| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 167/2024/0200/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/210 |
| Огноо | 2024-09-19 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Дашням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж, шүүгч Д.Адъяасүрэн, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч В.Ядамсүрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзул,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,
Шүүгдэгч Ш.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Мд холбогдох эрүүгийн 2419000000176 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ш.М
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ш.М нь 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын ... тоотод У.Хыг гэрт зөвшөөрөлгүйгээр нэвтэрлээ гэх шалтгаанаар цээж хэсэгт нь зэвсгийн чанартай зүйл буюу хутгаар 1 удаа хутгалж цээжний хөндийд нэвтэрсэн уушги, зүрх, үнхэлцэг хальс, өрц, ходоодыг гэмтээсэн шарх, дотуур цус алдалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэсэн болно.
1.Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.М нь 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын ... задгай тоотод У.Хыг гэрт зөвшөөрөлгүйгээр нэвтэрлээ гэх шалтгаанаар цээж хэсэгт нь зэвсгийн чанартай зүйл буюу хутгаар 1 удаа хутгалж цээжний хөндийд нэвтэрсэн уушги, зүрх, үнхэлцэг хальс, өрц, ходоодыг гэмтээсэн шарх, дотуур цус алдалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
-Шүүгдэгч Ш.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,
-Хохирогч У.Хын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цагийн орчим Иххэт сумын ... тоотод амьдардаг өргөмөл үеэл ах М буюу цахилгаан Мийн гэрт 1 юм хувааж уух санаатай Чанар нэртэй 0,75 литрийн архи 1 ширхгийг дэлгүүрээс аваад очсон намайг очих үед М ахтай манай өргөмөл үеэл дүү болон бүтэн нэрийг сайн мэдэхгүй Б хүү байсан. Тэгээд би М ахтай авчирсан архиа дуустал хувааж уугаад 19 цагийн орчим гэртээ харихаар явсан. Тэгээд гэртээ очоод дээлээ тайлаад байх үед эхнэр Аын гар утсанд үеэл эгч Эаас дуудлага ирж “М ах архи уугаад хаалгаа түгжээд унтчихсан байна. Хүү Б нь гэртээ орж чадахгүй байна. Би өөрөө хол байгаа учир очиж чадахгүй” гэж ярихыг би сонсоод буцаад М ахынд очиход Б гэрийнхээ гадаа сууж байсан. Тэгээд би хаалгыг нь татаж онгойлгоод орох үед М ах баруун орны өмнө зогсож байсан. Тэгэхээр нь “Өвчтэй хүүхэд гадаа байлгаад хөлдөж үхлээ шүү дээ” гэж хэлээд буцаж гараад Бг оруулсан тухайн үед тоггүй байсан учир гэрэлгүй байсан. Эргээд гарах гэж байхад Б над руу хараад “Хоолны шүүгээ түчигнээд байна. М ах хутгатай байж магадгүй” гэж хэлэхээр нь М ах руу харахад зүүн гартаа шар гуулин иштэй төмөр заазуур бариад байж байсан. Тэгээд би “Та заазуураар яах гэж байгаа юм. Надад өг” гэж хэлэхэд баруун гартаа байсан шаргал хар эрээн өнгийн бариултай хутгаар миний цээжний зүүн дунд хэсэгт нэг удаа хутгалсан. Би баруун гарт нь хутга байсан эсэхийг анзаараагүй байсан. Тэгээд би “М ах аа та намайг хутгалчихлаа шүү дээ” гэж хэлээд хутга, заазуур хоёроо аваад гарсан...” гэсэн мэдүүлэг /хх 12-рт/,
-Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 02/182 дугаартай “... У.Хын биед цээжний хөндийд нэвтэрч уушги, зүрх, үнхэлцэг хальс, өрц, ходоодыг гэмтээсэн шарх, дотуур цус алдалт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 20-21-рт/,
-Хохирогч Э.Аийн “...У.Х нь анх хүргэгдэн ирэхдээ өөрийн ухаантай байсан бөгөөд цус алдах явцдаа ухаан балартсан орж ирээд М гэх хүнтэй хамт архи уугаад намайг хутгалчихлаа гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-19-рт/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.13-т “Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан.
Шүүгдэгч Ш.Мын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх бие хамгаалах дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж хэрэгсэл ашиглаж үйлдсэнийг ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн үйлдвэрийн гар хийцийн аль нь ч байж болно” гэж заасан ба дээрх тайлбарт заасан хүйтэн зэвсэг гэдэгт хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулах зориулалт бүхий эд зүйл хэрэгсэл түүний дотор хутга, заазуур бусад мэс хамаарна.
Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэж хүндрүүлэх шинж болгон хуульчилсан байна.
Шүүгдэгч Ш.М нь хохирогч У.Хүын Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан халдашгүй дархан байх эрхийг зөрчиж түүнийг 1 удаа хутгалсан үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсгийн чанартай эд зүйлийг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн объектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.
Шүүхээс шүүгдэгч Ш.М нь уг гэмт хэрэг үйлдэх болсон нөхцөл буюу “гэрт зөвшөөрөлгүй нэвтэрлээ гэх шалтгаанаар зэвсгийн чанартай зүйл буюу хутгаар хохирогчийн цээж хэсэгт хутгалж, цээжний хөндийд нэвтэрч уушги, зүрх, үнхэлцэг хальс, өрц, ходоодыг гэмтээсэн шарх, дотуур цус алдалт бүхий гэмтэл учруулсан идэвхтэй хохирогч руу шууд чиглэсэн үйлдлийг гаргасан байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч В.Я нь “би гэмт хэрэгтэнг буруутай гэж үзэж байна” гэснийг шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Иймд шүүгдэгч Ш.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсгийн чанартай эд зүйл ашиглаж Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүй бус хэрэглээ /хэтрүүлэн хэрэглэсэн/, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн, хүний ухамсар, ёс зүйн төлөвшил болон хууль зүйн мэдлэг дутмаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно...” гэж заасан байна.
Шүүгдэгч Ш.Мын хууль бус үйлдлийн улмаас хохирогч У.Хүрэлбаатарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс шүүхийн шатанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд хохирогчид 4.000.000 төгрөгийг нөхөн төлсөн тул шүүгдэгч Ш.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Ш.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсгийн чанартай эд зүйл ашиглаж Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ш.Мд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ш.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 03 жил 04 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хорих ялыг оногдуулж өгнө үү гэх …” саналыг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “....Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно…” мөн зүйлийн 1.4-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах…” талаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид хүнд хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, маргаагүй, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна.
Тиймээс шүүгдэгч Ш.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ш.Мд түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг, бусдад төлөх төлбөргүй, улсын яллагч, өмгөөлөгчийн гаргасан санал, дүгнэлт зэргийг харгалзан тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ш.Мыг 3 жил, 05 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 27 сантиметр урттай, ажлын хэсэг нь 15 сантиметр, шар өнгийн луугийн дүрстэй бариултай заазуур 1 ширхэг, 26 сантиметр урттай ажлын хэсэг нь 16 сантиметр урттай шар хар өнгийн бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Шын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан Зэвсгийн чанартай эд зүйл ашиглаж Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ш.Мыг 3 /гурав/ жил, 05 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мд оногдуулсан 3 /гурав/ жил, 05 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 27 сантиметр урттай, ажлын хэсэг нь 15 сантиметр, шар өнгийн луугийн дүрстэй бариултай заазуур 1 ширхэг, 26 сантиметр урттай ажлын хэсэг нь 16 сантиметр урттай шар хар өнгийн бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР
ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ