Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/197

 

 

 

 

 

                                         2024/ШЦТ/197  

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                                                                                    

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж

Улсын яллагч: Ж.У

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б

Шүүгдэгч: О.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Оийн Бт холбогдох эрүүгийн 2412................ дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хүний их эмч мэргэжилтэй, ........ аймгийн ............ эмнэлэгт ............. эмч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ........... аймгийн .......... сумын ......... дүгээр багийн ............ тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Оийн Б /РД:............../  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

           Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 18 цагийн үед .......... аймгийн ..........сумын ............ багийн .......... гэх газарт зам тээврийн осол гарч, насанд хүрээгүй хохирогч Х.Хийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч О.Б нь 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 18 цагийн үед Архангай аймгийн И.......... сумын ......... багийн ........мод гэх газарт иргэн Б.Д гэрийн гадна талд өөрийн эзэмшлийн 77-87 АРХ улсын дугаартай Аксио королла маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож эхлэхдээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалт, мөн дүрмийн 10.1-д Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас насанд хүрээгүй хохирогч Х.Хийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бийн “...Би 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өөрийн төрсөн 3 хүүхдээ ээжийн төрсөн дүү болох Р.С эгчийнд үлдээгээд 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр эргээд нөхрийн хамтаар буцсан юм. Тэгээд Улаанбаатар хотоос хүүхдүүдээ утсаар асууж дүрсийг нь харж ярьдаг байсан бөгөөд асуухаар “хөөрхөн байна тоглоод биеэ даасан шөнө орой уйлахгүй амар байна" гэдэг байсан. Одоо байнга л харахгүй бол юм руу уначих гээд байдаг. Өөрөө явж чадахгүй болсон. Сүүлд эмчилгээ хийлгээд арай гайгүй болсон. Тухайн осол болсон өдөр нь 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байсан бөгөөд ажлаа хийгээд байж байхад манай нөхөрт машинд мөргүүлсэн талаар анх хэлсэн. Тэр мэдээг сонсоод л замдаа шууд гарсан. Тэгсэн Бын ээж нь над руу залгаад “манай хүүхэд харахгүй машинаар шүргэчихлээ” гэж хэлсэн боловч удалгүй эмнэлгээс залгаад хүүхдийнхээ регистрийн дугаарыг хэл гээд сэхээнд байгаа талаар хэлсэн. Тэгээд явсаар байгаад шөнө 03 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд хүүхдээ харахад нүүр нь битүү хавантай 2 нүд нь нээгдэхгүй хамар нь цөмөрсөн байдалтай, ухаангүй байсан. Тэгээд маргааш буюу 06 дугаар сарын 10-ны өдөр 15 цагийн үед Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэг рүү шилжүүлсэн. Хийн өсөлт хэвийн байсан, 10 сартайдаа хөлд орсон. Хэлд арай ороогүй байсан, хөл нь чангарсан, хаа сайгүй явж чаддаг, хөхнөөс гарсан байсан. Тархиндаа нилээн цус хуралттай хавантай, хамар хугарсан мурийсан, эрүү хугарсан, зүүн нүдний хүүхэн хараа хөдлөхгүй зэрэг гэмтлүүд учирсан. Би гомдолтой байна. Би хүүхдээ эрүүл болгож авмаар байна. Хүүхдээ цаашид ямар өвчтэй хүн болохыг хэлж мэдэхгүй байна, эмчилгээнд гарсан зардал болон цаашид гарах зардлыг баримтаар нэхэмжилнэ. Мөн би энэ асуудлаас болж ажлаа хийж чадахгүй байгаа цалин мөнгөгүй хэцүү байна. Гэмтлээс гарсны дараа төлбөртэй өрөөний төлбөр болох 300.000 төгрөгийг мөн эмчилгээндээ зарцуулаарай гээд 2.500.000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Мөн 06 дугаар сард банкны мөнгөө хийж чадахгүй, ажлаа хийгээгүй учраас банкны мөнгө болох 800.000 төгрөгийг дансаар авсан, өөр ойр хоол хүнс шатахууны зардлыг гаргаж өгч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 80-82 хуу/

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бийн дахин “...Дээрх цаг хугацаануудад миний хүү зам тээврийн осолд орсны улмаас бүгдэд нь үзүүлсэн. Үзүүлэх үедээ хамар, эрүүний хагалгаанд орж эмчилгээ үйлчилгээ авч байсан. Харин Булган аймгийн Эрүүл мэндийн төвд үзүүлсэн шалтгаан нь зам тээврийн осолд орсноос гадна буюу аялал зугаалгаар явж байгаад хүүхдийнхээ гарыг зүсчихсэн юм. Тэгээд үзүүлж эмчилгээ үйлчилгээ авсан. Энэ зам тээврийн осолтой ямар ч хамааралгүй. Бусад дээрх цаг хугацаанд бол зам тээврийн осолд орсны улмаас үзүүлж эмчилгээ үйлчилгээ авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь манай хүүхдийн мэндэд учирсан хохирол төлбөрийг О.Б нь бүрэн төлж барагдуулсан учир манай гэр бүлийн зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 102-103 хуу/,

 

Гэрч Р.Сгийн “...Би 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 17 цаг өнгөрч байхад О.Б нь манай нөхөр Дтай жижиг суудлын тэрэгтэй ирсэн. Тэгсэн манай нөхөр Б 2 “үхэр холбох гэж байгаа буулга хаана байгаа” талаар асуухаар нь би жижиг гэрийн зүүн хаяанд том бошигт үз гэж хэлсэн. Би тухайн үед том гэрийн хойно брезинт оёж байсан. Тэгээд машин асах шиг болсны дараа хүүхэд уйлаад байхаар нь гэр тойроод гараад ирэхэд цус нөжтэйгөө холилдсон байсан. Тэгээд шууд Архангай аймаг руу маш хурдан явж эмнэлэгт үзүүлэхэд “хүнд байна” гээд сэхээний тасагт оруулсан. Манайд 2024 оны 05 дугаар сарын сүүлээр аав, ээж нь 2 ахынх нь хамтаар авчирч өгсөн. Хөлд орсон хөл чангарсан хүүхэд байгаа юм. Манай нөхөр Д, Б, Хэ бид дөрөв байсан, өөр хүн байгаагүй. Хүүхдүүд гол руу явсан байсан. Архи дарс хэрэглээгүй байсан. Би Б, Д нарыг ирэхээс өмнө жижиг гэртээ аяганд тараг хийж өгөөд тэрийгээ идээд сууж байхаар нь гадаа гарч юм оёж байсан. Манай нөхөр гэртээ ирэхэд Хийг хаана байна гэж асуусаар жижиг гэрт тараг ууж байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/

 

Гэрч Р.Сгийн дахин “....Намайг гэр тойроод гарч ирэхэд үед Б хүүхдийг тэвэрчихсэн өвөр дээрээ авчихсан сууж байсан. Тэгэхэд Хийн хамраас болон амнаас нь цус гарсан 2 нүд нааш төвийсөн байсан. Гэрийн урд талд машины ард хэсэгт хүүхдийг тэвэрсэн байдалтай байсан. Б өөрөө эмч болохоор анхны тусламжийг сайн үзүүлсэн гэж бодож байна. Жижиг суудлын саарал өнгөтэй машин байсан би ямар маркийн тээврийн хэрэгсэл болох талаар мэдэхгүй байна. Х.Хэ нь миний төрсөн эгч талийгаач Сгийн төрсөн охин болох Бийн хүүхэд байгаа юм. Манайд 2024 оны 05 дугаар сарын сүүлээр 2 ахынх нь хамтаар авчирч өгч байсан яг өдрийг нь санахгүй байна. Манайд ирээд 10 гаруй л хонож байсан. Өөрийгөө аргацаагаад яваад байдаг хүүхэд байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 хуу/

 

Гэрч Б.Д “...Би 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 16 цаг өнгөрч байхад үхрээ айлын хашаан дээр хашаад О.Бын хамтаар манай гэр рүү үхэр тэрэгний буулга авахаар явсан. Тэгээд манай гэрт ирэхэд манай эхнэр гэрийн ард юм оёж байхаар нь би үхэр тэрэгний буулга хаана байгаа талаар асуухад “их ойрхон байсандаа” гэхээр нь жижиг гэрийн зүүн талд байсан цэнхэр боошигт үзээд байхгүй болохоор нь жижиг гэрийн баруун талд хураасан байсан зүйлээс буулгаа олж авсан. Тэр үед Хэ гэрийн гадаа цэнхэр боошигны хажууд зогсож байсан. Бид хоёрыг ирэх үед жижиг гэр дотор тараг уугаад сууж байсан. Тэгээд буулгаа аваад О.Б машинаа унаад, би жолоочийн ар талд суугаад машин хөдлөхөд урд "түг" хийх чимээ гарахаар нь “юу дайрчихав” гээд машинаас Б бид хоёр буухад машины ар хэсэгт Х.Хэ баруун талаараа хажуулдсан байдалтай, амнаас нь цус гарсан уйлж байхаар нь эхнэр бид гурав зэрэг гүйж очоод амнаас нь гарсан цусыг арчаад шууд Архангай аймаг руу аваад явсан. Бид хоёрыг хөдлөх үед жижиг гэрийн зүүн талд зогсож байсан юм. Б буулгаа “ахаа ард хийх юм уу” гэхээр нь би “хөлдөө тавьчихъя” гэж хэлээд хөлдөө тавиад хөдөлсөн юм. Манайд ирэхдээ хөлд орчихсон хөл чангарчихсан ирсэн. Манай эхнэр Р.С, Б, Хэ бид дөрөв л байсан. Өөр хүн байгаагүй. Бид хоёр огт архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Манай дүү О.Б жолоодож явсан. Яарч сандарсан зүйл бол байхгүй байсан. О.Бын өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 хуу/

 

Гэрч О.Мын “...би 2017 оны хавар Улаанбаатар хотоос 8.500.000 төгрөгөөр худалдан авч унаж байгаад 2021 оны хавар өөрийн төрсөн ах Бт 6.000.000 төгрөгөөр зараад тэрнээс хойш ах унаж хэрэглэж байсан тээврийн хэрэгсэл байгаа юм. Ах дүү учраас нэр шилжүүлээгүй байгаа. Ах зарахаар болвол надаас шилжүүлчихнэ гээд нэр шилжүүлээгүй байгаа юм. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86 хуу/

 

Иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн “...Би Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэрийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Учир нь Х.Хэ нь 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хооронд гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 7 удаа нийт 14.353.329 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100900020080 тоот данс төлбөрийг төлүүлмээр байна. /Гүйлгээний утга дээр: РД, нэр, Архангай/ гэж бичнэ. Би Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 14.353.329 төгрөгийг дээрх  санд төлүүлэхийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 124-125 хуу/

 

О.Бын яллагдагчаар “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулна. Хохирогчийн ар гэрээс уучлалт хүссэн. Эмнэлэгийн болон хувийн зүгээс тусламж үйлчилгээг үзүүлж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 94-96 дугаар тал/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 166 дугаартай

1,2. О.Бын гэх цусанд спиртийн зүйл илрээгүй...гэх дүгнэлт /1 хх-ийн 25-26 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 224 дугаартай

  1. Х.Хийн биед гавлын дух, чамархай суурь ясыг хамарсан шугаман

хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, баруун уушигны дээд дэлбэнгийн няцрал, ухархай хоншоор эрүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

  1. Гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
  2. Осол болох цаг хугацаанд үүснэ.
  3. Гавлын дух, чамархай суурь ясыг хамарсан шугаман хугарал, тархины хатуу

хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүү мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3, 4.1.4-д зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 33-34 хуу/

Шинжээч У.Лхагвадоржийн 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтэд:

1. Тоёота Аксио коррала маркийн 77-87 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалт, мөн дүрмийн 10.1-д Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Тоёота Аксио коррала маркийн 77-87 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна.

3. Осол гарахад замын гадарга, байгалийн нөхцөл байдал болон өөр ямар нэгэн хүчин зүйл нөлөөлсөн нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.

4. О.Б /РД:.........../ нь В ангиллын ......... дугаарын хүчинтэй эрхийн жолооны үнэмлэхтэй байна...гэх дүгнэлт /хх-ийн 63 хуу/, О.Бын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 105-110 хуу/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111 хуу/, хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /1 хх-ийн 217-220 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч О.Б нь 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 18 цагийн үед Архангай аймгийн И..........сумын ....... багийн .......... гэх газарт иргэн Б.Д гэрийн гадна талд өөрийн эзэмшлийн 77-87 АРХ улсын дугаартай Аксио королла маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож эхлэхдээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалт, мөн дүрмийн 10.1-д Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас насанд хүрээгүй хохирогч Х.Хийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.  

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Быг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч О.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцсон, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч О.Бт авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Насанд хүрээгүй хохирогч Х.Хийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн байцаалтын шатанд “...гомдол санал байхгүй...сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэсэн бөгөөд шүүгдэгч нь хохиролд 24,100,000 төгрөгийн хохирол, 1,436,097 төгрөгийн эм тарианы зардалд хохирол төлсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогчид төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.  

 

Харин хохирогч насанд хүрээгүй хохирогч Х.Хийн 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хооронд гэмтлийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан  14.353.329  /арван дөрвөн сая гурван зуун тавин гурван мянга гурван зуун хорин ес/ төгрөгийг шүүгдэгч О.Баас гаргуулж иргэний нэхэмжлэгч Б овогт Чулууны М /РД:.............../-д буюу Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч О.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч О.Б нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.             

 

           Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан.  Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

           Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх тухай эрүүгийн хариуцлагын санал нь хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлага, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний хууль зүйн үр дагаврыг  ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч О.Б нь тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, түүнд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгчид хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Оийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч О.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч О.Бт тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч О.Бт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч О.Баас 14,353,329 /арван дөрвөн сая гурван зуун тавин гурван мянга гурван зуун хорин ес/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгосугай.

 

8. Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           П.ДОНИДДОЛГОР