүүхээс шүүгдэгчийг Монгол улсын хилээр хууль бусаар тээврийн хэрэгсэл ашиглан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, тээвэрлэсэн гэж тусгай зүйл анги байхгүй. Гэмт хэрэг үйлдэхдээ л тээврийн хэрэгсэл ашигласан болохоос биш, тусдаа тээврийн хэрэгсэл ашиглаж явсан зүйл байхгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад дор дурдсан үндэслэлээр эсэргүүцлийн зарим хэсгийг хангахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хууль, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад холбогдох хуульд үндэслэн хэргийн бүх ажиллагааг хянахад хэргийг мөрдөн шалгах болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад тус тус “Хэргийн талаар нотолбол зохих байдлыг” бүрэн шалгаж, тодруулжээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судалж үзэхэд: 

 

Шүүгдэгч Ч.Э 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор 07-99 ДГА улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгслээр, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2015 оны А/356/396 тоот “Химийн хорт болон аюултай бодисын ангилал батлах тухай” хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын 140 дугаарт бүртгэгдсэн химийн хорт аюултай бодис болох, 214 200 төгрөгийн үнэ бүхий, 17,5 литр фторт устөрөгч /Hydrofluoric acid/-ийн хүчлийг хууль бусаар тээвэрлэсэн, нэвтрүүлсэн нь үзлэг хийсэн тухай тэмдэглэл/хх-ийн 5-7/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-19/, гэрч С.Мандахбаяр /хх-ийн 25-29/, гэрч Б.Баярцэцэг /хх-ийн 83-84/, шинжээч Б.Алтансүх /хх-ийн 87-88/, иргэний нэхэмжлэгч Д.Тунгалагтуул /хх-ийн 21-22/, Шинжлэх ухааны академи хими, химийн технологийн хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-37/, “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 02-р сарын 10-ны өдрийн №820/009 дугаартай үнэлгээ /хх-ийн 43-44/, “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 02-р сарын 10-ны өдрийн ДГО:1000361 дугаартай үнэлгээ /хх-ийн 50-51/ зэрэг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар тус тус тогтоогдсон, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүйн гадна гэмт хэргийн үйл баримтыг бүрэн нотолжээ.

 

Шүүгдэгчийн дээрх хууль бус үйлдэл нь “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр тээвэрлэсэн, нэвтрүүлсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн илэрхийлж байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос “...Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр тээвэрлэсэн, нэвтрүүлсэн” гэж яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд түүний гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид шүүгдэгчийн үйлдэл хамаарч байгааг зөв тодорхойлж, хэргийг зөв зүйлчилж, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, насанд хүрээгүй охины хамт амьдардаг, бусдад төлөх хохирол, төлбөргүй зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэж байна.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан бол...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан хуулийн шаардлагад үндэслэж шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирчээ.  

 

Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоосны гадна хэргийг шийдвэрлэхдээ мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах, өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлтийг шинжлэн судалж, шүүгдэгчийг “...химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар тээвэрлэж, улсын хилээр нэвтрүүлсэн” гэм буруугийн талаар хэлэлцэж, ийнхүү гэм буруутайд тооцсон нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. 

 

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт, шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо  “...химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар тээвэрлэсэн”-ийг бичээгүй, орхигдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлд хамаарахын зэрэгцээ энэхүү алдаа нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар залруулах боломжтой юм.

 

Түүнчлэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 17 литр фторт устөрөгчийн хүчлийг/1хх-4, 133/ зохих байгууллагаар устгуулахыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаарахгүй буюу Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа” явуулах нөхцөл, шаардлагад нийцэхгүй байх тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “химийн хорт болон аюултай бодис болох фторт устөрөгчийн хүчлийг Дорноговь аймгийн Онцгой байдлын газарт шилжүүлж, зохих ёсоор шийдвэрлэхийг даалгахаар” шийтгэх тогтоолын 5 дахь заалтад өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв. 

 

Харин прокуророос “Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх” журам /Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан захирамж, тушаал 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 246/А/80/-ын Арван нэгийн 11.1 дэх хэсэгт заасны дагуу ...эд мөрийн баримтыг устгах талаар гаргасан мэргэжлийн байгууллагын болон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн санал гаргаж, шүүхэд хүргүүлээгүйг, мөн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Замын-Үүд дэх Байгаль орчин, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Г.Анхбаярыг томилсон нь, иргэний нэхэмжлэгч Д.Тунгалагтуулыг шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт, хавтаст хэргийн материалтай танилцуулаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1, 1.2, 27.2 дугаар зүйлийн 1-т нийцээгүйг цаашид анхаарахыг магадлалд тэмдэглэж байна.

 

Үүнээс гадна шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг хурааж аваагүй, битүүмжлээгүй, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Д.Тунгалагтуулын эзэмшлийн тээврийн хэрэгслийг түүнд буцаан олгосон баримтгүй/Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг хэлэлцэхдээ иргэний нэхэмжлэгчтэй холбоотой дээрх асуудлыг тодруулахаар шүүх хуралдааны товыг иргэний нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тайлбарыг өгдөг/ учир Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны саатуулах хашаанд байгаа, 07-99 ДГА улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгслийг прокурор хуульд заасан журмын дагуу иргэний нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.  

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр шийтгэх тогтоолын 1, 5 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад “Шүүгдэгч Ч.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг

 

“Шүүгдэгч Ч.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

 

5 дугаар заалтын “Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуванцар савтай 1 бүр нь 500 гр савлагдсан 34 ширхэг буюу 17 литр фторт устөрөгч /Hydrofluoric acid/-ийн хүчлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагаар устгуулахыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.” гэснийг

 

“Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуванцар савтай 1 бүр нь 500 гр савлагдсан 34 ширхэг буюу 17 литр фторт устөрөгч /Hydrofluoric acid/-ийн хүчлийг, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Дорноговь аймгийн Онцгой байдлын газарт шилжүүлж, зохих ёсоор шийдвэрлэхийг даалгасугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбатын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж,  заримыг хэрэгсэхгүй болгосугай.

   

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                               ШҮҮГЧИД                                    А.САЙНТӨГС

 

                                                                                                    Н.БОЛОРМАА