Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 41

 

Д.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай     

 

            Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Яллагдагчийн өмгөөлөгч: Ж.Жаргалсайхан,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ууганбаяр нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЗ/189 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч Д.Бд холбогдох, эрүүгийн 1919002540034 дугаартай, 2 хавтас, 353 хуудас бүхий хэргийг прокурор Б.Мөнгөнтуяагийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч: Монгол Улсын иргэн, Д.Б-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын  прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Яллагдагч Д.Б нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт хохирогч М.Этай маргалдаж, түүний цээжин тус газарт 2 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д  холбогдох эрүүгийн 1919002540034 дугаартай хэргийг прокурорт буцааж,

яллагдагч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

Прокурор Б.Мөнгөнтуяа давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгчийн захирамж нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд: 1. Гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр /хэн эхлүүлсэн, хохирогчоор тогтоогдсон этгээдийн гэм буруугийн хэлбэр/ нотлогдоогүй байна гэжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан хохирогч М.Эын мэдүүлэг /1-р хх-ийн 11-14, 193-194/, гэрч Б.Ганбатын 1-р хх-ийн 45-47/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтаар яллагдагч Д.Б нь хувийн таарамжгүй харьцааны улмаас, гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогч М.Эыг хутгалсан болох нь тогтоогдсон.  2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлоогүй гэжээ. Гэтэл хэрэгт цугларсан Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Ганзоригийн 2019 оны 07-р сарын 13-ны өдрийн 02/0356 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 62/, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн 3617 дугаартай хохирогч М.Эын өвчний түүх зэрэг нотлох баримтуудаар дээрх гэмт хэргийн улмаас хохирогч М.Эын эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд гэмтэл учирсныг тогтоосон. 3. Гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг тогтоох гэжээ. Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх үед хохирогч М.Э, яллагдагч Д.Б нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, мөн хувийн таарамжгүй харьцаа зэрэг нөлөөлсөн нь тогтоогдсон. 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.4-т зааснаар Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нотлох зорилгоор хавтаст хэрэгт яллагдагчийн  иргэний бичиг баримтын хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт, урьд ял шийтгүүлсэн байдлуудыг тогтоосон. Мөн прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж явсан зэрэг нөхцөл байдлуудыг тогтоосон. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч О.Шинэбаяр нь хохирогч М.Эт шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан нь “шинжээчийн дүгнэлтийг оролцогчид танилцуулсан” талаарх тэмдэглэлээр нотлогдож байна. 6. 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө яллагдагч, хохирогч нар уулзсан эсэх, оёдол бүхий шархыг яллагдагчид үзүүлж байсан эсэхийг шалгах гэж дурджээ. Энэ мөрдөн шалгах ажиллагааг хийлгэснээр хэргийн нөхцөл байдлыг тогтооход хэрхэн нөлөөлөх, уг ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай үндэслэл тогтоогдохгүй байна. 7. Яллагдагчийн өмгөөлөгч хавтаст хэргийн материалтай танилцах явцдаа яллагдагчид хэргийн материалаас чухам ямар баримт үзүүлсэн, баримттай холбоотой ямар байгууллагад хүсэлт гаргаж шалгуулах талаар хүсэлт гаргаж байсан эсэхийг тогтоох гэсэн нь ойлгомжгүй. 8. Гэрч Б.Энхцэцэгийг гэм буруугийн шүүх хуралдаанд оролцуулах боломжтой байхад дахин мэдүүлэг авах гэсэн нь хууль зөрчсөн. 9. Уг ажиллагааг хийснээр хэргийн ямар нөхцөл байдалд нөлөөлөх нь ойлгомжгүй. Хохирогч М.Эын өвчний түүхийг хэрэгт хавсаргасан. 10. Хохирогч М.Э нь ...Д.Бд хутгалагдсаны улмаас хүнд гэмтэл авсан нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хянуулахаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.    

Яллагдагчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баримтыг хуурамчаар хавтаст хэрэгт хийсэн. Гэмтлүүдтэй холбоотой асуудлыг буцааж шалгах шаардлагатай, дурдагдаагүй олон тооны асуудал гарч ирсэн байгаа энэ бүгдийг харьцуулан үзэж шалгах шаардлагатай. Мөн өвчний түүхийг эх хувиар нь хуулбарлан авч шалгах шаардлагатай гэсэн үндэслэлээр асуудлыг хөндөж байгаа юм. Прокурорын тогтоолд гэрч Энхцэцэгийг цугларсан баримтын талаар гэрчээр асуух гэж оруулсан атлаа гэрчээр асуугаагүй, тухайн үед байгаагүй учраас үйл ажиллагааг хийсэн гэдэг тайлбарыг тавьдаг юм. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

Яллагдагч Д.Бг  2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт хохирогч М.Этай маргалдаж улмаар түүний цээжин тус газарт 2 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судалж үзэхэд “...шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх эсхүл мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүйн гадна шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. 

Тухайлбал хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Э, гэрч Б.Ганбат болон бусад гэрч нарын өгсөн мэдүүлэг, 2019-07-13-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 02/0356 дугаартай шинжээчийн дүгнэлт, тус дүгнэлтийн шинжилгээний объект болох Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн 3617 дугаартай хохирогч М.Эын өвчний түүх дэх эмчийн тэмдэглэл зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг анхан шатны шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байна.

Мэдүүлэг өгөгчийн мэдүүлгээс үзэхэд тэдгээр нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн, мөрдөгчөөс мэдүүлгийг авахдаа тэдэнд зориуд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэдэг болохыг сануулж мэдүүлгийг авсан байх ба харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор, мөрдөгчөөс хэргийн оролцогчдын “хуулийн өмнө эрх тэгш” байх эрхийг бүрэн хангаагүй, оролцогчдоос гаргасан хүсэлтэд хариу өгөөгүй орхигдуулсан гэж үзэх, хохирогчийн биед учирсан хүнд гэмтэлтэй холбоотой шинжээчийн дүгнэлтийг тодорхойгүй, бүрэн биш, эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.   

Өөрөөр хэлбэл хохирогчид учирсан гэмтэлтэй холбоотой шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцсэн, дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх талаар тэднээс ямар нэг санал хүсэлт гаргаагүй байна.

Үүнээс гадна хохирогч М.Э 2019-07-03-ны өдрөөс өмнө буюу 2019-06-19-ний өдөр согтуу явж байгаад унаснаас гэмтэл авч, 28 ширхэг оёдол тавиулсан талаар гэрч М.Галаа, Х.Эрдэнэбулган нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж тодорхой мэдүүлсэн байх тул яллагдагч Д.Б, хохирогч М.Э нар 2019-07-03-ны өдрөөс өмнө уулзаж, хохирогч оёдол бүхий шархаа түүнд үзүүлж байсан эсэхийг шалгаж, тогтоох шаардлагагүй бөгөөд энэ нь хохирогчийн 2019-07-03-ны өдөр авсан хүнд гэмтэлд хамааралгүй үйл баримт юм.

Дээрх бүгдээс дүгнэхэд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж, тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх шаардлагыг зөрчсөн зөрчилгүй болно.

Иймд анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах, өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлтийг шинжлэн судалж, тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж үнэлэн, хэргийн үйл баримтыг тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЗ/189 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус анхан шатны шүүхэд буцааж, прокурор Б.Мөнгөнтуяагийн эсэргүүцлийг хангасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар яллагдагч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

                                                ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                                                                    Н.БОЛОРМА