Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2022/00608

 

 

 

 

 

 

 

 

  2022         03          04                                           182/ШШ2022/00608

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: КБЭХА-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.О-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 9,375,446 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

Хариуцагчийн төлөөлөгч О.Д шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Монголбанкны ерөнхийлөгчийн 2019.04.08‑ны өдрийн А/97 дугаар тушаалаар КБ ХХК‑д банкны эрх хүлээн авагч томилогдож, 2021.10.08‑ны өдрийн А-268 дугаар тушаалаар албадлагын арга хэмжээний хугацааг 2022.10.08‑ны өдрийг хүртэл сунгасан. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3‑т зааснаар КБ, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Иймд банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2‑т зааснаар нэхэмжлэлийг гаргаж байна. Зээлдэгч Д.О нь КБтай 2015.04.23‑ны өдөр ЗГ‑151 дугаартай цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг сарын 1,60%, жилийн 19,20%‑ийн хүүтэй, цалингийн зээл зориулалтаар 2018.04.23‑ны өдрийг хүртэл 36 сарын хугацаатай зээлж авсан. Банк нь зээлийн гэрээний 2.5‑д зааснаар Д.Оийн КБин дахь 2006016527 тоот харилцах дансанд 2015.04.23‑ны өдөр 10,000,000 төгрөгийг шилжүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Харин зээлдэгч Д.О нь зээлийг ашиглаж эхэлснээс хойш үндсэн зээлийн төлбөрт 5,420,821 төгрөг, зээлийн хүүд 2,669,102 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 30,513 төгрөг тус тус төлсөн байна.

Зээлийн гэрээний хугацаа дууссан байх боловч зээлдэгч Д.О нь зээлийг бүрэн төлж дуусгаагүй байна. Зээлийг төлүүлэх талаар тодорхой арга хэмжээ авсан, хариуцагч Д.Оийг эрэн сурвалжлуулж хаяг тогтоох ажиллагаа хийсэн, үүний үр дүнд талууд хоорондоо уулзалдсан. Д.О нь зээлийг өөр хүнд авч өгсөн гэж хэлдэг бөгөөд төлөөлж байгаа О.Дуламсүрэн нь төлнө гэдэг боловч төлөөгүй байна. Зээлийн гэрээнд Д.О гарын үсэг зурж, мөнгийг дансаараа авсан байгаа учир Д.О зээлийг хариуцан төлөх үүрэгтэй, цааш хэнд өгч, хэрхэн зарцуулсан нь банкинд хамаагүй юм. Хариуцагч Д.О нь 2021.10.26‑ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 4,579,178 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 4,114,942 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 681,325 төгрөг, нийт 9,375,446 төгрөгийн зээлийн өр төлбөртэй байна. Иймд хариуцагч Д.Оээс 9,375,446 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2015 онд Замын‑Үүд сумын Ханшонхор ХХК‑нд нябо хийж байсан бөгөөд тухайн үеийн удирдлагын хүсэлтийн дагуу цалингийн зээл авч тус компанид өгсөн болно. 2016 онд компанийн худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болоход нийт ажилчдын зээлийн төлөлт хийх мөнгийг төлсөнд тооцон суутган авсан ч Т.С үүргээ биелүүлээгүйгээс болж одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй намайг хохироож байна. Хэрэг маргаан Улсын дээд шүүхэд шийдвэрлэгдэх шатандаа явж байгаа бөгөөд удахгүй шийдвэрлэгдэхийг хүлээж байгаа болно гэжээ.

 

3.Нэхэмжлэгч талаас Монголбанкны ерөнхийлөгчийн 2019.04.08‑ны өдрийн А/97 тоот “КБ ХХК‑д банкны эрх хүлээн авагч томилох тухай” тушаал, 2020.04.03‑ны өдрийн А-111 тоот “КБ ХХК дахь банкны эрх хүлээн авах арга хэмжээг сунгах тухай” тушаал, 2020.09.02‑ны өдрийн А-354 тоот “КБ ХХК‑д банкны эрх хүлээн авагч томилох тухай” тушаал, 2020.10.05‑ны өдрийн А-394 тоот “Банкны эрх хүлээн авагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацааг сунгах тухай” тушаал, 2015.04.23‑ны өдрийн цалингийн барьцаат зээлийн гэрээ, зээл, хүүний төлбөрийг буцаан төлөх хуваарь, зээлийн дансны хуулгууд, зээлийн тооцоолол, балансын гадуурх дансны хуулгууд, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.01‑ний өдрийн 2147 дугаар шийдвэр, тус шүүхийн 2020.09.22‑ны өдрийн 9481 дүгээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Хан‑Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.21‑ний өдрийн 14747 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Монголбанкны ерөнхийлөгчийн 2021.10.08‑ны өдрийн “Банкны эрх хүлээн авагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацааг сунгах тухай” тушаал, депозит дансны хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн.

 

4.Хариуцагч тал 2016.05.25‑ны өдрийн Т.С, О.Д нарын хооронд хийгдсэн гэрээг дуусгавар болгох тухай баримт, гэрээний хавсралт, 2017.01.25‑ны өдрийн гэрээ дуусгавар болсон тухай хэлцэл, КБ ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2020.01.14‑ний өдрийн 164 дүгээр мэдэгдэл  зэрэг баримтуудыг шүүхэд өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч КБЭХА нь хариуцагч Д.Од холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 9,375,446 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан нэхэмжлэгч талаас гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

                                               

1.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг КБ ХХК-д банкны эрх хүлээн авагч томилогдсонтой холбоотойгоор зээлийг шаардах эрх үүссэн, зээлийн гэрээний хугацаа дууссан байхад хариуцагч Д.О нь зээлээ төлөхгүй өнөөдрийг хүрлээ, түүний оршин суугаа хаяг тодорхойгүй байсан учир эрэн сурвалжлуулж олсон бөгөөд уулзалт зохион байгуулсан, мэдэгдэл өгч байсан зэргээр тодорхой ажиллагаа явуулсан боловч үр дүнд хүрээгүй, зээлийг төлөөгүй байна, иймд зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг хуульд заасан журмын дагуу шаардах эрхтэй, зээлийн тооцоолол үндэслэл бүхий байгаа гэж тайлбарлав.

 

Харин хариуцагч нь “...тухайн үед би Х ХХК‑нд нябо хийж байхдаа удирдлагын хүсэлтийн дагуу цалингийн зээл авч тус компанид өгсөн, 2016 онд компанийн худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болоход нийт ажилчдын зээлийн төлөлт хийх мөнгийг төлсөнд тооцон суутган авсан ч Т.Сайнхүү үүргээ биелүүлээгүйгээс болж одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй намайг хохироож байна...” гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргажээ.

 

2.МБерөнхийлөгчийн 2019.04.08-ны өдрийн А/96 дугаар тушаалаар КБ ХХК-ийг албадан татан буулгахаар шийдвэрлэж, мөн өдрийн А/97, 2020.09.02-ны өдрийн А-354 дүгээр тушаалуудаар банкны эрх хүлээн авагчийг тус тус томилсон байх бөгөөд КБ ХХК-ийг албадан татан буулгах үйл ажиллагааг албадан татан буулгах комисс буюу банкны эрх хүлээн авагч гүйцэтгэж, эрх хүлээн авагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаа нь МБерөнхийлөгчийн 2020.04.03-ны өдрийн А-111 дүгээр тушаалаар 2020.04.08-ны өдрөөс 2020.10.08-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар, 2020.10.05-ны өдрийн А/394 дүгээр тушаалаар 2021.10.08-ны өдрийг 1 жилийн хугацаагаар, 2021.10.08-ны өдрийн А-268 дугаар тушаалаар 2021.10.08-ны өдрөөс эхлэн 2022.10.08-ны өдрийг хүртэл дахин 1 жилийн хугацаагаар тус тус сунгагдсан байна.

 

3.КБ ХХК болон Д.О нарын хооронд 2015.04.23-ны өдөр ЗГ‑151 дугаартай цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, уг зээлийн гэрээгээр хариуцагч Д.О нь 10,000,000 төгрөгийг сарын 1,60%, жилийн 19,20%‑ийн хүүтэй, цалингийн зээлийн зориулалтаар 2018.04.23‑ны өдрийг хүртэл 36 сарын хугацаатай зээлж, зээлийг графикийн дагуу эргүүлэн төлөх, банк нь зээлийн мөнгийг шилжүүлэх үүрэг хүлээжээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан энэхүү зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

 

4.Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч КБ ХХК нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5‑д зааснаар Д.Оийн КБин дахь 2006016527 тоот харилцах дансанд 2015.04.23‑ны өдөр 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч Д.О нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д зааснаар зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 5,420,821 төгрөг, зээлийн хүүд 2,669,102 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 30,513 төгрөг, нийт 8,120,436 төгрөгийг төлсөн байх бөгөөд 2018.04.21-ний өдрөөс хойш зээлийн төлөлт огт хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч КБ ХХК нь зээлийг олгох үндсэн үүргээ биелүүлсэн байхад, хариуцагч Д.О нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6, 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан зээл төлөх үндсэн үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хугацаанд нь зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй, зээлийн төлөлтийг бүрэн хийгээгүй, зээлийн гэрээний хугацаа 2018.04.23-ны өдөр дуусчээ.

 

5.Харин зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2019.04.08-ны өдөр КБ ХХК-нд банкны эрх хүлээн авагч томилогдсон, КБЭХА нь Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3, зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар зээлийг төлүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч, хариуцагч Д.Оийг эрэн сурвалжлуулах, түүнтэй уулзах, 2020.01.14-ний өдөр мэдэгдэл өгөх зэргээр зээлийг төлүүлэх талаар шаардаж байжээ.

 

Эдгээр үйл баримт нь нэхэмжлэгч талын гаргасан тайлбар, дээр дурдсан нэхэмжлэгч талаас гарган өгсөн баримтуудаар тогтоогдсон.

 

6.Тодруулбал, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.01‑ний өдрийн 2147 дугаар шийдвэр, тус шүүхийн 2020.09.22‑ны өдрийн 9481 дүгээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Хан‑Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.21‑ний өдрийн 14747 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудаар нэхэмжлэгч КБЭХА-ийн шүүхэд нэхэмжлэл гаргах Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан 3 жилийн хугацаа нь мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар тасалдаж, дахин шинээр тоологдсон байх бөгөөд нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаан дотроо шүүхэд гаргасан гэж үзнэ.

 

Ийнхүү хариуцагч Д.О нь зээл төлөх үндсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн байх тул зээлийн гэрээний 2 дугаар зүйл,  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар 2021.10.26-ны өдрийг хүртэл хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, нөгөө талаар нэхэмжлэгч КБЭХА-д үндсэн зээлийн үлдэгдэл 4,579,178 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 4,114,942 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 681,325 төгрөг, нийт 9,375,446 төгрөгийг шаардах эрх үүссэн, зээлийн тооцоолол үндэслэл бүхий байна гэж дүгнэлээ.

 

7.Тодруулбал, хариуцагч Д.О нь цалингийн зээлд 10,000,000 төгрөг авсан талаар болон зээлийн тооцоололд маргаагүй боловч зээлийг “...Ханшонхор ХХК-нд авч өгсөн гэж, 2016.05.25‑ны өдрийн Т.Сайнхүү, О.Дуламсүрэн нарын хооронд хийгдсэн гэрээг дуусгавар болгох тухай баримт, гэрээний хавсралт, 2017.01.25‑ны өдрийн гэрээ дуусгавар болсон тухай хэлцлүүдийг үндэслэн Улсын дээд шүүх хэргийг хэрхэн шийдвэрлэхийг хүлээж байгаа...” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан байна.

 

Харин энэхүү тайлбар, баримтуудаар хариуцагч Д.О нь зээл төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд үндэслэл болгосон баримтууд нь маргааны үйл баримтад хамааралгүй, татгалзлын үндэслэлийг нотолсонгүй. Түүнчлэн хариуцагч Д.О нь шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй, түүний эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй юм.

 

 

8.Иймд хариуцагч Д.О нь зээлийн гэрээний дагуу зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байх тул түүнээс үндсэн зээлийн үлдэгдэл 4,579,178 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 4,114,942 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 681,325 төгрөг, нийт 9,375,446 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч КБЭХА-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

   Нэхэмжлэгч КБЭХА нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Д.Оээс 164,957 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1‑д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.Оээс 9,375,446 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч КБ ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч КБ ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Д.Оээс 164,957 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

   4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Т.ЭНХТУЯА