| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2021/03675/И |
| Дугаар | 181/ШШ2022/00081 |
| Огноо | 2022-01-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 181/ШШ2022/00081
2022 01 25 181/ШШ2022/00081
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: тоотод оршин суух Д.Б/РД:/-ийн
Хариуцагч: тоотод оршин суух С.О /РД:/-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.Б,
Хариуцагч: С.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Мөнхцацрал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Б би С.Отай 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн 3009 дугаарт бүртгэгдэж, гэрчилгээ авсан. Бидний дундаас 2009 оны 10 дугаар сарын 19-нд хүү О.Сумъяабазар төрсөн.
С.О нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж би түүнийг хүлээн зөвшөөрч чадаагүй. 2013 онд би гадаад улс руу явснаас хойш С.О өөр хүнтэй хамтран амьдарч байсан. Би 2021 онд Монгол Улсад ирсэн. Одоо С.О нь өөр хүнтэй хамтран амьдардаг бөгөөд бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би хүүхдээ өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.
2. Хариуцагч С.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид 2009 онд гэрлэлтээ батлуулж, хүү О.Сумъяабазар төрсөн. Д.Б нь хүүхдээ 4 настай байхад нь гадаад улс руу яваад 9 жилийн дараа ирсэн. Энэ хугацаанд би хүүхдээ ямар нэгэн зүйлээр дутааж байгаагүй. Манай аав хүүхдийг минь хардаг байсан. Одоо хүүхдээ эхийнх нь асрамжид байлгахад татгалзах зүйлгүй. Би хүүхдийнхээ сургалтын төлбөр болоод бусад зүйлийг хариуцна. Д.Бийг яваад би 3 жилийн дараа өөр хүнтэй хамтран амьдарч эхэлсэн. Надад өөр хүүхэд надад байхгүй учраас сургалтын төлбөр болон бусад зардлыг хариуцна. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч С.От холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байна.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч С.О нар 2006 онд гэр бүл болсныг 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэрлэлтийн 0158362 дугаарт бүртгэж, гэрлэлтийн гэрчилгаа олгосон, тэдний дундаас 2009 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүү О.Сумъяабазар төрсөн, О.Сумъяабазар нь эх Д.Бийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эмнэлгийн эрүүл мэндийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын 51 дүгээр сургуулийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч С.О нар нь гэр бүл болж, хамтран амьдарсан боловч хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд хэн аль нь цаашид эвлэрч хамт амьдрах хүсэлгүй болсон нь Эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 308 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болсон тэмдэглэл, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заажээ.
Хариуцагч С.О нь насанд хүрээгүй хүү О.Сумъяабазарыг эх Д.Бийн асрамжид үлдээхийг зөвшөөрч, маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу зохигчдыг хүүхдийн асрамжийн талаар тохиролцсон гэж үзэж, 2009 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү О.Сумъяабазарыг эх Д.Бийн асрамжид хэвээр үлдээх нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2.-т Эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж, 38 дугаар зүйлийн 38.1.-т Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан.
Хүүхдийн тэтгэлгийн асуудал нь хуульд зааснаар хүүхдийг байнгын асран халамжлах үүрэггүй байгаа эцэг болон эхэд хуулиар оногдуулж байгаа үүрэг юм.
Шүүх насанд хүрээгүй хүү О.Сумъяабазарыг эх Д.Бийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2009 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү О.Сумъяабазарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэг С.Оаас сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар овогтой Д.Б /РД:/, овогтой С.О/РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2009 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Отгонбаатарын Сумъяабазарыг эх Д.Бийн асрамжид хэвээр үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2009 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү О.С /РД:/-ыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэг С.Оаас сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчинг бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлээр хангах зэрэг эцэг, эхийн үүргээ гэрлэлт цуцлагдсанаас үл хамааран зохих ёсоор биелүүлэхийг, уг үүргээ хэрэгжүүлэхэд хэн нэгэндээ саад болохгүй байхыг Д.Б, С.О нарт тус тус даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130,480 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Оаас 70,200 төгрөг, улсын орлогоос илүү төлсөн 60,280 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бт олгож олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ