| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2019/0089/э |
| Дугаар | 40 |
| Огноо | 2020-07-28 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 40
М.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор: Б.Догмиддорж /цахим/
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Жаргалсайхан,
Шүүгдэгч: М.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ууганбаяр нарыг оролцуулан,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/78 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч М.Б-д холбогдох, эрүүгийн 2020000660062 дугаартай, 1 хавтас, 118 хуудас бүхий хэргийг шүүгдэгч М.Бийн гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.Б-д холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын прокурор Б.Догмиддоржоос, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч М.Б нь 2019 оны 10 сараас 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрүүдийн хооронд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн Шалганы 1-10 тоотод оршин суух иргэн Б.Бадамгаравын амбаарт болон гэрт нууцаар нэвтрэн орж хөргөгч 1 ширхэг, нүүр буддаг толь 1 ширхэг, угаалтуур 1 ширхэг, гал тогооны түмбочка 1 ширхэг, майхан 1 ширхэг, ханын дрилл 1 ширхэг, тэгш ус 1 ширхэг, тастагч 1 ширхэг, хана цоологч 1 ширхэг зэрэг нийт 10 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 1 322 750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийн цагдан хоригдсон 8 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бээс 1 322 750 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бадамгаравт олгож,
шүүхэд эд мөрийн баримт, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
шийтгэх тогтоолыг хуулийн хүчинтөгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,
шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Б давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний зүгээс гэм буруугийн талаар маргаагүй, уг хэргийн улмаас хохирогч Б.Бадамгаравт учирсан хохирол болох 1 322 750 төгрөгийг төлж барагдуулсан, гэм буруугаа чин сэтгэлээсээ ойлгон ухамсарлаж дахин ямар нэгэн байдлаар алдахгүйгээр шударга хөдөлмөрөөр ажиллаж, амьдарч чадахаа илэрхийлж байна. Би өндөр настай аав, ээжийнхээ хамт амьдардаг, ээжийн минь даралт байнга ихсэж эрүүл мэндийн хувьд хүндрэлтэй байгаа ба би өөрөө зүрх муутай, зүрхний эмгэг өвчнөөр Дорнод аймгийн цэргийн албанд алба хааж байгаад чөлөөлөгдөж байсан болох эрүүл мэндийн онцлог байдлыг анхааран үзэхийг хүсч байна. Анхан шатны шүүхээс надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарахад уг хэргийн хохирол нь бүрэн төлөгдөөгүй байсан. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан хохирол бүрэн төлөгдсөн үндэслэлээр ял хөнгөрүүлэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй юм. Хувийн байдлын хувьд 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлд зааснаар 4 сарын баривчлах ял авсан. Энэ хууль нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжсэн үед баривчлах ял гэдэг нь байхгүй болсон учраас цаг хугацааны нөхцөл байдалд шинэчлэлт өөрчлөлтийг харгалзан үзэх нь зүйтэй. Мөн хулгайн хэргийн улмаас 1322750 төгрөг учирсан байгаа. Энэ үнийн дүнг өнөөдрийн зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан хор уршиг, үр дагавраар харьцуулан үзэж тодорхой хэмжээний үнэлэлт дүгнэлт хийх нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй шударга ёсны зарчимд нийцэх учир шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж 1 жил болгож өгнө үү” гэв.
Прокурор Б.Догмиддорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр М.Б-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Тухайн үед шүүгдэгч нь 1322750 төгрөгийг төлөөгүй байсан, өмнө нь ял шийтгүүлж байсан, гэмт хэрэг үйлдээд оргож яваад баригдаж ирээд шүүх хуралдаан нь болсон. Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн санал гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн талаарх нотолбол зохих асуудлуудыг бүрэн гүйцэд шалгаж тодруулсан, хэргийг мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан зөрчил тогтоогдохгүйн гадна эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох хуульд заасан шаардлагыг хангажээ.
Мөн хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судалж үзвэл шүүгдэгч М.Б 2019 оны 10 сараас 2020 оны 05 дугаар сарын 27-ны хугацаанд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн Шалганы 1-10 тоотод оршин суух иргэн Б.Бадамгаравын амбаарт болон гэрт нууцаар нэвтрэн орж хөргөгч 1 ширхэг, нүүр буддаг толь 1 ширхэг, угаалтуур 1 ширхэг, гал тогооны түмбочка 1 ширхэг, майхан 1 ширхэг, ханын дрилл 1 ширхэг, тэгш ус 1 ширхэг, тастагч 1 ширхэг, хана цоологч 1 ширхэг зэрэг нийт 10 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, хохирогчид 1 322 750 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Хэрэгт мэдүүлэг өгөгчид мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн байх ба хохирогч, гэрчийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх хуульд заасан журмыг зөрчөөгүйн гадна эдгээр нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн нотолжээ.
Энэ талаар анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсний зэрэгцээ хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах, өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлтийг шинжлэн судалсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй байна.
Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжид шүүгдэгчийн үйлдэл хамаарч байгааг зөв тодорхойлж, хэргийг зөв зүйлчилж, шүүгдэгчийг “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хүнд гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүйг” харгалзан хоёр жил хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Гэхдээ шийтгэх тогтоол гарсны дараа шүүгдэгч М.Б гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 1322750 төгрөгийг хохирогч Б.Бадамгаравт нөхөн төлсөн нь ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогчоос ирүүлсэн “...1322750 төгрөгийг хүлээж авсан, цаашид ямар нэг гомдол саналгүй учир М.Б-д оноосон ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн хүсэлтээр тогтоогдож байх ба хохирогчийн хүсэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа талаарх давж заалдах гомдол, тайлбараас дүгнэхэд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж” болох нөхцөл шаардлагад нийцэж байх тул оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Б-д “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар нэг /1/ жил хорих ял оногдуулсугай” гэж шийтгэх тогтоолын 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, энэ үндэслэлээр шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/78 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг
“Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г нэг /1/ жил хорих ял оногдуулсугай.” гэж,
3 дугаар заалтын “... 2 /хоёр/ жилийн ...” гэснийг “... нэг /1/ жил ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Бийн давж заалдсан гомдлыг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч М.Бийн цагдан хоригдсон 24 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД А.САЙНТӨГС
Н.БОЛОРМАА