Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/187

 

 

 

 

 

 

 

                                   2024/ШЦТ/187   

 

 

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Ж.У

Хохирогч: Б.Х

Хохирогчийн өмгөөлөгч: С.П/цахимаар/  

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Д   

Өсвөр насны шүүгдэгч: Б.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Б овогт Бийн Өд холбогдох эрүүгийн 2312000000308 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2008 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, ах, дүү нарын хамт Архангай аймгийн ................. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Бийн Ө/РД:АЮ............./  

 

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Б.Ө нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны орой Архангай аймгийн .................. дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан Б.Хийг нүүрэнд нь цохисны улмаас түүний биед зүүн хоншоор ясны зөрүүгүй, духны өмнөд хананы цөмөрсөн, хамар ясны далд хугарал, дух, зүүн нүдний зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хоёр нүдний зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

                 *Хохирогч Б.Хийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би ажлаасаа жолооч Ц гэх хүнтэй хамт буугаад гэртээ харьсан. Гэрт хоол хүнс байхгүй учраас хүнс авахаар доошоо явж байсан. Араас хүн дуудсан. Тэр үед нь тоогоогүй яваад өгсөн. Тэгсэн араад ирээд зодсон. Би гэмт хэргийн улмаас толгой, нүд, хамартаа гэмтэл авсан...” гэх мэдүүлэг,

 

                *Эрүүгийн 2312000000308 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Б.Хийн өгсөн:

“...Би 2023 оны 10 дугаар сарын 05-ны орой 20 цагийн үед өөрийн гэр болох Архангай аймгийн .................хаягаас гарч дэлгүүр орох зорилготой зам уруудаад явж байсан. Гэтэл миний араас нэг хүн “хөөе гэж дуудсан” би эргэж хартал хоёр хүүхэд байсан ба би тоолгүй доош уруудаад явж байхад миний ард нэг нь цамцнаас татаж унагаагаад миний дээрээс дэвсэж зодоон цохион болсон. Би тэр үед шоконд орж ухаан алдсан. Буцаад сэртэл хоёр хүн байсан хоёр хүний нэг нь намайг зодож байг цуг явсан залуу найзыгаа салгах гэж олон удаа оролдсон боловч салгаж чадахгүй байсан. Би удалгүй зугтаж яваад хамт ажилладаг жолооч Ц гэх хүний хашаанд орж ухаан алдсан байсан. Тэр үед жолооч Ц ах намайг олж хараад түргэн тусламж дуудаж, цагдаагийн байгууллагад давхар дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-7 дугаар тал/

 

*Насанд хүрээгүй гэрч Ц.Эын өгсөн:

“...2023 оны 10 дугаар сарын 05-ны орой Б.Ө нь над руу гар утсаар холбогдоод “лапаткаа өгчих, мотоциклын дугуй янзлах гэсэн юм” гэж хэлсэн. Тэгээд 22 цагийн үед би гэрээсээ гарсан чинь хоёр хүн ноцолдож, зодолдож байхаар нь очиж салгатал Б.Ө нэг хүнтэй зодолдож байсан ба тэр үед би тэр хоёрыг салгасан. Тэгээд би эгчийндээ очсон. Б.Ө нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Б.Ө нь Архангай аймгийн ..... суманд аав ээжийн хамтаар амьдардаг ба ерөнхий боловсролын сургуулиа 8-9 дүгээр ангиасаа гарч мал маллах болсон ба илүү дутуу зүйл байхгүй хүүхэд байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 15-17 дугаар тал/

 

*Насанд хүрээгүй гэрч Ц.Эын дахин өгсөн:

“...Архангай аймгийн Эрдэнэбулган сумын :..-р баг, ...... тоотод өөрийн гэртээ байж байхад Б.Ө андаа гараад ир гэж хэлэхээр нь би 5 минутын дараа гэрээсээ гарч хартал манай хашааны доод талд нэг хүнтэй маргалдаад зодолдож байсан, би тэр үед очиж салгасан ба тэр хоёр хоорондоо ноцолдож байсан. Тэгээд би тэр хоёрыг салгасан. Б. Өтай маргааш нь уулзахад миний урд шүднээс цус гараад хөдөлсөн гэж хэлж байсан. Урьд шөнө үл таних хүнтэй зодолдсоноос болж гэж хэлсэн. Тэр хүн нь Б.Х гэх хүн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 84-86 дугаар тал/

 

*Гэрч А.Бын өгсөн:

“...Б.Х нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын .....-р баг, .......... хашаанд эхнэрийн хамт гэртээ байж байхад манайд 21-22 цагийн хооронд манай хашаанд орж ирээд ухаан алдсан байсан. Тухайн үед ухаан алдахаасаа өмнө нь .............. дугаарын гар утсаар холбогдоод намайг хурдан гараад ир гэж хэлээд гар утас нь тасарсан. Тэгээд би гараад хартал Б.Х нь манай хашаан дотор дээшээ харсан байдалтай баруун гартаа гар утсаа барьсан ухаан алдсан юм шиг хэвтэж байсан. Би тухайн үед нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд согтсон байна гэж бодоод амыг нь үнэрлэтэл юм үнэртэхгүй байсан. Тэгээд хиймэл амьсгаа хийгээд гараа цээжин дээр нь тавьж дарсан ба дараа нь гараа автал миний гар цус болсон байсан. Тэр үед нь би цагдаагийн байгууллага болон түргэн тусламж дуудсан. Б.Хийн нүүр болон хувцас нь цус болсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-26 дугаар тал/

 

*Шинжээч Б.Бийн өгсөн:

“...2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Б.Өын биед үзлэг хийхэд зүүн дээд нэгдүгээр шүд урагш арагш бага зэргийн хөдөлгөөнтэй байсан нь хөдөлмөрийн чадварыг түр хугацаагаар алагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулж үзсэн. Б.Өын биед үзлэг хийх үед дээд уруулын дотор салст болон буйланд цус хуралт шарх байхгүй байсан нь дээрх гэмтлийг хэзээ үүссэнийг нь баримжаалах боломжгүй байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих үйлдлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ...” гэх мэдүүлэг/хх-ийн 75-76 дугаар тал/

 

*Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч ........... нарын 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 198 дугаартай: “...Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Бийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 369 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна. Зүүн хоншоор ясны далд хугарал гэмтэл нь дүгнэлтэд тусгагдаагүй байна. Б.Хийн биед зүүн хоншоор ясны зөрүүгүй, духны өмнөд хананы цөмөрсөн, хамар ясны далд хугарал, дух, зүүн нүдний зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт/хх-ийн 184-187 дугаар тал/

 

*Боржигон овгийн Бийн Өын нас тоолсон тэмдэглэлд “...Насанд хүрээгүй яллагдагч Бийн Ө нь үйл явдал болох үед буюу 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 15 нас 3 сар 29 хоногтой байсан болохыг тоолж тэмдэглэл үйлдэв...” гэжээ/хх-ийн 140 дүгээр тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 133  дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

     Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 10 дугаар сарын 05-ны орой Архангай аймгийн ........... нутаг дэвсгэрт иргэн Б.Х нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Ө нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны орой Архангай аймгийн .................. дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан Б.Хийг нүүрэнд нь цохисны улмаас түүний биед зүүн хоншоор ясны зөрүүгүй, духны өмнөд хананы цөмөрсөн, хамар ясны далд хугарал, дух, зүүн нүдний зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хоёр нүдний зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Хийн”...Би 2023 оны 10 дугаар сарын 05-ны орой 20 цагийн үед өөрийн гэр болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын .........хаягаас гарч дэлгүүр орох зорилготой зам уруудаад явж байсан. Гэтэл миний араас нэг хүн “хөөе гэж дуудсан” би эргэж хартал хоёр хүүхэд байсан ба би тоолгүй доош уруудаад явж байхад миний ард нэг нь цамцнаас татаж унагаагаад миний дээрээс дэвсэж зодоон цохион болсон. Би тэр үед шоконд орж ухаан алдсан. Буцаад сэртэл хоёр хүн байсан хоёр хүний нэг нь намайг зодож байг цуг явсан залуу найзыгаа салгах гэж олон удаа оролдсон боловч салгаж чадахгүй байсан. Би удалгүй зугтаж яваад хамт ажилладаг жолооч Ц гэх хүний хашаанд орж ухаан алдсан байсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ц.Эын”...2023 оны 10 дугаар сарын 05-ны орой Б.Ө нь над руу гар утсаар холбогдоод “лапаткаа өгчих, мотоциклын дугуй янзлах гэсэн юм” гэж хэлсэн. Тэгээд 22 цагийн үед би гэрээсээ гарсан чинь хоёр хүн ноцолдож, зодолдож байхаар нь очиж салгатал Б.Ө нэг хүнтэй зодолдож байсан ба тэр үед би тэр хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг, гэрч А.Бын”...Б.Х нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг, Цагаан даваа хорооллын 34-12 тоот хашаанд эхнэрийн хамт гэртээ байж байхад манайд 21-22 цагийн хооронд манай хашаанд орж ирээд ухаан алдсан байсан. Тухайн үед ухаан алдахаасаа өмнө нь 95134044 дугаарын гар утсаар холбогдоод намайг хурдан гараад ир гэж хэлээд гар утас нь тасарсан. Тэгээд би гараад хартал Б.Х нь манай хашаан дотор дээшээ харсан байдалтай баруун гартаа гар утсаа барьсан ухаан алдсан юм шиг хэвтэж байсан. Тэгээд хиймэл амьсгаа хийгээд гараа цээжин дээр нь тавьж дарсан ба дараа нь гараа автал миний гар цус болсон байсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч ............. нарын 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 198 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба өсвөр насны шүүгдэгч Б.Ө нь хохирогч Б.Хийг зодож түүний биед зүүн хоншоор ясны зөрүүгүй, духны өмнөд хананы цөмөрсөн, хамар ясны далд хугарал, дух, зүүн нүдний зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл эс үйлдэхүй, түүний улмаас хохирол хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцно гэж хуульд заасан. Өсвөр насны шүүгдэгч нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Архангай аймгийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Б.Өын хохирогч Б.Хийг зодож түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Өын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Б.Хийн биед зүүн хоншоор ясны зөрүүгүй, духны өмнөд хананы цөмөрсөн, хамар ясны далд хугарал, дух, зүүн нүдний зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч Б.Х нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбогдуулан хохирол төлбөр нэхэмжилсэн бөгөөд хохирол төлбөртэй холбогдуулан ирүүлсэн уг баримтуудаас нотлох баримтуудын шаардлага хангасан хохирол хор уршигтай хамааралтай хохирол болох нийт 1.000.497 төгрөгийг өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс  гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэж, хохирогч нь сэтгэцэд учирсан хор хохиролтой холбоотой хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэнэ гэсэн тул гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбогдуулан цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Харин тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Архангай аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Ч............г тогтоосон байх бөгөөд иргэний нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 1.461.000/нэг сая дөрвөн зуун жаран нэгэн мянга/ төгрөгийг нэхэмжилж байгаа талаар мэдүүлж, холбогдох баримтыг ирүүлсэн  байх тул өсвөр насны шүүгдэгч Б.Ө болон хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Б.Дгаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын  талаар

 

            Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Шүүгдэгч Б......н холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектийг арван зургаан нас түүнээс дээш байхаар хуульд тодорхойлсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д шүүгдэгч Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах насанд хүрээгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан бөгөөд өсвөр насны шүүгдэгч Б.Ө нь гэмт хэрэг гарах үед буюу 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 15 нас 3 сар 29 хоногтой байсан болох нь хавтас хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл/хх-ийн 140 дүгээр тал/-ээр тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгч Б.Өд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас  чөлөөлөх нь  зүйтэй гэж дүгнэв.

 

        Өсвөр насны шүүгдэгч Б.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Прокурорын яллах дүгнэлтэд өсвөр насны шүүгдэгч Б.Өын төрсөн оныг 2006 оны гэж зөрүүтэй буруу бичсэн байгааг дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Өсвөр насны шүүгдэгч Б овогт Бийн Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Өд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Өын хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Б.Дгаас 1.461.000/нэг сая дөрвөн зуун жаран нэгэн мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч ............./төрийн сангийн ........ тоот данс/-д, 1.000.497/нэг сая дөрвөн зуун ерэн долоо/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ...-р баг, ............ тоотод оршин суух хаягтай, Боржгон овогт Баттулгын Х/РД:АЮ.............../-д тус тус олгосугай.

 

            4. Өсвөр насны шүүгдэгч Б.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Х  нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбогдуулан цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

            5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

 

            6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд өсвөр насны шүүгдэгч Б.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР