| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 181/2021/03583/И |
| Дугаар | 181/ШШ2022/00061 |
| Огноо | 2022-01-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 181/ШШ2022/00061
| 2022 01 25 | 181/ШШ2022/00061 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ч.Д -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Э.Б -д холбогдох
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Д , хариуцагч Э.Б , нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... миний бие 2002 онд Э.Б тай танилцаж, 2003.09.30-ны өдөр 321 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2005.10.28-нд хүү Төгөлдөр, 2011.12.07-нд охин Маралгоо нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас байнга маргаантай байдаг байсан учир хамтран амьдрах боломжгүй болж 2015 оноос салж, тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү Төгөлдөр аавын асрамжид охин Маралгоо миний асрамжид амьдарч байгаа. Хүүхдийн асрамжийн асуудлыг цаашид энэ хэвээр нь байлгах хүсэлтэй байна. Хүүхдийн тэтгэмж тогтоолгохгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... намайг БНСУ-д яваад ирсэний дараа бидний хооронд байнгын хэрүүл, маргаан үүсэх болсон. Ингээд 2015 оноос тусдаа амьдарч эхэлсэн. Тусдаа амьдраад удаж байгаа учир бид харилцан ярилцаад гэрлэлтээ цуцлуулахаар шийдвэрлэсэн. Хоёр хүүхэд маань эцэг, эх дээрээ ирэн очин байдаг, цаашид ч гэсэн хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэн аль биелүүлээд явна, хүүгээ би асрамжиндаа авч, охиноо эхийнх нь асрамжинд үлдээхээр ярилцсан. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн 18, 20 дугаар хорооны Гэрэлт мандал ӨЭМТ-ийн тодорхойлолт, 18 дугаар хорооны оршин суух хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүсэн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Д нь хариуцагч Э.Б холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.
Зохигчид 2002 онд танилцаж, хамтран амьдарч байгаад 2003 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон, тэдний дундаас 2005 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүү Б.Т , 2011 оны 12 дугаар сарын 7-ны өдөр охин Б.М нар төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч гэрлэлт цуцлах тухай уг өргөдлийг хүлээн авч эвлэрүүлэх ажиллагаа явуулсан боловч амжилтгүй болж Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ.
Нэхэмжлэгч Ч.Д , хариуцагч Э.Б нар нь гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан боловч хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцох байдал, таарч тохирохгүй шалтгаанаар 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид эвлэрэн хэлэлцэх боломжгүй болсон нь тогтоогдож байх тул шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэжээ.
Зохигчид хүүхдүүдийн асрамжийн асуудлаар маргаагүй бөгөөд эцэг, эхийн хувийн байдал, хүүхдүүдийн одоо амьдарч байгаа орчин нөхцөлийг өөрчлөх ноцтой шалтгаан нөхцөл тогтоогдоогүй зэргийг харгалзан, талуудын саналыг үндэслэж охин Б.М г эх Ч.Д гийн асрамжинд, хүү Б.Т ийг эцэг Э.Б-ын асрамжид үлдээхээр шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. дэх хэсэгт заасныг баримтлан Э.Б , Ч.Д нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5. дахь хэсэгт заасныг баримтлан 2005 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Б.Т ийг эцэг Э.Б-ын, 2011 оны 12 дугаар сарын 7-ны өдөр төрсөн охин Б.М г эх Ч.Д гийн асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан Э.Б , Ч.Д нар нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.
5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН