| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 181/2021/03779/И |
| Дугаар | 181/ШШ2022/00267 |
| Огноо | 2022-02-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 181/ШШ2022/00267
| 2022 02 21 | 181/ШШ2022/00267 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.У-ийн/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ц.Б-д холбогдох
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.У , хариуцагч Ц.Б , нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ... 2007 онд Ц.Б той танилцаж, 2009 оны 12 сарын 10-нд гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. Бидний амьдрах хугацаанд 2009 оны 9 сарын 14-нд охин Б.Э төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас хамтран амьдрах боломжгүй болж 2012 оноос хойш тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин маань миний асрамжид өсч торниж байна. Охин маань эрүүл саруул өсч өөрийн авъяас чадварыг нь үнэлж, хөгжүүлж, төгөлдөр хуур морин хуур хөгжмөөр хичээллэдэг. Одоо бид тус тусын амьдралтай болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин Б.Э г миний асрамжид үлдээж өгнө үү. Эцэг Ц.Б оос хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэжээ.
Хариуцагч Ц.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Н.У ийн гаргасан гэрлэлт цуцлуулах болон охин Б.Э г асрамжиндаа авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл, гэрлэсний бүртгэл, төрсний бүртгэлийн лавлагаа, өрхийн эмчийн тодорхойлолт, оршин суугаа газрын болон сургуулийн тодорхойлолтыг гаргасан.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.У нь хариуцагч Ц.Б од холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Зохигчид 2007 онд танилцаж, гэр бүл болсон, тэдний дундаас 2009 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүү охин Б.Э төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гэрлэлтийн гэрчилгээ болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдсон.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч гэрлэлт цуцлах тухай уг өргөдлийг хүлээн авч эвлэрүүлэх ажиллагаа явуулсан боловч амжилтгүй болж Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ.
Нэхэмжлэгч Н.У , хариуцагч Ц.Б нар нь гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан боловч хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцох байдал, таарч тохирохгүй шалтгаанаар 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид эвлэрэн хэлэлцэх боломжгүй болсон нь тогтоогдож байх тул шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэжээ. Зохигчид хүүхдүүдийн асрамжийн асуудлаар маргаагүй бөгөөд эцэг, эхийн хувийн байдал, хүүхдүүдийн одоо амьдарч байгаа орчин нөхцөлийг өөрчлөх ноцтой шалтгаан нөхцөл тогтоогдоогүй зэргийг харгалзан охин Б.Э г эх Н.У ийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. дэх хэсэгт заасныг баримтлан Н.У , Ц.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5. дахь хэсэгт заасныг баримтлан 2009 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин Б.Э г эх Н.У ийн асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан Н.У , Ц.Б нар нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.
5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН