Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/194

 

 

 

 

 

                                      2024/ШЦТ/194  

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Ж.У

Хохирогч: Ц.Б

Шүүгдэгч: Б.Бэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э овогт Бгийн Бэд холбогдох эрүүгийн 2412000000137 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Х суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, метал боловсруулагч мэргэжилтэй, хувийн малаа малладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Архангай аймгийн ............. гэх газарт оршин суух, урьд нь Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 29, 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох, Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 326 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Э овогт Бгийн Бэ/РД:АМ................../,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Бэ нь 2024 оны 05 дугаар сарын 17-ны шөнө 22 цагийн үед Архангай аймгийн Х сумын ........ гэх газар өөрийн эхнэр болох Т.Цтай хэрүүл маргаан үүсгэх үед хохирогч Ц.Быг дундуур нь орж салгах үед “янхан минь чамд ямар хамаатай юм” гэж үсдэж чирээд, тогооны авдар мөргүүлж, чирч гаргаж гуян дээр нь дэвссэний улмаас түүний биед баруун мөр, дагз, баруун дэлбээнд зулгаралт, баруун хацар, хоёр гуя, баруун өвдөг, хоёр шилбэ, цээжинд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, 2024 оны 05 дугаар сарын 17-ны шөнө 22 цагийн үед Архангай аймгийн Х сумын ........ гэх газар өөрийн эхнэр болох Т.Цтай хэрүүл маргаан үүсгэх үед хохирогч Ц.Быг дундуур нь орж салгах үед “янхан минь чамд ямар хамаатай юм” гэж зодох явцдаа Ц.Бы унаж явсан ..... улсын дугаартай Тоёота Харрер маркийн тээврийн хэрэгсэл буюу машины баруун талын тольны хавтас, зүүн урд крыло, баруун урд крылог эвдэж 550.600 төгрөгийн хохирол буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

                *Шүүгдэгч Б.Бийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:

                “...Би энэ хүний хадам ахынд өвөл жингээ морио унуулсан.Тэгээд хавар 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр морио авах гээд очсон. Тэгээд хадам ах нь миний дүү ахдаа өвөл жингээ морио унуулсан юм чинь ах нь яаж зүгээр байх вэ? дүүдээ ганц юм задалж өгье, төвөөс юм аваад ирье гээд миний машинаар явсан. Тэгээд төвөөс ирэхдээ 2 пиво, 1 шир архи авч ирсэн. Тэр үед хохирогчийн нөхөр мөн бид нартай хамт архи ууж байсан. Тэгээд урд өдөр манайх шинэ мотоцикл авсан юм аа, тэрний угаалгыг хийгээд жаахан уусан, манай гэр бүлийн хүн ч гэсэн шартчихсан хонин дээрээ явж байгаа гэхээр нь би тэгвэл ахын дүү эхнэрээ дуудчихаач шараа тайлаг гэж хэлсэн. Тэгээд дуудахад Б машинтайгаа ирсэн. Ирээд Ц.Б надаас Ж ах танайд пиво байгаа юу тэрийг чинь бид нар мөнгөөр нь худалдаад авъя гэж хэлсэн. Тэгээд би 2 пиво гаргаж өгсөн. Тэгээд бид хэд нийлээд 4 пиво 1 шил архи уусан. Тэгээд Б ахаа таны юмыг уусан юм чинь төвөөс юм авч ирье гээд манай эхнэр болон нөхрийнхөө эгчтэй, манай 3 настай хүүхэдтэй энэ хэд сумын төв явсан. Энэ хэдийг бид хэд 4 цаг хүлээгээд ирэхгүй болохоор нь хойноос нь сумын төв орсон чинь 85 настай өвгөнийд тэр өвгөнтэй болон ганц бие хүүтэй нь хамт пиво уугаад сууж байсан. Би та нар чинь ямар сонин юм бэ, яахаараа өндөр настай хүнтэй хамт архи пиво уугаад суугаад байдаг юм бэ гэж хэлээд явъя гээд аваад гарсан. Тэгээд явж байсан чинь энэ хэд буцаад сумын төв рүү давиад явчихсан. Би араас нь дахиад явсан. Тэгээд дэлгүүрээс 1 сагс пиво аваад нөхрийнхөө эгч, манай хүүхэд хоёрыг сумын төвд үлдээчихээд манай эхнэрийг аваад эхнэргүй ганц бие залууг дагаад сагс пиво аваад энэ хүн явчихсан. Тэгээд ирэхгүй байсаар байгаад шөнийн 22 цаг ирсэн. Тэгээд би уурлаад Ц.Бг 2 удаа алгадсан, машиныг нь 2 удаа өшиглөсөн. Эхнэрээ ч гэсэн нэг удаа алгадсан нь үнэн...” гэх мэдүүлэг,

 

                 *Хохирогч Ц.Бы шүүх хуралдаанд мэдүүлсэн:

                 “...2024 оны 05 дугаар сарын 17-ны өглөө манай нөхөр Ц.Бэ ахынд очсон. Тэгээд тэр өдрийн өглөө намайг гэртээ байж байхад Б.Бэ ах өөрөө над руу залгаад дүү охин хаана байна гэж асуусан. Би дүү нь гэртээ байна гэхэд миний дүү гэртээ ганцаараа байж байхаар манайд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би энэ айлд очсон. Намайг очиход манай хадам ах Ш, эхнэр Батцэцэгийн хамт эднийд пиво уугаад байж байсан. Бид нар нийт 1 пиво, 1 0.5 литртэй Хараа нэртэй архи хувааж уусан. Уугаад дууссаны дараа Б.Бэ ах 2 пиво гаргаж ирсэн. Тэр хоёр пивыг нь уусан. Тэгээд ууж байсан зүйл дууссан учир Х явахаар болсон. Би Бэ ахын эхнэр болон Ш ахын эхнэрийн хамт явсан. Хын сумын төв ороод буцах замдаа нутгийн хөгшин ахынд орсон. Тэднийд ороод 1 шил архи, 1 пиво өгөөд сууж байхад араас Б.Бэ ах, Д.Ш ах хоёр орж ирсэн. Араас ирээд муу янханууд минь энд юу хийж байгаа юм бэ гэсэн, тэгэхээр нь бид нар архи уух гэж орж ирээгүй, настай хүнд ганц шил архи өгчихөөд явах гэж байна гэсэн чинь муу янханууд минь ахиад надад архи гаргаад ир гэхээр нь буцаад Х сум руу явсан. Х сумаас 3 пиво аваад явж байхад замын хажууд манай нөхрийн найз явж байсан. Тэгээд тэр найзтай нь 3 пиво уучихаад шөнө Б.Бэ ахынд 22 цагийн үед ирэхэд Б.Бэ ах эхнэрийгээ муу янханууд минь хаачиад ирж байгаа юм бэ гээд эхнэр рүүгээ юм аваад шидэхээр  нь би салгах санаатай та яаж байгаа юм бэ гээд очиход намайг муу янхан минь чам шиг юманд ямар хамаа байна аа гээд намайг үсдэж дараад ширээд тогооны авдар мөргүүлээд чирээд гаргасан. Гадаа гараад та яахаараа хүнийг хэл амаар доромжилдог юм бэ гэсэн чинь та нар шиг янхануудыг юу гэсэн ч яадаг юм бэ гээд миний машины толийг хугалаад хоёр карланыг нь өшиглөөд цөм цохисон. Тэгээд би согтуу хүнтэй юу ярих вэ дээ гэж бодоод гэртээ хариад хэвтэж байтал манай нөхөр гаднаас орж ирсэн. Ирээд чи яасан бэ гэхээр нь энэ хүнд зодуулсан талаараа нөхөртөө хэлсэн. Манай нөхөр Б.Бэ ахтай уулзах гээд очиход наад янхануудыг чинь яасан ч яадаг юм гээд дайраад байсан. Тэгээд согтуу хүнтэй юу ярих вэ гээд маргааш учраа олъё гээд гэртээ ирсэн. Маргааш нь энэ хүн дээр эрт очиход Б.Бэ ах гэртээ байхгүй, эхнэр нь худаг дээр малаа услаад зогсож байсан. Би Б.Бэ гуай хаачсан бэ гэж асуухад өглөө эрт гараад явсан, хаашаа явсныг нь мэдэхгүй байна гэж эхнэр нь хэлсэн. Би нутгийн хүмүүс байна ирээд уучлалт гуйчих байх гэж харсан боловч ирээгүй. Тэгээд би 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр эмнэлэг явж үзүүлээд цагдаад өргөдлөө өгсөн...” гэх мэдүүлэг

 

           *Эрүүгийн 2412000000137 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Ц.Бы өгсөн:

“...Би 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Б.Бийн гэрт очиход гэрт нь Б.Бэ эхнэр хүүхдийн хамт манай нөхөр Ш хамт байсан. Би хоёр 2 ширхэг 2.5 литрийн савалгаатай пиво уугаад Б.Бийн эхнэр, Батцэцэг бид гурав сумын төв орж пиво аваад Б.Бийн гэрт иртэл Б.Бэ “янханууд хаагуур яваад ирэв” гээд эхнэрийгээ 20х20 см хэмжээтэй радио аваад эхнэр рүүгээ шидсэн. Би “эхнэрийгээ яагаад зодож байгаа юм бэ” гээд дундуур нь ортол намайг “янхан минь чамд ямар хамаатай юм” гээд намайг үсдэж чирээд тогооны авдар мөргүүлж, чирч гаргаж гуян дээр дэвсэж машины баруун талын толийг хагалж, хаалга цөм өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар тал/

 

*Гэрч Т.Цгийн өгсөн:

“...Манайд 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Боорой ирээд пиво уугаад манай нөхөр Б.Бэ Бооройг “эхнэрийгээ дуудчих” гээд утсыг нь авч дуудаад Ц.Б ирээд 2.5 литрийн савлагаатай хоёр ширхэг пиво уусан. Тэгээд Б, Батцэцэг бид гурав сумын төв ороод 2.5 литрийн савлагаатай 4 ширхэг пиво аваад гэртээ иртэл манай нөхөр Бэ нь намайг радиогоор толгой хэсэгт 1 удаа цохиод Ц.Б нь дундуур орж салгахад “хоёр янхан минь зайл” гээд Ц.Быг юм мөргүүлсэн байсан.  Намайг сумын төв ороод пиво аваад ирэхэд “хаагуур яваад байгаа юм” гэж уурлаад намайг зодсон. Харин Ц.Быг намайг дагуулаад явчихлаа гэж уурлаад зодсон. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, миний биед гэмтэл учраагүй. Би хэн Ц.Бы машины толь, хаалгыг эвдсэн талаар мэдээгүй. 2024 оны 05 дугаар сарын 17-ны өглөө Б манайд ирээд Б.Бэ машины хаалга цөмлөөд, толь эвдсэн гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 9-10 дугаар тал/

 

*Гэрч Д.ЦЭбын өгсөн:

“...Малаа хараад орой 22 цагийн үед адуундаа яваад гэртээ иртэл манай эхнэр “Б.Бэ намайг зодчихлоо” гээд уйлаад орон дээрээ хэвтэж байсан. Би яахаараа зоддог юм гээд эхнэрийн хамт Б.Бэ ахын гэрт очиж “яагаад эхнэр зодож байгаа” талаар асуухад “танай эхнэр, янханыг яасан ч яадагийн” гэж хэлээд намайг зодох гээд дайраад байхаар нь би зугтаад гэр рүүгээ явсан. Гэртээ хариад эхнэрийнхээ биед ямар гэмтэл учирсанг харахад баруун талын хацар хөхөрсөн, хамрын үзүүр, баруун талыг чихийг нь майжсан, баруун талын мөр халцарсан, гар өвдөөд байна гээд, хоёр гуя болон баруун талын өвдөг нь хөхөрсөн байсан. Б.Бийн гэрт очихоос өмнө манай эхнэрийн биед ямар ч бэртэж, гэмтсэн, шалбарсан зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 29-30 дугаар тал/

 

*Гэрч Д.Шын өгсөн:

“...Б.Бэ эхнэртэйгээ маргалдаад “ямар их уддаг юм” гэж уурлаад Ц.Б голоор нь орж салгах гэтэл Б.Бэ Ц.Быг 2 удаа түлхэж унагаад гэрээсээ түлхэж гаргаад машиныг нь өшиглөөд карланыг цөмөлж, толийг нь цохиж хагалсан. Б.Бэ нь Ц.Быг хоёр удаа алгадаж, гэрээсээ түлгэж гаргасан. Ц.Б нь Б.Бийг цохиж зодсон асуудал болоогүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 49-50 дугаар тал/

 

*Яллагдагч Б.Бийн өгсөн:

“...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, ямар нэгэн хүсэлт санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 74-76 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 195 дугаартай:

“...Ц.Бы биед баруун мөр, дагз, баруун дэлбээнд зулгаралт, баруун хацар, хоёр гуя, баруун өвдөг, хоёр шилбэ, цээжинд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 16-17 дугаар тал/

 

*Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 47951 дугаартай “үнэлгээгээр тогтоогдсон нийт дүн 550.600 төгрөг” гэх дүгнэлт/хх-ийн 35-37 дугаар тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

       Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Б.Бэ нь 2024 оны 05 дугаар сарын 17-ны шөнө 22 цагийн үед Архангай аймгийн Х сумын ........ гэх газар хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ц.Быг үсдэж чирээд, тогооны авдар мөргүүлж,  гуян дээр нь дэвссэний улмаас түүний биед баруун мөр, дагз, баруун дэлбээнд зулгаралт, баруун хацар, хоёр гуя, баруун өвдөг, хоёр шилбэ, цээжинд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, 2024 оны 05 дугаар сарын 17-ны шөнө 22 цагийн үед Архангай аймгийн Х сумын ........ гэх газар хохирогч Ц.Бы унаж явсан ..... улсын дугаартай Тоёота Харрер маркийн тээврийн хэрэгсэл буюу машины баруун талын толины хавтас, зүүн урд крыло, баруун урд крылог эвдэж 550.600 төгрөгийн хохирол буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх үйл баримт тус тус тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Б.Бэ нь дээрх гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутай болох нь хохирогч Ц.Бы ”...Би 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Б.Бийн гэрт очиход гэрт нь Б.Бэ эхнэр хүүхдийн хамт манай нөхөр Ш хамт байсан. Би хоёр 2 ширхэг 2.5 литрийн савалгаатай пиво уугаад Б.Бийн эхнэр, Батцэцэг бид гурав сумын төв орж пиво аваад Б.Бийн гэрт иртэл Б.Бэ “янханууд хаагуур яваад ирэв” гээд эхнэрийгээ 20х20 см хэмжээтэй радио аваад эхнэр рүүгээ шидсэн. Би “эхнэрийгээ яагаад зодож байгаа юм бэ” гээд дундуур нь ортол намайг “янхан минь чамд ямар хамаатай юм” гээд намайг үсдэж чирээд тогооны авдар мөргүүлж, чирч гаргаж гуян дээр дэвсэж машины баруун талын толийг хагалж, хаалга цөм өшиглөсөн...” гэх мэдүүлэг, гэрч Т.Цгийн”...Манайд 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Боорой ирээд пиво уугаад манай нөхөр Б.Бэ Бооройг “эхнэрийгээ дуудчих” гээд утсыг нь авч дуудаад Ц.Б ирээд 2.5 литрийн савлагаатай хоёр ширхэг пиво уусан. Тэгээд Б, Батцэцэг бид гурав сумын төв ороод 2.5 литрийн савлагаатай 4 ширхэг пиво аваад гэртээ иртэл манай нөхөр Бэ нь намайг радиогоор толгой хэсэгт 1 удаа цохиод Ц.Б нь дундуур орж салгахад “хоёр янхан минь зайл” гээд Ц.Быг юм мөргүүлсэн байсан.  Намайг сумын төв ороод пиво аваад ирэхэд “хаагуур яваад байгаа юм” гэж уурлаад намайг зодсон...” гэх мэдүүлэг, гэрч Д.ЦЭбын”...Малаа хараад орой 22 цагийн үед адуундаа яваад гэртээ иртэл манай эхнэр “Б.Бэ намайг зодчихлоо” гээд уйлаад орон дээрээ хэвтэж байсан. Би яахаараа зоддог юм гээд эхнэрийн хамт Б.Бэ ахын гэрт очиж “яагаад эхнэр зодож байгаа” талаар асуухад “танай эхнэр, янханыг яасан ч яадагийн” гэж хэлээд намайг зодох гээд дайраад байхаар нь би зугтаад гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Шын”...Б.Бэ эхнэртэйгээ маргалдаад “ямар их уддаг юм” гэж уурлаад Ц.Б голоор нь орж салгах гэтэл Б.Бэ Ц.Быг 2 удаа түлхэж унагаад гэрээсээ түлхэж гаргаад машиныг нь өшиглөөд карланыг цөмөлж, толийг нь цохиж хагалсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Б.Бийн мэдүүлэг, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 195 дугаартай, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийy 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 47951 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Бэ нь 2024 оны 05 дугаар сарын 17-ны шөнө 22 цагийн үед хохирогч Ц.Бы эрүүл мэндэд биед баруун мөр, дагз, баруун дэлбээнд зулгаралт, баруун хацар, хоёр гуя, баруун өвдөг, хоёр шилбэ, цээжинд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг, мөн Ц.Бы унаж явсан ..... улсын дугаартай Тоёота Харрер маркийн тээврийн хэрэгсэл буюу машины баруун талын толины хавтас, зүүн урд крыло, баруун урд крылог эвдэж 550.600 төгрөгийн хохирол буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан, хохирогч Ц.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Ц.Бд гэмт хэргийн улмаас 550.600 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Шүүгдэгч уг хохирлыг нөхөн төлсөн болох нь шүүгдэгч болон хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

             Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнг   эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн  оногдуулах нөхцөл байдалд гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршиг зэргийг харгалзан харгалзан торгох ял оногдуулж, шүүхээс шүүгдэгчийг хоёр гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэж,    шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Э овогт Бгийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд  тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Б.Бийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800/найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000/найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800/найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000/найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1250/нэг мянга хоёр зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.250.000/нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бэ нь шүүхээс оногдуулсан 1250/нэг мянга хоёр зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.250.000/нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5/тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            6. Шүүгдэгч Б.Бэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ  тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

           8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР