| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2021/03674/И |
| Дугаар | 181/ШШ2022/00085 |
| Огноо | 2022-01-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 181/ШШ2022/00085
2022 01 26 181/ШШ2022/00085
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: оршин суух Б.Н /РД:/-ийн
Хариуцагч: оршин суух Э.М /РД:/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.Н,
Хариуцагч: Э.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Э.Мд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Б.Н би Э.Мтэй 2006 онд танилцаж, 2007 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Би Э.Мтэй гэр бүл болохдоо хоёр хүүтэй байсан. Бидний хамт амьдрах хугацаанд бидний дундаас 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдөр охин М.Аззаяа, 2011 оны 08 дугаар сарын 25-ны өдөр охин М.Нандинзаяа нар төрсөн. Тэр үед Э.М гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн учраас бага охиноо хадам эгчид үрчлүүлсэн. Би 2019 онд гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэр үед Э.М хөдөө ажлаар явсан гээд олдохгүй байсан. 2011 оноос хойш бид тусдаа амьдарсан, охин М.Аззаяа 2011 оноос хойш миний асрамжид байгаа. Одоо бид хэн аль нь тусдаа гэр бүл, үр хүүхдүүдтэй болсон учраас цааш хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй, охин М.Аззаяаг өөрийн асрамжинд үлдээнэ. Э.Мэс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв.
2. Хариуцагч Э.М нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Б.Нтэй 2006 онд танилцаад 2011 он хүртэл хамт амьдарсан. Бид М.Аззаяа, М.Нандинзаяа гэх хоёр охинтой болсон. Бага охин М.Нандинзаяаг манай эгчид үрчлүүлээд салсан. Одоо би дөрвөн хүүхэдтэй тусдаа амьдралтай болсон. Гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн асрамж дээр маргаан байхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, , нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн ерөнхий боловсролын Эрдмийн оргил цогцолбор сургуулийн тодорхойлолт, Суврага Налайх өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, М.Аззаяагийн төрсний гэрчилгээний хуулбар, Налайх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Э.Мд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байна.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Б.Н, Э.М нар 2006 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болсныг 2007 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэрлэлтийн 0148294-181 дугаарт бүртгэсэн байх ба тэдний дундаас 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдөр охин М.Аззаяа, 2011 оны 08 дугаар сарын 25-ны өдөр охин М.Нандинзаяа төрсөн байна. 2011 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин М.Нандинзаяаг хариуцагч Э.Мөнх-Эрдэнийн эгч Э.Жимсээд үрчлүүлсэн болох нь талуудын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. гэж заажээ.
Гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2010 оноос хойш тусдаа амьдарсан бөгөөд цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй нь эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 189 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болсон тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид хүүхдийн асрамж, тэтгэлэг болон шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг, мөн шүүх хэдийгээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалсан боловч охин Э.Аззаяагийн хувьд Б.Н, Э.М нарын Гэр бүлийн тухай хуульд заасан эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг, хэн нэг нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нөгөөдөө саад хийхгүй байхыг тус тус дурдах нь зүйтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Мэс 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Нт олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг Боржигон овогтой Батжаргалын Наранцэцэг /РД:ХЛ86040666/, Хотхойд овогтой Эрдэнэцогтын Мөнх-Эрдэнэ /РД:РА82071215/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2008 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Мөнх-Эрдэнийн Аззаяаг эх Б.Нийн асрамжид хэвээр үлдээсүгэй.
3. Гэрлэгчдийн хооронд хүүхдийн тэтгэлэг болон гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой маргаангүй гэснийг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Бадамсүрэнд даалгасугай.
5. Гэрлэлтийг цуцалж байгаа боловч охин Э.Аззаяагийн хувьд Б.Н, Э.М нарын хуулиар хүлээсэн эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг, хэн нэг нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нөгөөдөө саад хийхгүй байх үүрэг болгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 7 хоногийн дараа бичгэн хэлбэрээр гарсан шийдвэрийг талууд 14 хоногийн дотор өөрсдөө ирж гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ