Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2019/0817

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “М Б С” ХХК

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Э

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн Татварын улсын байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 0291474 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн төлөөлөгч Б.Б, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х, хариуцагч Т.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ашүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “М Б С” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Манай компани Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс ирүүлсэн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0291474 тоот шийтгэлийн хуудсыг хүлээн авсан. Тус хуудсанд иргэнээс цахим төлбөрийн баримт олгоогүй гэсэн гомдол гаргасны дагуу шалгалт явагдсан байсан. Манайхаар үйлчлүүлж буй иргэд болон байгууллагуудад манай компани тогтмол цахим төлбөрийн баримт олгон үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулдаг. Зарим нэгэн тохиолдолд манай үйл ажиллагаанаас шалтгаалахгүй цахилгаан тасрах, интернэт тасалдаж доголдох, үйл ажиллагаа явуулж байгаа нутаг дэвсгэрт засвар үйлчилгээ хийгдэж түр зуур цахилгаан тасалдах зэрэг шалтгаанаар цахим төлбөрийн баримт олгогдоогүй асуудал гардаг боловч бид үйлчлүүлэгчээсээ уучлалт хүсэн холбогдох утасны дугаарыг аван дараа нь нөхөн олгодог билээ. Тэр өдөр ажиллаж байсан бармен болон зөөгчөөс гомдол гаргасан иргэнд цахим төлбөрийн баримтыг яагаад олгоогүй тухай асууж тодруулахад, өөрсдөө өгсөн, үйлчлүүлэгч нарт тогтмол өгч байгаа гэсэн хариу хэлсэн. 2019 оны 08 дугаар сарын 15-нд манай ажилтан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс дуудсаны дагуу очиж татварын байцаагчтай уулзсан. Татварын байцаагчтай уулзахад гомдол гаргасан иргэнээс ирүүлсэн ямар ч нотлох баримт байхгүй байсан. Энэ нь "Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн" 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг зөрчсөн гэж үзэж байгаагаас гадна хохирогчийн гомдолтой танилцуулаагүй, шаардаж асуухад татварын байцаагч хэлэхдээ гомдол гаргасан иргэнд би өөрийн зүгээс эрх үүргийг нь танилцуулсан хэрэв Хан-Уул дүүргийнал мэдүүлэг өгвөл хуулийн дагуу хариуцлага хүлээх болно гэж хэлсэн тул хуурамч мэдүүлэг өгөх ямар ч үндэслэл байхгүй гэж хариуцсан. Эхлээд манай ажилтанд хуулийн дагуу эрх, үүргийг нь  танилцуулж өгөөгүй, шууд шийтгэлийн хуудсан дээр гарын үсэг зуруулсны дараа "Зөрчил гаргасан этгээдэд эрх үүрэг танилцуулсан тэмдэглэл"-ийг гаргаж танилцуулсан нь "Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль"-ийн 3 дугаар зүйлийн 3.1.2.4, 3.1.2.8 дугаар заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

            Хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрөөгүй байхад гарын үсэг зуруулсан, энэ нь татварын байцаагчийн ярилцлагын тэмдэглэл дээр хүлээн зөвшөөрөөгүй тухай тусгасан байгаа. Хэдийгээр манай ажилтны хууль эрх зүйн мэдлэг дутмаг байсан ч тухайн татварын байцаагч эхний ээлжинд эрх үүргийг нь танилцуулах ёстой байсан болов уу. Хэрэв тухайн гомдол гаргагч иргэн цахим төлбөрийн баримтаа аваагүй гэдэг нь нотлогдвол манай компани цахим төлбөрийн баримтыг нөхөн олгож, гомдлыг барагдуулах хүсэлтэй байна. Манай компани Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс ирүүлсэн 0281474 тоот шийтгэлийн хуудсан дээр тусгасан 1.500.000 мянган төгрөгийн торгууль төлөх шийтгэлтэй санал нийлэхгүй байна. Учир нь гомдол гаргаж буй иргэн нь яг манай хоолны газарт үйлчлүүлсэн тухай нотлох баримт байхгүй, тодорхой биш, хохирогчийн гомдолтой бид нар танилцаагүй, үйлчлүүлэгч нар цахим төлбөрийн баримтаа өөрсдөө авахгүй гараад явахаар нь хойноос нь дуудаж цахим төлбөрийн хуудсаа авах санал хэлдэг боловч зарим нэгэн тохиолдолд өөрсдөө авахгүй гараад явдаг. Манай компани цахим төлбөрийн баримтаа тогтмол хэвлэж, тайлан тэнцэлдээ тусгаж, үйл ажиллагаа хуулийн хүрээнд явуулдаг. Иймд манай компани "Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль"-ийн 3 дугаар зүйлийн 3.5.10, 3.5.11.19 дүгээр заалтуудын дагуу гомдол гаргаж Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс гаргасан 1.500.000 төгрөгийн шийтгэлтэй санал нийлэхгүй байна, хүчингүй болгож өгнө үү" гэжээ.

            Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "Зөрчлийн тухай хуулийн 11.19-ийн 6.5 дах хэсэг “Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” , Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн И.зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч байгууллагад хариуцлага тооцсон болно.”М Б С”ХХК-ийн зөрчил үйлдсэн нь ил тодорхой .зөрчил учирсан хохирлыг нотлох талаар шаардлагагүй нь дараах үндэслэлээр тогтоогдсон болно.

Уг ресторанаар үйлчлүүлсэн иргэн баримт өгөхгүй байгаа тухай гомдол гаргасан. 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Татварын ерөнхий газрын 1800-1288 тоот утсанд Хан-Уул дүүргийн 3-р хороонд оршин суудаг УХ86****** регистрийн дугаартай 8888.... утасны дугаартай иргэн Б.Б-аас Хан-Уул дүүргийн 15-р хорооны Нархан хотхонд байрлах Монгол ази зоог буюу Ресто ресторанаар үйлчлүүлэхэд Е-баримт буюу цахим төлбөрийн баримт олгоогүй, олон удаа ийм үйлдэл гаргаж байна гэсэн агуулга бүхий гомдол хүлээн авсан. Тус гомдлын дагуу 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Монгол ази зоог буюу Ресто рестораны ажлын байран дээр очиж үйл ажиллагаанд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг шалгахад постерминал машин хэрэглэдэг мөртлөө тухайн үед үйлчлүүлсэн иргэнд төлбөрийн баримт олгоогүй зөрчил илэрсэн. Уг зөрчлийн дагуу ажиллагаа хийж 005/23190814 дугаартай татварын албаны мэдэгдэх хуудсыг Монгол ази хоолны газарт зөөгчөөр ажилладаг ............ утасны дугаартай Лутмөнх овогтой Болор-Эрдэнэд гардуулж өгсөн.

2019 оны 08 дугаар сарын 15-ний өдөр “М Б С” ХХК-ний нягтлан Отгонбаатар овогтой Хишигбаяр нь Хан-Уул дүүргийн татварын хэлтэс дээр ирж 1005/23190814 дугаартай татварын албаны мэдэгдлийн дагуу уулзсан. Миний бие Хишигбаяртай зөрчлийн тухай хуульд заасны дагуу ярилцлагын тэмдэглэл үйлдсэн, мөн эрх үүрэгтэй нь танилцуулсан. Ярилцлагын тэмдэглэлд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хэрэгжүүлж байгаа, иргэнээс ирсэн гомдлын дагуу цахим төлбөрийн баримт олгоогүй шалтгааныг асуухад ажилчдын хариуцлагагүй байдлаас болсон байх, пос машин байгаа, интернеттэй холбогдсон байгаа тул Е-баримт олгоход бүрэн боломжтой ба байнга олгодог, олгох боломжгүй үедээ араас нь мессежээр явуулдаг гэсэн хариулт өгсөн.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг шалгахаар очиход баримт өгөөгүй үйлдлийг илрүүлсэн. Ажлын байрны шалгалт хийж байсан яг тухайн үед буюу 2019 оны 08 сарын 14-ний өдөр Ресто ресторанаар үйлчлүүлсэн иргэнд е-баримт буюу цахим төлбөрийн баримт олгоогүй, гараад явсан ч араас нь баримтаа аваарай гэж сануулаагүй үйлдэл болсон. /Миний бие хажууд нь хараад зогсож байсан/ Өөрөөр хэлбэл иргэнд цахим төлбөрийн баримт олгохгүй байгаа үйлдлийг татварын улсын байцаагч /эрх бүхий этгээд/ миний бие өөрийн нүдээр шалгаж тогтоосон нь зөрчил шалган шийдвэрлэх хуульд заасны дагуу хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл болж буйг баталсан. Ресто ресторанаар үйлчлүүлсэн иргэд төлбөрийн баримт олгоогүй тухай гомдлыг олон удаа гаргадаг.

2019 оны 7 дугаар сарын 2-ний өдөр Татварын ерөнхий газрын 1800-1288 утсанд ирсэн 8815... утасны дугаартай Б.. иргэнээс “Таван богдын баруун талд Монгол ази зоог баримт олгохгүй байна пос машинтай хирнээ баримт олгохоос татгалзсан арга хэмжээ авч өгч туслаач” гэсэн утгатай гомдол ирж байсан нь бүртгэл хяналтын картаар нотлогдож байгаа ба Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Дуламханд нь татварын хууль тогтоомжийг танилцуулан Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авна гэж мэдэгдсэн ба “М Б С” ХХК-ний захирлын хүсэлтийн дагуу тухайн үед сануулан гомдол гаргагчийн баримтыг нөхөж олгуулан шийдвэрлэж байсан.

            Дээрх зөрчлүүд бүрэн тогтоогдсон тул хуульд заасан хариуцлага тооцсон. Тиймээс 2019 оны 08 сарын 15-ны өдрийн 0291474 тоот шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү." гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгч “М Б С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Э нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр "Иргэнд цахим төлбөрийн баримт олгоогүй" гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.19, 6.5-д заасныг баримтлан “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0291474 дугаар шийтгэлийн хуудсаар “М Б С” ХХК-д 1 500 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.5-д "Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан.

            Нэхэмжлэгч “М Б С” ХХК-иас дээрхи шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага гаргаж, түүний үндэслэлээ "...гомдол гаргасан иргэнээс ирүүлсэн ямар ч нотлох баримт байхгүй... хуулийн дагуу эрх, үүрэг танилцуулж өгөөгүй, шууд шийтгэлийн хуудсан дээр гарын үсэг зуруулсны дараа "Зөрчил гаргасан этгээдэд эрх үүрэг танилцуулсан тэмдэглэл"-ийг гаргаж танилцуулсан нь хууль зөрчсөн..." гэж тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Э нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр  Татварын ерөнхий газрын 1800-1288 тоот утсанд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, БХТН 29 тоотод оршин суугч иргэн Б.Б-аас ирүүлсэн “Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Нархан хотхонд байрлах Монгол ази хоолны газар буюу Ресто рэстаурантаар үйлчлүүлэхэд Е-баримт буюу цахим төлбөрийн баримт олгоогүй, олон удаа ийм үйлдэл гаргаж байна” гэсэн утгатай гомдол хүлээн авсан тухай тэмдэглэл үйлдэн, уг иргэнд хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн бол хариуцлага хүлээлгэхийг сануулжээ.

Түүнчлэн хариуцагч 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл үйлдэн уг тэмдэглэлийн “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдал” хэсэгт "Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Нархан хотхоны 69 дүгээр байрны 1 давхарт байрлах Монгол ази хоол буюу Ресто рестораны үйл ажиллагаанд хуваарийн дагуу НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг шалгахад иргэдэд төлбөрийн баримт олгох постерминал машин хэрэглэдэг мөртлөө төлбөрийн баримт олгоогүй зөрчил илэрсэн, “М Б С” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу цахим төлбөрийн баримт олгоогүй гэх гомдол 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Татварын ерөнхий газарт ирсэн, мөн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Татварын ерөнхий газрын 1800-1288 тоот утсанд ирсэн иргэний гомдол болон ажлын байранд хийгдсэн шалгалт зэрэг нотлох баримтаар...тогтоогдож байна,...зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр...шийдвэрлэх боломжтой...” гэжээ.

Дээр дурдсан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх материал болон гомдол гаргагч, хариуцагч нарын тайлбар зэргээс үзвэл хариуцагч чухам ямар нөхцөл байдлыг яаж үнэлж дүгнэн “тогтоогдсон нөхцөл байдал”, зөрчил гэж үзсэн нь тогтоогдохгүй, нэхэмжлэгч компанийн хэзээ гаргасан ямар зөрчилд шийтгэл ногдуулсан нь тодорхойгүй байх ба нэхэмжлэгч компанийн гаргасан гэх зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна гэж шүүх дүгнэв.  Тухайлбал:

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д "Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ", 2-т "Холбогдогч дараах эрхтэй" 2.4-т “хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах" 2.8-д " нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх” гэж, мөн хуулийн 3.5-д “эрх бүхий албан тушаалтан дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно”, 1.2-т “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” гэж тус тус заажээ.

Гэтэл хариуцагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд Монгол бодь сүлд ХХК-ийн өмнөөс хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон итгэмжлэл олгогдоогүй байхад О.Х гэгчийг холбогдогчоор оролцуулсан нь дээрхи хуулийн заалтыг зөрчсөнөөс гадна холбогдогч, түүний хууль ёсны төлөөлөгчид эрх үүрэг танилцуулаагүй, тэднийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд зохих журмын дагуу оролцох, хүсэлт тайлбар гаргах боломжийг олгоогүй байна.

Өөрөөр хэлбэл, “Зөрчил гаргасан этгээдэд эрх үүрэг танилцуулах тухай тэмдэглэл” гэх баримтанд “холбогдогч н.Ч-т эрх үүрэг танилцуулсан” гэснээс үзвэл зөрчлийн холбогдогч Монгол бодь сүлд ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчид эрх үүрэг танилцуулсан гэж үзэхгүй.

 Түүнчлэн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т "Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна", 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж заасан байхад хариуцагч “төлбөрийн баримт олгоогүй зөрчил илэрсэн” гэж тэмдэглэлд тусгаснаас өөрөөр уг зөрчлийг нотлох баримт цуглуулаагүй, нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, хуулийн дээрхи заалтыг зөрчсөн байна.

Тухайлбал хариуцагчаас "Ажлын байрны шалгалт хийж байсан яг тухайн үед буюу 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Ресто ресторанаар үйлчлүүлсэн иргэнд цахим төлбөрийн баримт олгоогүй, араас нь баримтаа аваарай гэж сануулаагүй үйлдэл болсон” гэж тайлбарласан боловч энэ тухай тэмдэглэл үйлдээгүй, гэрчийн мэдүүлэг болон дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлэх ажиллагааг хийгээгүйгээс тухайн зөрчлийг нэхэмжлэгч гаргасан эсэх нь хангалттай тогтоогдохгүй байна.

Энэ тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6-ын 1.1-д заа сан “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй...бол зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ” гэх нөхцөл бүрдээгүй, мөн хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж зааснаас үзвэл хариуцагч нь тухайн зөрчлийг хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримтаар тогтоох ёстой боловч энэ үүргээ биелүүлээгүй байх тул дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 0291474 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.5-д заасныг баримтлан холбогдогч “М Б С” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Э-ын үйлдсэн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 0291474 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар дүгнэлт гаргасан прокурор болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  тайлбарласугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.ДУЛАМСҮРЭН