| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0090/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/195 |
| Огноо | 2024-09-26 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Ж.У |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/195
2024/ШЦТ/195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж, ерөнхий шүүгч П.Гандолгор, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй,
Улсын яллагч: Ж.У
Иргэдийн төлөөлөгч: Д.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц Лд холбогдох 2412.............. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 19-ний өдөр А аймгийн Т суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт ....... аймгийн ............. сумын ......... багт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Б овогт Ц Л /РД:............./
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр А аймгийн Т сумын У багийн “У” хорооллын З тоотод ах Ц.Лтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хэвлийн хэсэгт нь зэвсэг буюу хутгаар хутгалж биед нь хэвлийн хөндийд нэвтэрч сэмж чацархайг гэмтээсэн шарх, хэвлийн хөндий дэх цус алдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: 2412............... дугаартай эрүүгийн хэргээс:
мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Лын мэдүүлсэн: “...Би өмгөөлөгч сонгон аваагүй, би өмгөөлөгч оролцуулахгүй. Ц.Л нь миний төрсөн дүү, сэтгэцийн өвчтэй хүн байгаа юм. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн би хуульд заасан гэр бүлийн гишүүн, садныхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж, мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 хуу/
Гэрч Б.Сийн мэдүүлсэн: “...Би бага хүү Ц.Лгийн хамт А аймгийн Т сумын төвд хоёулаа амьдардаг юм. Миний том хүү С.Л нь Т аймгийн суманд гэр бүлийн хамт амьдардаг бөгөөд шинэ сарын бэлтгэл хийж өгөх ажлаар ирээд 6 орчим хонож байсан юм. Өнөөдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө 09 цагийн үед бага хүү Л нь дан өмд өмсөх гэхэд нь миний хүү гадаа хүйтэн байна, давхар өмд өмсөөрэй гэж хэлсэн чинь зөрүүдлээд үгэнд орохгүй байхаар нь ах нь үглээд байж харагдсан. Би чих дүлий болохоор юу хэлснийг нь сайн сонсоогүй, буруу харчихсан юм хийгээд байж байсан чинь гэнэт зуухны урд түлээний хайрцаг пижигнээд дугарахаар нь эргээд харсан чинь бага хүү Л гартаа хоол иддэг хутга барьчихсан, том хүү Л нь газарт суучихсан ёолоод урд хэсгээ гараараа дараад байж байсан. Тэгэхээр нь ахыгаа хутгаар хатгах нь гэж бодоод хутгыг нь Лгийн гараас булаан аваад газарт шидээд том хүү рүүгээ харсан чинь аль хэдийн гэдэс рүү хатгачихсан, хүйс орчмоос нь цус ихээр гараад байсан. Тэгээд том хүү эмнэлэг рүү мэдэгдсэн байх. Тухайн үед цус ихээр гарч би маш их сандарч яах учраа олоогүй юм. Том хүү маань хүүхдүүдтэйгээ өнөөдөр буцах гэж байсан юм. Тэгээд удалгүй сумаас эмч ирээд яаралтай аймгийн төв рүү авчраад хагалгаанд орсон. Амь наснаас холуур байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуу/
Гэрч Д.Цгийн мэдүүлсэн: “...Манай ээж өндөр настай хүн бөгөөд төрсөн дүү С эгч хашаанд нь Л хүүгийн хамт амьдардаг юм. Манай ээж мөн ганцаараа амьдардаг бөгөөд бие нь өвдөөд эмнэлэгт хэвтээд би ээжийнхээ гэрт очоод цагаан сарын хэдэн бууз чимхээд гэрт нь хоносон. Тэгсэн чинь өглөө манайд С эгчийн ач сургуулийн жаахан хүүхэд аавыг хатгачихлаа гэсээр орж ирэхээр нь хажуу талын айл болох С эгчийнд ороход бага хүү Л нь төрсөн ах Лын хэвлий хэсэгт хутгаар хатгачихсан гээд гэрийн үүд хэсэгт нил цус болчихсон, Л гэдсээ гараараа дарчихсан үүдэндээ сууж байсан. Би Лг загнаад шууд сумын эмнэлэг рүү авч яваад С эгч цусыг нь цэвэрлээд Лтэй хамт гэртээ үлдсэн. Тэгээд сумын эмнэлэг орсон чинь шууд аймгийн төв рүү авчраад бид нар дагаж ирсэн. Аймгийн эмнэлэгт ирээд шууд хагалгаанд орсон. Хэвлий хэсгээс нь их хэмжээний цус авлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/
Гэрч Л.Бийн мэдүүлсэн: “...2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө 10 цаг өнгөрч байх үед Л нь хүйсний зүүн дээд талд 5-6 сантиметр орчимд хэвлийн хөндий рүү нэвт зүсэгдсэн шархтай цус алдсан байдалтай, өвдөлт ихтэй шокын байдалтай ирсэн. Өвдөлт намдааж, шарханд цэглэлт хийж 5 оёдол тавьж, 2 гарын шууны бүдүүн судсанд уян зүү тавьж даралт тогтворжуулах үүднээс 3 литр шингэн юүлж, даралтыг тогтворжуулж 2 дахь шатлал руу тээвэрлэж Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт шилжүүлсэн. Дүү Л нь хутгалчихсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 хуу/
Архангай аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч С.Мын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 016 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн цамцны зүүн суганы залгаа оёдлоос зүүн доош 16 см зайд 2 см талбайд үүссэн гэмтэл зүсэгдэлт байна. Хөх өнгийн цамны баруун мөрний залгаа оёдлоос зүүн тийш 14 см талбайд үүссэн гэмтэл ханзралт байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн цамцанд үүссэн зүсэгдэлт, ханзралт өнгөө алдаж гандаагүй байх тул шинэ байна. 3. Хөх өнгийн цамцанд үүссэн зүсэгдэлт, ханзралт өнгөө алдаж с-згүй шинэ гэмтэл тул хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 56-58 хуу/
Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 73 дугаартай шинжээчийн “...С.Лын биед хэвлийн хөндийд нэвтэрч сэмж чацархайг гэмтээсэн шарх, хэвлийн хөндий дэх цус алдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ, хэрэг болох цаг хугацаанд үүснэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд гэмтэлд хамаарна...” дүгнэлт /хх-ийн 66-69 хуу/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 хуу/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-8 хуу/
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-12 хуу/
Шүүх сэтгэц эмгэг судлалын 562 дугаартай “...Ц.Л нь өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байна. Ц.Лгийн дээрх өвчин эмгэг нь төгсгөлийн үе шатандаа байгаа тул хэрэг хариуцах чадваргүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 233-235 хуу/
Архангай аймгийн Прокурорын газраас 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дугаартай “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгч нарын гэм буруутай эсэх талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Ц.Л нь 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ...... аймгийн Т сумын У багийн “У” хорооллын З тоотод ах С.Лтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хэвлийн хэсэгт нь зэвсэг буюу хутгаар хутгалж биед нь хэвлийн хөндийд нэвтэрч сэмж чацархайг гэмтээсэн шарх, хэвлийн хөндий дэх цус алдалт бүхий хүнд гэмтэл учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг мөн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж гэмт хэргийн бүрэлдэхүүний материаллаг шинжээр нь тодорхойлсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг материаллаг бүрэлдэхүүний шинжээр буюу хохирол, хор уршиг учирсан байхаар хуульчилжээ.
Шүүгдэгч Ц.Л нь 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ........... аймгийн Т сумын У багийн “У” хорооллын З тоотод ах С.Лтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хэвлийн хэсэгт нь зэвсэг буюу хутгаар хутгалж биед нь хэвлийн хөндийд нэвтэрч сэмж чацархайг гэмтээсэн шарх, хэвлийн хөндий дэх цус алдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч С.Лын мэдүүлсэн “...Би өмгөөлөгч сонгон аваагүй, би өмгөөлөгч оролцуулахгүй. Ц.Л нь миний төрсөн дүү, сэтгэцийн өвчтэй хүн байгаа юм. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн би хуульд заасан гэр бүлийн гишүүн, садныхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 хуу/,
Гэрч Б.Сийн мэдүүлсэн “...Өнөөдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө 09 цагийн үед бага хүү Л нь дан өмд өмсөх гэхэд нь миний хүү гадаа хүйтэн байна, давхар өмд өмсөөрэй гэж хэлсэн чинь зөрүүдлээд үгэнд орохгүй байхаар нь ах нь үглээд байж харагдсан. Би чих дүлий болохоор юу хэлснийг нь сайн сонсоогүй, буруу харчихсан юм хийгээд байж байсан чинь гэнэт зуухны урд түлээний хайрцаг пижигнээд дугарахаар нь эргээд харсан чинь бага хүү Л гартаа хоол иддэг хутга барьчихсан, том хүү Л нь газарт суучихсан ёолоод урд хэсгээ гараараа дараад байж байсан. Тэгэхээр нь ахыгаа хутгаар хатгах нь гэж бодоод хутгыг нь Лгийн гараас булаан аваад газарт шидээд том хүү рүүгээ харсан чинь аль хэдийн гэдэс рүү хатгачихсан, хүйс орчмоос нь цус ихээр гараад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуу/,
Гэрч Д.Цгийн мэдүүлсэн “...Тэгсэн чинь өглөө манайд С эгчийн ач сургуулийн жаахан хүүхэд аавыг хатгачихлаа гэсээр орж ирэхээр нь хажуу талын айл болох С эгчийнд ороход бага хүү Л нь төрсөн ах Лын хэвлий хэсэгт хутгаар хатгачихсан гээд гэрийн үүд хэсэгт нил цус болчихсон, Л гэдсээ гараараа дарчихсан үүдэндээ сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/,
Гэрч Л.Бийн мэдүүлсэн “...2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө 10 цаг өнгөрч байх үед Л нь хүйсний зүүн дээд талд 5-6 сантиметр орчимд хэвлийн хөндий рүү нэвт зүсэгдсэн шархтай цус алдсан байдалтай, өвдөлт ихтэй шокын байдалтай ирсэн. Өвдөлт намдааж, шарханд цэглэлт хийж 5 оёдол тавьж, 2 гарын шууны бүдүүн судсанд уян зүү тавьж даралт тогтворжуулах үүднээс 3 литр шингэн юүлж, даралтыг тогтворжуулж 2 дахь шатлал руу тээвэрлэж Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт шилжүүлсэн. Дүү Л нь хутгалчихсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 хуу/,
Архангай аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч С.Мын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 016 дугаартай, Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 73 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээр дурдсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн санаатай үйлдэл эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан байхыг шаарддаг бөгөөд гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хооронд шалтгаант холбоотой байхыг шаарддаг.
Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч Ц.Лгийн гэм буруутай үйдлийн улмаас хохирогч Ц.Лын биед нь хэвлийн хөндийд нэвтэрч сэмж чацархайг гэмтээсэн шарх, хэвлийн хөндий дэх цус алдалт бүхий гэмтэл учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн шүүгдэгч нь хохирогчид дээрх гэмтлийг учруулахдаа хутга хэрэглэсэн нь тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.
Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон дээр дурдсан хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч Ц.Лг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр А аймгийн Т сумын У багийн “У” хорооллын Задгай тоотод ах Ц.Лтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хэвлийн хэсэгт нь зэвсэг буюу хутгаар хутгалж биед нь хэвлийн хөндийд нэвтэрч сэмж чацархайг гэмтээсэн шарх, хэвлийн хөндий дэх цус алдалт бүхий хүнд гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.О “Ц.Л нь гэм буруутай гэж үзэж байна” гэсэн саналыг гаргасан нь хэргийн нөхцөл байдал, шүүхээс гаргасан шийдвэртэй нийцэж байгаа бөгөөд үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч С.Лын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч С.Л нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн тул шүүгдэгч Ц.Лг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-д “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй”,
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилсан.
Хэрэгт иргэний нэхэмжлэгч Ч.М С.Лын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хооронд гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1.805.300 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тул уг төлбөрийг буруу этгээдээр төлүүлэхээр нэхэмжилсэн байна.
Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 07/48 дугаартай албан бичгээр С.Л нь 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр, 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр, 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тус тус эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй тусламж үйлчилгээ авсан талаарх баримт хэрэгт авагджээ.
Дээрх албан бичгээр гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд хохирогч С.Л нь 1.540.300 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй тусламж үйлчилгээ авсан болох нь тогтоогдож байна.
Иймд иргэний нэхэмжлэгч Ч.М нэхэмжилсэн 1.805.300 төгрөгийн нэхэмжлэлээс 265.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч С.Лын эмнэлгийн тусламж авсны төлбөрт эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн 1.540.300 төгрөгийг шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Соос гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.Л нь “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалттай.
Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 562 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Ц.Л нь шизофрений энгийн хэлбэр өвчин эмгэгийн төгсөгөлийн үе шат буюу өвчний үлдэц шинж тэмдэг нь илэрдэг шатандаа, үлдэц шизофренийн негатив шинж аажим даамжрах хөгжих, хий үзэгдэл дэмийрэлгүй төрх үйл, сонирхол буурах, дэмий суух, нийгмээс тасрах байдлаар өөрчлөгдөх шинжээр илэрч, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадвар сул, өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй, өвчин эмгэг нь төгсгөлийн үе шатандаа байгаа тул хэрэг хариуцах чадваргүй болох нь тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хэрэг хариуцах чадвартай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бөгөөд шүүгдэгч нь хэрэг хариуцах чадваргүй болох нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй байна.
Архангай аймгийн Прокурорын газраас 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дугаартай “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал ирүүлсэн, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт саналдаа шүүгдэгч Ц.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах санал гаргасан нь үндэслэлтэй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Ц.Л нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 562 дугаартай дүгнэлтээр өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй, өвчин эмгэг нь төгсгөлийн үе шатандаа байгаа тул хэрэг хариуцах чадваргүй болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Лд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, уг албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын энгийн тасагт 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгчийн хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс уг албадлагын арга хэмжээг зогсоохыг дурдаж, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавихыг Архангай аймгийн Прокурорын газарт даалгаж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ц.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 19.1, 19.3 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3, 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Лд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, уг албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын энгийн тасагт 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лгийн хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс уг албадлагын арга хэмжээг зогсоохыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавихыг Архангай аймгийн Прокурорын газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д тус тус зааснаар шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Соос 1.540.300 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгосугай.
6. Шүүгдэгч Ц.Л нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР
ШҮҮГЧИД П.ГАНДОЛГОР
Б.САРАНТУЯА