Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2022/00140

 

 

 

 

 

 

 

 

2022 02 08

181/ШШ2022/00140

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Э.О-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: П. Л-т холбогдох

 

гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.О , нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.О   шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... миний бие П.Л той анх 2014 онд танилцаж үерхэж байгаад 2015 оны 04 дүгээр сарын 8-ны өдөр бидний охин Л.Ц төрсөн. 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Миний охин Л.Цэлмэгийг төрсөн цагаас бид тус тусдаа амьдрах болсон. Одоо хэн хэн нь тусдаа гэр бүлтэй болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би охин Л.Цэлмэгийг өөрийн асрамжид авч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Бидний хоорнд эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэжээ.

 

Хариуцагч П.Л  шүүхэд гаргасан тайлбартаа: ... миний бие 2014 онд Э.О тай танилцаад үерхэж эхэлсэн. 2015 оны 4 сарын 8-нд бидний дундаас Л.Ц охинтой болсон. 2015 оны 04 сарын 20-нд гэрлэлтээ батлуулсан. 2016 оноос хамтран амьдрахаа больсон учир гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар хүүхдийн төрсний гэрчилгээ, Хөвсгөл аймаг, Улаан уул сумын ЭМТ-ийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Сум дундын шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэл, гэрлэлтийн гэрчилгээний хуулбарыг гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.О  нь хариуцагч П.Л т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Зохигчид 2014 онд танилцаж, хамтран амьдарч байгаад 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон, тэдний дундаас 2015 оны 4 дүгээр сарын 8ы өдөр охин Л.Ц төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Хөвсгөл аймгийн Сум дундын шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч гэрлэлт цуцлах тухай уг өргөдлийг хүлээн авч эвлэрүүлэх ажиллагаа явуулсан боловч амжилтгүй болж Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ.

 

Нэхэмжлэгч Э.О , хариуцагч П.Л  нар нь гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан боловч хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцох байдал, таарч тохирохгүй шалтгаанаар 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид эвлэрэн хэлэлцэх боломжгүй болсон нь тогтоогдож байх тул шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэжээ. Зохигчид хүүхдүүдийн асрамжийн асуудлаар маргаагүй бөгөөд эцэг, эхийн хувийн байдал, хүүхдүүдийн одоо амьдарч байгаа орчин нөхцөлийг өөрчлөх ноцтой шалтгаан нөхцөл тогтоогдоогүй зэргийг харгалзан охин Л.Цэлмэгийг эх Э.О ын асрамжид үлдээж шийдвэрлэв.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Хариуцагч П.Л т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй тул эзгүйд шүүх хурал хийхийг зөвшөөрч байна гэсэн хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. дэх хэсэгт заасныг баримтлан Э.О , П.Л  нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5. дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр төрсөн охин Л.Цэлмэгийг эх Э.О ын асрамжид үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан Э.О , П.Л  нар нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ж.ЛХАГВАСҮРЭН