| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0200/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/196 |
| Огноо | 2024-09-30 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Ж.У |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/196
2024/ШЦТ/196
М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж,
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.М
Шүүгдэгч: Т.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Тгийн Нд холбогдох 2412............... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: М Улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .......... аймгийн ............. сумын ........багийн .......... гэх газар оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, М овогт Тгийн Н /РД:............../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 11 дүгээр сарын 27-ны үед ....... аймгийн ........сумын ........багийн ..........гэх газраас иргэн Ж.Цийн 3 тооны үхэр хулгайд алдагдсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Т.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 27-ны үед ........ аймгийн ........ сумын Могой багийн ......... гэх газарт бэлчээрээс нь хохирогч Ж.Цийн 3 тооны Мын үхэр буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж, хохирогч Ж.Цид 1.800.000 төгрөгийн хохирол учруулан буюу мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутай болох нь:
Хохирогч Ж.Цийн “...би 2021 оны 11 дүгээр сарын 27-ны үед өөрийн эзэмшлийн 3 тооны Мын үхрээ Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн Хустай гэх газраас хулгайд алдсан. Тухайн үед би өөрийн 3 тоон үхрээ алдсан талаар Хайрхан сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдээд л өнгөрсөн. Хэсгийн төлөөлөгчид тэмдэглүүлсэн хугацаанаас хойш би өөрийн үхрээ олж авч чадаагүй өдийг хүрсэн. Би халтар амтай, халиун зүсмийн сувай Мын үнээ, улаан эр шүдлэн үхэр (М), улаан зүсмийн биеэрхүү Мын бяруу зэрэг 3 тооны үхэр алдсан. Миний алдсан 3 үхэр баруун чих нь урд талаасаа догол эмтэй, зүүн чих нь хойноосоо ухам эмтэй 3 тооны үхэр байсан. Би сувай үнээгээ 1.400.000 төгрөгөөр, шүдлэн үхрээ 950.000 төгрөгөөр, бяруугаа мөн 950.000 төгрөгөөр үнэлнэ. Тухайн үеийн үхрийн үнэ өртөг иймэрхүү үнэтэй байсан. Би Наа гэх манай нутгийн хүнийг сэжиглэж байна. Учир нь Г, Д гэх хүмүүс хоорондоо маргалдаад нэг нь нөгөөгөө “би чамайг хулгай хийснийг чинь харсан. Би чамайг цагдаад хэлнэ” гэсэн байсан. Тухайн яриаг лавшруулаад хүнээс асуухад Г гэх хүн Н гэх хүнд мал ачилцсан, тэндээсээ шан харамж авна гэж тохироод тэр шан харамжаа одоог хүртэл өгөөгүйгээс болоод хоорондоо маргалдсан сураг байсан. Тэгээд тухайн хэрүүл маргаан болсны улмаас би тэнд гарсан яриа өгүүллэгийн сонсоод Н гэх хүнийг сэжиглэж байна. Манай үхэр гэрийн гаднаас нэх их холдоод байдаггүй. Мөн манай үхэр цөөн тоогоор сүргээсээ салж айлын үхэртэй хамт явж байсан удаа байхгүй. Өвлийн цаг байсан болохоор өглөө гэрийн гадна талаас бэлчээрт гараад орой нь би заавал хурааж гэрийн гадна талд авч ирээд хонуулдаг. Манай үхэр байнгын хариулгаатай байдаг. Би үхрээ алдсан өдрийн өмнөх өдөр үхрээ бүртгэж гэрийн гаднаас бэлчээрт гаргаад, сумын руу ажил гараад явсан. Буцаад гэртээ харих гэтэл машин эвдрээд тэр өдөр харьж чадаагүй. Маргааш нь машинаа асааж гэртээ ирээд үхэртээ явахад манай үхрээс 3 үхэр дутсан байсан. Үхэр байсан газраас мотоциклтой туусан бололтой З үхрийн мөр дагаад явсан мөр байхаар нь би хулгайч аваад явсан байна гэж бодсон. Тэгээд би хэн авч явсныг харсан үзсэн хүн байхгүй болохоор нь тухайн үедээ цагдаад хэлээгүй. Тухайн үедээ хүнээс асууж сураглаж яваад Н гэх залуугаас асуухад “манай гадаа хужир долоогоод байсан” гэж хэлсэн. Харин манай үхэр 1 шөнийн дотор Ны гэрийн гадна очих ямар ч боломжгүй. Гэрийн урд амнаас холддоггүй идээд хонодог байсан. Манай гэрээс Ны гэр хүртэл 5-6 км зайтай. ...манай үхэр ингэж хол явж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-11 дүгээр тал/,
Хохирогч Ж.Цийн дахин өгсөн “...би 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр цагдаагийн байгууллагад Архангай аймгийн Хайрхан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс өөрийн эзэмшлийн 3 тооны Мын үхрээ 2021 оны 11 дүгээр сард хулгайд алдсан" талаараа гомдол мэдүүлсэн. Харин манай нутгийн Т.Н гэх залуу миний 3 тооны Мын үхрийг хулгайлсан талаараа надад хэлсэн ба “ах аа намайг уучлаарай, би хохирлыг нь барагдуулж өгнө” гээд 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр эрэл хайгуул болсон зардал гэж миний хаан банкны 5155............ тоот дугаарын данс руу 200,000 шилжүүлсэн. Дараагаар нь буюу өнөөдөр миний хаан банкны 5155............ тоот дугаарын данс руу 1,000,000 төгрөг үхрийн төлбөр гэж шилжүүлсэн ба энэ 1.000.000 төгрөгийг 1 тооны сувиа үнээний төлбөр гэж миний дансанд шилжүүлсэн. Миний данс руу мөнгө шилжүүлсэн дансыг нь би сайн мэдэхгүй байна. Харин Мын бяруу болон, шүдлэн үхрийн төлбөрт нь тус тус тугалтай Мын 2 үнээ өгөхөөр болсон. Тийм учраас одоо надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би нэг үхрийнхээ төлбөр гэж 1,000,000 төгрөг авсан. Харин 2 үхрийнхээ төлбөрт тугалтай Мын 2 үнээ авахаар тохирсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар тал/,
Хохирогч Ж.Цийн дахин өгсөн “...би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэлийг тогтоох дүгнэлт гаргуулахгүй. Хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан болохоор надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 108-109 дүгээр тал/,
Хохирогч Ж.Цийн дахин өгсөн “...Би тухайн үед Архангай аймгийн Хайрхан сумын Могой Хустай гэх газар гэх маллаж амьдарч байсан бөгөөд тухайн үед буюу 2021 онд эхнэрээсээ салаад 2 жил гаруй болж байсан бөгөөд 2021 онд хүүхдийн тэтгэмж төлөх болоод өөрийн үхэр сүргээс 8 тооны Мын охин үхэр гаргаж төхөөрөөд Архангай аймгийн шүүхийн шийдвэрийн 5135......... дугаартай дансанд өөрийн хаан банкны 5155........... дугаартай данснаас 12.669.779 төгрөгийг шилжүүлж байсан болохоор би цаг хугацааг нь маш сайн санаж байна. Хүүхдийн тэтгэлэг төлсний дараа 8 тооны Мын үхэртэй үлдсэн юм. Тэгсэн тэр үлдсэн үхэр сүргээс 3 тооны Мын үхрээ хулгайд алдаж байсан юм. Тиймээс би өөрийн Хаан банкны дансны хуулгыг баримтаар гаргаж өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 129-130 дугаар тал/,
Гэрч П.Бы “...Тухайн үед би гэртээ байж байхад манай нутгийн Н гэх залуу мотоциклтой шөнө 22 цагийн үед ирээд “та надад үхэр ачилцаад өгөөч, манай хаваржаанаас ачих гэж байгаа” гэж хэлсэн. Тэгээд би хамт мотоциклтой очих үед өөрийн хаваржааны хашаандаа овоо хэдэн үхэр хашчихсан байсан. Тэр үхэр дотроос Мын 3 тооны үхэр ачуулсан. Тэгээд бусад үхрээ гаргачихсан. Тухайн үед 24 цаг болж байсан санагдаж байна. Тухайн 3 тооны Мын үхрийн нэг нь халиун, баруун гэж хэлэхээр үнээ байсан. Харин нөгөө хоёр нь улаан хүрэн зүсмийн бяруу, шүдлэн бололтой насны бага шиг Мын үхэр байсан. Намайг Ны хаваржааны гадна очиход доороос цагаан өнгийн ачааны машины ирж байсан. Улсын дугаарыг нь сайн санахгүй байгаа ч Булган аймгийн машин байсан. Н гэх залуугаас гадна 2 хүн явж байсан. Манай нутгийн залуучууд биш байсан. Тухайн 3 тооны үхрийг тэр хоёр залууд өгч байгаа гэж ярьсан. Тухайн явдлаас хойш Ц гэх хүний үхэр алга болсон гээд нутаг усаар яриад байсан. Тэгэхэд Н надад “хүн амьтан асуувал битгий юм хэлээрэй, Би Ц гэх хүний үхрийг ачуулсан, та чимээгүй байгаарай, хүн амьтанд хэлж болохгүй шүү” гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 дугаар тал/,
Гэрч П.Бы дахин “...миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өмнө өгсөн мэдүүлэгт нэмж ярих зүйл гэвэл би өмнө мэдүүлэг өгөхөд мөрдөгч Э нь ...2022 оны 11 дүгээр сарын 27-ны үеэр Н гэх хүнд үхэр мал ачилцаж өгсөн асуудал байгаа юу... гэж асуусан. Би тухайн үед мэдүүлэг өгч байгаад мэдүүлгийн төгсгөлд наад цаг хугацаа чинь 2022 оны биш 2021 оны 11 дүгээр сарын 27-ны орчим байх ёстой гэж хэлээд мэдүүлгийн төгсгөлд засаж тэмдэглэл үйлдсэн байх ёстой юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 149-150 дугаар тал/,
Гэрч Ө.Д “...Би Архангай аймгийн Хайрхан суманд нүүж ирээд удаагүй байсан. Би 1 тооны бяруугаа айлын үхэртэй явуулчхаад олж авах санаатай Б гэх хүнийг дагуулаад явсан. Тухайн үед Б ах бага зэрэг халамцуу явж байх үедээ “Би Нтай хамт Ц гэх хүний 3 үхрийг ачуулсан” гэж ярьж байсан. Энэ талаар би анх Б гэх хүнээс өөрөөс нь дуулсан. Энэ явдлаас хойш Ц гэх хүн 3 тооны үхэр алдсан гээд эрэл сураг болсныг дуулсан. Дараа нь халгай хадсан гэж Б гэх хүн ирээд намайг “хулгай хийж мал тэжээхгүй юм бол халгай хадаж яах гээд байгаа юм” гэхээр нь би Б ахтай бага зэрэг маргалдсан юм. Тэгээд би Б гэх хүнийг “Нтай нийлж айлын үхэр ачуулсан гэдгийг чинь хэлнэ шүү” гэж маргалдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-23 дугаар тал/,
Яллагдагч Т.Нгийн “...би зүйлчлэлийн хүлээн зөвшөөрч байна, миний үйлдэл тохирч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-87 дугаар тал/,
Яллагдагч Т.Нгийн дахин “...Би сайн бодоод үзэхэд 2021 оны 11 дүгээр сард юм байна. Би хүсэлт гаргахдаа буруу бодсон байна, сүүлд нь би сайн бодоод байхад 2021 оны 11 дүгээр сарын сүүлчээр юм байна. Учир нь би Б гэх ахыг гэрээс нь үхэр ачилцуулахаар очих үед хүүхэд нь төрчихсөн эхнэр нь нялх хүүхэдтэй байсан юм. Тухайн мөнгөө би бүгдийг нь бэлнээр авсан. Би тухайн үед зүс таних хүнд өртэй байсан тэр хүндээ өрөө өгсөн юм. Би тэр хүний нэрийг нь сайн мэдэхгүй зүс таних л хүн байгаа юм. Тухайн үхрийг худалдаж авсан хоёр хүн байсан өөр хүн байгаагүй, би тэр хоёр хүнийг огт танихгүй. Тухайн үед манай суманд мал худалдаж авна гээд явж байсан хүмүүс байгаа юм. Тухайн үед П.Б ах эхнэр нь нялх хүүхэд нь байсан өөр хүн байгаагүй. Би тухайн үед Б гэх ахад үхэр ачилцаад өг гэж л гуйсан юм. хулгайн үхэр гэдгийг хэлээгүй учир Б ах мэдээгүй гэж бодож байна. Тийм зүйл огт байхгүй. Б гэх хүнд би шан харамж өгнө гэж огт ярьж байгаагүй. Би тухайн үед Булган аймгийн Сайхан сумын гаралтай гэх нэг хүнийг зодчихоод цагдаад мэдэгдэлгүй эмчилгээний мөнгө гэж 2.000.000 төгрөг өгөхөөр тохирч түүнийгээ өгөхийн тулд мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж тэр хүндээ мөнгийг нь өгсөн юм. Тэгэхдээ тэр хүн одоо хаана байдаг талаар би мэдэхгүй нэрийг нь бас мэдэхгүй юм. Тухайн үед би Булган аймгийн Сайхан суманд явж байгаад танихгүй зүйлд танихгүй хүмүүстэй маргаж зодолдсон тэнд байсан хүмүүсийг би танихгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 154-156 дугаар тал/,
*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-31 дүгээр тал/
*Дамно үнэлгээ ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн АЦ-24-69 дугаартай дүгнэлт /хх-ийн 46-50 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр тал/
*Т.Нгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 71-75 дугаар тал/
*Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 89-92 дугаар тал/
**Дамно үнэлгээ ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн АЦ-24-113 дугаартай “...Хаожи маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклийг 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ нийт 441.000 төгрөгөөр үнэлэгдэнэ...” гэх дүгнэлт /хх-ийн 97-102 дугаар тал/
*Ж.Цийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 132-138 дугаар тал/,
*Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 110-111 дүгээр тал, 160-161 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Н нь машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн байна гэж дүгнэв.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Н машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Иймд шүүгдэгч Т.Нг машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд, тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Ж.Цт 1.800.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Т.Н нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Т.Нд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийг шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ...” гэж тус тус заасан байна. Иймд шүүгдэгч Т.Нгийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 441.000 төгрөгийн үнэлгээ бүхий Хаожи маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклийг хураан улсын орлого оруулахаар шийдвэрлэв.
Прокурорын сонсгосон ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын үр дагаврыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж, шүүгдэгч Т.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Т.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
М Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. М Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Т.Нг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Т.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн 441.000 төгрөгийн үнэлгээ бүхий Хаожи маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклийг хураан улсын орлого болгосугай.
6. Шүүгдэгч Т.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР