Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 102/шш2021/01245

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 3 дугаар хороо, .... тоот хаягт оршин суух, Б овогт Н гийн Б /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 19 дүгээр хороо, ... дүгээр байр, .... тоот хаягт оршин суух, Б овогт Э ы Х /РД: .../-т холбогдох

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б , хариуцагч Э.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Х бид хоёр 2019 оны 3 дугаар сард танилцаж улмаар 2019 оны 10 дугаар сараас хамт амьдарч эхэлсэн. Хамтран амьдрах хугацаанд 2020 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүү Х.Т төрсөн. Манай хүүхдийн хувцас авч ирэхдээ манай ээжид энэ хоёр хүнээр тоглосон юм, цаашид тоглоомоо үргэлжлүүлэхийг хүсэхгүй байна гэж хэлсэн. Хамт амьдарч байх хугацаандаа халамж, анхаарал тавьдаггүй, хүүхдээ ч тоодоггүй, гадуур найзуудтайгаа зугаалж явах дуртай байсан. Би тэр болгонд нь хориг тавиад байдаггүй. Гэртээ тогтохгүй, ажлаа тараад шууд гэртээ ирдэггүй, гэртээ ирж хоолоо идчихээд буцаад гараад явдаг. Найзууд нь архи уудаг ямар хүн болох талаар нь хэлсэн. Хамаатан садан, ах эгч нар нь хүртэл надад муулдаг. Э.Х 30 нас хүртлээ ажил хийгээгүй. Хөөцөлдөж байгаад одоогийн ажилд нь оруулсан. Ирээдүйд хамт амьдарч чадахгүй гэдгээ мэдсэн. Тиймээс хүү Х.Т ийг өөрийн асрамжид авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна гэв.

Хариуцагч Э.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Н.Б г зовоосон нь үнэн. Гэхдээ би архи уугаад яваад байдаггүй. Орос улсад сургуулиа төгсөж, 3 дугаар эмнэлэгт ажиллаж байгаад дахин Австри улс руу явсан. Эргэж ирээд ... дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа. Намайг 30 нас хүртэл ажилгүй явсан гэж худлаа ярьж байна. Залуу хүн хааяа гарч орох зүйл байна. Н.Б гийн ярьж байгаа шиг байнга архи ууж, гадуур яваад байдаггүй. Ажил ихтэй болохоор тийм боломж ч гардаггүй. 48 цагаар ажиллахыг ч үгүйсгэхгүй, би тэр болгон ажлаа тайлагнаад байж чаддаггүй. Н.Б өөрийнхөөрөө яриад байдаг. Би энэ бүхнийг худлаа гэж хэлмээр байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нь хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлж, хүүхдээ эх Н.Б гийн асрамжид үлдээнэ гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.                                        

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Э.Х т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Н.Б , хариуцагч Э.Х нар 2019 оны 3 дугаар сард танилцаж, 2020 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүү Х.Т ийг төрүүлсэн ба хариуцагч Э.Х нь хүү Х.Т ийг өөрийн хүүхэд гэдгийг зөвшөөрсөн нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд 21.5 дахь хэсэгт ...Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. гэж хуульчилжээ.

Хариуцагч Э.Х нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байна.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн эцэг хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүүхдээ асрамжлаж буй нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Э.Х аас хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг шаардах эрхтэй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч Н.Б нь хүүхдийн асрамжийн талаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй ба хариуцагч энэ асуудлаар маргаагүй тул хүү Х.Т ийг эх Н.Б гийн асрамжинд үлдээж, эцэг Э.Х аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2020 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр төрсөн хүү Х.Т /РД: .../-ийг эх Н.Б /РД: .../-ийн асрамжид үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2020 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр төрсөн хүү Х.Т ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэг Э.Х аас гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР