| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 101/2024/04066/И |
| Дугаар | 001/ХТ2026/00060 |
| Огноо | 2026-02-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2026/00060
Б.Л-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2025/01840 дүгээр магадлалтай
Б.Л-ын нэхэмжлэлтэй,
О.Г-т холбогдох
Авто зогсоолын эзэмшигчээр тогтоолгож, албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ш, хариуцагч О.Г, хариуцагчийн өмгөөлөгч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч О.Г-т холбогдуулан авто зогсоолын эзэмшигчээр тогтоолгож, албадан чөлөөлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/03591 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүрэг, *** тоот авто зогсоолыг хариуцагч О.Г-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг татварын хэлтсээс, 70,200 төгрөгийг хариуцагч О.Г-ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.Л-д олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2025/01840 дүгээр магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/03591 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1...” гэснийг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.04.29-ний өдрийн 191/ШШ2025/03591 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.10.22-ны өдрийн 210/МА2025/01840 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлээгүй Иргэний хуулийг буруу хэрэглэж хэргийг нэг талыг барьж шийдвэрлэсэн. Иргэн Б.Л нь анхан шатны шүүхэд маргаан бүхий *** тоот зогсоолын эзэмшигчээр тогтоолгож, зогсоолыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зогсоол чөлөөлүүлэх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Иргэний хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь маргаан бүхий *** тоот зогсоолын эзэмшигч нь тогтоогдоогүй байхад *** тоот зогсоолыг чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэн Э.Х нь 2023.06.02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн *** тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Б.Л-д шилжүүлсэн байх боловч маргаан бүхий *** тоот авто зогсоолын талаар тухайн худалдах, худалдан авах гэрээ болон гэрчилгээнд нэг үг өгүүлбэр ч тусгагдаагүй. Гэтэл шүүх нэхэмжлэгч Б.Л нь иргэн Э.Х-тэй 2023.06.02-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж уг гэрээгээр иргэн Э.Х нь Баянзүрх дүүргийн *** тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Б.Л-ын өмчлөлд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай гэрчилгээ, гэрч Э.Х-ийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. “М” СӨХ нь 2023.05.10-ны өдөр гэрч Э.Х-д, 2024.03.25-ны өдөр хариуцагч О.Г-т, “Ш" СӨХ нь 2025.03.12-ны өдөр нэхэмжлэгч Б.Л-д тус бүрд нь "*** тоот авто зогсоолыг эзэмшдэг” гэсэн агуулга бүхий тодорхойлолтуудыг гаргаж ирүүлсэн байхад анхан шатны шүүх ямар үндэслэлээр “М” СӨХ-ны 2023.05.10-ны өдрийн 23 тоот тодорхойлолтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй нотлох баримт гэж үнэлсэн нь тодорхойгүй, энэ талаар шүүхийн шийдвэрт тусгагдаагүй. Э.Х-ийн *** тоот зогсоолыг эзэмшиж байсан талаарх мэдүүлэг нь өөр бусад нотлох баримтаар эргэлзээгүй нотлоогүй, гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй, түүнтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй /С-ээс худалдан авсан гэрээ, 2013 оноос хойш хугацаанд авто зогсоолын төлбөр төлсөн баримт г.м/ нь гэрчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй. Гэтэл шүүх гэрч Э.Х шүүх хуралдаанд “...миний бие *** дүгээр байрны *** тоот хаяг дахь орон сууцыг 2013 оны 10 сард иргэн С гэх хүнээс худалдан авч байсан. Ингэж худалдаж авч байхдаа *** тоот байрыг дагаж явдаг *** тоот зогсоолыг байртай нь хамт худалдан авч байсан...” гэх мэдүүлэг нь тухайн орон сууцыг дагадаг байсан талаар хэрэгт авагдаагүй байхад шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй нотлох баримт гэж үнэлж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.02.27-ны өдрийн 5/3270 дугаар албан бичгээр “*** тоот зоорины давхрын үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй байна..." гэсэн байхад дээр дурдсан тодорхойгүй, эргэлзээтэй баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж *** тоот авто зогсоолыг хариуцагч О.Г-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ”, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч Б.Л *** тоот авто зогсоолыг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй гэж үзэх боломжгүй нь гэрээний үндсэн дээр эзэмших эрх үүсээгүй, зогсоолын татвар хураамжийг нэг ч удаа төлөөгүй, хариуцагчийг эзэмшиж эхэлснээс хойш жилийн дараа гэнэт шүүхэд хандсан байдал болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг зэргээр нотлогдож байхад шүүх шударга эзэмшигч гэж тогтоож байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Мөн Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т “өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй...”, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2-т "... эрх шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй” гэж тус тус заасан. Дээр дурдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б.Л-ыг хуульд заасны дагуу шударга эзэмшигч биш гэж үзэх бүрэн боломжтой байх тул Баянзүрх дүүргийн *** тоот авто зогсоолын шударга эзэмшигчээр тогтоолгох, авто зогсоол чөлөөлөхийг шаардах эрхгүй. Иймд тус шүүхийн 2025.04.29-ний өдрийн 191/ШШ2025/03591 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.10.22-ны өдрийн 210/МА2025/01840 дүгээр магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.01.30-ны өдрийн 001/ШХТ2026/00150 дугаар тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
7.Нэхэмжлэгч Б.Л, хариуцагч О.Г-т холбогдуулан, Баянзүрх дүүргийн *** байрны зоорийн давхарт орших *** тоот авто зогсоолын эзэмшигч болохыг тогтоолгож, авто зогсоолыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “...Э.Х-с 2023.06.02-ны өдөр орон сууц худалдаж авахад тэрээр уг зогсоолыг 2016 оноос эзэмшиж байгаа гээд СӨХ-ны тодорхойлолтыг өгсөн. Тус тодорхойлолт болон Э.Х-ийн тайлбараар *** тоот байр нь энэ зогсоолтой хамт буюу тусдаа өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй, байр барьсан компани нь сураггүй болсон гэдэг. Манайд байраа худалдахдаа авто зогсоолтой гэж худалдсан. Зун үерийн улмаас зогсоол устай байсан. Манайх 2023.08.26-2024.05.26 хүртэл хажуу өрөөгөө түрээслэхдээ зогсоолоо хүлээлгэж өгсөн ба үүнийг ашиглаагүйг 2 сард мэдсэн. Харин *** тоотын О.Г гэх хүн машинаа тавьж өвөлжсөнийг СӨХ-ны даргаас мэдсэн ч дулаан орохоор зогсоолоо чөлөөлүүлье гэж бодсон. 3 сарын сүүлээр О.Г-т шаардлага тавьсан ч зөвшөөрөөгүй” гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, маргахдаа “...2019 онд *** тоот орон сууцыг авч амьдарч байгаа. 508 тоотод оршин суух н.Т-ын эзэмшлийн зогсоолыг сарын 90,000 төгрөгөөр 2023 оны 10-12 сарыг дуустал 3 сарын хугацаатай түрээсэлж, төлбөр 270,000 төгрөгийг н.Т-д бэлнээр өгч, сар бүр зогсоолын СӨХ-ны төлбөрт 7,000 төгрөг төлж түрээслэсэн ба н.Т нь 20,000,000 төгрөгөөр зогсоолоо зарна, харин компани олдохгүйн улмаас бичиг баримтгүй гэсэн. Үүний дагуу түүнтэй 20,000,000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохирч, 4,000,000 төгрөгийг нь бэлнээр, 16,000,000 төгрөгт нь 2 айлын газрыг өгч, зогсоолыг худалдан авсан. Одоог хүртэл зогсоолын төлбөрөө СӨХ-д сар бүр төлж, их борооны үеэр ус хальж орсон, лаг шавар, хог зэргийг цэвэрлэж, хаалганы засвар үйлчилгээний төлбөрт зогсоол эзэмшигч бүр 190,000 төгрөг өгч, өнөөдрийг хүртэл ашиглаж байна. Тус авто зогсоолыг гэрээний үүрэгт шилжүүлж авсан хууль ёсны эзэмшигч” гэсэн агуулгатай тайлбар гаргасан байна.
8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “... 2023.06.02-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээ, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ, СӨХ-ны 2023.05.10-ны өдрийн №23 тоот албан бичиг, мөн холбооны 2025.03.12-ны өдрийн “... тоотод амьдардаг оршин суугч Б.Л-ын эзэмшдэг *** тоот дулаан зогсоол нь *** тоот байрыг дагадаг, өмчлөлийн гэрчилгээ гараагүй гэсэн баримтууд, гэрч Э.Х-ийн мэдүүлгээр нэхэмжлэгчийг гэрээний дагуу *** тоот авто зогсоолыг эзэмшилдээ шилжүүлэн авсан гэх тайлбар нь нотлогдож байх тул Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1., 90 дүгээр зүйлийн 90.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг уг авто зогсоолын хууль ёсны эзэмшигч гэж үзэхээр байна.
СӨХ-ны 2024.03.25-ны өдрийн албан тоотоор хариуцагч О.Г-ийг *** тоот зогсоолыг эзэмшдэг нь үнэн болно гэж тодорхойлсон ба энэ нь тодорхой цаг хугацаанд эзэмшиж байгаа агуулгыг илэрхийлсэн. Харин эзэмших эрх шилжиж ирснийг тодорхойлох баримт биш байна. Хариуцагч авто зогсоолыг н.Т гэх хүнээс түрээсэлж байгаад, 20,000,000 төгрөгөөр худалдан авсан гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй буюу түүнийг гэрээний болон хуульд заасны дагуу авто зогсоолыг эзэмших эрхийг шилжүүлэн авсан, хууль ёсны эзэмшигч гэж үзэх үйл баримт нотлогдохгүй, авто зогсоолыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байна гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж, 106 дугаар зүйлийн 106.4-т ”Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна” гэж зааснаар нэхэмжлэгч нь хууль ёсны эзэмшигчийн хувьд бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй” гэсэн агуулгатай дүгнэлт хийжээ.
9.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Магадлалд “... Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Л нь уг *** тоот авто зогсоолыг иргэн Э.Х-ээс худалдан авах замаар эзэмшилдээ авсан болохыг тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, хариуцагчийн хууль бус эзэмшлээс 14 тоот авто зогсоолыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Харин анхан шатны шүүх зохигчийн хэн нь ч уг авто зогсоолын өмчлөгч болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийн шаардах эрхийг мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлж, шийдвэрийн тогтоох хэсэгт уг заалтыг баримталсан нь оновчгүй болсон. Хууль ёсны эзэмшигчийн хувьд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрхийг хэрэгжүүлэх учиртай” гэж дүгнэн, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисон байна.
10.Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шаардах эрхийн тухайд хуулийг ялгаатай хэрэглэсэн ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
11.Нэхэмжлэгч Б.Л нь Баянзүрх дүүргийн *** тоот хаягт орших 51.61 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэн Э.Х-ээс худалдан авах үедээ тус байрны зоорийн давхарт байх *** тоот авто зогсоолын хамт авсан буюу уг авто зогсоолын эзэмшлийн тухай “М” СӨХ-ны 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №23 тодорхойлолт, Э.Х-тэй байгуулсан худалдах-худалдан авах гэрээ, гэрч Э.Х-ийн мэдүүлэг зэрэг баримт хэрэгт авагдсан ба авто зогсоолын эзэмшлийн талаар маргаан үүсэхээс өмнө тус авто зогсоол иргэн Э.Х-ийн эзэмшилд байсан, түүнийг гэрээний үндсэн дээр нэхэмжлэгчийн эзэмшилд шилжсэн гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа хоёр шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Түүнчлэн хариуцагч О.Г нь *** тоот орон сууцыг *** тоот зогсоол дагалддаг болохыг нотлоогүй, түүнд зогсоол шилжүүлсэн гэх н.Т нь *** тоот зогсоолыг бусдад шилжүүлэх эрхтэй байсан нь баримтаар тогтоогдсонгүй. Харин нэхэмжлэгч Б.Л *** тоот орон сууцыг Э.Х-ээс худалдан авах үед буюу цаг хугацааны хувьд О.Г-ийн эзэмшил үүсэхээс өмнө *** тоот орон сууцанд *** тоот зогсоол дагалддаг талаар СӨХ тодорхойлж байсан нь тогтоогдсон байна. Иймд Б.Л-ыг тус зогсоолын хууль ёсны эзэмшигч гэж үзэх нь зүйтэй.
12.Хяналтын шатны шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, “… шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлээгүй” гэх гомдлыг хангахгүй орхино.
Нэхэмжлэгч Б.Л нь маргаан бүхий авто зогсоолын эзэмшигч болохыг тогтоолгож, хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан ба хоёр шатны шүүх хууль зүйн ялгаатай зүйлчлэл хийжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг баримталсан буюу нэхэмжлэгч нь энэ зогсоолын өмчлөгч тул хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардах эрхтэй гэсэн дүгнэлт хийсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг өмчлөгч гэж үзээгүй нь зөв бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хийсэн үндэслэл бүхий дүгнэлт гэж үзнэ. Харин нэхэмжлэлийг хангахдаа хууль ёсны эзэмшигч тул зогсоолыг бусдын хууль бус эзэмшлээс шаардан гаргуулах эрхтэй гэсэн дүгнэлт хийж, Иргэний хуулийн 106.2, 106.4 дэх заалтыг баримталсан байна.
Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж заасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь “эзэмшигчээр тогтоолгох” байх тул энэ хүрээнд шийдвэрлэх ёстой. Нэгэнт хууль ёсны эзэмшигч учир албадан гаргуулах шаардлага гаргах эрхтэй байх тул хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “эд хөрөнгө шаардах эрх бүхий этгээдийн эзэмшилд байгаа боловч” гэх урьдчилсан нөхцөл тавигдсан байх ба тус хэргийн тухайд зогсоолыг 508 тоотын хажуу өрөө хөлслөгчийн эзэмшилд шилжүүлсэн боловч хөлслөгч бодитой ашигладаггүй болохыг хожим мэдсэн гэж тайлбарлаж байгаагаас үзвэл *** тоот зогсоолын хувьд түүний шууд бус эзэмшил нь хадгалагдаж байсан гэж дүгнэнэ.
Иймд хууль ёсны эзэмшигч бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардан гаргуулах шаарлага бүхий энэхүү маргаанд Иргэний хуулийн 92.1 дэх хэсгээр зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2025/01840 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/03591 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 92 дүгээр зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, *** тоот авто зогсоолын эзэмшигчээр нэхэмжлэгч Б.Л-ыг тогтоож, уг зогсоолыг хариуцагч О.Г-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Э.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД