| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0193/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/189 |
| Огноо | 2024-09-18 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Ж.У
Хохирогч: Ч.Я
Хохирогчийн өмгөөлөгч: Г.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э
Шүүгдэгч: Г.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хтай овогт Гийн Бд холбогдох эрүүгийн 2412000530143 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн ...... суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт, Архангай аймгийн .................. гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Хан жарантай овогт Гийн Б/РД:АО........../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын .... гэх газар Субару Инпреза загварын .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тав жи голд загварын улсын дугааргүй мотоцикл жолоодож явсан хохирогч Ч.Ягийн биед бүсэлхийн 1, 2-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, гулсалт, хөндлөн сэртэнгийн хугарал, бүсэлхийн 2-р нугалмын түвшинд нугасны урагдал, няцрал бүхий хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Хохирогч Ч.Ягийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би Архангай аймгийн Цэнхэр сумын ... багт зорчин явж байхад урдаас цагаан өнгийн машин ирж байсан. Явж байгааг нь хараад би согтуу хүмүүс байж магадгүй гэж бодоод замын хажууд зогсож байхад миний зүүн талын бөгсөн хэсэгт ирж мөргөсөн. Тэгээд машинаас эрэгтэй, эмэгтэй хүн бууж ирээд битгий баашлаад бай гээд байсан. Би үнэхээр босож чадахгүй байгаагаа хэлээд эхнэр рүүгээ залгаад би машинд дайруулчихлаа гэж хэлсэн. Тэгээд эхнэр маань эмнэлэг, цагдаа дуудсан. Би босож чадахгүй байсан учраас машинд нь мөлхөж очоод суусан. Тэгээд сумын төв рүү явж байхад урдаас эмнэлгийн машин, цагдаагийн машин ирсэн. Би тэдний машинд суугаад эмнэлэг ороод үзүүлэхэд хот явах шаардлагатай гээд маргааш нь Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод очоод хагалгаанд орсон. Намайг хагалгаанд ороод байж байхад эдний гэрээс нэг ч хүн ирээгүй. Миний бөгсөн биеэс доод хэсэг цэв хүйтэн байдаг. Өөрийгөө дулаацуулж чаддаггүй. Одоо ч мөн өтгөн, шингэн гарахгүй гуурастай байгаа. Би хуучин шигээ эрүүл саруул болмоор байна. Би 2-3 эмнэлгээр явсан яваандаа сэргээн засах эмчилгээ хийлгээд эдгэрэх боломжтой гэсэн. Одоо би 15,199,000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ хүмүүс 2,330,000 төгрөгийг өгсөн...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 2412000530143 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Ч.Ягийн өгсөн:
“...Би 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн үед Цэнхэр сумын төвөөс гараад 3 тохой гэх газар мотоциклтой явж байхад урдаас цагаан өнгийн суудлын машин ирж явж байгаад уг машины дугуй далбилзаад байхаар нь замаа чөлөөлөөд зогссон чинь хажуугаас мөргөсөн. Би 2-р араагаар зөөлөн 5 км орчим байх явж байгаад зогссон. Хамгаалах малгай өмсөөгүй байсан. Тухайн мотоцикль миний эзэмшлийн 2024 оны 01 сард худалдаж авч байсан 5 Жи голд нэртэй цагаан өнгийн мотоцикль байсан. Би жолооны үнэмлэхтэй, гэхдээ мотоцикль жолоодох эрх байхгүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний санаж байгаагаар хүүхдүүд нийлээд 5-6 хүн байсан. Ямар хүн жолоодож явсныг мэдэхгүй байна. Миний нурууны яс бяцарсан, хагалгаанд орсон бичиг байгаа өөрөө хэлж мэдэхгүй байна. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлыг нэхэмжилнэ....” гэх мэдүүлэг /хх-ийн 76-79 дүгээр тал/
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Бийн өгсөн:
“...Манай нөхөр болох Ч.Я нь 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутагт сайжруулсан шороон засмал дээр манай нөхөр 5 жи голд маркийн мотоцикл жолоодож явж байх үед нь нэг тээврийн хэрэгсэл урсгал сөрж манай нөхрийг мөргөсөн ба манай нөхөр 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хэвтрийн дэглэмтэй, нуруу нугасандаа хүнд гэмтэл бөгсөн бие нь мэдээгүй байгаа. Хүний гарт өтгөн шингэнээ өөрөөрөө гаргах боломжгүй хүний туслалцаатай бие засдаг болсон. Ийм шалтгаанаар нөхөр Ч.Ягийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Өмнөхөөсөө бага зэрэг дээрдсэн ба өтгөн шингэнээ өөрөө гаргах боломжгүй бөгсөн бие нь мэдээ ороогүй байгаа. Хохирлын баримтууд байгаа үүнийг хэргийн материалд нэмж өгнө. Манай нөхөр Ч.Я зам тээврийн осолд орсноос хойш сэтгэл санааны хохиролтой байна. Зам тээврийн осолд орсноос хойш сарын дараа манай нөхрийг дайрсан гэх хүмүүстэй гар утсаар холбогдтол хүн амраахгүй ямар төвөгтэй юм бэ гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 174-176 дугаар тал/
*Гэрч Г.Бийн өгсөн:
“...Би 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн ........... гэх газарт хадам эгчийн охины хадаг тавих ёслолд оролцоод тухайн өдрөө архи уусан. Тэгээд хөдөө гэр лүүгээ явахаар болж намайг согтуу үед эхнэр машинаа барихаар болж, өөрийнхөө Субару Имриза маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод гэр бүлийн хамт явсан. Тэгсэн Архангай аймгийн Цэнхэр сумын .... гэх газарт явж байхад өөдөөс мотоциклтэй хүн ганцаараа орж ирээд эхнэр тоормосоо гишгэсэн чинь гулсаж, эсрэг урсгал руу сөрж ороод тухайн мотоциклтэй хүнийг мөргөчихсөн. Тэгсэн өөдөөс ирж яваа мотоциклтэй хүн тэр чигтээ унасан. Машинаас бууж тухайн хүн дээр очиход 50 орчим насны эрэгтэй хүн байсан бөгөөд ёолоод байсан. Сандраад гялс эмнэлэг болон цагдаагийн байгууллагад мэдэгдсэн Тэгээд эмнэлгийн машиныг хүлээгээд ирэхгүй байсан бөгөөд нөгөө хүн ёолоод байхаар нь машиндаа өргөж оруулаад сумынхаа эмнэлэг рүү явсан чинь замд эмнэлгийн машин таараад нөгөө бэртсэн ахыг шилжүүлэн суулгаж ардаас нь машинтайгаа дагаж явсан. Тэгээд сумын эмнэлэг орсон чинь аймгийн эмнэлэг рүү яаралтай авчирсан. Эмнэлэг үзүүлээд нуруу нь гэмтсэн байна гэж хэлээд маргааш Улаанбаатар хот руу яваад араас нь би мөн Улаанбаатар хот орсон. Уур бухимдалтай байсан. Манай эхнэр өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үед манай эхнэр гайгүй л явж байсан. Хурд багатай байсан. Тухайн зам цастай, гулгаатай байсан. Манай эхнэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Манай машинд эхнэр жолоо бариад би болон 2 хүүхдийн хамт явж байсан. Манай гэр бүлээс бэртэж, гэмтсэн хүн бол байхгүй. Субару Имриза маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2022 оны 04 дүгээр сард төрсөн эгч Баас худалдаж авсан бөгөөд төлбөр тооцоог нь бүрэн хийсэн байсан. Эгч Улаанбаатар хотод ажилтай байсан болохоор нэрээ шилжүүлж аваагүй. Ослын улмаас мотоцикл болон машинд эвдрэл, гэмтэл үүсээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 50-51 дүгээр тал/
*Яллагдагч Г.Бын өгсөн:
“...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 195-196 дугаар дугаар тал/
*Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 142 дугаартай:
“...Ч.Ягийн биед бүсэлхийн 1,2,-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, гулсалт, хөндлөн сэртэнгийн хугарал, бүсэлхийн 3-р нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал, бүсэлхийн 2-р нугалмын түвшинд нугасны урагдал, няцрал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 135-138 дугаар тал/
*Шинжээч Б.Ч..ын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаартай:
“...5 Жи голд загварын, улсын дугааргүй мотоцикль жолоодож явсан Ч.Я нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2 Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах иргэн хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ. 13.2.1 Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх, Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 . Жолооч дараах зүйлийг хориглоно. 3.7.а-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно”: а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох. мөн тус дүрмийн 3.7.В-д / зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох гэсэн заалтууд, Субари импреза маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Г.Б нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2 Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах иргэн хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ. 13.2.1 Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх, 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох: 11.1.Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.б, 5.11.а, 5.11.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зуун гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно. 11.3.Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй. Тус осол хэрэг нь Субари импреза маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Г.Бын Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3.Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. заалт зөрчсөнөөс гарсан байх үндэслэлтэй. Тус зам нь шороон тахир тэгш , үзэгдэх орчин гэрэлтүүлэггүй зам байсан нь осол хэрэг гарахад нөлөөлсөн зүйл илрээгүй болно. Осол хэргийн схем, фото зураг, болон хэргийн газрын үзлэгт автомашины дугуйн тоормозны ул мөр илрээгүй ба хурдыг тогтоох боломжгүй болно. Г.Бын жолооны үнэмлэхийн лавлагааг Замын цагдаагийн албанаас гаргуулж авна уу...” гэх дүгнэлт /хх-ийн 162-163 дугаар тал/
*Дамно ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн АЦ-24-72 дугаартай дүгнэлт/хх-ийн 145-148 дугаар тал/
*Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5, 10-14 дүгээр тал/
*Ослын газрын схем зураг /хх-ийн 07 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр тал/
*Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 192-193 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Г.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын .... гэх газар Субару Инпреза загварын .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох явцдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөнөөс 5 жи голд загварын улсын дугааргүй мотоцикл жолоодож явсан хохирогч Ч.Ягийн биед бүсэлхийн 1, 2-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, гулсалт, хөндлөн сэртэнгийн хугарал, бүсэлхийн 2-р нугалмын түвшинд нугасны урагдал, няцрал бүхий хүнд гэмтэл учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Г.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь хохирогч Ч.Ягийн”...Би 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн үед Цэнхэр сумын төвөөс гараад 3 тохой гэх газар мотоциклтой явж байхад урдаас цагаан өнгийн суудлын машин ирж явж байгаад уг машины дугуй далбилзаад байхаар нь замаа чөлөөлөөд зогссон чинь хажуугаас мөргөсөн. Би 2-р араагаар зөөлөн 5 км орчим байх явж байгаад зогссон. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний нурууны яс бяцарсан, хагалгаанд орсон бичиг байгаа өөрөө хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Бийн”... Манай нөхөр болох Ч.Я нь 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутагт сайжруулсан шороон засмал дээр манай нөхөр 5 жи голд маркийн мотоцикл жолоодож явж байх үед нь нэг тээврийн хэрэгсэл урсгал сөрж манай нөхрийг мөргөсөн ба манай нөхөр 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хэвтрийн дэглэмтэй, нуруу нугасандаа хүнд гэмтэл бөгсөн бие нь мэдээгүй байгаа. Хүний гарт өтгөн шингэнээ өөрөөрөө гаргах боломжгүй хүний туслалцаатай бие засдаг болсон...” гэх мэдүүлэг, гэрч Г.Бийн”...Архангай аймгийн Цэнхэр сумын .... гэх газарт явж байхад өөдөөс мотоциклтэй хүн ганцаараа орж ирээд эхнэр тоормосоо гишгэсэн чинь гулсаж, эсрэг урсгал руу сөрж ороод тухайн мотоциклтэй хүнийг мөргөчихсөн. Тэгсэн өөдөөс ирж яваа мотоциклтэй хүн тэр чигтээ унасан. Машинаас бууж тухайн хүн дээр очиход 50 орчим насны эрэгтэй хүн байсан бөгөөд ёолоод байсан. Сандраад гялс эмнэлэг болон цагдаагийн байгууллагад мэдэгдсэн Тэгээд эмнэлгийн машиныг хүлээгээд ирэхгүй байсан бөгөөд нөгөө хүн ёолоод байхаар нь машиндаа өргөж оруулаад сумынхаа эмнэлэг рүү явсан чинь замд эмнэлгийн машин таараад нөгөө бэртсэн ахыг шилжүүлэн суулгаж ардаас нь машинтайгаа дагаж явсан. Тэгээд сумын эмнэлэг орсон чинь аймгийн эмнэлэг рүү яаралтай авчирсан. Эмнэлэг үзүүлээд нуруу нь гэмтсэн байна гэж хэлээд маргааш Улаанбаатар хот руу яваад араас нь би мөн Улаанбаатар хот орсон...” гэх мэдүүлэг, Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 142 дугаартай, Шинжээч Б.Ч..ын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь Архангай аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 31-05/1129 дугаартай: “...Г.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх лавлагааг нэгдсэн хайлтын программаас авахад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна..” гэх албан бичгээр тогтоогдож байх бөгөөд, тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.2-д “...Тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүн...тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Мөн дүрмийн “11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс 5 жи голд загварын улсын дугааргүй мотоцикл жолоодож явсан хохирогч Ч.Яг мөргөж түүний биед бүсэлхийн 1, 2-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, гулсалт, хөндлөн сэртэнгийн хугарал, бүсэлхийн 2-р нугалмын түвшинд нугасны урагдал, няцрал бүхий хүнд гэмтэл учруулсан түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой баримтаас шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамааралтай нотлох баримтын шаардлага хангасан /4.841.000+1.735.000+182.500+2.212.000+512.000+640.000+53.500+24.700+23.700+10.000+19.500+10.450+40.750+5.000+118.000+19.250+18.650+33.700+22.390+300+2300+5.000+24.000+13.900+17.700+11.520+7.221+2.900+5.800+22.750+500.000+8.000+5.488+1.900+7.860+51.120+3.500+350+3.400+500+7.700+1.500+2.400+12.000+6.900+4.725+4.840+2.500+50.000+65.300+35.100+40.000/ төгрөгийн баримт мөн хохирогч Ч.Ягийн шүүх хуралдаанд гаргасан өгсөн /110.000+48.800+224.100+46.500+14.000+17.450/ нийт 15.561.314 төгрөгийн баримт байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид 2.330.000 төгрөгийг төлсөн талаар шүүгдэгч маргаагүй тул хасч 13.21.314 хохирлыг гаргуулахаар шийдвэрлэж, түүний нэхэмжлэлээс хохирол хор уршигт хамааралгүй 35.000 төгрөгийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, хохирогчид эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүнд гэмтэл учирсан талаар шинжээчийн дүгнэлтэд заасан тул гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбогдуулан цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Энэ гэмт хэргийн хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ гэх тайлбарыг шүүх хуралдаанд өгсөн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тавдугаар зэрэглэлээр тогтоосныг хүлээн зөвшөөрсөн байна.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ гэж заасан, Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 сарын 03-ны өдрийн “ Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал батлах тухай” тогтоолын нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалд зааснаар тавдугаар зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 46 дахин нэмэгдүүлснээс 149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнг гаргуулахаар заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Ягийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүнд гэмтэл учирсан, мөн гэмт хэргийн улмаас түүний сэтгэцэд учирсан хор уршгийг харгалзан гэмт хэрэг үйлдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлэхэд 33.000.000 төгрөг болох бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд 13.231.314 төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд 33.000.000 төгрөг, нийт 46.231.314 төгрөгийг шүүгдэгч Г.Баас гаргуулан хохирогч Ч.Яд олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Харин тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Архангай аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Ч.Мягмарсүрэнг тогтоосон байх бөгөөд иргэний нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 5.276.700/таван сая хоёр зуун далан зургаан мянга долоон зуу/ төгрөгийг нэхэмжилж байгаа талаар мэдүүлж, холбогдох баримтыг ирүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Б түүний өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, харин тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлбөр төлж туслалцаа үзүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцон, Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул түүний хувийн байдал, хохирол төлбөрийг нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзан хуульд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, оршин сууж байгаа Архангай аймгийн ......... сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 жилийн хугацаагаар хориглож, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 3 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хан жарантай овогт Гийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3/гурав/ жил 3/гурав/ сарын хугацаагаар хасаж, 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн ........... сумын нутаг дэвсгэрээс явахыг 1/нэг/ жилийн хугацаанд хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Г.Бд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, 513 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Г.Баас 46.231.314/дөчин зургаан сая хоёр зуун гучин нэгэн мянга гурван зуун арван дөрөв/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн ............../-д, 5.276.700/таван сая хоёр зуун далан зургаан мянга долоон зуу/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч ...төрийн сангийн ............ тоот данс/-д тус тус олгож, түүний нэхэмжлэлээс 35.000/гучин таван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР